A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ, ЦОГЦОЛБОР БАРИЛГАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 402

Улаанбаатар хот

ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ, ЦОГЦОЛБОР БАРИЛГАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 5.1.2, Төсвийн тухай хуулийн 10.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт ашиглалтад орсон нийтийн зориулалттай орон сууцны хороолол, цогцолбор барилгын 1, 2 дугаар давхарт цэцэрлэг (түр цэцэрлэг) байгуулах талаар дараахь арга хэмжээг авч, дүнг 2023 оны 1 дүгээр сард багтаан танилцуулахыг дор дурдсан Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай:

1.1. орон сууцны хороолол, цогцолбор барилгын 1, 2 дугаар давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглуулах, засварлах чиглэлээр барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулж, нэгдсэн стандарттай болох талаар зохих арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нарт;

1.2. байнгын ашиглалтад хүлээн авсан орон сууцны хороолол, цогцолборын хэмжээнд барилгын норм, дүрмийн шаардлага хангасан цэцэрлэг төлөвлөгдөн баригдсан эсэхэд үзлэг хийж, дүнг танилцуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт;

1.3. цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг баталж магадлан хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, хүлээн авч ашиглалтад оруулсан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцуулах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

1.4. орон сууцны хороолол, цогцолбор барилгын 1, 2 дугаар давхарт цэцэрлэг байгуулах зорилгоор түрээслэх, худалдан авах, салбар бүлэг ажиллуулахад норм нормативыг мөрдүүлэх чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг авч, хэрэгжилтийг хангаж, хамтран ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

2. Цаашид шинээр баригдах орон сууцны хороолол, цогцолбор барилга байгууламжийн зураг төсөлд цэцэрлэг төлөвлөх, ашиглалтад оруулах талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжилтийг хангаж ажиллахыг дор дурдсан холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай:

2.1. барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг төсөлд холбогдох норм, дүрмийн дагуу цэцэрлэгийн барилгыг заавал тусган баталгаажуулж байхад хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

2.2. орон сууцны хороолол, цогцолбор барилгад төлөвлөгдсөн цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад орох хүртэл хугацаанд тухайн бүс нутгийн байршилд "түр цэцэрлэг" байгуулан ажиллуулж байх талаар хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.

3. Хот, тосгоны хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хот байгуулалтын норм, дүрмийн шаардлагыг хангасан цэцэрлэгийн барилгыг тусгасан эсэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Цэцэрлэгийн зориулалтаар баригдсан барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр түрээслэх, худалдан авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, шаардагдах зардлыг жил бүрийн улс, нийслэл, орон нутгийн төсвийн төсөлд тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН