- Нүүр
- Сайдын тушаал
- АЛБАН БИЧИГ СОЛИЛЦООНЫ ДУНДЫН СИСТЕМИЙН ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ЗААВАР, АРГАЧЛАЛ
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/64 тушаалын 5 дугаар хавсралт
АЛБАН БИЧИГ СОЛИЛЦООНЫ ДУНДЫН СИСТЕМИЙН
ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА, ЗААВАР, АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү баримт бичгийн зорилго нь албан хэрэг хөтлөлтийн системийн төрлөөс үл хамааран байгууллага хооронд албан бичгийг цахим хэлбэрээр солилцох дундын систем /цаашид ""DocX систем" гэх/-д холбогдоход тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох, "DocX" системд холбогдох хүн, хуулийн этгээдийг заавар, аргачлалаар хангахад оршино.
1.2.Энэхүү баримт бичгийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам болон холбогдох бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актад нийцүүлэв.
1.3.Энэхүү баримт бичгийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.10-д заасан журмын дагуу хүн, хуулийн этгээд /цаашид "Хэрэглэгч" гэх/-тэй байгуулсан гэрээний хэрэгжилтэд дагаж мөрдөнө.
Хоёр."DocX" системд холбогдоход тавигдах
техникийн нөхцөл, шаардлага
2.1."DocX" системд холбогдоход дараах техникийн нөхцөл, шаардлагыг хангасан байна:
2.1.1.хэрэглэгч нь "JSON" форматаар өгөгдөл дамжуулдаг байх;
2.1.2.сервер нь ачаалал даах, хүчин чадал нэмэгдүүлэх боломжтой байх;
2.1.3.тоон гарын үсгийн хэрэглээг бүрэн дэмжсэн байх;
2.1.4.тоон гарын үсгээр баталгаажсан файлуудыг хавсралтаар илгээдэг байх;
2.1.5.албан бичгийн шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг хүлээн авах, бусад системүүдэд дамжуулдаг байх;
2.1.6.техникийн нөхцөл, шаардлагыг хангаж байгаа тохиолдолд файлын хэмжээнд хязгаарлалт тавихгүй байх;
2.1.7.албан бичиг солилцох явцад саатал гарсан тохиолдолд нөхөж илгээдэг байх;
2.1.8."DocX" системийн мэдээлэл солилцоог харуулах хяналтын самбартай байх;
2.1.9.эрх бүхий байгууллага болон албан тушаалтанд зориулсан тайлан мэдээний модультай байх;
2.1.10.сервер нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодорхойлсон цагийн сервертэй холбогдсон байх.
2.2."DocX" системд холбогдох хэрэглэгчийн систем нь дараах бичиг баримтын бүрдлийг хангасан байна:
2.2.1.системийн ерөнхий болон нарийвчилсан зураглал;
2.2.2.сүлжээний архитектурын нарийвчилсан зураглал;
2.2.3.систем суурилуулалтын гарын авлага;
2.2.4.асуудал шийдвэрлэх /troubleshooting/ гарын авлага;
2.2.5.ослын үед системийн хэвийн ажиллагааг хангах төлөвлөгөө.
2.3.Хэрэглэгч нь өөрийн систем, түүний сүлжээ, тоног төхөөрөмжийн тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
2.4.Хэрэглэгчийн систем файлыг шалгаж хортой код бүхий файлыг илгээдэггүй байна.
Гурав."DocX" системд холбогдох заавар, аргачлал
3.1.Хэрэглэгч нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.16 дахь хэсэгт заасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсны үндсэн дээр "DocX" системд холбогдоно.
3.2.Хэрэглэгч нь "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-ын 7.1.7 дахь заалтад заасны дагуу төлөөлөн ажиллах эрх бүхий этгээдийн мэдээллийг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлнэ.
3.3.Хэрэглэгч нь системд холбогдоход ашиглах цахим шуудангийн хаягийг "Үндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах, систем ашиглаж үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журам"-д заасны дагуу байгуулах гэрээний хавсралтад тусгана.
3.4."DocX" системд холбогдоход дараах алхмуудыг гүйцэтгэнэ:
3.4.1."DocX" системд холбогдоход тавигдах техникийн нөхцөл, шаардлагын 2.1, 2.2 дахь хэсэгт заасан шаардлагын дагуу албан хэрэг хөтлөлтийн системийг хөгжүүлсэн байна;
3.4.2.И-Монгол академи улсын төсөвт үйлдвэрийн газраас туршилтын серверт хандах эрхийг олгоно;
3.4.3."DocX" системд бүртгэгдсэн байгууллагуудын жагсаалтыг өөрийн системд бүртгэгдсэн байгууллагуудтай тулгах бөгөөд бүртгэгдээгүй байгууллагын мэдээллийг сервисээр авна;
3.4.4."DocX" системийн албан бичиг илгээх, хүлээн авах, файл илгээх, татах, шийдвэрлэлтийн явц илгээх, татах сервисийг ашиглан туршилт хийнэ;
3.4.5.Туршилтын серверт хандаж "DocX" системд холбогдох хөгжүүлэлт амжилттай хийгдсэний дараа И-Монгол академи улсын төсөвт үйлдвэрийн газраас "DocX" системийн серверт холбох эрхийг олгоно.
3.5.Системд холбогдох заавар, аргачлалтай холбоотой мэдээллийг цахим хуудас (http://developer.docx.gov.mn/)-аас авна.
---о0о---
Текст томруулах
A
A
A