- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 417
Улаанбаатар хот
ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.2, 6.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон татан буулгасугай.
2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгахтай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Б.Баасандорж)-т тус тус даалгасугай:
2.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах Комиссыг байгуулж, удирдлагаар хангаж ажиллах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дуусгалтын тайланг гаргуулан, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг зохих журмын дагуу шийдвэрлэх;
2.2. аймаг, нийслэлийн хэмжээнд Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан дэд комиссыг байгуулж, аймаг, нийслэл дэх мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах, чиг үүрэг, орон тоог шилжүүлэх ажлыг зохион байгуулах;
2.3. мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагад ажиллаж байгаа салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг орон тоо, төсөв, ашиглаж буй компьютер техник, хэрэгслийн хамт одоо эрхэлж байгаа чиг үүрэг, мэргэжлийн чиглэлийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.1-д заасан байгууллагад шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
2.4. энэ тогтоолын 2.3-т заасан улсын байцаагчаас бусад албан хаагчийг тэргүүн ээлжид ажлын байраар хангах чиглэлийг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;
2.5. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын балансад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх.
3. Мэргэжлийн хяналтын чиг үүрэг салбарын яамдад шилжиж байгаатай холбогдуулан холбогдох яамдын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт зохих өөрчлөлт оруулах шийдвэрийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд, энэ тогтоолын 2.3-т заасан улсын байцаагч нарыг яамны зохих бүтцийн нэгжид шилжүүлэн ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд тус тус даалгасугай.
4. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан хяналт шалгалт хийх нийтлэг журмын төслийг боловсруулж, 2022 оны 12 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай.
5. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг сурталчлан таниулах, мэдээлэл өгөх сургалтыг төрийн болон нутгийн захиргааны байгууллагын хэмжээнд 2022 оны 11, 12 дугаар сард багтаан зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Б.Баасандорж)-т үүрэг болгосугай.
6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний "Засгийн газрын тохируулагч агентлаг" баганын "4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар" гэснийг, мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын "2.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, 172" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7. Энэ тогтоолын 6 дахь заалтыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
