A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 321

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 190 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-д дор дурдсан агуулгатай дараахь заалт, дэд заалт нэмсүгэй:

1/ 2.5 дахь заалт:

"2.5.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас дипломат, албан гадаад паспорт олгох талаар ирүүлсэн албан бичгийг үндэслэн дипломат, албан гадаад паспортыг олгож болно."

2/ 2.6 дахь заалт:

"2.6.Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намын удирдах зөвлөл, эсхүл түүнтэй адилтгах бүтцийн гишүүнд тухайн намын даргын албан бичгээр гаргасан хүсэлт, ажлын шаардлагыг үндэслэн албан гадаад паспортыг олгож болно."

3/ 3.4.9 дэх дэд заалт:

"3.4.9.Энэ журмын 2.2.18-2.2.23-т заасан иргэн, албан тушаалтан дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:

3.4.9.1.тухайн албан тушаалд томилогдсон шийдвэрийн хуулбар;

3.4.9.2.энэ журмын 2.2.23-т заасан шилдэг 100 аж ахуйн нэгжийн хувьд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тодорхойлолт."

2. Мөн журмын 3.2.5 дахь дэд заалт, 4.3.2 дахь дэд заалтын "албан" гэсний дараа "гадаад" гэж тус тус нэмсүгэй.

3. Мөн журмын 2.1.4 дэх дэд заалт, 2.2, 2.4, 5.5 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

1/ 2.1.4 дэх дэд заалт:

"2.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн, түүний эхнэр/нөхөрт насан туршид, хүүхдэд 18 нас хүртэл, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн, түүний гэр бүлийн гишүүдэд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд;"

2/ 2.2 дахь заалт:

"2.2.Албан гадаад паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд энэ журмын 3.7-д заасан паспорт мэдүүлэх эрх бүхий төрийн байгууллагаар уламжлан мэдүүлснээр олгоно:

2.2.1.төрийн албаны АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

2.2.2.төрийн захиргааны албаны ТЗ-6-ТЗ-14 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

2.2.3.шүүгч, прокурор;

2.2.4.сум, дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга;

2.2.5.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;

2.2.6.төрийн тусгай албан тушаалын ТТ-10-ТТ-17 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

2.2.7.Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албаны дарга, ахлах ажилтан, ажилтан;

2.2.8.Монголбанкны ерөнхий менежер, газар, төв, хэлтэс, албаны дарга;

2.2.9.төрийн үйлчилгээний ТҮ-11-ТҮ-12 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

2.2.10.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гадаадад зорчиход дагалдан явах эмч болон үйлчилгээний бусад ажилтан;

2.2.11.Монгол Улсын олон улсын гэрээ, бусад нөхцөлөөр гадаад улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагч;

2.2.12.олон улсын Засгийн газар хоорондын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх Монгол Улсын иргэн, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

2.2.13.хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

2.2.14.Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;

2.2.15.Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч;

2.2.16.Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын туслах;

2.2.17.Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон Монгол Улсын иргэн;

2.2.18.гадаад улсын Өргөмжит консулаар томилогдсон Монгол Улсын иргэн;

2.2.19.Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Монгол Улсын иргэн;

2.2.20.олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүн (нисгэгч, инженер, нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч, бүхээгийн ажилтан);

2.2.21.Нийслэл хотын болон төрийн өмчит хуулийн этгээдийн гадаад улсад суугаа төлөөлөгчийн газрын үндсэн ажилтан, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;

2.2.22."Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал"-ын 25.4-т заасныг баримтлан Олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогдсон Монгол Улсын иргэн, Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, олимп, паралимпын наадам, олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагч, эмч нарт тэдгээрийг харьяалах төрийн захиргааны төв байгууллагын хүсэлтийг үндэслэн;

2.2.23."Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал"-ын 21.6-д заасныг баримтлан дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор төрийн өмчит аж ахуйн нэгжийн болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас жил бүр эрэмбэлэн зарладаг Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, гадаад харилцааны нэгжийн дарга болон Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчдэд тэдгээрийг харьяалах байгууллагын хүсэлтийг үндэслэн;

2.2.24.энэ журмын 2.1.9-д зааснаас бусад дипломат цолтой ахмад дипломат болон түүний эхнэр/нөхөр."

3/ 2.4 дэх заалт:

"2.4.Шаардлагатай тохиолдолд гадаад харилцааны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын гарын үсгээр баталгаажсан зөвшөөрлийг үндэслэн дипломат, албан гадаад паспортыг олгож болно."

4/ 5.5 дахь заалт:

"5.5.Энэ журмын дагуу дипломат, албан гадаад паспорт эзэмшигч нь гадаад улсын хил, гаалиар болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, тээвэрлэсэн, хууль бусаар худалдах үйл ажиллагаанд оролцсон талаар гадаад улсын эрх бүхий байгууллагаас дипломат шугамаар мэдэгдсэн тохиолдолд тухайн этгээдэд Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-т заасан сахилгын шийтгэл ногдуулна."

4. Мөн журмын 2.5, 2.6, 2.7 дахь заалтын дугаарыг "2.7, 2.8, 2.9" гэж, 2.2.24 дэх дэд заалтын "2.1.7" гэснийг "2.1.9" гэж, 3.4.7 дахь дэд заалт, 3.6 дахь заалтын "2.4-т" гэснийг "2.4-2.6-д" гэж тус тус өөрчилсүгэй.

5. Мөн журмын 2.1.9 дэх дэд заалтын "ахмад" гэснийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Гадаад харилцааны сайд Б.БАТЦЭЦЭГ