A

A

A

Бүлэг: 1979

Монголбанкны Ерөнхийлөгчийн

2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн

А-311 дүгээр тушаалын хавсралт

 

 

БАНКНЫ ЗЭЭЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ журмын зорилго нь банкны зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ (credit risk appetite) болон зээлийн бодлогыг тодорхойлох, зээлийн үйл ажиллагаа, зээлийн үйл ажиллагаанд тавих хяналт, зээлийн үйл ажиллагааг зохицуулахад баримтлах зарчмыг тодорхойлоход оршино.

1.2.Банкны зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ, зээлийн бодлогыг банкны Төлөөлөн удирдах зөвлөл баталж, Гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж ажиллана.

1.3.Банкны Төлөөлөн удирдах зөвлөл зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ, зээлийн бодлогыг жилд нэгээс доошгүй удаа хянаж, шаардлагатай тохиолдолд эдийн засгийн болон бизнесийн орчны нөхцөл байдалтай уялдуулан шинэчлэн батална.

1.4.Банк нь зээлийн үйл ажиллагаа буюу зээл судлах, шийдвэр гаргах, зээл олгох, зээлд явцын хяналт тавих бүх үе шатанд банкны зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ, зээлийн бодлогыг баримтлан ажиллана.

1.5.Банк зээлийн үйл ажиллагааг зохицуулсан журам, заавар, арга, аргачлалыг энэ журамд нийцүүлэн дотооддоо боловсруулж, мөрдөнө.

1.6.Банкны эрсдэлийн удирдлага хариуцсан нэгж нь зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ, зээлийн бодлого, энэ журмын 1.5-д заасан журам, заавар, арга, аргачлалыг тодорхой давтамжийн дагуу хянана.

1.7.Банк зээлийн үйл ажиллагаатай холбоотой үйл явц, үе шат, хариуцах ажилтан, түүний эрх, үүрэг, хариуцлагыг холбогдох дотоод журам, зааварт нарийвчлан заана.

1.8.Банк зээлийн хороо(д)-ны бүрэлдэхүүн, үүрэг, хариуцлага, үйл ажиллагааны зарчим, гишүүдэд тавигдах шаардлагыг холбогдох дотоод журамд нарийвчлан тусгасан байна.

1.9.Банк нь зээлийн үйл ажиллагааг зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ, зээлийн бодлого болон тэдгээрийн хүрээнд баталсан журам зааврын дагуу эрхэлж байгаад хяналт тавьж, зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ, зээлийн бодлогын зохистой, үр ашигтай байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хянах шат дараалсан хяналтын тогтолцоо, удирдлага, засаглалын бүтэцтэй байна.

1.10.Банкнаас зээлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг тодорхой хугацааны давтамжтай хийж гүйцэтгэх шаардлагыг дотоод журамдаа тусгана.

ХОЁР. БАНКНЫ ЗЭЭЛИЙН ЭРСДЭЛИЙН

ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ХЭМЖЭЭ

2.1.Банк зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээг тодорхойлохдоо дараах хүчин зүйлсийг үндэслэнэ. Үүнд: 

2.1.1.Өөрийн хөрөнгө;

2.1.2.Бизнесийн стратеги;

2.1.3.Бизнес төлөвлөгөө;

2.1.4.Эрсдэлийн удирдлага;

2.1.5.Эрсдэл даах чадамж;

2.1.6.Банкны үйл ажиллагаанд хууль, журмаар тогтоосон хязгаарлалтууд;

2.1.7.Банкны хүлээх бусад үүрэг хариуцлага.

2.2.Банкны эрсдэлийн удирдлага хариуцсан нэгж нь зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээг эдийн засгийн мөчлөг, хүүгийн болон зах зээлийн бусад өөрчлөлт, хөдөлгөөнийг харгалзан мэдрэмтгий байдлын шинжилгээ (stress test)-ний үр дүнд тулгуурлаж, тооцоолсны үндсэн дээр тогтооно.

ГУРАВ. БАНКНЫ ЗЭЭЛИЙН БОДЛОГО

3.1.Банк зээлийн бодлогыг боловсруулахдаа банкны тухай хууль тогтоомж, банкны зохистой үйл ажиллагаа, банканд тавигдах хязгаарлалтыг тооцохтой холбоотой журам заавар болон Монголбанкнаас тогтоосон шаардлагын хүрээнд өөрийн зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ, үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, эдийн засгийн төлөв, нөхцөл байдал, хүний нөөцийн болон технологийн нөөц бололцоог харгалзаж үзнэ.

3.2.Банкны зээлийн бодлого нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:

3.2.1.Зээлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоо, бүтэц;

3.2.2.Зээл болон шинээр гаргах зээлийн бүтээгдэхүүний эрсдэлийг тооцох, үнэлэх, хянах, удирдах бодлого, зарчим;

3.2.3.Байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн талаар баримтлах бодлого, зарчим;

3.2.4.Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд баримтлах бодлого;

3.2.5.Зээлийн бодлогод тусгаж, Төлөөлөн удирдах зөвлөл батлах шаардлагатай гэж үзсэн бусад бодлого, зарчим.

ДӨРӨВ. ЗЭЭЛ ОЛГОХОД ХИЙХ ЗЭЭЛИЙН

СУДАЛГАА, ХУВИЙН ХЭРЭГ БҮРДҮҮЛБЭР

4.1.Банк нь зээл хүсэгчийн хүсэлт, холбогдох баримт материал дээр үндэслэн зээлийн судалгааг дараах байдлаар хийнэ:

4.1.1.Зээлдэгчийг албан ёсны эх сурвалж, баримт бичиг, мэдээ, мэдээллийн эх үүсвэр ашиглан таньж мэдэх;

4.1.2.Зээл хүсэгчийн үндсэн болон нэмэлт орлогын эх үүсвэрийг баталгаажуулах;

4.1.3.Зээл хүсэгчийн бизнес, эдийн засгийн нөхцөл байдлын талаар дүгнэлтийг гаргах;

4.1.4.Зээл хүсэгч санхүү, төлбөрийн чадварын талаарх дүгнэлт гаргах;

4.1.5.Барьцаа хөрөнгө шаардагдах зээлийн хувьд барьцаа хөрөнгийг шалгаж, баталгаажуулах;

4.1.6.Баталгаа гаргагч, батлан даагчтай зээлийн хувьд баталгаа гаргагч, батлан даагчийг судлах;

4.1.7.Шаардлагатай тохиолдолд нэмэлт баримт нотолгоо цуглуулж, бусад судалгаа, дүгнэлтийг хийх.

4.2.Банк зээлийн хувийн хэргийн бүрдлийг ерөнхий байдлаар эсвэл зээлийн бүтээгдэхүүн тус бүрээр холбогдох хууль журамтай нийцүүлэн тодорхойлж, дотоод журамдаа тусгасан байна.

4.3.Банкны зээлийн хувийн хэрэг дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

4.3.1.Зээлийн судалгаа хийхэд цуглуулсан нотлох баримтууд;

4.3.2.Зээлдэгчтэй үүсэх харилцааг зохицуулсан баримт материал;

4.3.3.Зээлийн явцын хяналттай холбоотой цуглуулсан баримт материал, санхүүгийн тайлан, хийсэн тооцоолол, судалгаа;

4.3.4.Банкны дотоод журмаар тогтоосон, бүрдүүлэх бусад баримт материал.

4.4.Банк зээлийн хувийн хэргийн бүрдлийн бүрэн гүйцэд байдалд хяналт тавьж, тухай бүр шинэчилж, зээлийн хувийн хэргийн хадгалалт, хамгаалалтыг хангах бүтэц, журамтай байна.

ТАВ. ЗЭЭЛ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАХ  ЗАРЧИМ

5.1.Банк энэ журмын 4 дүгээр бүлэгт заасны дагуу зээлийн судалгааг хийсний дараа зээлийг зөвхөн шаардлага хангасан этгээдэд олгох шийдвэр гаргана.

5.2.Банк зээл олгох шийдвэр гаргахдаа энэ журмын 4.1-д заасан судалгааг үндэслэнэ.

5.3.Банкны зээл шийдвэрлэх эрх бүхий этгээд, зээлийн хороо(д)-ийн зээл олгох шийдвэр нь хараат бус, ашиг сонирхлын зөрчилгүй байх бөгөөд тухайн эрх бүхий этгээд, зээлийн хороо(д)-ны гишүүн нь өөрийн харилцан хамаарал бүхий болон холбогдох этгээдийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэх эрхгүй байна.

5.4.Банкны холбогдох этгээд, харилцан хамаарал бүхий этгээдэд зээл олгохдоо Банкны тухай хууль, Компанийн тухай хууль, Монголбанкнаас баталсан банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг тооцох, хангах тайлагнах, хяналт тавих харилцааг зохицуулсан журамтай нийцүүлж, бусад зээлдэгчтэй ижил нөхцөлтэй, давуу байдал үүсгэхгүй байх зарчмыг баримтална. 

5.5.Банк энэ журмын 5.1-д заасан этгээдэд зээл олгохдоо банкнаас баталсан зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийг баримтална.

5.6.Хамтын санхүүжилттэй олгох зээлийн хувьд удирдагч болон оролцогч банкууд зээлийн эрсдэлийн судалгааг тус тусдаа, хараат бусаар хийж зээл олгох эсэх шийдвэрийг гаргана.

5.7.Зээлийн хороо нь зээлийн эрсдэлийн түвшин болон бүтээгдэхүүний онцлог цар хүрээ, үнийн дүн зэргээс хамаарч зээл олгох шийдвэрийг гаргах эрхийг аливаа эрх бүхий албан тушаалтан, нэгж, хороо(д)-нд шилжүүлж болно. Энэ тохиолдолд шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан, бүтцийн нэгж, хороо(д)-ны хэрэгжүүлэх эрх мэдлийн хэмжээ, хугацаа, зээлийн дүнг хязгаарласан байх бөгөөд бусад нөхцөл, хязгаарлалтыг нэмж холбогдох шийдвэрт тусгаж болно.

5.8.Банк программ хангамж ашиглан зээл олгох шийдвэрийг гаргадаг тохиолдолд холбогдох дотоод журам, зааварт үйл ажиллагааны горим, шийдвэрлэх зээлийн бүтээгдэхүүний төрөл, хэмжээ, эрсдэлийг хэрхэн үнэлэх талаар заасан байна.

5.9.Энэ журмын 5.8-д заасан журам, зааврыг банкны холбогдох нэгж боловсруулж, эрх бүхий хороо нь батална.

ЗУРГАА. ЗЭЭЛИЙН ЯВЦЫН ХЯНАЛТ

6.1.Зээлийн эрсдэлийг бууруулах, учирч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, эрсдэлийг үнэлэх зорилгоор банк олгосон зээлд тогтмол хяналт тавьж ажиллана.

6.2.Зээлийг хянах болон зээлийн эрсдэлийг үнэлэх үйл ажиллагаанд оролцох банкны ажилтнууд болон нэгжийн үүрэг, хариуцлагыг холбогдох журамд тодорхой тусгасан байна.

6.3.Банк олгосон зээлийн явцын хяналт буюу зээлийн эргэн төлөлт хийгдэж дуусах хүртэл зээлдэгчийн санхүүгийн байдалд тодорхой давтамжтай хяналт тавьж, санхүү, төлбөрийн чадварыг үнэлж, дүгнэх заавар, арга аргачлалтай байна.

6.4.Банк зээлийн явцын хяналтын хүрээнд зээлийн бүтээгдэхүүн тус бүрийн хувьд цуглуулах мэдээлэл, баримт бичгийн төрөл, жагсаалтыг холбогдох журам эсхүл бүтээгдэхүүний нөхцөлд  тодорхой заана.

6.5.Банк зээлийн төрөл, хэмжээ, хугацаа, эдийн засгийн салбар, эрсдэлийн түвшин зэргээс хамаарч дотоод журмаар тогтоосон давтамжийн дагуу зээлийн явцын хяналт, зээлийн эрсдэлийн үнэлгээг хийнэ.

6.6.Банк зээлийн явцын хяналтыг дараах байдлаар хийнэ:

6.6.1.Зээлдэгчээс санхүүгийн тайланг тодорхой давтамжтайг гаргуулан авч, санхүү, төлбөрийн чадварын шинжилгээг хийн ирээдүйн төлөвийг үнэлж, хяналтыг хийх;

6.6.2.Макро эдийн засгийн хүчин зүйлүүд, эдийн засгийн тодорхой салбаруудын нөхцөл байдал зээлдэгчийн төлбөрийн чадварт хэрхэн нөлөөлж байгааг судлах;

6.6.3.Зээлдэгчийн баталгаа гаргагч, батлан даагчийн төлбөрийн чадварын судалгааг хийх;

6.6.4.Шаардлагатай бусад судалгаа, дүгнэлт хийх.

6.7.Зээлийн хяналтыг хийх үйл ажиллагааны нэгж, албан тушаалтан, түүний үүрэг, хариуцлага болон хяналтыг хийх, эрсдэлийг үнэлэх аргачлалыг холбогдох журам, зааварт тусгасан байна.

6.8.Банк зээл олгосноос хойш зээлийн гэрээний хугацаанд барьцаа хөрөнгийг тодорхой давтамжийн дагуу үнэлж, үнэ цэний өөрчлөлтийг тогтмол хянана.

6.9.Энэ журмын 6.8-д заасны дагуу хийсэн барьцаа хөрөнгийн үнэлгээг зээлийн хувийн хэрэгт тухай бүр хавсаргана.

6.10.Банк зээлийн явцын хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг дараагийн шатны эрх бүхий этгээдэд тайлагнах, шилжүүлэх, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах тогтолцоотой байх бөгөөд холбогдох баримт материалыг тухай бүр зээлийн хувийн хэрэгт хавсаргана.

6.11. Банк зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээний хүрээнд зээлийн эрсдэлийг урьдчилан дохиологч индикатор (Early warning indicator)-үүд болон эдгээр үзүүлэлтүүд хэрэгжсэн гэж үзэх тохиолдол(trigger)-уудыг тодорхойлно.

6.12. Урьдчилан дохиологч индикаторууд хэрэгжсэн гэж үзэх тохиолдлуудыг зээлийн бүтээгдэхүүний төрөл, хэмжээ, эдийн засгийн салбар тус бүрийн хувьд тодорхойлсон байна.

6.13. Урьдчилан дохиологч индикатор хэрэгжсэн зээлийг Тусгай хянах зээлийн жагсаалт (watch list)-д оруулж зээлийн хяналтыг илүү нарийвчлан, тодорхой хугацааны давтамжтай хийнэ.

6.14. Энэ журмын 6.13-д заасны дагуу хийсэн хяналтын тайланг Эрсдэл удирдлага хариуцсан нэгж болон Зээлийн үйл ажиллагаа хариуцсан нэгжийн удирдлага, Гүйцэтгэх удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлд тогтмол танилцуулна.

6.15. Тусгай хянах зээлийн жагсаалтад орсон зээлд авах дараагийн шатны арга хэмжээг банк холбогдох дотоод журам заавраараа тодорхойлно.

6.16. Банк дараах урьдчилан дохиологч индикаторуудыг тодорхойлно. Үүнд:

6.16.1.Зээлдэгчийн үйл ажиллагаа эрхэлдэг эдийн засгийн салбар эсхүл бүс нутагт макро эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнээр зээлдэгчийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй болсон эсхүл зээлдэгч ажлаас халагдаж болзошгүй болсон;

6.16.2.Техник технологийн шинэчлэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлт нь зээлдэгчийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй болсон;

6.16.3.Зээлдэгчийн санхүүгийн байдалд мэдэгдэхүйц сөрөг өөрчлөлтүүд гарсан, тухайлбал, хөшүүргийн харьцаа, өр орлогын харьцаа (DTI), өрийн үйлчилгээ ба орлогын харьцаа (DSTI) өссөн;

6.16.4.Зээлдэгчийн үйл ажиллагааны ашиг, орлого мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан;

6.16.5.Тайлант хугацааны орлого нь зээл олгохоос өмнөх орлогын төсөөллөөс мэдэгдэхүйц хэмжээгээр багассан, төслийн бизнес төлөвлөгөөний хэрэгжилт удааширсан, хойшилсон;

6.16.6.Зээлдэгчийн бусад эх үүсвэрээс санхүүжилт татах нөхцөл байдал доройтсон эсхүл гуравдагч этгээдээс үзүүлж байсан санхүүгийн дэмжлэг буурсан, зогссон;

6.16.7.Зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн чадамжид мэдэгдэхүйц нөлөөлж болзошгүйгээр бизнесийн үйл ажиллагаа удааширсан, сөрөг хандлага үүссэн;

6.16.8.Барьцаа хөрөнгийн үнэлгээ буурснаар зээл, барьцаа хөрөнгийн үнэлгээ (LTV) харьцаа өссөн;

6.16.9.Зээлдэгчийн бусад холбогдох зээлүүдийн эрсдэл өссөн;

6.16.10.Зээлдэгчийн хамаарах компанийн нэгдлийн оролцогчид санхүүгийн хүндрэл үүссэн, зээлийн эрсдэл өссөн;

6.16.11.Зээлдэгчийн санхүүгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж болохуйц аливаа захиргааны шийдвэр гарсан;

6.16.12.Зээлдэгч нь хуулийн этгээд байх тохиолдолд аудитын байгууллагаас зээлдэгчийн санхүүгийн тайланд дүгнэлт гаргахаас татгалзсан (disclaimer) эсвэл сөрөг дүгнэлт гаргасан (adverse opinion).

 

ДОЛОО. ХЯНАЛТ, ТАЙЛАГНАЛ

7.1.Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны зээлийн үйл ажиллагааг зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ, зээлийн бодлого болон тэдгээрийн хүрээнд баталсан журам зааврын дагуу эрхэлж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ, зээлийн бодлогын зохистой, үр ашигтай байдлыг хангуулж ажиллана.

7.2.Эрсдэлийн удирдлага хариуцсан нэгж нь зээлийн эрсдэл, зээлийн эрсдэлийн удирдлагад тогтмол хяналт тавьж, Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагад тайлагнадаг тогтолцоотой байна.

7.3.Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Аудитын хороо нь жил бүр банкны зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ, зээлийн бодлогын зохистой, үр дүнтэй байдлыг үнэлж, дүгнэн Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнана.

7.4.Банкны эрсдэлийн удирдлага хариуцсан нэгж нь банк зээлийн үйл ажиллагааг Банкны тухай хууль, Монголбанкны шийдвэр, Монголбанкнаас баталсан банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалтыг тооцох, хангах тайлагнах, хяналт тавих харилцааг зохицуулсан журмаар тогтоосон аливаа зээлийн хязгаарлалт болон банкны зээлийн эрсдэлийн хүлээн зөвшөөрөх хэмжээ, зээлийн бодлогоор тогтоосон зээл, зээлийн багцын хязгаарлалтуудаас хэтрүүлэлгүй эрхэлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

7.5.Банкны эрсдэлийн удирдлага хариуцсан нэгж энэ журмын 7.4-д заасан хяналтын хүрээнд зөрчил илрүүлсэн тохиолдолд банкны Гүйцэтгэх удирдлагад мэдэгдэж, зөрчлийг арилгах шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллана.

НАЙМ. ХАРИУЦЛАГА

8.1.Энэ журмын хэрэгжилтэд Монголбанкны хяналт шалгалтын чиг үүрэг бүхий газар хяналт тавьж, зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ.

 

 

МОНГОЛБАНК

1