- Нүүр
- Сайдын тушаал
- НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ЗӨВЛӨМЖ ГАРГАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын хамтарсан 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/268, А/48 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ, ЗӨВЛӨМЖ ГАРГАХ ЧИГ ҮҮРЭГ БҮХИЙ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.17 дахь хэсэгт заасан нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүрэг бухий Зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2.Зөвлөл нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх орон тооны бус зөвлөл байна.
1.3.Зөвлөл нь үйл ажиллагаандаа Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.4.Зөвлөл нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
1.4.1.хууль дээдлэх, хууль зүйн үндэслэлтэй байх;
1.4.2.улс төрийн болон бусад ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
1.4.3.үнэлгээ нь ил тод, үндэслэл бүхий байх;
1.4.4.үнэлгээг хараат бусаар явуулах;
1.4.5.үнэлгээ нь бодит байдалд нийцсэн байх;
1.4.6.олон нийтийн оролцоог хангах;
1.4.7.үнэлгээний зорилго, зорилт нь нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг сайжруулахад чиглэгдсэн байх.
1.5.Нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргахад Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагааг хамруулна.
Хоёр.Зөвлөлийн үйл ажиллагаа
2.1.Зөвлөл нь нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чиг үүргийн хүрээнд дараах үйл ажиллагааг явуулна:
2.1.1.нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлэх, зөвлөмж гаргах, энэ талаар төлөвлөгөө боловсруулах;
2.1.2.нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээлэл болон батлагдсан төлөвлөгөө, хуваарийн дагуу үнэлэх, хэрэгжилт хангалтгүй тохиолдолд авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргах;
2.1.3.хүн, хуулийн этгээдээс нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийн талаар мэдээлэл хүлээн авахдаа тухайн мэдээллийн үнэн, бодитой эсэхийг нягтлан шалгах, хүлээн авах;
2.1.4.мэдээлэл хариуцагчдыг нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг үндэслэн эрэмбэлсэн үнэлгээ, авах арга хэмжээний санал, зөвлөмжийг агуулсан улсын хэмжээний нэгдсэн тайланг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор гаргаж, Засгийн газарт танилцуулах;
2.1.5.нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийн үнэлгээ, тайланг олон нийтэд тухай бүр мэдээлэх;
2.1.6.нээлттэй мэдээллийн ил тод байдлын талаар үнэлгээ хийх, судалгаа, үнэлгээ хийх арга зүй, туршлага судлах, нэвтрүүлэх чиглэлээр төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хүн, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
2.1.7.мэдээлэл солилцох, уулзалт, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл түгээх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран зохион байгуулах;
2.1.8.нээлттэй мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөмж гаргах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судлаач, ашгийн төлөө бус байгууллагатай хамтран ажиллах.
2.2.Зөвлөл нь үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хагас, бүтэн жилээр гаргах ба үйл ажиллагааны төлөвлөгөөг үнэлгээ хийх хуваарийн хамт боловсруулж, тухайн жилийн 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад танилцуулах бөгөөд төлөвлөгөөг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайд хамтран батална.
2.3.Төлөвлөгөө, хуваарийн дагуу удирдамж гарган, мэдээлэл хариуцагчийн цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад мэдээллийн хэрэгслээр түгээсэн нээлттэй мэдээллийн ил тод байдалд үндэслэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8.19-д заасан журмын дагуу үнэлгээг хийнэ.
2.4.Зөвлөлөөс мэдээлэл хариуцагчийн нээлттэй мэдээллийн ил тод байдлын
хэрэгжилтэд үнэлгээ хийх болон хийж байгаа явцын талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэх үүрэг хүлээхгүй.
2.5.Зөвлөл үнэлгээ хийх явцдаа нээлттэй мэдээллийн ил тод байдлын хангалтгүй байдлын талаар холбогдох мэдээлэл хариуцагчид урьдчилан танилцуулж болох бөгөөд мэдээлэл хариуцагч үнэлгээний дүн гарахаас өмнө шаардлагатай арга хэмжээг авч, энэ талаар үнэлгээ хийж буй багт мэдэгдэж болно.
2.6.Мэдээлэл хариуцагчийн нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилт хангалтгүй байгаа тохиолдолд Зөвлөлөөс зөвлөмж гаргах бөгөөд үнэлгээ гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор мэдээлэл хариуцагчид зөвлөмжийг хүргүүлнэ.
2.7.Зөвлөл нь хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн мэдээллийн дагуу xoлбогдox мэдээлэл хариуцагчийн нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилттэй танилцаж, мэдээллийн ил тод байдал хангалтгүй байх тохиолдолд мэдээлэл хариуцагчид нэн даруй зөвлөмж хүргүүлнэ.
2.8.Энэ журмын 2.7-д заасан ажиллагааг гүйцэтгэх Зөвлөлийн гишүүнийг Зөвлөлийн дарга мэдээлэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор томилох бөгөөд гишүүн тус ажиллагааг томилогдсноос хойш ажлын 3 өдрийн дотор хийж гүйцэтгэнэ.
2.9.Мэдээлэл хариуцагч зөвлөмжийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвлөмжийн дагуу арга хэмжээ авч, нээлттэй мэдээллийн ил тод байдлыг хангах бөгөөд арга хэмжээ авснаас хойш ажлын 3 өдрийн дотор Зөвлөлд хариу мэдэгдэнэ.
2.10.Мэдээлэл хариуцагч энэ журмын 2.9-д заасан арга хэмжээ аваагүй, хариу мэдэгдээгүй тохиолдолд Зөвлөл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар уламжлуулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж хугацаатай үүрэг даалгаврыг мэдээлэл хариуцагчид өгөх, эсхүл мэдээлэл хариуцагчаас холбогдох арга хэмжээ авахыг шаардах, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад уламжилна.
2.11.Зөвлөл нь үйл ажиллагааны тайлангаа хагас, бүтэн жилээр гаргах ба хагас жилийн тайланг тухайн жилийн 6, 12 дугаар сард, бүтэн жилийн тайланг дараа жилийн 1 дүгээр сард багтаан Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад танилцуулна.
2.12.Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан олон нийтэд нээлттэй байх бөгөөд тайланг Хууль зүй, дотоод хэргийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны цахим хуудсанд байршуулна.
2.13.Зөвлөл нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийн талаарх мэдээллээр Улсын Их Хурал, Засгийн газар, олон нийтийг хангах үүрэг хүлээнэ.
2.14.Зөвлөлөөс хэрэгжүүлэх нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийг зохион байгуулах, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах арга хэмжээг энэхүү журмын 2.2-т заасан хагас, бүтэн жилийн төлөвлөгөөгөөр хязгаарлахгүй бөгөөд төлөвлөгөөнөөс гадна хийгдэх нэмэлт арга хэмжээг Зөвлөлийн даргын шийдвэрээр хэдийд ч зохион байгуулан хэрэгжүүлж болно.
Гурав.Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр
3.1.Зөвлөл нь 15-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд төрийн бус бөгөөд ашгийн төлөө бус байгууллагын 5-аас доошгүй гишүүний төлөөлөлтэй байна.
3.2.Зөвлөл нь чиг үүргээ үнэлгээ хийх, зөвлөмж гаргах арга хэлбэрээр хэрэгжүүлэх бөгөөд Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
3.3.Хуралдааныг хагас жил тутам 1-ээс доошгүй удаа хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд Зөвлөлийн дарга, эсхүл гишүүний саналаар хуралдааныг зарлаж болно.
3.4.Цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан хуралдааныг цахимаар хийж болно.
3.5.Хуралдаанаар Зөвлөлийн энэхүү журамд заасан чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэнэ.
3.6.Зөвлөлийн нийт гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.
3.7.Хуралдааны дэгийг хууль, журамд заасан нийтлэг зохицуулалтын дагуу боловсруулж хуралдаанаараа хэлэлцэн батална.
3.8. Зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
3.8.1.Зөвлөлийн үйл ажиллагааны хагас жил, жилийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт, үр дүн;
3.8.2.мэдээлэл хариуцагчийн нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, зөвлөмж, тайлан;
3.8.3.Зөвлөлийн чиг үүргийн хүрээнд хамаарах бусад асуудал.
3.9.Зөвлөлийн шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргах ба шийдвэрийг хуралдааны тэмдэглэлээр албажуулна. Хуралдааны тэмдэглэлд Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
3.10.Зөвлөлийн чиг үүргийн хэрэгжилтийг хангах, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх зорилгоор гишүүдийг багийн зохион байгуулалтаар ажиллуулж болно.
3.11.Зөвлөл нь төлөвлөгөөнд заасан үнэлгээг иргэн, ашгийн төлөө бус байгууллагын оролцоотойгоор багийн зохион байгуулалтаар гүйцэтгүүлж болох бөгөөд багийг Зөвлөлийн гишүүн ахална. Багийн ахлагч, бүрэлдэхүүнийг Зөвлөлийн дарга томилно.
3.12.Зөвлөлийн ажиллах нөхцөлийг Хууль зүй, дотоод хэргийн яам хангана.
3.13.Зөвлөл нь Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд өөрийн үйл ажиллагааны тайлан, мэдээллийг тогтмол байршуулах цэстэй байна.
Дөрөв.Зөвлөлийн бүрэлдэхүүний эрх, үүрэг
4.1.Зөвлөлийн дарга нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлэх бөгөөд Зөвлөлийн даргын эзгүйд Зөвлөлийн дэд дарга Зөвлөлийн даргын эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.1.1.Зөвлөлийн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
4.1.2.дотоод зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг хангуулах;
4.1.3.хуралдааны тов тогтоох, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг гаргах, энэхүү журмын 2.2-т заасан төлөвлөгөөнөөс гаднах нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг, чиглэл, төлөвлөгөө, хуваарийг гаргах, хуралдааныг даргалах;
4.1.4.Зөвлөлөөс гаргасан хүсэлт, зөвлөмжийг Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулан холбогдох мэдээлэл хариуцагчид хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
4.1.5.Зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг төсөвлөн батлуулах, төсөв, санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;
4.1.6.Зөвлөлийн үйл ажиллагаа болон зардлын зарцуулалтыг тус зөвлөлийн хуралдаанд жил тутам танилцуулах, Хууль зүй, дотоод хэргийн яамны санхүүд зохих журмын дагуу тайлагнах.
4.2.Зөвлөлийн гишүүн нь дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1.энэ журамд заасан төлөвлөгөө, хуваарийн дагуу мэдээлэл хариуцагчийн нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтэд үнэлгээ хийж, Зөвлөлд үр дүнг тайлагнах, хэлэлцүүлэх, зөвлөмж боловсруулах;
4.2.2.Зөвлөлийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд бүрэн оролцох;
4.2.3.Зөвлөлийн ажлын төлөвлөгөө, хэлэлцэх асуудалд саналаа өгөх;
4.2.4.Зөвлөлийн хуралдааны дэгийг сахих;
4.2.5.нээлттэй мэдээллийн ил тод байдлын хэрэгжилтийн хангалтгүй байдлын талаар тухайн мэдээлэл хариуцагчид урьдчилсан байдлаар танилцуулах;
4.2.6.хийсэн үнэлгээнийхээ үр дүнгийн бодит байдлыг хариуцах;
4.2.7.чиг үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх.
4.3.Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл-гишүүн нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тyxaй хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын хараат бус, бие даасан эрх зүйн байдлын хүрээнд Зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт хэрэгжүүлж, хүний эрхийн чиглэлээр зөвлөх чиг үүрэгтэй оролцоно.
4.4.Хууль зүй, дотоод хэргийн яам нь Зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэх ба Зөвлөлийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх албан хаагчийг тус яамнаас томилно.
4.5.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн хуралдаанд саналын эрхгүйгээр оролцох бөгөөд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
4.5.1.Зөвлөлийн хуралдаан болон бусад арга хэмжээний зохион байгуулалтын бэлтгэлийг хангах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах;
4.5.2.Зөвлөлийн албан хэрэг хөтлөлтийг холбогдох хууль, журам, стандартын дагуу хариуцан явуулах, Зөвлөлийн төлөвлөгөө, тайланг нэгтгэн боловсруулах;
4.5.3.Зөвлөлийн баримт бичгийг архивын нэгж болгон хуулийн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны архивын эрхлэгчид зохих журмын дагуу хүлээлгэж өгөх;
4.5.4.Зөвлөлийн мэдээллийг бэлтгэж, Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд байршуулах, Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны цахим хуудсанд байршуулахаар тус яаманд хүргүүлэх.
Тав.Хүн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах
5.1.Зөвлөл нь чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд хүн, хуулийн этгээдтэй дараах байдлаар хамтран ажиллах ба журамд тусгагдаагүй бусад хэлбэрээр хамтран ажиллаж болно:
5.1.1.чиг үүргийн хүрээнд хамтарсан үнэлгээний ажил гүйцэтгэх, хэлэлцүүлэг зохион байгуулах;
5.1.2.чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагын холбогдох баримт мэдээлэлтэй танилцах, хүн, хуулийн этгээдээс мэдээлэл, санал, асуулга авах;
5.1.3.чиг үүргийн хүрээнд мэдээлэл солилцох, уулзалт, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах, олон нийтэд мэдээлэл түгээх ажлыг хамтран зохион байгуулах.
5.2.Зөвлөл хүн, хуулийн этгээдтэй Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дамжуулан харилцах ба Хууль зүй, дотоод хэргийн яамны хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ. Энэ үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хэрэг хөтлөлтийн журмыг мөрдлөг болгоно.
Зургаа. Зөвлөлийн үйл ажиллагааны нөхцөл, санхүүжилт
6.1.Зөвлөлийн дарга, гишүүнд оролцооны урамшуулал, үнэлгээ хийхэд гэрээний дагуу оролцуулсан хүн, хуулийн этгээдэд ажлын хөлс олгож болно. Урамшуулал, ажлын хөлсний хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн сайд тогтоон олгоно.
6.2.Урамшууллын хэмжээг Зөвлөлийн ажилд оролцсон байдал, ажлын үр дүнг харгалзан Зөвлөлийн даргын саналыг үндэслэн тогтоон олгож болно.
6.3.Үнэлгээнд оролцуулсан хүн, хуулийн этгээдийн ажлын хөлсийг гэрээний биелэлт, ажлын гүйцэтгэлийг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яам олгож болно.
6.4.Хууль зүй, дотоод хэргийн яам нь Зөвлөлийг ажиллах байр, хуралдааны танхим болон шаардлагатай бусад техник тоног төхөөрөмж, мэдээллээр хангах ба Зөвлөлийн үйл ажиллагааны зардал, дарга, гишүүдэд олгох урамшуулал болон бусад хөлс, төлбөрийг улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг хариуцна.
----оОо---
Текст томруулах
A
A
A