- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨР, ЗАСГИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 400
Улаанбаатар хот
ТӨР, ЗАСГИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.1, 17.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 28 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" (Төрийн ордны зоогийн газар, "Элит" төв, "Горхи" амралт) төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, "Засгийн газрын хэвлэх үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тус тус татан буулгаж, чиг үүргийг нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүлсүгэй.
2. Татан буугдсан төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын эд хөрөнгөд тооллого хийж,хаалтын баланс гаргах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүлэх, бүртгэх болон өр төлбөрийг барагдуулах, чөлөөлөгдсөн ажилтнуудад тэтгэмж олгох зэрэг хууль тогтоомжид заасан арга хэмжээг зохион байгуулах комисс томилон ажиллуулах талаар зохих арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
3. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дүрэмд зохих өөрчлөлт оруулж, татан буугдсан төрийн өмчит үйлдвэрийн газруудын шилжүүлсэн чиг үүргийг хувийн хэвшлээр гэрээгээр гүйцэтгүүлэхэд ашиг сонирхлын зөрчил, хөндлөнгийн аливаа нөлөөллөөс ангид байх зарчмыг баримтлан төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын дагуу гүйцэтгүүлж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор байгуулах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 457 дугаар тогтоол, "Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 2 дахь заалтын ""Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, "Засгийн газрын хэвлэх үйлдвэр" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
