- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХАЙГУУЛ, УУЛЫН АЖЛЫН БОЛОН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, МЭДЭЭГ ХҮРГҮҮЛЭХ, ИРҮҮЛЭХ, ХҮЛЭЭН АВАХ ЗААВАР
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын
2022 оны 10 дугаар/дүгээр сарын 18-ны/ний өдрийн
А/121 дүгээр тушаалын хавсралт
хайгуул, Уулын ажлын болон баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү зааврыг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйл болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн А/20 дугаар тушаалаар батлагдсан Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журамд заасны дагуу Хайгуулын, Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, тайлан, мэдээг (цаашид "төлөвлөгөө, тайлан, мэдээ" гэх) Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, ирүүлэхэд баримтална.
1.2.Төлөвлөгөө, тайлан, мэдээг http://gmis.mrpam.gov.mn/ цахим хаягтай Геологи, уул уурхайн мэдээллийн системээр (цаашид "систем" гэх) хүргүүлэх, ирүүлэх (цаашид "ирүүлэх" гэх) ажиллагааг хэрэгжүүлнэ.
ХОЁР. Төлөвлөгөө, тайлан, мэдээг ирүүлэх нөхцөл
2.1.Төлөвлөгөө, тайлан, мэдээг ирүүлэх хугацааг тодорхойлох, тоолохдоо Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйл, Иргэний хуулийн наймдугаар бүлгийг баримтална.
2.2.Хайгуулын, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд (цаашид "хэрэглэгч" гэх) системд нэвтрэх эрх хүссэн албан хүсэлтийг үндэслэн холбогдох нэгж нь Уул уурхайн кадастрын компьютержсон системд бүртгэлтэй цахим шуудангийн хаяг болон гар утасны дугаарт ажлын 5 хоногт багтаан хүргүүлнэ.
2.3.Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд (цаашид "хэрэглэгч" гэх) системд нэвтрэх эрхийг хүлээн авах цахим шуудангийн хаягийг албан хүсэлтээр холбогдох нэгж ирүүлнэ.
2.4.Хэрэглэгч нь зөвшөөрөгдсөн төлөвлөгөө, тайлан, мэдээнд өөрчлөлт оруулах тохиолдолд албан хүсэлтээр ирүүлнэ.
2.4.1.Нэмэлт төлөвлөгөө – тэсэлгээ, ус хангамж, байгаль орчин, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт болон эрэл, хайгуулын ажлын аргачлал, хайгуулын ажлын төлөвлөгөөний төсөл, төсвийн нэгтгэл зэрэгт өөрчлөлт орсон тохиолдолд холбогдох маягт, мэдээллийг шинэчлэн оруулна.
2.4.2.Тодотгол төлөвлөгөө – ашиглалтын нөөц, уулын цулын хэмжээнд, ашиглалт, баяжуулалтын үзүүлэлтэд өөрчлөлт орсон тохиолдолд тодотгол төлөвлөгөөг ирүүлнэ. Тодотгол төлөвлөгөө нь өмнө албажсан төлөвлөгөөний бүх мэдээллийг агуулсан байна.
2.5.Энэхүү заавартай хэрэглэгч сайтар танилцаж, системд хандан төлөвлөгөө, тайлан, мэдээг маягтын дагуу бүрэн, алдаагүй хийж ирүүлнэ. Маягтад дурдсан үзүүлэлтүүд болон эрэл хайгуулын ажил гүйцэтгэсэн аргачлал, бүлгийн бичвэр мэдээлэлтэй уялдаатай байна.
2.6.Уул уурхайн график зургийг стандартын шаардлага хангасан, холбогдох бичвэр мэдээлэлтэй уялдаатай, ойлгомжтой хийж, JPG эсхүл PDF форматаар хавсаргана. Төлөвлөгөө, тайлангийн зураг нь (хайгуулын ажлын) газарзүйн (UTM), (уулын ажлын) тэгш өнцөгт (UTM) солбицлын системтэй байх ба тод харагдахуйц нягтаршилтай, хавсралтад заасан масштабын дагуу ирүүлнэ. Шаардлагатай бол фото, бүдүүвч зураг, диаграмм болон бусад холбогдох материалыг хавсралтаар ирүүлж болно.
2.7.Хэрэглэгчээс ирүүлсэн төлөвлөгөө, тайлангийн холбогдох хэсэг тус бүрийг тухайн асуудал хариуцсан мэргэжилтэн ажлын 2 хоногт багтаан танилцаж, "хүлээн авах", "буцаах" гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргах саналыг нэгжийн даргад уламжилна. Буцаах тохиолдолд алдаатай болон буруу ирүүлсэн мэдээллийг засвар хийлгэх зорилгоор засварт буцаах, энэхүү зааврын 5.5-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаах гэсэн 2 төрөлтэй байна.
2.8.Системийн "явц харах" хэсгээс төлөвлөгөө, тайлантай танилцаж буй үйл явцыг хэрэглэгчийн хянах боломжийг хангана. Төлөвлөгөө, тайлантай холбоотой хийж буй үйлдлийн талаар системд бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар болон гар утасны дугаарт мессежээр тухай бүр мэдэгдэж болно.
2.9.Хэрэглэгч нь засварт буцаасан төлөвлөгөө, тайлангийн холбогдох засварыг бүрэн хийж ирүүлэх үүрэгтэй.
2.10.Хэрэглэгч нь хүлээн авахаас татгалзсан үндэслэлийг арилгасан тухай хүсэлтийг албан тоотоор (шаардлагатай гэж үзсэн нотлох баримтыг хавсаргах) ирүүлснээр нэгжийн дарга төлөвлөгөө, тайланг үргэлжлүүлэн танилцах эсэхийг шийдвэрлэнэ.
2.11.Төлөвлөгөө, тайлан, мэдээг системд илгээх тохиолдол бүрт хэрэглэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээд нь тоон гарын үсгийг ашиглана.
2.12.Хэрэглэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан хуулийн хугацаанд төлөвлөгөө, тайлан, мэдээг ирүүлээгүй тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын зөрчлийн тэмдэглэл, шийтгэврийн хуудсыг албан тоотод хавсарган ирүүлнэ.
ГУРАВ. Хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан
3.1.Хэрэглэгч хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг Хавсралт-1, 2-т заасан шаардлагын дагуу боловсруулан, системээр ирүүлнэ.
3.2.Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээ буюу Хавсралт-2-ын Маягт 7 эсвэл Орон нутгийн байгаль орчны байцаагчийн дүгнэлт ирүүлнэ.
3.3.Хайгуулын ажлын тайлангийн хүлээн авах, геологийн хэсгийг тухайн төрлийн ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн хүлээн авсан бол Хайгуулын ажлын зардлын доод хэмжээ хариуцсан мэргэжилтэн хайгуулын ажилд зарцуулах зардлын хэмжээг хянаж, жилийн тайланд тусгасан зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн и-балансад тулгуурлан хүлээн авна.
3.4.Хэрэв хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийнхээ 9 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр авсан бол хайгуулын ажлын төлөвлөгөөг дараа жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөвлөж болох ба хайгуулын ажлын зардлын доод хэмжээг Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасан хугацаагаар тооцно.
ДӨРӨВ. Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан
4.1.Төлөвлөгөөг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэгдэж, хүлээн авсан Техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын тайлан, мэдээний бодит үр дүнд тулгуурлан боловсруулна.
4.2.Уулын ажлын болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг Хавсралт-3, 4, 5-т заасан шаардлагын дагуу боловсруулан, системээр ирүүлнэ.
ТАВ. Цахим хэлбэрээр ирүүлсэн төлөвлөгөө, тайлан, мэдээг албажуулах
5.1.Системд хүлээн авсан төлөвлөгөө, тайланг хэрэглэгч 2 хувь хэвлэмэл хэлбэрээр холбогдох нэгжид хэрэглэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн гарын үсэг, тэмдгээр албажуулан ирүүлнэ.
5.2.5.1-д заасны дагуу ирүүлсэн төлөвлөгөө, тайланг холбогдох нэгж нь албажуулан нэг хувийг хэрэглэгчид, нөгөө хувийг байгууллагын архивд хадгална.
5.3.Системд зөвшөөрөгдсөн төлөвлөгөө, тайлан, мэдээг үнэн зөвд тооцно.
5.4.Хайгуулын ажлын жилийн тайланг хянуулж, хүлээлгэж өгөх үед шаардлагатай анхдагч материал, санхүүгийн баримт, гэрээгээр гүйцэтгүүлсэн геологи, геофизик, геохими, гидрогеологи, өрөмдлөг, уулын ажил, топогеодези, лаборатори гэх мэт ажлуудын үр дүн, тэдгээрийг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийн албан ёсны баримт бичиг (гэрээ, гэрээ дүгнэсэн акт, лабораторийн захиалгын хуудас, шинжилгээний үр дүн, хилээр дээж нэвтрүүлсэн албан бичиг, гаалийн мэдүүлэг гэх мэт)-ийг саадгүйгээр ирүүлж хянуулна. Холбогдох мэдээ, мэдээлэл нь цаасан болон тоон хэлбэрээр бичигдсэн байж болно.
5.5.Дараах тохиолдолд төлөвлөгөө, тайлан, мэдээг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно:
5.5.1.Техник, эдийн засгийн үндэслэлд нэмэлт тодотгол хийх шаардлагатай;
5.5.2.Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн ашигт малтмалын нөөц олборлож дууссан, бүртгэгдсэн нөөцгүй, нөөцийг нь тодорхойлох боломжгүй;
5.5.3.Хууль, хяналтын эрх бүхий байгууллагаас тухайн хэрэглэгчийн төлөвлөгөө, тайлангийн хүчинтэй байдалд хязгаарлалт хийх шийдвэр ирүүлсэн;
5.5.4.Өмнөх оны тайланг дараа оны төлөвлөгөөг ирүүлэхээс өмнө холбогдох нэгжээр албажуулаагүй;
5.5.5.Засварт буцаасан төлөвлөгөө, тайлан, мэдээний алдааг засварлалгүй 3 удаа илгээсэн;
5.5.6.Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээ нь хуульд заасан хэмжээнд хүрээгүй, баримтаар нотлогдоогүй;
5.5.7.Засварт буцаасан уулын ажлын төлөвлөгөөний засварыг хийж ирүүлэхгүй 30 хоног хэтэрсэн төлөвлөгөөг 2 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хүлээн авахаас татгалзаж буцаах шийдвэрийг нэгжийн дарга гаргана;
ЗУРГАА. Бусад
6.1.Ирүүлсэн төлөвлөгөө, тайлантай албан тушаалтан сайтар танилцаж, тайлбарыг тодорхой, ойлгомжтой, бүрэн гүйцэд бичнэ.
6.2.Хүсэлт гаргасан төрийн байгууллагад Ашигт малтмал, газрын тосны даргын шийдвэрийн дагуу системийн холбогдох хэсэгт хандах эрхийг олгож болно.
Текст томруулах
A
A
A