A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 346 дугаар

 тогтоолын 3 дугаар хавсралт             

 

 

 

 

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН

СУРАЛЦАГЧИД ТӨРӨӨС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ

ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "Сургалтын байгууллага" гэх)-ын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

 

1.2.Сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газраас баталсан "Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам" болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.

 

1.3.Энэ журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт нь шударга, ил тод, нээлттэй, тэгш боломжийг хангах зарчмыг баримтална.

 

1.4.Санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагч нь зохих журмын дагуу сургалтын байгууллагад элссэн, боловсролын удирдлагын системд бүртгэгдсэн байна.

 

1.5.Санхүүгийн дэмжлэгт сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлэг, амьжиргааны зардал, сургалтын төлбөрийн зээл, оюутны дотуур байрны төлбөр орно.

 

Хоёр.Санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчид

 

 2.1.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт дээд боловсролын сургалтын байгууллагын дараахь суралцагч хамрагдана:

 

       2.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлгээр суралцагч;

 

       2.1.2.Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгээр суралцагч;

 

       2.1.3.бүтэн өнчин суралцагч;

 

       2.1.4.хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч;

 

       2.1.5.эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;

 

       2.1.6.хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;

 

       2.1.7.цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч;

 

       2.1.8.нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч;

 

       2.1.9.орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч;

 

       2.1.10."Монголын сайхан бичигтэн" уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч;

 

       2.1.11.төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр суралцагч;

 

       2.1.12.өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагч;

 

       2.1.13.төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцагч;

 

       2.1.14.аймгийн төв хүртэл 500 км болон түүнээс хол байршилтай сургалтын байгууллагад суралцагч;

 

       2.1.15.Засгийн газар хоорондын болон яам, Боловсролын зээлийн сангийн түвшинд хийгдсэн хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад гадаад орноос суралцагч;

 

       2.1.16.Эрх бүхий байгууллагаас баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр дотоодын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч;

 

       2.1.17.дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах, 50 ба түүнээс дээш хувийн сургалтын тэтгэлэг авсан суралцагч;

 

       2.1.18.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадын их дээд сургуульд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч.

 

Гурав. Санхүүгийн дэмжлэгийн төрөл,

  тавигдах шаардлага

 

3.1.Энэ журмын 2.1.1, 2.1.2-т заасан суралцагчид Засгийн газраас баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмын дагуу тус тус олгоно.

 

3.2.Дараахь санхүүгийн дэмжлэгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгоно:

 

      3.2.1.энэ журмын 2.1.3-2.1.8, 2.1.10, 2.1.13-т заасан суралцагчид тухайн хичээлийн жилд 30 багц цаг хүртэлх хэмжээний сургалтын төлбөр;

 

      3.2.2.энэ журмын 2.1.9-д заасан бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцагчид 50 хувийн сургалтын төлбөр;

 

      3.2.3.энэ журмын 2.1.11-д заасан суралцагч нь шинээр элсэгч бол элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 650-750 оноо авсан тохиолдолд                70 хувийн, 751-ээс дээш оноо авсан тохиолдолд 100 хувийн, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улиралд 2.8-3.0 хүртэл голч дүнтэй суралцсан тохиолдолд 70 хувийн, 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд 100 хувийн сургалтын төлбөр;

 

      3.2.4.энэ журмын 2.1.12-т заасан суралцагч дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч бол элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 501-ээс дээш оноо авсан тохиолдолд хичээлийн жилийн эхний улирлын 100 хувийн, үргэлжлүүлэн суралцагч өмнөх улиралд 2.8-3.0 хүртэл голч дүнтэй суралцсан тохиолдолд 70 хувийн, 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд 100 хувийн сургалтын төлбөр;

 

      3.2.5.энэ журмын 2.1.11-д заасан суралцагч хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх тохиолдолд тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны тэтгэлэг;

 

      3.2.6.энэ журмын 2.1.14-т заасан суралцагчид өвлийн амралтаараа аймгийн төвд очих, ирэх унааны зардлыг  зорчигч тээврийн тарифаар тооцон олгох санхүүгийн дэмжлэг;

 

      3.2.7.энэ журмын 2.1.15-т заасан суралцагч бол холбогдох гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрт заасан болон сантай байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу олгох санхүүгийн дэмжлэг.

 

3.3.Энэ журмын 2.1.3-2.1.8, 2.1.13-т заасан суралцагчид өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш, 2.1.9-2.1.10-д заасан суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистр, докторын хөтөлбөрийн суралцагчийн өмнөх улирлын голч дүн 3.2 болон түүнээс дээш үнэлэгдсэн байх тохиолдолд сургалтын төлбөрийг үргэлжлүүлэн олгоно.

 

3.4.Дараахь санхүүгийн дэмжлэгийг сургалтын төлбөрийн зээл хэлбэрээр олгоно:

 

      3.4.1.энэ журмын 2.1.9-д заасан суралцагчид 50 хувийн сургалтын төлбөрийн зээл;

 

      3.4.2.энэ журмын 2.1.16-д заасан суралцагч нь шинээр элсэгч бол элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 600 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд 100 хувийн сургалтын төлбөрийн зээл;

 

      3.4.3.энэ журмын 2.1.17, 2.1.18-д заасан суралцагчид сургалтын төлбөрийн зээл.

 

3.5.Энэ журмын 2.1.9-д заасан суралцагч өмнөх улиралд 2.8 болон түүнээс дээш, мөн журмын 2.1.16-д заасан бакалаврын хөтөлбөрт суралцагч өмнөх улиралд 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторантын хөтөлбөрт 3.2 болон түүнээс дээш, журмын 2.1.17, 2.1.18-д заасан суралцагч өмнөх улиралд 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй үнэлэгдсэн байх тохиолдолд сургалтын төлбөрийн зээлийг үргэлжлүүлэн олгоно.

 

3.6.Сургалтын байгууллагад эрэлттэй мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн зориулалтаар банк, санхүүгийн байгууллагаас зээл (хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох мөнгөн хөрөнгө) авахад хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.

 

3.7.Суралцагч Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд сургалтын төлбөрийн зээл олгохгүй.

 

Дөрөв. Санхүүгийн дэмжлэгт хамрагдах

                      суралцагчийн бүрдүүлэх баримт бичиг

 

4.1.Санхүүгийн дэмжлэг авахад дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

 

      4.1.1.иргэний үнэмлэхийн хуулбар;

 

      4.1.2.зээл, тэтгэлэг хүссэн өргөдөл;

 

      4.1.3.элсэлтийн ерөнхий шалгалтын батламж  (шинээр элсэгч);

 

      4.1.4.суралцагчийн голч дүнг тусгасан сургуулийн тодорхойлолт;

 

      4.1.5.тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан  жагсаалт;

 

      4.1.6.төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь;

 

      4.1.7.багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа дүнгийн тодорхойлолт болон хөдөө, орон нутагт багшлах дадлагын удирдамж, нотлох баримт;

 

      4.1.8.энэ журмын 3.2.6-д заасан тусламжид хамрагдах бол зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан  жишиг тарифаар төлсөн оюутны өвлийн амралтын 2 талын зардлын баримтын эх хувь;

 

      4.1.9.энэ журмын 3.2.1-3.2.5, 3.2.7 заасан суралцагчийн хувьд эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт;

 

      4.1.10.дипломын хуулбар;

 

      4.1.11.нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа;

 

      4.1.12.IELTS, IBT TOEFL, бусад гадаад хэлний эдгээртэй дүйцэхүйц олон улсын шалгалтын шаардлага хангасан баримт;

 

      4.1.13.дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" байгууллагын тогтоосон эрэмбээр тухайн жилийн эхний 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах урилга;

 

      4.1.14.суралцах зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг тодорхойлж бичсэн эссэ (1000-2000 үгтэй, монгол, англи хэлний аль нэгийг сонгох);

 

      4.1.15.тодорхойлох захидал (суралцах арга барил, судалгаа, шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллагын тодорхойлолт);

 

      4.1.16.эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторын хөтөлбөрт хамрагдах тохиолдолд);

 

      4.1.17.шаардлагатай бусад.

 

4.2.Суралцагч нь санхүүгийн дэмжлэгт хамрагдах тохиолдолд журмын    4.1-д заасан дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

 

      4.2.1.энэ журмын 2.1.2-т заасан гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт суралцагч 4.1.1, 4.1.2, 4.1.10, 4.1.12, 4.1.13, 4.1.17-д заасан баримт бичиг;

 

      4.2.2.энэ журмын 2.1.3-2.1.12-т заасан тэтгэлгээр суралцагч             4.1.1-4.1.11, 4.1.17-д заасан баримт бичиг;

 

      4.2.3.энэ журмын 2.1.16-д заасан суралцагч 4.1.1-4.1.6-д заасан баримт бичиг;

 

       4.2.4.энэ журмын 2.1.17-д заасан суралцагч 4.1.1, 4.1.2, 4.1.12-4.1.15, 4.1.17-д заасан баримт бичиг;

 

       4.2.5.энэ журмын 2.1.18-д заасан суралцагч 4.1.1, 4.1.2, 4.1.10-4.1.17-д заасан баримт бичиг.

 

Тав.Гадаадад суралцах зээл, тэтгэлгийн

сонгон шалгаруулалт

 

 5.1.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гадаадын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэдийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийг байгуулж, ажлын удирдамжийг  батална.

 

5.2.Ажлын хэсэг нь зээл, тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийн баримт бичгийг хянаж, шаардлага хангасан тохиолдолд дараагийн шатны сонгон шалгаруулалтад оруулна.

 

5.3.Сонгон шалгаруулалтын дүнг Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, хурлын тэмдэглэл, сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг дүгнэлтийн хамт боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

 

5.4.Сонгон шалгаруулалттай холбогдон гарсан маргааныг энэ журмын    5.1-д заасан Ажлын хэсэг шийдвэрлэнэ.

 

Зургаа.Бусад

 

6.1.Засгийн газар хооронд байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт энэ журамд зааснаас өөрөөр заасан тохиолдолд тухайн гэрээ, хэлэлцээрийн заалтыг дагаж мөрдөнө.

 

6.2.Боловсролын зээлийн сан нь үйл ажиллагаандаа жил бүр             хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэнэ.

 

6.3.Боловсролын зээлийн сан нь боловсролын сургалтын байгууллагын үүсгэсэн зээлийн эрсдэлийн сангийн дансны хөрөнгөд хяналт тавьж ажиллана.

 

6.4.Сургалтын байгууллага нь суралцагчийн санхүүгийн дэмжлэгтэй  холбогдох баримт бичгийг улирал бүр Боловсролын зээлийн санд хүргүүлнэ.

 

6.5.Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, хөтөлбөрт зээл, тэтгэлэгт хамрагдаж, гэрээнд заасан хугацаанд суралцаж төгссөн иргэн Монгол Улсад       5-аас доошгүй жил ажилласан байхыг шаардана.

 

6.6.Давтан үзэх болон тухайн хичээлийн жилд цуглуулбал зохих кредитээс илүү гаргаж сонгосон хичээлийн сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.

 

6.7. Энэ журам нь диплом, бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хоёр дахь мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа болон Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан, эсхүл суралцаж байгаа иргэнд хамаарахгүй.

 

6.8."Монголын сайхан бичигтэн" уралдааныг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулна.

 

6.9.Энэ журмын 3.6-д заасан тусламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гадаадын болон олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэнтэй хамтран ажиллах гэрээгээр зохицуулна.

 

6.10.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

---о0о---