- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- САНСРЫН ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
Харилцаа холбооны зохицуулах хорооны
2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн
37 тоот тогтоолын хавсралт
САНСРЫН ХОЛБООНЫ СИСТЕМД АШИГЛАХ
РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН ХУВААРИЛАЛТ, ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү баримт бичиг нь Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 51.1.2[1] заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулах сансрын холбооны системд (цаашид сансрын холбоо гэх) ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагыг тогтооход оршино.
ХОЁР.ХОЛБОГДОХ ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ
2.1.Сансрын холбооны систем нь нь дараах үндэсний болон олон улсын эрх зүйн баримт бичгийг мөрдөнө. Үүнд:
2.1.1.Харилцаа холбооны тухай хууль,
2.1.2.Радио долгионы тухай хууль,
2.1.3.Монгол Улсын Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт,
2.1.4.Монгол Улсад нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлогын чиглэл,
2.1.5.Радио давтамж ашиглах эрхийн бичиг олгох, түүний хугацааг сунгах, шилжүүлэх, хүчингүй болгох журам,
2.1.6.Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам,
2.1.7.Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам,
2.1.8.Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээ.
2.1.9.Дэлхийн радио холбооны дүрмийн 21 дүгээр зүйл (Радио давтамжийн 1 ГГц-ээс дээш зурваст ашиглагдах газрын болон сансрын үйлчилгээ),
2.1.10.Дэлхийн радио холбооны дүрмийн 22 дугаар зүйл (Сансрын үйлчилгээ)
2.1.11.Хавсралт 30: Радио давтамжийн 11.7-12.5ГГц (1-р бүсэд) давтамжийн зурваст өргөн нэвтрүүлгийн хиймэл дагуулын үйлчилгээнд зориулсан холбогдох төлөвлөлт болон жагсаалт мөн бүх үйлчилгээний нөхцөлүүд,
2.1.12.Хавсралт 30А: 1 болон 3-р бүсэд 14.5-14.8ГГц болон 17.3-18.1ГГц, 1-р бүсэд 11.7-12.5ГГц зурваст өргөн нэвтрүүлгийн хиймэл дагуулын үйлчилгээнд зориулсан фидер линкийн нөхцөл, холбогдох төлөвлөлт болон жагсаалт.
ГУРАВ.ТОВЧИЛСОН ҮГИЙН ТАЙЛБАР
3.1.Энэхүү баримт бичигт ашигласан нэр томьёо, үг, хэллэгүүд нь Харилцаа холбооны тухай хууль болон Радио долгионы тухай хуульд заасантай ижил утгатай байна. Эдгээр хуулиудад тодорхойлогдоогүй нэр томьёо, үгийг дараах байдлаар тайлбарлана. Үүнд:
3.1.1.MSS (Mobile Satellite Service) - Сансрын холбооны хөдөлгөөнт үйлчилгээ;
3.1.2.FSS (Fixed Satellite Service) - Сансрын холбооны хөдөлгөөнт бус үйлчилгээ;
3.1.3.BSS (Broadcasting Satellite Service)- Сансрын холбооны өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ;
3.1.4.NTN (Non-Terrestrial Network) - Газрын бус сүлжээ;
3.1.5.NGO (Non-Geostationary Orbit) Гео тогтвортой бус орбит;
3.1.6.ОУЦХБ - Олон улсын цахилгаан холбооны байгууллага;
3.1.7.ОУЦХБ-РД - Олон улсын цахилгаан холбооны байгууллагын радио дүрэм.
ДӨРӨВ.ЗОХИЦУУЛАЛТЫН НӨХЦӨЛ БА РАДИО ДАВТАМЖИЙН
ХУВААРИЛАЛТ
4.1.Үйлчилгээ эрхлэгч нь сансрын холбооны үйлчилгээний ямар ч ангилалд хамаарах газрын станцыг ОУЦХБ-аас баталсан радио холбооны дүрэм болон энэхүү баримт бичгийн дагуу байгуулж ашиглана.
4.2.Монгол улсын нутаг дэвсгэрт сансрын холбоонд ашиглах радио давтамжийн зурвас нь Монгол Улсын үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгттэй нийцсэн байна.
4.3.Харилцаа холбооны болон өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний сансрын холбооны газрын станцыг олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, радио холбооны бусад сүлжээнд радио давтамжийн харилцан нөлөөлөл үүсгэхгүй байхаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулсан байна.
4.5.Байршил тогтоох болон хөдөлгөөнт хиймэл дагуулын үйлчилгээ эрхлэгч нь радио давтамж ашиглах зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулна. Уг үйлчилгээний газрын станц нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байршихгүй байж болно.
4.6.Үйлчилгээ эрхлэгч нь хиймэл дагуулын болон газрын станцын байршил, антены босоо, хэвтээ өнцөг, нэвтрүүлэгчийн гаралтын чадал болон хиймэл дагуулын хөөргөсөн хугацаа, ашиглах хугацаа, радио давтамжийн цараа, хамрах хүрээний бүрхэлтийн зураглал, Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх чадлын нягтын утга зэрэг техникийн үзүүлэлтийг Зохицуулах хороонд ирүүлнэ.
4.7.Сансрын холбооны газрын станцын нэвтрүүлэгч, хүлээн авагч болон хэрэглэгчийн төхөөрөмжийн загвар тус бүрийг олон улсын эсвэл үндэсний харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын байгууллагаар баталгаажуулж тохирлын гэрчилгээ авсан байна.
4.8.Хүсэлт гаргагч нь Зохицуулах хороонд хиймэл дагуулын радио давтамжийн сувгийг түрээсээр ашиглах боломжтойг баталгаажуулсан албан бичиг ирүүлэх ба үйл ажиллагаа эхэлсний дараа түрээсийн гэрээний хуулбарыг ирүүлнэ.
4.9.Үйлчилгээ эрхлэгч нь сансрын холбооны газрын станц байгуулах газрын зөвшөөрөл болон бусад холбогдох зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байна.
4.10.Газрын сүлжээний үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хороонд бүртгүүлж өөрийн газрын сүлжээнд ашиглах радио давтамжийн тусгай зөвшөөрлийн хүрээнд газрын бус сүлжээ (NTN) зохион байгуулж болно.
4.11.Сансрын холбооны радио давтамж ашиглалтын төлбөр нь хиймэл дагуулын радио давтамжийн суваг түрээслэх гэрээнд тодорхойлогдсон радио давтамжийн зурвасд үндэслэн Зохицуулах хорооноос баталсан Радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээгээр бодогдоно.
4.12.Сансрын холбооны үйлчилгээнд үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт болон ОУЦХБ-ын 1 дүгээр бүсэд хуваарилсан радио давтамжийн зурвасыг ашиглана. Ашиглах радио давтамжийн зурвасыг хүснэгт 1-д үзүүлэв.
Хүснэгт 1.Сансрын холбоонд ашиглах радио давтамжийн
цараа, зурвас болон хэрэглээ
№ | Радио давтамжийн цараа | Радио давтамжийн зурвас (МГц) | Хэрэглээ |
1 | L | 1215-1240 /сансар-газар/ | Байршил тогтоох |
2 | 1240-1300 /сансар-газар/ | Бусад | |
3 | 1400-1427 /сансар-газар/ | Бусад | |
4 | 1518-1559 /сансар-газар/ | MSS | |
5 | 1559-1610 /сансар-газар, газар-сансар/ | Байршил тогтоох | |
6 | 1610-1660.5 /газар-сансар/ | MSS | |
8 | 1668-1675 /газар-сансар/ | MSS | |
9 | 1675-1710 /сансар-газар/ | Бусад | |
10 | 1980-2010 /газар-сансар/ | MSS | |
11 | S | 2025-2110 /сансар-газар, газар-сансар/ | Бусад |
12 | 2170-2200 /сансар-газар/ | MSS | |
13 | 2200-2300 /сансар-газар/ | Бусад | |
14 | 2483.5-2500 /сансар-газар/ | MSS | |
15 | C | 4000-4200 /сансар-газар/ | FSS |
16 | 5850-6725 /газар-сансар/ | FSS | |
17 | X | 10700-11700 /сансар-газар/ | FSS |
18 | 11700-12500 /сансар-газар/ | BSS | |
19 | Ku | 12500-12750 /сансар-газар, | FSS |
20 | 12750-13250 /газар-сансар/ | FSS | |
21 | 13400-13650 /сансар-газар/ | FSS | |
22 | 13750-14500 /газар-сансар/ | FSS | |
23 | 15430-15630 /газар-сансар/ | FSS | |
24 | 17300-18100 /сансар-газар, газар-сансар/ | FSS | |
25 | Ka | 18100-20200 /сансар-газар/ | FSS |
26 | 20200-21200 /сансар-газар/ | FSS, MSS | |
27 | 21400-22000 /сансар-газар/ | FSS | |
28 | 24650-25250 /сансар-газар/ | FSS | |
29 | 27500-31000 /газар-сансар/ | FSS | |
30 | 37500-40000 /сансар-газар/ | FSS | |
31 | V | 40000-41000 /сансар-газар/ | FSS |
32 | 41000-42500 /сансар-газар/ | BSS | |
33 | 42500-43500 /газар-сансар/ | FSS | |
34 | 43500-47000 /сансар-газар, газар-сансар/ | MSS | |
35 | 47200-48200 /газар-сансар/ | FSS | |
36 | 48200-48540 /сансар-газар, газар-сансар/ | FSS | |
37 | 48540-49440 /газар-сансар/ | FSS | |
38 | 49440-50200 /сансар-газар, газар-сансар/ | FSS |
ТАВ.ГАЗРЫН СТАНЦЫН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ШААРДЛАГА
5.1.Сансрын холбооны газрын станц нь дараах үндэсний болон олон улсын стандарт, нөхцөл шаардлага, зөвлөмжүүдийг мөрдөнө. Үүнд:
5.1.1.Газрын VSAT станц. Ерөнхий шаардлага. /MNS 5469:2005/,
5.1.2.Хиймэл дагуулын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-S2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага. /MNS 6404:2013/,
5.1.3.MNS 5594: 2020 "Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - 300 ГГц хүртэл)"
5.1.4.ОУЦХБ-РД-ийн 21-р зүйл (1ГГц-ээс дээш давтамжийн зурвасыг хуваалцах газар ба сансрын үйлчилгээ) болон 22-р зүйлд (Сансрын үйлчилгээ) заасан холбогдох заалтууд,
5.1.5.ОУЦХБ-РД-ийн 5.503-д заагдсан 13.77-13.78ГГц зурваст GSO FSS газрын станцын цацаргалтын нягт (e.i.r.p),
5.1.6.ОУЦХБ-РД-ийн 5.502-д заасан 13.75-14.0ГГц зурвасын GSO FSS газрын станцын хамгийн бага антены диаметр, чадлын нягт ба e.i.r.p. хязгаар,
5.1.7.ОУЦХБ-РД-ийн 5.502-д заасан 13.75-14.0ГГц зурвасын NGSO FSS газрын станцын хамгийн бага диаметр 4.5 метр байх,
5.1.8.Өргөдөл гаргагч нь нэвтрүүлэгч антены цацрагийн диаграммыг ОУЦХБ-ын S.580 зөвлөмжтэй нийцүүлж тодорхойлсон байна.
5.1.9.Хиймэл дагуулын Си царааны газрын станц болон дараа үеийн хөдөлгөөнт холбооны бааз станц хоорондын харилцан нөлөөллийн хамгаалалтын зайг ОУЦХБ-ын S.2199 зөвлөмжийн дагуу тооцоолно.
ЗУРГАА.ХИЙМЭЛ ДАГУУЛ БОЛОН ГАЗРЫН СТАНЦЫН БҮРТГЭЛ
6.1.Зохицуулах хороо нь Монгол Улсад бүртгэлтэй сансрын холбооны газрын станцыг ОУЦХБ-ын холбогдох зохицуулалт, заавар, удирдамжийн дагуу ОУЦХБ-д бүртгүүлж, хяналт тавьж ажиллана.
6.2.Зохицуулах хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс үүсгэгдсэн газар-сансар линкүүд, сансар болон газрын радио холбооны хооронд үүссэн харилцан нөлөөллийн асуудлыг холбогдох олон улсын дүрэм, журам болон үндэсний хууль, тогтоомжийн дагуу зохицуулж, шийдвэрлэнэ.
6.3.Сансрын холбооны үйлчилгээ эрхлэгч нь радио давтамжийн харилцан нөлөөлөл шийдвэрлэх болон ОУЦХБ-д бүртгүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангаж, зохицуулалтын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
ДОЛОО.ХЯНАЛТ БА БУСАД
7.1.Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл, эрхийн бичгээр олгогдсон сансрын холбооны радио давтамжийн зурвасын ашиглалтын байдалд холбогдох хууль, журмын дагуу хяналт тавьж хэрэгжилтийг хангана.
7.2.Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэр, техник технологийн хөгжил, олон улсын болон үндэсний стандарт, үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт, дахин төлөвлөлтөөс хамааруулан энэхүү баримт бичигт тухай бүр нэмэлт, өөрчлөлт орж болно.
------ oOo --------
[1] Радио давтамж, радио давтамжийн зурвасын хуваарилалт хийх, радио давтамжид баримтлах зохицуулалт, радио төхөөрөмжийн техникийн шаардлага, норматив баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих.
Текст томруулах
A
A
A