- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЧИН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2022 оны 9 дүгээр сарын.9-ний өдрийн
09 дүгээр тогтоолын 1-р хавсралт
МАЛЧИН СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ
Нэг. Зорилго:
Сумын газар нутаг, бэлчээрийг Газрын тухай хууль, холбогдох дүрэм, журмын дагуу ашиглаж бусад сумуудтай хил залгаа нутгийг бүрэн эзэмшин ашиглах, хадлангийн талбай, өвөлжөөний бүс нутаг болон нөөцөлсөн бэлчээр нутгийг бүрэн хамгаалж, эзэмших, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад журмын зорилго оршино.
Хоёр. Ерөнхий шаардлага:
2.1.Сумын иргэд нь багийн Засаг даргад хүсэлт гарган багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшөөрсөн бүс нутагт өвөлжөөний хашаа барьж бэлчээр нутгийг эзэмшинэ.
2.2.Нөөцөлсөн бэлчээр, хадлангийн талбай өвөлжөө, намаржааны бүс нутагт мал оруулан гишгүүлэх, чөлөөлсөн хугацаанаас түрүүлж идүүлэх зөвшөөрөлгүйгээр тус бүс нутагт нүүдэллэхгүй байх.
2.3.Бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар гаргасан бүдүүвч зураглал, цаг хугацаа, бэлчээрийн хуваарь зэргийг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж нэг хувийг Засаг даргын Тамгын газарт ирүүлэх бөгөөд энэ шийдвэр нь бэлчээр ашиглах журмын хавсралт болно.
2.4.Сумын иргэд хуучин уламжлалаар Хэв,Түнг,Тээгийн худаг ,Гурамсны гол, Чацаргана зэрэг бэлчээр ашиглаж байсан туршлагыг түгээн дэлгэрүүлэх
2.5.Нутаглаж байгаа газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх бүхий л үйл ажиллагааг иргэн бүр өөрийн санаачлагаар хийдэг байх, энэ ажлыг үр хүүхдүүд залуу үедээ өвлүүлэх.
2.6.Тухайн сумын нутаг дэвсгэрт бусад аймаг сумын малчин өрх болон мал бүхий иргэдийн мал дамжин өнгөрхөөс бусад тохиолдолд орж ирэхийг хатуу хориглоно. Хэрэв нэвтрэх бол зөвшөөрөл болон гэрээний дагуу нэвтрүүлдэг байх.Зөвшөөрөлгүй орж ирсэн тохиолдолд зохих хууль дүрэм журмын дагуу болон захирамжаар батлагдсан журмын дагуу хариуцлага тооцдог байх.
2.7.Энэ журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эсэргүүцсэн буюу биелүүлээгүй иргэн хуулийн этгээдийг зохих хууль журмын дагуу хариуцлага хүлээлгэх бөгөөд биелэлтийг хангуулах үүднээс албадан нүүлгэх түүнтэй холбогдон гарах бүх зардлыг тухайн эзнээс гаргуулна.
2.8.Зуслан намаржаа, хаваржаа болон бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгаснаас өөр газар дур мэдэн өвөлжөө, хаваржаа барихгүй байх;
2.9.Өөр аймаг сумын малчдад өвөлжөө, хаваржаа, хонго бууцыг дамжуулан ашиглуулахгүй байх;
2.10.Тухайн жилийн бэлчээрийн хуваарь, бэлчээрийг зүй зохистой ашиглах талаарх саналаа БИНХ-аар дамжуулан өгөх,
2.11.Жил бүр бэлчээр, хадлангийн газарт фото мониторинг хийж дүнг олон жилийн дундажтай харьцуулан заасан бэлчээр ашиглагчдын хэсэг, малчин өрх, орон нутгийн удирдлагад мэдээлэх,
2.12.Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх;
2.13.Сумын нутаг дэвсгэрт Бэлчээрийн худаг шинээр гаргах бол тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа оруулж сумын ИТХ-н хурлаар хэлэлцэн батлах.
Гурав. Нутаг бэлчээрийг зохистой эзэмших ашиглах талаар:
Бэлчээр нутгийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх шаардлагыг үндэслэн хаваржаа, зуслан, намаржаа, нөөц бэлчээр нутгийг доорхи байдлаар тогтоов.
3.1. Зуслангийн нутаг:
Хөтөл нуур, Улаан толгой, Харгай толгой, Хар азаргын эхэн, Замын ус ,Шар нурган, Наран бие, Ут булаг,Хайн булаг, Хужирын хар, Сөрт, Холбоо, Шангын ус, Улаан хад, Хүрэмт, Хөх хэрц, Яргайт, Бураат, Булаг, Цагаан худаг, Иргийн худаг, Хагийн худаг, Рашаан булаг, Замын худаг, Олон худаг
- Хуц ухна маллах суурийн зусах, намаржих нутгийг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
3.2. Хаваржаа, Намаржааны бүс нутаг:
Хөсөр, Хүрэн морьт, Борооч, Өмнө сай, Хойд сай, Хар хотгор, Эрдэнэ толгой, Таван хар, Улаан булаг, Орлого, Хоо толгой, Зах, Хөх элсэн, Холбоо, Яст, Цахирын ус, Шаварын ус, Дүмбэрэл, Хүрэн хадын зоо, Цагаан бургас сай, Тахилтын эх Эрдэнээн эх, Дааган, Товрууны худаг, Өгөөмөр, Хар азаргын боомын хөндлөн замаас доош сай дагуу, Ланс, Чацарган, Рашаан гурив, Ар хөдөө, Рашаан булаг, Хэв түнгэ, Гурамсны гол, Тээгийн худаг, Чацаргана, Зах, Даалинт
Сумын төвийн хязгаарлалтын бүс нутаг:Давааны хөтөл, Лагерийн буйр, Голын эхэн, Хөндлөн толгой, Пойл хар аман хүртэл, Дэвсэнгийн хөтөл
Хадлан өвс бэлтгэхийн тулд нөөцөлж байгаа бэлчээр нутгийг түрүүлж ашиглахгүй байх. Хадлан бэлтгэхдээ ургацыг гүйцээх болон үр боловсорсон үед бэлтгэж байх.
- Сумын Засаг даргаас тухайн жилийн ургацын байдлыг харгалзан нөөц бэлчээр нутгийг тогтоож болно.
- Намаржааны бүс нутгийг 8 дугаар сарын 25-ны дотор багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргаж мөрдөнө.
- Онцгой байдал бүхий өрхийн нэрсийг гарган тусгайлсан нутагт зусаж намаржихыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. /Хүн малын гоц халдварт өвчин гарсан, хорио цээр, хязгаарлалт тогтоосон./
- Тухайн жилийн өвс ургацын гарцын байдалтай уялдуулан хадлан өвс бэлтгэх талбайг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны шийдвэрийн дагуу багийн Засаг дарга хуваарилан олгох ажлыг зохион байгуулна.
Дөрөв. Нөөцөлсөн бэлчээр хадлангийн талбайг тогтоох талаар:
4.1.Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед сумын Засаг дарга шийдвэр гарган хэрэгжилтийг хангуулна.
4.2.Малчдын бүлэг, айл өрх саахалтаараа хэлэлцэн тодорхой бэлчээр нутгийг нөөцлөн бэлчээрийн менежментийг сайжруулан ашиглахыг дэмжиж уг бэлчээр нутгийг нөөц бэлчээр нутагт тооцон энэ журамд хамааруулна.
4.3.Сумын нутагт ашиглагддаггүй бэлчээр ашиглах зорилгоор уст цэг гарган бэлчээрээ тэлж ашиглаж байгаа малчдын бүлэг, иргэдийг дэмжин энэ бэлчээр нутгийг нь ашиглуулж болно.
Тав. Журмыг мөрдөх хугацааны талаар:
5.1.Өвөлжөөний бүс нутаг чөлөөлөх хугацаа: 4 дүгээр сарын 20-наас 10 дугаар сарын 05 хүртэл
5.2.Хадлангийн талбайг чөлөөлөх хугацаа: 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15 хүртэл, хадлангийн талбайг хадах хугацаа 8 дугаар сарын 25-наас хойш.
5.3.Хаваржааны бүс нутагт нутаглах хугацаа: 4 дүгээр сарын 20-наас 6-р сарын 20-нийг хүртэл
5.4.Намаржааны бүс нутагт нутаглах хугацаа: 08 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 20 хүртэл, зарим бүс нутагт нутаглах хугацаа 2 үе шаттай байна.Тухайн асуудлыг багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж тогтооно
5.5.Сумын төвийн хязгаарлалтын бүсэд 5-р сарын 1-нээс 10-р сарын 15-ыг хүртэлх хугацаанд бог малаас бусад малтай байхыг зөвшөөрнө.
Зургаа. Журмын биелэлтийг хангах талаар:
6.1.Энэ журмыг биелүүлэх, зохион байгуулж хяналт тавьж байх ажлын хэсгийг Байгаль хамгаалагч, Байгаль Орчны Хяналтын Улсын байцаагч, Тамгын газрын ажилтанууд, багийн ИНХ-ын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг дарга, оролцуулан сумын Засаг даргын шийдвэрээр байгуулан тогтмол ажиллуулах.
6.2.Журмын 5 дугаар зүйлийг дагаж мөрдөх
6.3.Журам зөрчсөн этгээд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
6.4.Журмын биелэлтийн явцыг жил бүр ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж цаашид зохион байгуулах арга хэмжээг тодорхойлох.
6.5.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.
6.6.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
Текст томруулах
A
A
A