A

A

A

Бүлэг: 1979

Санхүүгийн зохицуулах хорооны 2022

оны 10 дугаар сарын 14-ний өдрийн

520 дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦААГ ЭЗЭМШИХТЭЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬД ЗААСАН ШАЛГУУРЫГ МӨРДҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар Санхүүгийн зохицуулах хороо (цаашид "Хороо" гэх)-оос Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулна.

Хоёр. Шалгуурыг мөрдүүлэх, хяналт тавих

2.1.Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан олон нийтэд хувьцаагаа санал болгон худалдах, эсхүл худалдсан төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцааг худалдан авах хүсэлтэй аливаа этгээд нь улс төрд нөлөө бүхий этгээд эсэх, эсхүл улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий этгээд эсэх, мөн өөрөө дангаараа, эсхүл холбогдох этгээд нь, эсхүл холбогдох этгээдийн хамт тухайн компанийн нөлөө бүхийн хувьцаа эзэмшигч эсэх талаарх мэдээллийг энэ журмын хавсралтаар тогтоосон асуулгын загварын дагуу үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд (цаашид "үнэт цаасны брокер" гэх)-д үнэн зөв мэдүүлнэ.

2.2.Энэ журмын 2.1-д заасан мэдээллийг харилцагч мэдүүлэхээс татгалзсан тохиолдолд үнэт цаасны брокер тухайн харилцагчид төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцааг худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээ үзүүлэхгүй.

2.3.Үнэт цаасны брокер нь энэ журмын 2.1-д заасан мэдээллийг хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх явцад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шаардлагыг тухайн харилцагч хангахгүй гэж үзвэл харилцагчид хувьцаа худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс татгалзана.

2.4.Үнэт цаасны брокер нь энэ журмын 2.1-д заасан харилцагчийн талаарх мэдээллийг цахим хэлбэрээр үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд (цаашид "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" гэх)-д тухай бүр хүргүүлнэ.

2.5.Үнэт цаасны брокер нь төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нэмж хувьцаа худалдан авах тохиолдолд энэ журмын 2.4-д заасан мэдээллийг тухай бүр шинэчлэн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд цахим хэлбэрээр хүргүүлнэ.

2.6.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь энэ журмын 2.4-2.5-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэж, боловсруулах бөгөөд төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд болон улс төрд нөлөө бүхий этгээд, түүний хамаарал бүхий этгээдийн талаарх мэдээллийн нэгдсэн сантай байна.

2.7.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь энэ журмын 2.6-д заасны дагуу ирүүлсэн мэдээллийг нэгдсэн байдлаар бүртгэж, боловсруулах явцад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шаардлагыг тухайн хувьцаа эзэмшигч хангахгүй болсон, эсхүл хангахгүй болсон гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал үүссэн бол энэ тухай холбогдох мэдээллийг ажлын нэг өдрийн дотор Хороонд цахим хэлбэрээр хүргүүлнэ.

2.8.Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох болон ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргаснаас хойш ажлын нэг өдрийн дотор Хороонд цахим хэлбэрээр хүргүүлнэ.

2.9.Хорооны Ажлын албанаас томилсон албан тушаалтан энэ журмын 2.6-д заасан мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрхтэй.

2.10.Энэ журмын 2.9-т заасан албан тушаалтан нь мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нууц мэдээллийг холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд аливаа гуравдагч этгээдэд задруулахгүй, дамжуулахгүй, нийтэд ил болгохгүй байх үүрэгтэй.

Гурав. Бусад

3.1.Хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан шаардлагыг мөрдүүлэх, хяналт тавих зорилгоор шаардлагатай тохиолдолд эрх бүхий төрийн байгууллагаас холбогдох мэдээллийг лавлах, тодруулах, гаргуулан авч болно.

3.2.Төрийн болон орон нутгийн өмчит нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал үүссэн болон бусад шаардлагатай тохиолдолд Хорооноос эрх бүхий төрийн байгууллага, үнэт цаас гаргагчид ажлын гурван өдрийн дотор мэдэгдэнэ.