A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ ЭЗЭМШИГЧИЙГ ТОГТООХ, ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙГ АШИГЛАХ УРЬДЧИЛСАН ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Байгаль орчин, аялал жуулчлалын

сайдын А/325 тоот тушаалын 1 дүгээр хавсралт

 

ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ ЭЗЭМШИГЧИЙГ ТОГТООХ, ГЕНЕТИК НӨӨЦТЭЙ ХОЛБООТОЙ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГИЙГ АШИГЛАХ УРЬДЧИЛСАН ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Генетик нөөцийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох, урьдчилсан зөвшөөрөл авах харилцааг зохицуулахад оршино.

1.2.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг гэдэгт Генетик нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан "аман болон бичмэл, бусад хэлбэрээр өвлөгдөн, уламжлагдаж ирсэн биологийн нөөцийн онцлог шинж чанар, түүнийг ашиглах мэдлэг, арга ухаан, дадлыг".

1.3.Урьдчилсан зөвшөөрөл гэдэгт Генетик нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан "генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгээ ашиглуулж болохыг зөвшөөрсөн эзэмшигчээс өгсөн баталгааг".

1.4.Биосоёлын тэмдэглэл гэдэгт Генетик нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан "иргэд орон нутгийнхаа генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг тодорхойлж, түүнийг бусад этгээдэд ашиглуулах нөхцөлийг хэлэлцэн тохирсон зөвшилцлийг".

1.5."Үр шимийн гэрээ" гэдэгт Генетик нөөцийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах, тэдгээрийг ашигласнаас үүдэх үр шимийг хүртэх нөхцөлийг тодорхойлсон генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигч ба ашиглах хүсэлт гаргагчийн хооронд байгуулсан гэрээг;

1.6.Энэхүү журмаар генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг аман ба бичмэл уламжлалт мэдлэг гэж ангилж эзэмшигчийг тогтооно.

1.7.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг энэхүү журмын дагуу тогтоох боломжгүй эсхүл журамд тусгайлан заасан тохиолдолд тухайн уламжлалт мэдлэгийн эзэмшигч нь төр байна.

1.8.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох асуудлыг нэгдсэн арга зүйгээр хангах, зохион байгуулах, Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан мэдээллийн санд бүртгэх, тайлагнах ажлыг зохион байгуулна.

Хоёр. Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тодорхойлох

2.1.Генетик нөөцтэй холбоотой аман уламжлалт мэдлэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан түгээмэл шинжтэй байх тохиолдолд эзэмшигч нь төр нь байна.

2.2.Энэ журмын 2.1-т зааснаас бусад тохиолдолд генетик нөөцтэй холбоотой аман уламжлалт мэдлэг эзэмшигчийг тодорхойлоход дараах шалгуурыг ашиглана.

2.2.1.тухайн генетик нөөцтэй холбоотой аман уламжлалт мэдлэг нь зөвхөн тус нутагт тархсан амьтан, ургамал, бичил биетний генетик нөөцтэй холбоотой, тухайн орон нутгийн иргэдийн дунд өвлөгдөн уламжлагдаж ирсэн, өөр газар нутагт давтагдаж дэлгэрээгүй;

2.2.2.тухайн генетик нөөцтэй холбоотой аман уламжлалт мэдлэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт өргөнөөр дэлгэрч нийтэд түгээмэл болсон хэдий ч тухайн орон нутгийн байгаль орчны онцлог, иргэдийн ур чадвараас шалтгаалан уг уламжлалт мэдлэгийг ашиглаж хийсэн бүтээгдэхүүн нь өвөрмөц, давтагдашгүй шинж чанарыг агуулсан, уг бүтээгдэхүүний хувьд Монгол Улсын Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу газар зүйн заалтыг бүртгүүлсэн;

2.2.3.тухайн генетик нөөцтэй холбоотой аман уламжлалт мэдлэг нь зөвхөн иргэн, эсвэл гэр бүлийн хүрээнд үеэс үед өвлөгдөн уламжлагдаж ирсэн болон бусад иргэдийн дунд түгээмэл болоогүй;

2.3.Тухайн орон нутгийн иргэн эсвэл гэр бүл энэхүү журмын 2.2.1-2.2.3-т заасан шалгуурын дагуу генетик нөөцтэй холбоотой аман уламжлалт мэдлэг эзэмшигч мөн эсэхээ тодорхойлуулах зорилгоор оршин суугаа баг, хорооны Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн, шийдвэрийг холбогдох аймаг, нийслэлийн байгаль орчны албанд хүргүүлнэ.

2.4.Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь энэ журмын 2.3-т заасан хүсэлтэд тодорхойлолт гаргаж мэдээллийн санд оруулна.

2.5.Эртний судар бичигт системчлэгдсэн байдлаар хуримтлуулсан уламжлалт анагаах ухааны мэдлэгийг эзэмшигч нь төр байна.

2.6.Энэ журмын 2.5 зааснаас бусад тохиолдолд генетик нөөцтэй холбоотой бичмэл уламжлалт мэдлэг эзэмшигчийг тодорхойлоход дараах шалгуурыг ашиглана.

2.6.1.генетик нөөцтэй холбоотой бичмэл уламжлалт мэдлэг нь гараар бичсэн байдлаар зөвхөн тухайн иргэн эсвэл гэр бүлийн хүрээнд ашиглагдаж ирсэн;

2.6.2.эртний судар бичиг, холбогдох түүхэн бусад баримт бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлд уламжлалт мэдлэг эзэмшигчийг тодорхой заасан;

2.7.Иргэн, хуулийн этгээд энэ журмын 2.6-д заасны дагуу генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн эзэмшигч мөн болохоо тодорхойлуулах хүсэлтэй бол уг хүсэлтээ Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу бичмэл уламжлалт мэдлэгийн цахим хуулбарын хамт мэдээллийн санд бүртгүүлж, хадгалуулахаар хүргүүлж болно.

Гурав. Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох

3.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 2.2, 2.6-д заасан хүсэлтийг мэдээллийн санд хүлээн авч Генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 заасан Мэргэжлийн зөвлөлд хүргүүлнэ.

3.2.Мэргэжлийн зөвлөл нь генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тодорхойлохдоо дараах шалгуурыг үндэслэн дүгнэлт гаргана.

3.2.1.генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтэд дурдсан мэдээлэлтэй ижил нэр, агуулга бүхий эзэмшигч мэдээллийн санд бүртгэгдээгүй бөгөөд энэ талаар маргаан гарсан эсэх;

3.2.2.генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчээр тодорхойлуулах ижил нэр, агуулга бүхий хэд хэдэн хүсэлт байвал уламжлалт мэдлэг тус бүрийн өвөрмөц, онцлог, давтагдашгүй байдал, ялгагдах шинж чанарыг харьцуулах;

3.2.3.энэ журмын 2.2.2-т заасан бүртгүүлсэн газар зүйн заалт нь тухайн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгт хамаарах эсэх;

3.2.4.энэ журмын 2.5-д заасан эртний судар бичиг, холбогдох түүхэн бусад баримт бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл нь тухайн генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгт хамаарах болон өөр эзэмшигч байгаа эсэх.

3.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоосон бол энэ тухай эзэмшигчид бичгээр мэдэгдэж, мэдээллийн санд генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн эзэмшигчээр бүртгэнэ.

Дөрөв.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг дамнасан генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтоох

4.1.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг нь хоёр ба түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарах тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн уламжлалт мэдлэг эзэмшигчийг тогтооно.

4.2.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн эзэмшигчээр тогтоолгохоор ирүүлсэн хүсэлтийг хянах явцад тухайн уламжлалт мэдлэг нь хоёр ба түүнээс дээш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид хамаарч байх тохиолдолд хүсэлт гаргагч талуудад энэ талаар бичгээр мэдэгдэнэ.

4.3.Энэ журмын 4.2-т заасан мэдэгдлийг хүлээн авсан хүсэлт гаргагчид харилцан зөвшилцөж хамтарсан эзэмшигчээр тогтоолгохоор зөвшөөрсөн бол уг зөвшилцлийг үндэслэн хамтарсан эзэмшигчээр тогтоож болно.

4.4.Энэ журмын 4.1-д заасан эзэмшигчийг тогтоосон тохиолдолд баталгаажуулж мэдээллийн санд бүртгэнэ.

Тав.Урьдчилсан зөвшөөрөл авах

5.1.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах хүсэлтэй этгээд нь тухайн уламжлалт мэдлэг эзэмшигчээс Генетик нөөцийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар урьдчилсан зөвшөөрөл авна.

5.2.Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг Генетик нөөцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, энэ журмын 1.7, 2.1, 2.5-д зааснаар төр эзэмшиж байгаа бол урьдчилсан зөвшөөрөл авахыг шаардахгүй.

5.3.Генетик нөөцийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар урьдчилсан зөвшөөрөл авахын өмнө хүсэлт гаргагч орон нутгийн иргэдийн биосоёлын тэмдэглэлтэй танилцаж, генетик нөөцтэй холбоотой тухайн уламжлалт мэдлэгийн үнэ цэнэ, үр шимийн талаар эзэмшигчид тайлбарлан таниулна.

5.4.Тухайн орон нутгийн иргэд генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг эзэмшигчээр энэ журмын дагуу тогтоогдсон бол биосоёлын тэмдэглэл боловсруулахдаа Генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасны дагуу Мэргэжлийн зөвлөлийн зөвлөмжийг тусгана.

5.5.Генетик нөөцийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, энэ журмын 5.3-т заасан генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн үнэ цэнэ, үр шимийн талаар эзэмшигчид таниулах үүргийг үр шимийн гэрээнд тусгана.

Зургаа.Маргаан зохицуулах

6.1.Энэ журмыг хэрэгжүүлэх явцад гарч болох маргааныг зөвшилцөл болон албан бус хэлэлцээрээр шийдэхийг эрхэмлэнэ.

6.2.Дээрх хэлэлцээр 30 хоног үргэлжлэхэд зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд шүүхээр хянан шийдвэрлүүлнэ.

Долоо. Бусад

7.1.Энэ журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

---о0о---