A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМИЙН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ЗААВАР, АРГАЧЛАЛ
Бүлэг: 1979

Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/64 тушаалын 3 дугаар хавсралт

 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМИЙН ТЕХНИКИЙН

НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ЗААВАР, АРГАЧЛАЛ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү баримт бичгийн зорилго нь төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбогдоход тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, системд холбогдох хүн, хуулийн этгээдийг заавар, аргачлалаар хангахад оршино.

 

1.2.Энэхүү баримт бичгийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад нийцүүлэв.

 

1.3.Энэхүү баримт бичгийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10-д заасан журмын дагуу хүн, хуулийн этгээд /цаашид "Хэрэглэгч" гэх/-тэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд дагаж мөрдөнө.

 

Хоёр.Төрийн үйлчилгээний нэгдсэн системд  холбогдоход тавигдах

техникийн нөхцөл, шаардлага

 

2.1.Үндсэн системд холболт хийгдсэн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн системд нийлүүлнэ.

 

2.2.Хэрэглэгч нь төрийн үйлчилгээний нэгдсэн системд үйлчилгээгээ холбоход дараах шаардлагыг хангасан байна:

 

2.2.1.мэдээлэл солилцох формат нь "XML" болон "JSON" байх;

2.2.2.мэдээлэл солилцох протокол нь "HTTP", "SOAP", "REST" байх;

2.2.3.мэдээлэл солилцох систем хоорондын холболтыг "SSL" сертификатаар хамгаалсан байх;

2.2.4.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр үйлчилгээ үзүүлсний дараа үйлдлийн бүртгэлийг  5 жилийн хугацаанд хадгалах;

2.2.5.өөрийн системийн хандалт болон ачаалал даах чадварт үнэлгээ хийсэн байх;

2.2.6.бодит цагийн горим (real time)-д үйлчлэх үйлчилгээний хувьд үйлчилгээ үзүүлэх хугацааны "Response time" 3 секундээс хэтрэхгүй байх.

 

2.3.Хэрэглэгч нь үйлчилгээний сервист хариу өгч буй код /Response code/-ыг ангилж, харгалзах утгыг эцсийн хэрэглэгчид ойлгомжтой хэлбэрээр, Монгол, Англи тайлбартайгаар хөгжүүлэх бөгөөд бүх тохиолдлыг тооцно. (Тухайлбал: Success text-"Амжилттай илгээлээ", Info text-"Таны мэдээлэл системд бүртгэлгүй байна", Warning text-"Та 2GB-с ихгүй хэмжээтэй файл хавсаргах боломжтойг анхаарна уу!", Error text-"Холболт амжилтгүй!" гэх мэт).

 

2.4.Хэрэглэгч нь хүн, хуулийн этгээдээс ирсэн гомдолд цахим хэлбэрээр хариу өгөх боломжийг бүрдүүлнэ. (ERP, тухайн системээр, өргөдөл гомдлын систем гэх мэт).

 

Гурав.Төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбогдох заавар, аргачлал

 

3.1."Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 3.3 дахь хэсэгт заасан техникийн нөхцөл, шаардлагыг хангасан эсэх дүгнэлтэд үндэслэн төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбогдох гэрээг байгуулна.

 

3.2.Хэрэглэгч нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 7.1.7 дахь заалтад заасны дагуу төлөөлөн ажиллах эрх бүхий этгээдийн мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлнэ.

 

3.3.Хэрэглэгч нь төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбогдоход ашиглах цахим шуудангийн хаягийг  "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасны дагуу байгуулах гэрээний хавсралтад тусгана.

 

3.4.Хэрэглэгч нь төрийн үйлчилгээний нэгдсэн системтэй холбогдох техникийн нөхцөл, шаардлагын дагуу өөрийн системд сервис хөгжүүлэлт хийж харилцан мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлнэ.

 

3.5.Төрийн үйлчилгээний нэгдсэн системд үйлчилгээг хөгжүүлэхдээ тухайн үйлчилгээний онцлогоос хамаарсан туршилтыг хийсний үндсэн дээр холболт хийнэ.

 

3.6.Системд холбогдох заавар, аргачлалтай холбоотой мэдээллийг цахим хуудас (https://developer.e-mongolia.mn)-аас авна.

 

 

-----о0о-----