- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
Өндөр-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2022 оны 10 дугаар сарын 03–ны өдрийн
ээлжит 7 дугаар хуралдааны 5 дугаар тогтоолын
хавсралт
БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмын зорилго нь бэлчээрийг нөөц, даацад нь тохируулан зохистой ашиглаж байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээрийн ашиглалтыг экологийн чадавхад суурилсан аргачлалаар төлөвлөх, уг төлөвлөгөөний дагуу улирлын хуваарьтайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд сумын удирдлага, малчид, нөхөрлөл, бэлчээр ашиглагчдын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль,Төсвийн тухай хууль, Газрын тухай хууль, Малын тоо толгойн албан татварын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Тариалангийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжууд түүнтэй нийцүүлэн энэхүү журмыг боловсруулав.
1.3.Энэхүү журмыг Өндөр-Улаан сумын хэмжээнд дагаж мөрдөнө.
1.4.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбогдох арга
хэмжээнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг "Төсвийн тухай хууль"-ийн 58 дугаар зүйлийн 58.4.5, 58.4.6, 60 дугаар зүйлийн 60.2.8-д заасны дагуу сумын орон нутгийн хөгжлийн санд жил бүр тусгана.
1.5.Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасны дагуу
бэлчээрийн төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, бэлчээрийн ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой хувийг бэлчээр ашиглагч хариуцна.
1.6.Журмыг хэрэгжүүлснээр Засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор
баталсан "Монгол малчин үндэсний хөтөлбөр"-ийн 4 дүгээр зүйлийн 4.4.1, 4.4.3, 4.4.5, 6 дугаар зүйлийн 6.1, 2010 оны 23 дугаар тогтоолоор баталсан "Монгол мал хөтөлбөр"-ийн 3.4.1, 3.4.2, 2015 оны 104 дүгээр тогтоолоор баталсан "Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого"-ын 2.1.10, 2.1.11 дэх зорилтууд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
1.7.Сумын засаг даргын захирамжаар сумын Засаг даргын орлогчоор
ахлуулсан бэлчээрийн менежментийн ажлын хэсэг томилон ажиллуулна.
ХОЁР. БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ТӨЛӨВЛӨХ
2.1.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд бэлчээрийг улирлаар ашиглах, зун, намрын бэлчээрийг сар, улирлаар сэлгэх, ашиглах, өнжөөх, хуваарь, отор нүүдэл хийх, худаг ус гаргах, засварлах, хадлангийн талбайг ашиглах, хамгаалах, сайжруулах, бэлчээрийн хортон мэрэгчтэй тэмцэх, доройтсон бэлчээрийг сайжруулах, тэжээл тариалах, зэрлэг амьтны бэлчээрийг хамгаалах зэрэг арга хэмжээг тусгана.
2.1.1.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг сумын малчдын саналыг үндэслэн баг, бэлчээр ашиглагчдын хэсэг /цаашид БАХ гэх/-ээр төлөвлөх.
2.1.2.Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ажиллах боломж нөхцөлийг сумын Засаг даргын тамгын газраас бүрдүүлэх, тэдгээрийн ажлын зардлыг жил бүр төсөвт тусгах.
2.2.Бэлчээр ашиглалтыг төлөвлөхдөө дараах зарчмыг баримтална:
2.2.1.Бэлчээрийн экологийн чадавхад суурилах;
2.2.2.Бэлчээр ашиглагчдын тэгш оролцоог хангах.
2.3.Тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө (цаашид бэлчээр ашиглалтын төлөвлөгөө" гэх) нь дараах шаардлагыг хангасан байна.
2.3.1.Бэлчээрийн төлөв байдлыг, фотомониторинг -ийн дүнд үндэслэсэн байх;
2.3.2.Бэлчээрийн улирлын болон богино хугацааны сэлгээ, отор нүүдэл хийх хуваарийг нөхөрлөл, БАХ, баг тус бүрээр гаргасан байх;
2.3.3.Бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах замаар байгалийн жамаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлсэн байх;
2.3.4.Бэлчээрийн ургац сайтай хэсгээс хадлан бэлтгэх, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг нийтээр ашиглах нөхцлийг бүрдүүлсэн байх.
2.3.5.Сумын газрын даамал, Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг бэлчээрийн даацад үндэслэн тухайн баг, бэлчээр ашиглагчдын хэсгийн бэлчээр нутагт өвөлжих малын тоог гаргаж жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор багийн Засаг даргад хүргүүлнэ.
2.3.6.Багийн Засаг дарга, бэлчээрийн менежментийн ажлын хэсэгтэй хамтран тус багийн иргэдийн Нийтийн Хурлаар энэ журмын 2.3.5-д заасан малын тоо, БАХ, нөхөрлөлүүдийн саналд тулгуурлан дараа жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хэлэлцүүлж сумын Засаг даргад хүргүүлнэ.
2.3.7.Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасны дагуу Сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасаг, газрын даамал /Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг/ нь баг бүрийн иргэдийн Нийтийн Хурлаар батлагдсан бэлчээрийн ашиглалтын төлөвлөгөөний саналыг нэгтгэж сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө /цаашид СГЗБТЖТ гэх/-нд тусган жил бүрийн 12 сард багтаан батлуулна.
ГУРАВ. БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ХУВААРЫГ ЗОХИЦУУЛАХ
3.1.Бэлчээр ашиглалтыг тухайн сумын бэлчээрийн экологийн чадавх,
бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн байдал болон фотомониторингийн тухайн жилийн дүн мэдээлэлд үндэслэн улирлаар, тодорхой хугацаагаар төлөвлөх зарчмаар зохицуулна.
3.2.Өвөлжөө, хаваржааны бэлчээрийг сумын Засаг дарга БАХ-н ахлагч нартай
байгуулсан бэлчээр ашиглах гэрээ /цаашид БАГ гэх/-ний үндсэн дээр талуудын хүлээх үүргийн дагуу ашиглах ерөнхий зохицуулалтыг баримтална.
3.3.Зуслан, намаржааны бэлчээрийг СГЗБТЖТ-ний дагуу өрх, хот айлаар, нөхөрлөлөөр зүй зохистой ашиглана. Нийтээр ашиглах зуслан, намаржааны бэлчээрт өөр аймаг, сумын мал оруулахыг хориглоно.
3.4.Бэлчээр ашиглагчдад гэрээгээр ашиглуулж байгаа болон уламжлалт зохицуулалтаар ашиглаж байгаа бэлчээрт мал дайран өнгөрөх, тууварлах, түр буудаллах хугацааг хоёр хоногоос илүүгүй байлгана.
3.5.Өвөлжөө, хаваржааны бэлчээрээс бүх өрх 6 дугаар сарын 01-ний дотор нүүж малаас бүрэн чөлөөлнө.
3.6.Отрын болон хадлангийн бүс нутагт 11 дүгээр сарын 01 -ээс өмнө буухыг хориглоно.
3.7.Улирлаар ашиглах бэлчээрээс нүүх, буух хугацааг газар зүйн онцлог ба цаг
агаарын нөхцөлөөс хамааруулан өөрчилж болох бөгөөд энэ өөрчлөлт нь зөвхөн тухайн улирал, жилд мөрдөгдөнө.
ДӨРӨВ. БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ХЯНАХ, ДААЦ ТОГТООХ
4.1.Бэлчээрийн төлөвлөлт, төлөвлөгөөний хэрэгжилт болон бэлчээр
ашиглалтын үр нөлөөг жил бүр фото мониторингийн үр дүнгээр үнэлнэ.
4.2.Бэлчээрийн төлөв байдлыг үнэлж, ургац тооцохдоо улирлын бэлчээрийг
төлөөлөхүйц мониторингийн цэг дээр тогтсон аргачлалыг баримтлан гүйцэтгэнэ.
4.3.Мониторинг хийхдээ тухайн БАХ бүрээр улирлын бэлчээр болон
бэлчээрийн нийтлэг хэв шинжийг төлөөлөх чадварыг нь харгалзан тогтоох ба энэ ажилд бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч нарыг өөрийн хэсгийн цэг бүрд төлөөллийг заавал оролцуулна.
4.4.Мониторингийн цэгийн байршлыг Засаг даргын захирамжаар
баталгаажуулж сумын бэлчээр ашиглалтын зурагт нэг бүрчлэн тэмдэглэнэ.
4.5.Фотомониторингийн аргачлалын дагуу буулгасан зурган мэдээлэлд
боловсруулалт хийж, төлөв байдлыг тодорхойлох, даацын мэдээ гаргах ажлыг сумын газрын даамал гүйцэтгэнэ.
4.6.Фотомониторингийн дүнд үндэслэн орон нутгийн удирдлага, Бэлчээрийн
менежментийн ажлын хэсэг, малчдад зориулсан тайлан, мэдээ гаргах ажлыг сумын газрын даамал хариуцна.
4.7.Фотомониторингийн үр дүнд тулгуурласан тайлан дүгнэлтийг малчдад танилцуулах ажлыг Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг хариуцан зохион байгуулна.
4.8.Тухайн сумын нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч иргэн, нөхөрлөл,
БАХ болон төсөл хэрэгжүүлэгч нэгжтэй хамтран бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөөг боловсруулах бөгөөд баг, сумын Засаг дарга хэрэгжилтэд хяналт тавина.
ТАВ. ЖУРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР
5.1.Дараа жилийн татварын хувь хэмжээг сумын ИТХ-аар хэлэлцэн өөрчлөн баталж болно.
5.2.Олон улсын төсөл хөтөлбөр,
5.3.Орон нутгийг хөгжүүлэх сан
5.4.Иргэдийн хандив
5.5.Бусад аймаг сумдаас отор, нүүдлээр орж ирсэн малд сумын ИТХ-аас баталсан татварын хувь хэмжээгээр тооцож татвар ногдуулан орон нутгийн төсөвт төвлөрүүлнэ.
ЗУРГАА. ЖУРМЫН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ
6.1.Монгол улсын төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.8 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн дараах зүйлд зарцуулна.
6.1.1.Бэлчээрийн менежментийг сайжруулах,
6.1.2.Бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамжийг нэмэгдүүлэх,
6.1.3.Малын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,
6.1.4.Малын чанарыг сайжруулах,
6.1.5.Гэмт халдлага, гамшгаас хамгаалах,
6.1.6.Хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх,
6.1.7.Малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх,
6.1.8.Байгаль орчныг хамгаалах,
6.1.9.Хортон мэрэгчидтэй тэмцэх,
6.1.10.Малчид, нөхөрлөлүүдэд зориулсан сургалт, сурталчилгаа,
6.1.11.Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн ажиллах зардал
6.1.12.Бэлчээрийг сэргээх сайн туршлага, арга хэмжээг хэрэгжүүлсэн нөхөрлөл, БАХ урамшуулал
6.1.13. Ойн байгалийн сэргэн ургалтад малын хөлөөс чөлөөлөн дэмжих ажил
ДОЛОО. БЭЛЧЭЭР АШИГЛАГЧДЫН ЭРХ,ҮҮРЭГ
7.1.Сумын малчин, мал бүхий иргэд бэлчээр ашиглалтын талаар дараах нийтлэг эрх, үүрэгтэй.
7.1.1.Бэлчээрийн даацад тохирсон малыг өсгөн үржүүлэх, ашиг шим сайтай үүлдрийн малаар сүргийг сэлбэх;
7.1.2.Нөхөрлөл, БАХ, багийн бэлчээр ашиглалтын жилийн төлөвлөгөө боловсруулахад оролцох бэлчээрийн төлөв байдал, даацын фотомониторингийн дүн мэдээний мэдээлэлтэй байх ;
7.1.3.Бэлчээрийг өнжөөх, чөлөөлөх, сэлгэх, отор нүүдэл хийх талаар гарсан шийдвэрийг дагаж биелүүлэх;
7.1.4.Бэлчээр ашиглалтын төлөвлөгөөнд тусгасан бэлчээр ашиглалтын улирлын хуваарьт бэлчээрээс өөр бэлчээрт дур мэдэн нутаглахгүй байх,
7.1.5.Дур мэдэн өвөлжөө, хаваржааны хашаа хороо шинээр барихгүй, зарж худалдахгүй байх; /тухайн БАГ, БАХ, хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авсан байх/
7.1.6.Бэлчээр, усны эх үүсвэрийг хог хаягдал, хортой зүйлс, малын шавхай бууц, сэг зэмээр бохирдуулахгүй байх, тухай бүр цэвэрлэх;
7.1.7.Суурин мал аж ахуй эрхлэх болон цөлжсөн бэлчээр хамгаалах сайжруулахаас бусад зорилгоор бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх;
7.1.8.Энэ журмын 5.3-т заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал гаргах, уг арга хэмжээний явц, гүйцэтгэлд болон сангийн зарцуулалтын байдалд хяналт тавих.
7.2.Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 481.1-т заасны дагуу зохион байгуулалтад орсон БАХ, нөхөрлөл нь сумын Засаг даргатай бэлчээрийг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу гэрээ (цаашид "бэлчээр ашиглалтын гэрээ" гэх)-гээр ашиглуулж болно.
7.3.Малчин, мал бүхий этгээд нь энэ хуулийн 5.1. дэх хэсэгт заасан малын тоо толгойн албан татварыг төлөх, орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх
7.4.Өвөлжөө, Хаваржаа, Зуслан Намаржааны бэлчээр, худаг уст цэгт өөр аймаг, сумын отор нүүдэлээр яваа малчин өрх, малыг дур мэдэн оруулахгүй, зохих зөвшөөрөлгүй бусдад дамжуулан ашиглуулах, түрээслүүлэх, худалдаалахыг хориглоно.
НАЙМ. БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ТАЛААР СУМ, БАГИЙН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БОЛОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ
8.1 СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.
8.1.1.Сумын тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг батлах, биелэлтийг хэлэлцэж чиглэл өгөх;
8.1.2.Байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан нутаг дэвсгэртээ бэлчээрийн болон хагас суурин мал аж ахуй, бэлчээр ашиглагч бусад аж ахуйг хөгжүүлэхдээ бэлчээрийн экологийн чадавхи, тохиромжтой болон хэрэгцээт байдлыг үндэслэн бүсчлэн тогтоох .
8.1.3.Малын тоо, толгойн татварын хувь хэмжээг тогтоох
8.1.4.Сумын тухайн жилийн төсөвт малын тоо толгойн татвараас орсон орлогын 70-аас доошгүй хувийг энэ журмын 6.1-д заасан зүйлд зарцуулахаар тусгаж батлах, хэрэгжилтэд хяналт тавих
8.2. БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
8.2.1.Жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх;
8.2.2.Малын тоо толгойн татварын орлогоос бүрдсэн сангийн хөрөнгөөр тухайн жилд хийж гүйцэтгэх арга хэмжээний саналыг хэлэлцэж батлах;
8.2.3.Бэлчээрт усан хангамжийг нэмэгдүүлэх, бэлчээрийн дэд бүтцийг сайжруулах саналыг сумын Засаг даргад уламжлах.
8.2.4.Бэлчээрийн даацыг фотомониторингийн аргаар тодорхойлох бэлчээр ашиглалтын төлөвлөлтөд, БАХ, малчдыг татан оролцуулах;
8.2.5.Малын тоо толгойн татварын орлогоос Багийн эрсдэлийн сан бүрдүүлэх, зарцуулалтын байдалд хяналт тавих, малчдад тайлагнах
8.2.6.Гэрээт бэлчээрт гаднаас зөвшөөрөлгүй орж ирсэн малыг гаргах зөрчлийн тухай хуулиар торгох
8.3. СУМЫН ЗАСАГ ДАРГА ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
8.3.1.Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу тухайн жилийн бэлчээрийн ургац, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг тогтоох;
8.3.2.Сумын бэлчээр ашиглалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
8.3.3.Багийн Засаг даргын ажлыг үнэлэхдээ тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө болон энэ журмын хэрэгжилтийг нэг үзүүлэлт болгох,
8.3.4.Энэ журмын хүрээнд үлгэр жишээ ажиллаж буй нөхөрлөл, малчин, БАХ-ыг багийн эрсдэлийн сангаас хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, шагнаж урамшуулах.
8.3.5.Гол, горхи, булаг шандны эх ундаргыг хамгаалах, эрчимжсэн суурин мал аж ахуй эрхлэх, цөлжсөн бэлчээр хамгаалах, хаваржаа, өвөлжөөний бэлчээрийг сэргээхээс бусад тохиолдолд бэлчээр хашихыг хориглох арга хэмжээ авах;
8.3.6.Нөхөрлөл, БАХ, малчдад уламжлалт бэлчээр ашиглалт, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, сайжруулах талаар сургалт зохион байгуулах, бэлчээрийг зөв ашиглах дадлыг бий болгоход туслах;
8.3.7.Бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, хортон шавьжтай тэмцэх ажлыг нөхөрлөл, БАХ, малчдын оролцоотой зохион байгуулах.
8.3.8.Өвөлжөө, худаг уст цэгийн байршлыг шийдвэрлэх.
8.3.9.Бэлчээрийн төлөв байдал, даацыг тодорхойлох фотомониторингийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, жил жилийн мэдээ цуглуулах, үр дүнг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх.
8.3.10.Малын тоо толгойн татварын бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт үнэлгээ хийх.
8.4. СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
8.4.1.Сумын бэлчээрийн зориулалт, түүний хэмжээ, байршлыг зураглан сумын газрын мэдээллийн санд бүртгэх.
8.4.2.Сумын Засаг даргын нөхөрлөл, БАХ-тай байгуулсан бэлчээр ашиглуулах гэрээг бүртгэх, гэрээг сумын газрын мэдээллийн нэгдсэн санд оруулах.
8.4.3.Жил бүр тогтсон хугацаанд тогтсон цэгүүд дээр фотомониторингийн мэдээлэл цуглуулах, орон нутгийн удирдлага, малчдыг бэлчээрийн тухайн жилийн төлөв байдал, даацын мэдээллээр хангах,.
8.4.4.Бэлчээрийн фотомониторингийн дүнд үндэслэн бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг үнэлэх, дүнг санд оруулах.
8.4.5.Энэ журмын 8.3.8-т заасан өвөлжөө, худаг, уст цэгийн байршлыг сумын газрын мэдээллийн санд оруулах, тогтмол шинэчлэх.
8.5. БАГИЙН ЗАСАГ ДАРГА ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
8.5.1.Багийн тухайн жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөөг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах;
8.5.2.Нөхөрлөл, БАХ-н бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
ЕС. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ, ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ.
9.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга энэхүү журмыг үндэслэн шийдвэрлэнэ.
9.2.Бэлчээрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.
9.3.Гамшиг, аюулт үзэгдэл, Ган зуд ослын улмаас өөр аймаг, сумаас малчид нүүдэллэж ирэх шаардлага гарвал тухайн сумын Засаг даргатай уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
9.4.Бэлчээрийг нөхөн сэргээх зорилгоор өнжөөж сэлгэн ашиглаж буй малын хөлөөс чөлөөлсөн бэлчээрт зохих зөвшөөрөлгүй дур мэдэн мал бэлчээрлүүлсэн бол зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж, бэлчээрийг малын хөлөөс албадан чөлөөлүүлнэ.
АРАВ. СУМ, СУМ ДУНДЫН ОТРЫН БҮС НУТАГ ТОГТООХ ТУХАЙ:
10.1.Сумын хэмжээнд бэлчээрийн доройтолд орж нөөц, даац хэтэрч, ургамлын гарц муудах, цөлжиж байгаа зэрэг олон хүчин зүйлийн шалтгаанаас бэлчээрийн хомсдолд орж байна.
Иймээс: Шаардлагатай тохиолдолд отрын нөөц бэлчээрийг зохистой ашиглах, өнжөөх, амраах, сэлгэж ашиглах зайлшгүй үүсэж байгаатай холбогдуулан сумын хэмжээнд Азарга багийн Хавчиг, Хануй багийн Хоолтын эх, Донгой багийн цахиурт зэрэг газруудыг отрын бүс нутгаар тогтоосон.
10.2.Болзошгүй хүчин зүйлийн нөлөөнөөс үүдэн зайлшгүй тохиолдолд отор нүүдэл хийх үед хоёр талын хамтарсан гэрээний дагуу отрын малчдыг дээрхи газруудад хувиарлан бэлчээрлүүлнэ
10.3.Сумын ИТХ-с тогтоосон отрын бүс нутагт орон нутгийн малчид отор хийх.
АРВАН НЭГ. ОТОР, НҮҮДЛИЙН ЗОРИЛГООР ХИЙХ МАЛ, АМЬТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ
Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль
"Журам чиглэл батлах тухай" Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоол
Зөрчлийн тухай хууль
11.1.Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь отор, нүүдэл хийхээр өөр аймаг, нийслэл, сум, дүүргийн нутгийн захиргааны байгууллага (цаашид "шилжүүлэгч тал" гэх)-аас гаргасан хүсэлтийг харьяа мал эмнэлгийн газар (тасаг)-ын саналыг үндэслэн шийдвэрлэнэ.
11.2.Мал эмнэлгийн газар (тасаг) нь энэ журмын 11.1-д заасан саналыг гаргахдаа шилжин ирэхээр төлөвлөж байгаа нутаг дэвсгэр дэх мал, амьтны гоц халдварт, халдварт болон шимэгчтэх өвчний тархвар зүйн судалгаа, хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг харгалзан үзнэ.
11.3.Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ отор, нүүдэл хийхийг зөвшөөрсөн тохиолдолд нь шилжүүлэгч талтай гэрээ байгуулж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.11-д заасны дагуу шилжүүлэгч талаас эрүүл мэндийн тодорхойлолтыг гаргуулан авна.
11.4.Энэ журмын 2.3-т заасан гэрээнд отор, нүүдэл хийх мал, амьтны төрөл, тоо, отор, нүүдэл хийх чиглэл, хугацаа, нутаг дэвсгэрийг заана.
11.5.Шилжүүлэгч тал нь отор, нүүдэл хийх мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулсан байна.
11.6.Шилжүүлэгч болон хүлээн авагч талын Засаг дарга отор, нүүдлийн шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах, хяналт тавих хамтарсан ажлын хэсгийг байгуулна.
11.7.Хамтарсан ажлын хэсэг нь отор, нүүдэл хийх явцад болон гэрээгээр тогтоосон нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах, бэлчээр, уст цэг, үерийн жалга, усны эх булгийг цэвэрлэх, хашаа, хороог халдваргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
11.8.Энэ журмын 11.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг шилжүүлэгч тал хариуцна.
АРВАН ХОЁР. ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ.
12.1.Энэхүү журмыг захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.
Текст томруулах
A
A
A