- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ СИСТЕМИЙН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ЗААВАР, АРГАЧЛАЛ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/64 тушаалын 1 дүгээр хавсралт
ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООНЫ СИСТЕМИЙН ТЕХНИКИЙН
НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ЗААВАР, АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү баримт бичгийн зорилго нь "Төрийн мэдээлэл солилцооны систем" /цаашид ""ХУР" систем" гэх/-д холбогдох, мэдээлэл нийлүүлэхэд хүн, хуулийн этгээдийн сервер, сүлжээ, программ хангамжид тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, "ХУР" системд холбогдох хүн, хуулийн этгээдийг заавар, аргачлалаар хангахад оршино.
1.2.Энэхүү баримт бичгийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад нийцүүлэв.
1.3.Энэхүү баримт бичгийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10-д заасан журмын дагуу хүн, хуулийн этгээд /цаашид "Хэрэглэгч" гэх/-тэй байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөнө.
Хоёр."ХУР" системд холбогдоход тавигдах
техникийн нөхцөл, шаардлага
2.1.Хэрэглэгчийн сервер нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байршдаг байх;
2.1.2."ХУР" системээр дамжуулан мэдээлэл солилцох зориулалттай байх;
2.1.3.хувийн нууцлал бүхий /VPN/ тохиргооны файлыг бусдад дамжуулахгүй байх;
2.1.4.албан ёсны лицензийн эрхтэй үйлдлийн системийг ашиглах;
2.1.5.албан ёсны лиценз бүхий вирусийн эсрэг программ хангамж ашиглан, аюулгүй байдлын шинэчлэлтийг тогтмол хийх;
2.1.6.хэрэглэгч өөрийн серверийн хэвийн найдвартай, тасалдалгүй, аюулгүй ажиллагааг хангах бөгөөд серверийг зориулалтын орчинд байршуулах;
2.2."ХУР" системд холбогдох сүлжээ нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.2.1.сүлжээний галт хана, халдлага илрүүлэх, хариу үйлдэл үзүүлэх системээр хамгаалагдсан байх;
2.2.2.төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдоогүй хэрэглэгч хувийн нууцлалтай сүлжээ /VPN/ ашиглаж "ХУР" системд холбогдох;
2.2.3.төрийн байгууллага нь төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээгээр дамжуулан "ХУР" системд холбогдох.
2.3."ХУР" системд холбогдох систем нь дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.3.1.И-Монгол академи улсын төсөвт үйлдвэрийн газрын хариуцаж байгаа цахим хуудас (developer.xyp.gov.mn)-т тодорхойлсон протоколыг ашиглах;
2.3.2.эмзэг байдалыг үнэлж, бууруулсан байх /Buffer overflow, Object Serialization гэх мэт/;
2.3.3.executable файл дотроо ямар нэг хандалтын эрхийн мэдээллийг агуулаагүй, эх кодын нууцлал /obfuscation/ хийгдсэн байх;
2.3.4."ХУР"системтэй холбогдсон системээс мэдээлэл дамжуулан харуулж байгаа тохиолдолд тус систем болон эцсийн хэрэглэгч хүртэлх хоорондын мэдээлэл дамжуулалтад аюулгүй байдлын протоколуудыг ашиглах; (Тухайлбал: Тухайн систем цахим хуудас бол "HTTPS" протокол ашиглан мэдээлэл дамжуулна)
2.3.5."ХУР" системээс хүлээн авсан "Хүсэлтийн хариу"-г заавал хадгалах ба системээс ирсэн утгыг өөрчлөх;
2.3.6.системийн шинэчлэлттэй холбоотой өөрчлөлтүүдийг тухай бүр хийх.
2.4.Хэрэглэгч өөрийн серверийн аюулгүй байдлыг хариуцна.
2.5.Хэрэглэгчийн серверийн интернэт гарцын хаягжилт тогтмол байх ба тогтмол сүлжээний хаягжилтаас "ХУР" системд хандах хандалтын эрхийг нээлгэнэ.
2.6.Хэрэглэгчийн серверт зөвхөн Монгол улсаас нэвтэрнэ /хандана/.
Гурав."ХУР" системд холбогдох заавар, аргачлал
3.1.Хэрэглэгч нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.16 дахь хэсэгт заасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр "ХУР" системд холбогдоно.
3.2.Хэрэглэгч нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 7.1.7 дахь заалтад заасны дагуу төлөөлөн ажиллах эрх бүхий этгээдийн мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлнэ.
3.3.Хэрэглэгч нь системд холбогдоход ашиглах цахим шуудангийн хаягийг /цаашид "баталгаажсан цахим шуудан" гэх/ "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасны дагуу байгуулах гэрээний хавсралтад тусгана.
3.4."ХУР" системийн /VPN/ сүлжээнд холбогдоход дараах алхмуудыг гүйцэтгэнэ:
3.4.1.баталгаажсан цахим шууданд /PGP/ хос түлхүүр үүсгэн нийтийн түлхүүрээ солилцоно;
3.4.2.нийтийн түлхүүр солилцохдоо цахим хуудас (http://pgp.datacenter.gov.mn)-ыг ашиглах бөгөөд цахим шуудангаар харилцах бүрт /PGP/ түлхүүрээр баталгаажуулна;
3.4.3./VPN/ сүлжээнд холбогдох хүсэлтээ Үндэсний дата төв улсын төсөвт үйлдвэрийн газрын цахим шуудан (security@datacenter.gov.mn)-гаар илгээх бөгөөд хүсэлтэд дараах мэдээллийг тусгана:
3.4.3.1.хандах хаягийн мэдээлэл /гадаад IP хаяг/;
3.4.3.2.сертификат дээр бичигдэх мэдээлэл (хэрэглэгчийн албан ёсны нэр, цахим шуудангийн хаяг).
3.4.4.Үндэсний дата төв улсын төсөвт үйлдвэрийн газраас мэдээллийн дагуу хандалтын эрх, гэрчилгээ, хэрэглэгчийн нэр, нууц үгийг үүсгэн илгээнэ.
3.5.Системд холбогдох заавар, аргачлалтай холбоотой мэдээллийг цахим хуудас (https://developer.xyp.gov.mn/)-аас авна.
---о0о---
Текст томруулах
A
A
A