A

A

A

Бүлэг: 1979

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 10-р хуралдааны

 10/04-р тогтоолын хавсралт

 

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

 1.1.Бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохируулан байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах дадлыг төлөвшүүлэхтэй холбогдон нутгийн удирдлага, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

Хоёр. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх

 

 2.1.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө нь дараах шаардлагыг хангасан байна.

 2.2.1 Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ /фото мониторинг/-ийн дүнд үндэслэсэн байх

 2.2.2 Бэлчээрийг улирлын хуваарьтайгаар сэлгэн, ашиглах хуваарийг гаргасан байх

 2.2.3 Бэлчээрийн усан хангамжийг засварлах, шинээр нэмэгдүүлэх чиглэлээр ажил зохион байгуулсан байх.

 

Гурав. Бэлчээр ашиглалтын журмыг хэрэгжүүлэхэд бүх шатны албан тушаалтнуудын хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

 3.1.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг

 

  3.1.1Сумын хэмжээнд хэрэгжүүлэх "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"ыг батлах, өөрчлөлт оруулах, хэрэгжилтэд хяналт тавих

 3.2.Сумын Засаг даргын эрх, үүрэг

  3.2.1.Сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө батлах

  3.2.3.Гол, горхи, булаг шандын эх ундаргыг хамгаалах, энэ журмын 3.8.10 дахь заалтаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахыг зогсоох арга хэмжээг авах

  3.2.4.Сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжих, хаваржих малыг оруулахдаа энэ журам болон дээд шатны байгууллагын шийдвэрийг танилцуулж, зөвшилцсөний үндсэн дээр тухайн малчин өрхтэй гэрээ байгуулж, бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлэх

  3.2.5.Бэлчээртэй холбоотой асуудлаар ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх

  3.2.6.Зохих зөвшөөрөлгүй гадны аймаг, сумдын отрын айл буулгасан малчин өрхийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин эзэмшүүлэхгүйгээр цуцлах бөгөөд дараагийн малчинд давуу эрхээр эзэмшүүлэх

 

 3.3.Багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх, үүрэг

  3.3.1.Малчид иргэдийн өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх асуудлыг хэлэлцүүлэн уламжлах

  3.3.2.Жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын тайланг малчдад танилцуулах

  3.3.3.Малчин 1 өрхөд өвөлжөө, хаваржааны зориулалттайгаар сумын аль ч багийн нутаг дэвсгэр дээр 2 газар эзэмшүүлэх

 

 3.4.Багийн засаг даргын эрх үүрэг

  3.4.1.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гарган багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах.

  3.4.2.Тухайн жилд хийгдэх бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажилд багийн малчин өрхийг зохион байгуулж оролцох

  3.4.3.Өөр аймаг, сумаас зохих зөвшөөрөлгүйгээр отроор орж ирсэн малчдыг нутгийн гүнд оруулахгүй, өвөлжүүлж хаваржуулахгүй байх

  3.4.4.Бусдын өвөлжөө, хаваржаанд зун намрын улиралд мал бэлчээхгүй байх шаардлагыг малчид, малчдын бүлэгт шаардлага тавьж ажиллах

 

 3.5.Сумын Засаг Даргын Тамгын газрын Мал аж ахуйн тасгийн улсын байцаагчийн эрх үүрэг

  3.5.1.Өөр аймаг, сумаас зөвшөөрөлгүй суманд отроор ирэх өрхийн мэдээллийг мал эмнэлэгийн нэгдсэн системээр шалгах, анхааруулах, буцаах ажлыг зохион байгуулах

  3.5.2.Өөр аймаг, сумаас зөвшөөрөлгүй суманд отроор орж ирсэн тохиолдолд мал эмнэлэгийн үйлчилгээнд хамрагдсан эсэхийг шалгах, шаардлага тавих

  3.5.3.Зохих хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөлтэй орж ирсэн тохиолдолд мал сүрэгт мал эмнэлэгийн үйлчилгээ үзүүлэх

 

 3.6.Сумын Газрын даамлын эрх, үүрэг

  3.6.1.Жил бүр Засаг даргын Тамгын газрын бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэнтэй хамтран бэлчээрийн газарт фото мониторинг хийж дүнг олон жилийн дундажтай харьцуулан тайланг гаргах

  3.6.2.Сумын нөөц бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулах.

  3.6.3.Газрын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт заасны дагуу бэлчээрийн газрын төлөв байдал, чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэх

  3.6.4.Өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэх

  3.6.5.Өвөжөө, хаваржааны доорх газрыг шинээр олгохдоо бусад айл өрхийн эзэмшлийн газраас 2 км зайтай төлөвлөх

 

 3.7.Сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, газар тариалан хариуцсан мэргэжилтний эрх, үүрэг

  3.7.1 Жил бүр сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө гаргах, тайлагнах

  3.7.2.Багийн Иргэдийн Нийтийн Хурлын саналыг харгалзан бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлэх саналыг холбогдох байгууллагад уламжлуулах, шийдвэрлүүлэх

  3.7.3.Бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх

  3.7.4.Бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх ажлыг бэлчээр ашиглагч-малчин өрх, тухайн багийн Засаг дарга нартай хамтран зохион байгуулах

  3.7.5.Аймгийн ус, цаг уур, орчны шинжилгээний газрын бэлчээрийн даац тодорхойлсон мэдээллийг малчдад хүргэх, холбогдох албан тушаалтнуудыг мэдээллээр хангах

 

 3.8 Малчдын эрх үүрэг

  3.8.1.Бэлчээрийн даац, багтаамжид тохируулан малынхаа тоо толгойг зохицуулан чанаржуулах, бэлчээрийг сэлгэх

  3.8.2.Бэлчээр ашиглалтын аливаа асуудлыг багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх

  3.8.3.Зун, намрын цагт өвөлжөө, хаваржааныхаа нутаг бэлчээрийг чөлөөлж бэлчээрийг сэлгэн ашиглаж алс, ойрын отор хийх

  3.8.4.Өвөлжөө, хаваржааны доорх газар таны эзэмшлийн газар, бусад бэлчээр нь улсын өмч тул бэлчээрийн маргаан үүсгэхгүй байх

  3.8.5.Гаднаас дур мэдэж айл өрх, мал сүрэг оруулж ирэх, өвөлжөө, хаваржаа, хонд бууцыг бусдад дамжуулан ашиглуулахгүй, түрээслэхгүй байх

  3.8.6.Бэлчээр, усны эх үүсвэрийг хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэх, ариутгал халдваргүйтгэл хийх

  3.8.7.Дур мэдэж, өвөлжөө, хаваржаа барих, бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх

  3.8.8.Өөр айлын өвөлжөө, хаваржааны газарт отор нүүдэл хийхгүй байх

  3.8.9.Өөр аймаг, сумаас олон тооны малыг малчидтай тохиролцож маллахгүй байх

  3.8.10.Өвс тэжээлийнхээ нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өвөлжөөн дээрээ бэлчээрийн ургамал тариалах

 

Дөрөв. Журмын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох

 

 4.1.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хэрэгжилтэд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хяналт тавина.

 

 4.2.Журам зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд "Зөрлийн тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.6, 8.1.7 дахь заалтын дагуу эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн хэсгийн төлөөлөгч, улсын байцаагч нар хариуцлага хүлээлгэнэ.

 

 4.3.Зохих зөвшөөрөлгүй гадны аймаг, сумдын отрын айл буулгасан, энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд малчин өрхийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлана.

 

Тав. Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх

 

 5.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

 5.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгал орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

 

Зургаа. Журам хүчин төгөлдөр болох

 

6.1.Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу Захиргааны хэм хэмжээ актын улсын бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.