A

A

A

Бүлэг: 1979

 

Ховд аймгийн Зэрэг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2022 оны 10 дугаар сарын
3-ны өдрийн хуралдааны

18 дугаар тогтоолын хавсралт

 

ХОВД АЙМГИЙН ЗЭРЭГ СУМЫН "БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ"

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго: Бэлчээрийг нөөц, даацад нь тохируулан зохистой ашиглаж, байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээр ашиглалтыг экологийн чадавхад суурилсан аргачлалаар төлөвлөх, уг төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар зүй зохистой ашиглаж, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын нутгийн удирдлага, малчид, нөхөрлөл, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2.Журам батлах хэрэгцээ, шаардлага: Малын тоо толгой өсч, бэлчээрийн даац хүрэлцэхгүй болсны улмаас малчид иргэдийн хооронд нутаг бэлчээрийн маргаан гарах болсон. Мөн багуудын ИНХ-аас болон малчдаас нутаг бэлчээрийг зохицуулах талаар удаа дараа санал хүсэлт гаргаж байгаа. Иймд энэхүү журмыг мөрдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон.

1.3.Журмыг дагаж мөрдөх: Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, өвөлжөө, хаваржааны бэлчээр, хадлангийн талбайг тодорхой хугацаанд малын хөлөөс чөлөөлөх зэрэг бэлчээрийг зүй зохистой ашиглаж улирлын хуваарьтай хамгаалахад сумын бүх иргэд, малчид, бэлчээр ашиглагчдын хэсэг, бүлэг, нөхөрлөл, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагууд энэхүү журмыг мөрдлөгө болгон ажиллана.

1.4.Журмыг хэрэгжүүлэх: Журмын хэрэгжилтийг сумын Засаг даргын удирдлага зохион байгуулалтаар хангаж, холбогдох мэргэжилтэнгүүд болон багийн Засаг дарга нар хариуцан гүйцэтгэнэ.

1.5.Сумын Засаг даргын захирамжаар оны эхэнд сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг томилон, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлийг хагас бүтэн жилээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллана.

ХОЁР. Бэлчээр ашиглалтыг төлөвлөх

2.1.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд бэлчээрийг улирлаар ашиглах, зун, намрын бэлчээрийг сар, улирлаар сэлгэх, ашиглах, өнжөөх, хуваарь, отор нүүдэл хийх, худаг ус гаргах, засварлах, хадлангийн талбайг ашиглах, хамгаалах, сайжруулах, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх, доройтсон бэлчээрийг сайжруулах, тэжээл тариалах, зэрлэг амьтны бэлчээрийг хамгаалах зэрэг арга хэмжээнүүд орно.

2.2.Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараах зарчмыг баримтална:

2.2.1.Бэлчээрийн экологийн чадавхад суурилах;

2.2.2.Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах.

2.3.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид "Бэлчээр ашиглалтын төлөвлөгөө" гэх) нь дараах шаардлагыг хангасан байна.

2.3.1.Бэлчээрийн төлөв байдал, чанарт хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ (цаашид "фотомониторинг" гэх)-ний дүн, бусад мэргэжлийн байгууллагуудын судалгаанд үндэслэгдсэн байх;

2.3.2.Бэлчээрийн улирлын болон богино хугацааны сэлгээ, отор нүүдэл хийх хуваарийг нөхөрлөл, БАХ, баг тус бүрээр гаргасан байх;

2.3.3.Бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах замаар байгалийн жамаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх;

2.3.4.Бэлчээрийн ургац сайтай хэсгээс хадлан бэлтгэх, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцлийг бүрдүүлсэн байх.

2.3.5.Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг, бэлчээрийн даацад үндэслэн тухайн баг, бэлчээр ашиглагчдын хэсгийн бэлчээр нутагт өвөлжих малын тоог гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 1-15-ны дотор сумын Засаг даргад хүргүүлнэ.

2.3.6.Багийн Засаг дарга, бэлчээрийн менежментийн ажлын хэсэгтэй хамтран тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар энэ журмын 2.3.5-д заасан малын тоо, БАХ, нөхөрлөлүүдийн саналд тулгуурлан дараа жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хэлэлцүүлж сумын Засаг даргад хүргүүлнэ.

2.3.7.Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасны дагуу Сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн нь баг бүрийн иргэдийн Нийтийн Хурлаар батлагдсан бэлчээрийн ашиглалтын төлөвлөгөөний саналыг нэгтгэж Сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө /цаашид СГЗБТЖТ гэх/-нд тусган жил бүрийн 12 сард багтаан батлуулна.

ГУРАВ. Бэлчээр, хадлангийн талбай ашиглалтын хуваарийг зохицуулах,

3.1.Бэлчээр ашиглалтыг тухайн сумын бэлчээрийн экологийн чадавх, бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт болон фотомониторингийн тухайн жилийн дүн мэдээлэлд үндэслэн улирлаар, тодорхой хугацаагаар төлөвлөх зарчмаар зохицуулна.

3.2.Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглах гэрээний үндсэн дээр талуудын хүлээх үүргийн дагуу ашиглах ерөнхий зохицуулалтыг баримтална.

3.3.Зуслан, намаржааны бэлчээрийг энэ журмын дагуу өрх, хот айлаар, нөхөрлөлөөр зүй зохистой ашиглана.

3.4.Бэлчээр ашиглагчдад гэрээгээр ашиглуулж байгаа болон уламжлалт зохицуулалтаар ашиглаж байгаа бэлчээрт мал дайран өнгөрөх, тууварлах, түр буудаллах хугацааг сумын нутаг дэвсгэрт хоёр хоногоос илүүгүй байлгана.

3.5.Улирлаар ашиглах бэлчээрээс нүүх, буух хугацааг газарзүйн онцлог ба цаг агаарын нөхцөлөөс хамааруулан багуудын ИНХ-аар өөрчилж болох бөгөөд энэ өөрчлөлт нь зөвхөн тухайн улирал, жилд мөрдөгдөнө.

3.6.Бүх нийтээр хадлангийн талбайн ус боох, услах хугацааг багуудын ИНХ-аар хэлэлцэж тухай бүр шийдвэрлэнэ.

3.7.Багууд нийтийн хадлангийн талбайг бордоожуулах саналаа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нараа дамжуулан ИТХ-аар хэлэлцүүлж, шаардлагатай санхүүжилтыг сумын төсөвт тусгуулна.

3.8.Мах бэлтгэх зорилгоор их хэмжээний мал түр хугацаанд хариулах бэлчээрийг Засаг даргатай гэрээ хийж татвар авна. Татварыг сумын ИТХ-аас тогтооно.

3.9.Сумын нутагт нэвтэрч буй мал, сүргийн Эрүүл мэндийн дэвтэр, тарилга туулгалтад бүрэн хамрагдсан байдлыг хянаж нэврүүлнэ.

3.10.Малын өвчлөл бүртгэгдсэн газраас заасан хугацаанд мал оруулах, гаргах, мал худалдах, худалдаж авахыг хориглоно.

3.11.Өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны бэлчээр, хашаа хороо, худаг уст цэгт өөр аймаг, сумын малыг дур мэдэн оруулах, бусдад дамжуулан ашиглуулах, түрээслүүлэх, худалдаалахыг хориглоно.

ДӨРӨВ. Бэлчээрийн төлөв байдлыг судлах, даац тогтоох

4.1.Бэлчээрийн төлөвлөлт, төлөвлөгөөний хэрэгжилт болон бэлчээр ашиглалтын үр нөлөөг жил бүр фото мониторингийн үр дүнгээр үнэлнэ.

4.2.Бэлчээрийн төлөв байдлыг үнэлж, ургац тооцохдоо улирлын бэлчээрийг төлөөлөхүйц мониторингийн цэг дээр тогтсон аргачлалыг баримтлан гүйцэтгэнэ.

4.3.Мониторингийн цэгийг сонгохдоо БАХ бүрээр улирлын бэлчээр болон бэлчээрийн нийтлэг хэв шинжийг төлөөлөх чадварыг нь харгалзан тогтоох ба энэ ажилд бэлчээр ашиглагчдын хэсгийн малчид, нөхөрлөлийн төлөөллийг заавал оролцуулна.

4.4.Мониторингийн цэгийн байршлыг Засаг даргын захирамжаар баталгаажуулж сумын бэлчээр ашиглалтын зурагт нэг бүрчлэн тэмдэглэнэ.

4.5.Фотомониторингийн үр дүнд тулгуурласан тайлан дүгнэлтийг малчдад танилцуулах ажлыг Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг хариуцан зохион байгуулна.

4.6.Тухайн сумын нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч иргэн, нөхөрлөл, БАХ болон төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй хамтран бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах бөгөөд баг, сумын Засаг дарга хэрэгжилтэд хяналт тавина.

ТАВ. Журмыг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр

5.1.Малын тоо толгойн албан татварын орлого 

5.2.Сум хөгжүүлэх сан

5.3.Олон улсын төсөл хөтөлбөр, иргэдийн хандив.

5.4.Орон нутгийг хөгжүүлэх сан

5.5.Нөхөрлөлийн дундын сан

5.6.Бусад аймаг сумдаас отор, нүүдлээр орж ирсэн малд сумын ИТХ-аас баталсан татварын хувь хэмжээгээр тооцож татвар ноогдуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн орлого

5.7.Монгол Улсын төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн дараах зүйлд зарцуулна.

ЗУРГАА. Бэлчээр ашиглагчдын эрх, үүрэг

6.1.Сумын малчин, мал бүхий иргэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж нь бэлчээр ашиглалтын талаар дараах нийтлэг үүргийг хүлээж, эрх эдэлнэ:

6.1.1.Бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх, ашиг шим сайтай үүлдрийн малаар сүргийг сэлбэх,

6.1.2.Нөхөрлөл, БАХ, багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээрийн төлөв байдал, даацын фотомониторингийн дүнгийн талаар мэдээлэлтэй байх ,

6.1.3.Бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх,

6.1.4.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан өвөлжөө хаваржааны эзэмшиж буй бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх,

6.1.5.Сумын нутаг дэвсгэрт малчин өрх өвөлжөөний нэг, хаваржааны нэг газрыг тус тус эзэмших,

(Үүнээс илүү гарсан өвөлжөө хаваржаатай малчид, мал бүхий иргэн нь өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржаагүй мал маллаж байгаа үр хүүхэд, ах дүү, эсвэл өвөлжөө хаваржаагүй залуу малчдад эрх шилжүүлэх замаар дэмжлэг үзүүлнэ)

6.1.6.Бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн, үржүүлэх бөгөөд бэлчээрийн даацаас илүү гарсан малыг зах зээлд борлуулах,

6.1.7.Эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх болон тэжээвэр амьтныг өсгөн үржүүлэх, цөлжсөн бэлчээр хамгаалах сайжруулахаас бусад зорилгоор 0,5 га-аас илүү бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх,

6.1.8.Малчин болон мал бүхий өрх тухайн жилд тоолуулсан малаа хонин толгойд шилжүүлж тооцсоноор нийт малынхаа 30 хувийг 1 сарын хугацаанд тэжээхээр тооцож хадлан, хадлангийн талбай ашиглах, (Энэ заалт бүх нийтийн хадлангийн талбайд хамаарна.)

6.1.9.Гадны сумруу хадлан зарахыг хориглох, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх чиглэлээр гарсан сумын Засаг даргын захирамжийг дагаж мөрдөх,

6.1.10.Мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж малын эрүүл мэндийн дэвтэр дээр бичилт хийлгүүлэх,

6.1.11.Багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох,

6.1.12.Ахуйн хог хаягдал, малын сэг зэмээр байгаль орчин, хашаа хороо, бэлчээр, усны эх үүсвэрийг бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэх,

6.1.13.Багийн иргэдийн Нийтийн Хурлын зөвшөөрөлгүй өвөлжөө, хаваржаа барих, бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх,

6.2.Малчин, мал бүхий этгээд нь энэ журмын 5.1 дэх хэсэгт заасан малын тоо толгойн албан татварыг төлөх, Малын тоо толгойн албан татварын орлогоор сум, багт хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих,

ДОЛОО. Журмыг хэрэгжүүлэхэд мэргэжилтнүүдийн үүрэг, оролцоо

7.1. Бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн:

7.1.1.Бэлчээр ашиглагчид, малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулан бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход тусална.

7.1.2.Багийн иргэдийн Нийтийн Хурлаар малчдын өндөр санал авч дэмжигдсэн бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлнэ.

7.1.3.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг малчид, мэргэжлийн байгууллагын оролцоотой зохион байгуулна.

7.1.4.Фото мониторингийн дүн мэдээлэлд тулгуурлан тухайн жилд малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сүргийн зохистой бүтэц, харьцаа, ангилалт, чанар болон мал аж ахуйн менежментийн бусад асуудлаар зөвлөмж гаргаж хэрэгжилтэд дэмжлэг үзүүлнэ.

7.1.5.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргын бэлчээр, хадлангийн чиглэлээр гаргасан тогтоол, захирамжийг хэрэгжүүлэн ажиллана.

7.2. Ус цаг уур орчны станц

7.2.1.Малчид иргэдэд цаг агаарын урдчилан сэргийлэх мэдээг олон төрлийн арга хэрэгслээр түргэн шуурхай хүргэж байх.

7.2.2.Бэлчээр төлөв байдлын ажиллалтыг тогтоосон хугацаанд тогтоосон цэгт тухайн сумын тэр жилийн бэлчээрийн даацийг тодорхойлдог.

7.3. Газрын даамал

7.3.1.Улирлын болон нөөц бэлчээр, мөн хадлангийн талбайд жил бүр фото мониторинг хийж, тухайн жилийн болон олон жилийн дундажтай харьцуулсан дүнг малчид, орон нутгийн удирдлагад мэдээлж, Бэлчээр ашиглалтын хэсэг, багийн тухайн жилд хийсэн ажлыг дүгнэх, дараа жилийн ажлыг төлөвлөхөд суурь мэдээлэл болгож ашигладаг байдлыг хэвшүүлнэ.

7.3.2.Багуудын ИНХ-аас гарсан улирлын бэлчээрийн хэмжээ байршлыг зураглан мэдээллийн санд оруулна.

7.3.3.Газрын тухай хуулийн 58.5-д заасны дагуу бэлчээр, хадлангийн газрын төлөв байдал, газрын чанарын хянан баталгааг 5 жил тутамд мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.

7.3.4.Бэлчээр ашиглалтын гэрээ байгуулахад шаардагдах хавсралт, зурган мэдээлэл гаргах, бэлчээр ашиглалтын гэрээг газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, фото мониторингийн дүнд үндэслэн гэрээний хэрэгжилтийг үнэлэн, тайлагнана.

7.3.5.Тухайн жилийн цаг уурын нөхцөл, бэлчээрийн гарцаас үл хамааран фотомониторингийг бэлчээрийн ургамлын дээд ургац гүйцсэн үед хийнэ. /8 дугаар сард/

7.3.6.Ургацын мэдээг үндэслэн бэлчээрийн даацыг сум, багийн түвшинд тооцно. Газрын даамал энэ ажлыг биечлэн гүйцэтгэх ба тооцооны үнэн зөв байдлыг сумын Засаг даргын өмнө бүрэн хариуцна.

7.3.7.Өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршлыг тогтоож мэдээллийн сан үүсгэх, тогтмол шинэчлэн сайжруулна.

7.3.8.Сумын хилийн маргаантай байгаа асуудлыг судлан нэгдсэн ойлголттой болж нэг мөр шийдвэрлүүлнэ.

7.3.9.Багуудын ИНХ-аас дэмжигдсэн саналыг Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд тусган сумын ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

7.4.Байгаль орчны хяналтын улсын байцаагч:

7.4.1.Монгол Улсын Газрын тухай хуулийн 52.1, 52.2, 52.3, 52.4, 52.5, 52.7, 53.1, 53.2, 53.3, 53.5 дахь заалт, Байгалийн ургамлын тухай хуулийн 14.1, 14.2, 14.3 дахь заалт, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.1 дахь заалтуудад хяналт тавин ажиллана.

7.4.2.Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.4, 10.9.8, 10.9.13, 10.12.1, 10.12.5, 10.12.6 дахь заалтуудыг хэрэгжүүлэн ажиллана.

7.4.3.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын захирамжаар бэлчээр, хадлангийн чиглэлээр гаргасан тогтоол, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавина.

7.4.4.Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.7.2, 8.1.6 дахь заалт болон холбогдох хуулийн дагуу зөрчил арилгуулах, торгууль ногдуулах арга хэмжээ авч ажиллана.

Найм. Хурал, Засаг даргын чиг үүрэг

8.1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг:

8.1.1.Сумын хэмжээнд хэрэгжүүлэх "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-ыг баталж мөрдүүлэх,

8.1.2.Сумын тухайн жилийн төсөвт малын тоо толгойн татвараас орсон орлогын 70-аас доошгүй хувийг энэ журмын -д заасан зүйлд зарцуулахаар тусгаж батлах, хэрэгжилтэд хяналт тавих,

8.1.3.Бэлчээр ашиглах журмын хүрээнд үлгэр жишээ ажиллаж буй иргэн, бэлчээр ашиглалтын хэсэгт хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх,

8.2.Багийн иргэдийн Нийтийн Хурал дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

8.2.1.БАХ, нөхөрлөлийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх,

8.2.2.Малын тоо толгойн татварын орлогоос бүрдсэн сангийн хөрөнгөөр тухайн жилд хийж гүйцэтгэх арга хэмжээний саналыг хэлэлцэх,

8.2.3.Бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн дэд бүтцийг сайжруулах саналыг сумын Засаг даргад уламжлах,

8.2.4.Малын тоо толгойн татварын орлогоос сан бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт тавих, малчдад тайлагнах,

8.3.Сумын Засаг даргын чиг үүрэг:

8.3.1.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмын хэрэгжилтийн үр дүнг үндэслэн тооцдог байх,

8.3.2.Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг мөрдөн ажиллаж байгаа баг, малчин өрхөд дэмжлэг үзүүлж ажиллах,

8.3.3.Сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хянаж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж батлуулах,

8.3.4.Багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн малчдын бүлэг, нөхөрлөл, бэлчээр ашиглагчдын хэсэгт Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу бэлчээрийг урт хугацаагаар гэрээгээр ашиглуулах, гэрээний хэрэгжилтийг дүгнэж, хариуцлага үр дүнг тооцох,

8.3.5.Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахыг хориглох,

8.3.6.Тухайн сумын бэлчээрт өөр аймаг, сумын нутгаас отроор өвөлжиж, хаваржих малыг оруулахдаа журамд нийцүүлэн төлбөр төлсний дараагаар айл өрхтэй гэрээ байгуулж, бэлчээр нутгийг зааж өгч нэвтрүүлэх,

8.3.7.Өөрийн сумын малчид бусад аймаг сумруу отроор явах тохиолдолд сумын Засаг даргын хүсэлт, сум хоорондын гэрээгээр зохицуулалт хийж малчдад дэмжлэг үзүүлэх,

8.4. Багийн Засаг даргын чиг үүрэг:

8.4.1.Сумын "Бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журам"-д тусгах саналыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх,

8.4.2.Бэлчээр ашиглалтын хэсгүүдийн сумын Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавин ажиллах,

8.4.3.Бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч нарыг удирдлага зохион байгуулалтаар хангах,

8.4.4.Бэлчээр ашиглалтын хэсгүүдийн тухайн жилд хийгдэх ажлын төлөвлөгөө, хурлын тов, сургалтын саналыг нэгтгэн 11 дүгээр сарын 15-ны дотор бэлчээрийн менежментийн ажлын хэсэгт гарган өгөх,

8.4.5.Фотомониторингийн хийх ажлыг өөрийн багийн нутаг дэвсгэрт хамтран зохион байгуулалцах,

8.4.6.Өвөлжөө, хаваржааны бэлчээр нутагт өвөлжөө, хаваржаа шинээр байгуулахад тухайн бэлчээр ашиглалтын хэсгийн гишүүдийн хэмжээнд хэлэлцүүлж, багийн иргэдийн Нийтийн Хурлаар оруулан, сумын Засаг даргад уламжлах.

8.4.7.Худаг, уст цэг гаргах саналыг авахдаа бэлчээрийн төлөв байдал бод, бог малын бэлчээрийн зайг харгалзан хүлээн авна.

ЕС. Маргаан шийдвэрлэх, хохирол нөхөн төлүүлэх

9.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга энэхүү журам болон холбогдох хуулийг үндэслэн шийдвэрлэнэ.

9.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

9.3.Гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас өөр аймаг, сумаас малчид нүүдэллэж ирэх шаардлага гарвал тухайн сумын Засаг даргатай уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

АРАВ.Хариуцлага

10.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, малчин, мал бүхий өрхийн газар эзэмших эрхийг багийн ИНХ-аар хэлэлцэж цуцлах хүртэл арга хэмжээг авах,

10.2.Албан тушаалтныг төрийн албаны болон хөдөлмөрийн хуулийн дагуу арга хэмжээ тооцох,

АРВАН НЭГ. Журам хүчин төгөлдөр болох

11.1.Энэхүү журмыг захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.

 

---оОо---