- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 521
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.10, 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.12, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 55 дугаар зүйлийн 55.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 275 дугаар тогтоолоор баталсан "Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түүнд хяналт тавих журам"-д дараах хэсгийг тус тус нэмсүгэй:
1/ Журмын 16.10 дахь хэсэг:
"16.10.Энэ журмын 16.9-т заасан хамтын ХОС-ийн хувьд үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй нэг компанийн нийт гаргасан хувьцааны 25-аас дээшгүй хувийг эзэмшиж болох бөгөөд түүнд сангийн нийт активын 15-аас дээшгүй хувиар хөрөнгө оруулж болно."
2/ Журмын 16.11 дэх хэсэг:
"16.11.Хамтын ХОС-ийн хувьд нээлттэй хувьцаат компани хэлбэрээр зохион байгуулагдсан банкны системд нөлөө бүхий банкны хувьцаанд сангийн нийт активын 20 хүртэлх хувийг хөрөнгө оруулж болно."
2.Журмын 2.3.18 дахь заалтын "бүртгэсэн тухай арилжаа эрхлэх байгууллага, эсхүл мэргэжлийн холбооны дүгнэлт" гэснийг "бүртгүүлэх арилжаа эрхлэх байгууллага, эсхүл мэргэжлийн холбооны талаарх холбогдох мэдээлэл" гэж, 16.2.1 дэх заалтын "70 хувиас хэтрэхгүй байх" гэснийг "80 хувиас доошгүй байх" гэж, "25-аас доошгүй гэснийг "15-аас дээшгүй" гэж, 16.2.2 дахь заалтын "зөвхөн нэг салбарт" гэснийг "салбарын нэг дэд салбарт" гэж, 16.4.4 дэх заалтын "нэг салбарт" гэснийг "салбарын нэг дэд салбарт" гэж, 16.9 дэх хэсгийн "16.2.2, 16.4.4-т тус тус заасан шаардлага хамаарахгүй бөгөөд нэг компанийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны 25-аас дээшгүй хувийг эзэмшиж болно" гэснийг "16.2.2, 16.2.3, 16.4.4, 16.4.5-д тус тус заасан шаардлага хамаарахгүй бөгөөд сангийн нийт активын 20-оос дээшгүй хувийг Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.5, 26.1.8-д заасан хөрөнгө оруулалтын хэрэгсэл, эдийн засгийн өөр салбарын компанийн хувьцаанд оруулж болно" гэж тус тус өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолын 1-д заасан журамд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан өөрийн байгууллагын дүрэм, журамд зохих өөрчлөлтийг оруулж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороогоор батламжлуулахыг "Монголын хөрөнгийн бирж" ХК (Х.Алтай), "Улаанбаатар үнэт цаасны бирж" ХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК (Ш.Лхагва), "Монголын үнэт цаасны клирингийн төв" ХХК (О.Эрдэнэгэрэл), "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо" ТББ (А.Батболд)-д, журмын хэрэгжилтийг хангаж, мөрдөн ажиллахыг нийт зохицуулалттай этгээдийн удирдлагад тус тус үүрэг болгосугай.
4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэхийг Ажлын алба (Т.Жамбаажамц)-нд даалгасугай.
ДАРГА Д.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
