- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОЛБОГДСОН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭХ БОЛОН БАРИЛГЫН САЛБАРТ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 228 дугаар тушаалын хавсралт
БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОЛБОГДСОН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭХ БОЛОН БАРИЛГЫН САЛБАРТ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь барилгын салбарын үйлчилгээг иргэдэд тасралтгүй, хурдан шуурхай, хүнд сурталгүй, чирэгдэлгүй үзүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор барилгын үйл ажиллагааны зөвшөөрөл олгох хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх, харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, холбогдох бусад харилцааг зохицуулахад оршино.
1.2. Барилгын үйл ажиллагааны зөвшөөрөл олгох хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэх, барилгын салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Барилгын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад дүрэм журам болон энэ журмыг удирдлага болгоно.
1.3. Энэхүү журмыг Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3, 34.1.4, 34.1.7, 34.1.11, 34.1.14, 34.1.15 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.1.8, 36 дугаар зүйлийн 36.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд /цаашид “барилгын салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх байгууллага” гэх/ нэгэн адил чанд сахиж мөрдөнө.
1.4. Барилгын салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхэд байгууллагын дотоод үйл ажиллагаанд мөрдөх нарийвчилсан журмыг энэ журмын 1.3-д заасан байгууллагууд үйл ажиллагаагаа энэ журамд нийцүүлэн батлан хэрэгжүүлнэ.
1.5.Нэг цэгийн үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагууд нь төрийн байгууллагуудын мэдээллийн системүүдтэй өгөгдөл солилцох нөхцөлийг хангасан үйлчилгээний нэгдсэн мэдээллийн системтэй байна.
Хоёр. Барилгын салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын үндсэн шаардлага, үйл ажиллагаандаа мөрдөх зарчим
2.1. Барилгын салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх байгууллага үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална.Үүнд:
2.1.1.нэг цэгийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, хүртээмжтэй, нээлттэй, ил тод үзүүлэх нөхцлийг бүрдүүлэх;
2.1.2.барилгын үйл ажиллагааны зохицуулалт, бүртгэл, зөвшөөрлийг олон нийтэд ил тод, нээлттэй, шуурхай зохион байгуулах;
2.1.3.барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах;
2.1.4. нэг цэгийн үйлчилгээг гэрээгээр зохион байгуулан ажиллах төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагууд ажлын байрандаа нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлийг хангуулан ажиллах
2.1.5.нэг цэгийн үйлчилгээ нь цахим систем, дэвшилтэт технологид суурилсан байх.
2.2.Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх байгууллага нь зориулалтын өрөө тасалгаа бүхий байр, танхимтай байна.
2.3.Нэг цэгийн үйлчилгээ нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг мэдээллээр хангах, мэдээллийн нэгдсэн сангийн цахим хуудас, цахим мэдээллийн самбар, дэлгэц, дараалал дугаарлалтын систем зэрэг шаардлагатай компьютер тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
2.4.Нэг цэгийн үйлчилгээний байр, танхим нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан орчин нөхцлийг бүрдүүлсэн байна.
2.5.Нэг цэгийн үйлчилгээний байр, танхим, эд хогшил, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээ, харуул хамгаалалтыг тухайн үйл ажиллагааг зохион байгуулж буй байгууллага хариуцна.
Гурав. Нэг цэгийн үйлчилгээний төрөл
3.1. Нэг цэгийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах төрлөөр үзүүлнэ.Үүнд:
3.1.1. барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, барилгажилтийн төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагаа;
3.1.2. барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг зохион байгуулах;
3.1.3. Дотоодын барилгын материалын үйлдвэрлэлийн болон импортын бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ авах үйл ажиллагаа;
3.1.4. барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох;
3.1.5. барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах;
3.1.6. зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх;
3.1.7. барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааны талаарх холбогдох хүсэлт;
3.1.8. барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;
3.1.9. барилгын салбарын ажилтан, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, шинэчлэх, мэдээллийг мэдээллийн санд байршуулах, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах.
Дөрөв. Барилгын салбарт нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулах
4.1.Ажилтан үйлчилгээ үзүүлэхдээ тухайн төрийн үйлчилгээнд тавигдах шаардлага, нөхцлийг тодорхойлсон хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж ажиллана.
4.2.Нэг цэгийн үйлчилгээний талаарх мэдээлэл (үйлчилгээний чиглэл, төрөл, хэлбэр, бүрдүүлэх материал, материалыг хүлээн авч шийдвэрлэх журам, шат дамжлага, төлбөр хураамж, зарцуулах хугацаа зэрэг)-ийг мэдээллийн самбар, гарын авлага, цахим хуудас болон бусад хэлбэрээр нийтэд ил тод байрлуулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.3.Нэг цэгийн үйлчилгээнд хандаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь үйлчилгээний талаарх санал, хүсэлт, гомдлыг холбогдох нэг цэгийн үйлчилгээ болон төрийн захиргааны төв байгууллагад шууд гаргаж болно.
4.4.Нэг цэгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагын эрх бүхий албан тушаалтан дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.5.1.нэг цэгийн үйлчилгээний ажилтнуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
4.6.2.нэг цэгийн үйлчилгээг хэвийн, тогтвортой явуулахад чиглэсэн техник, хангамжийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авах;
4.6.3.нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын зардлыг зохих шатны төсөвт жил бүр тусгах ажлыг зохион байгуулах;
4.6.4.нэг цэгийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах сургалт, семинарт тогтмол хамруулах;
4.6.5.нэг цэгийн үйлчилгээнд дотоодын болон олон улсын дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэх;
4.6.6.нэг цэгийн үйлчилгээтэй холбогдуулан удирдлагаас олгосон бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;
4.6.7.үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдийг хүндэтгэсэн, эелдэг, зарчимч харилцааг баримтлан үйлчилгээний шат дамжлага болон бүрдүүлэх баримт бичгийг багасгах боломжийг судалж, хэрэгжүүлж ажиллах;
4.6.8. Цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр хүсэлт, зөвлөмж, заавар өгөх ажилтанг заавал томилж ажиллуулах.
Тав. Барилгын салбарын нэг цэгийн үйлчилгээний ажилтны үүрэг
5.1. Нэг цэгийн үйлчилгээний ажилтан нь энэ журмын 2.5-д заасан зарчмын хүрээнд төрийн бодлого, зорилт чиг үүргийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үзүүлэхдээ шударга ёсны зарчим, хууль дээдлэх зарчим, тэгш байдлын зарчим, хариуцлага хүлээх зарчим, олон нийтэл үйлчлэх зарчмуудыг эрхэмлэн дээдэлнэ.
5.2.Барилгын салбарт нэг цэгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллага нь нэг цэгийн үйлчилгээний байранд үйлчилгээ үзүүлэхдээ дараахь үүрэг хүлээнэ:
5.2.1.иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх үйлчилгээг аливаа чирэгдэлгүй, шуурхай үзүүлэх;
5.2.2.ажлын үр дүн, биелэлтийг зохих журмын дагуу Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;
5.2.3.ажлын байранд суурилуулсан компьютер, техник хэрэгсэл, программ хангамж, мэдээллийн үйлчилгээ, болон интернэт сүлжээ, төрөл бүрийн холбооны хэрэгсэл, бусад тавилга, тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах;
5.2.4.байгууллагын албаны үйл ажиллагааны онцлогтой холбоотой, өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох баримт бичгийг байгууллагын нууцад хамааруулж ажиллах;
5.2.5. Цахимаар үйлчилгээ үзүүлэхдээ түргэн шуурхай хариу өгөх, өгсөн мэдээллийг цахим архивт хадгалж байх.
5.3. Ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөртөө болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал тогтоохыг эрмэлзэх, ажил үүргээ гүйцэтгэсний төлөө иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хууль тогтоомжид зааснаас бусад байдлаар болон эрхэлсэн ажилтайгаа холбоогүй мэдээ, материал, тодорхойлолт, баримт бичгийг гаргуулах, үйлчлүүлэгчид хүнд суртал, аливаа чирэгдэл учруулахыг хориглоно.
Зургаа. Бусад
6.1. Нэг цэгийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудаар дамжуулан иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх үйлчилгээ нь барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн систем, үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн цахим системийн барилгын мэдээллийн сан, Хот байгуулалтын кадастрын цахим системд суурилсан байна.
-----о0о-----
1
Текст томруулах
A
A
A