A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ӨМЧИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, ТӨВИЙН СУДАЛГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ, САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979

 

Засгийн газрын 2022 оны 409 дүгээр

 тогтоолын хавсралт                            

 

 

 

ТӨРИЙН ӨМЧИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, ТӨВИЙН

СУДАЛГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ,

САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

 1.1.Энэ журмын зорилго нь төрийн өмчит, улсын төсвөөс санхүүждэг эрдэм шинжилгээний хүрээлэн, төв (цаашид "хүрээлэн, төв" гэх)-үүдийг тогтвортой хөгжүүлэх, биет болон биет бус нөөц, хүний нөөцийн чадавхыг бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрийн шинжлэх ухааны судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлж, үр дүнд суурилсан санхүүжилт олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

 1.2.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

      1.2.1."судалгааны үндсэн чиглэл" гэж  шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн хүрээлэн, төвөөр тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхээр баталсан судалгаа хөгжүүлэлтийн ажлын сэдэвчилсэн чиглэлийг;

 

      1.2.2."судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилт" гэж судалгааны үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд зориулан хүрээлэн, төвд улсын төсвөөс тогтмол олгож байгаа мөнгөн хөрөнгийг.

 

 1.3.Хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр гарсан өдрөөс эхлэн хэрэгжүүлж, 5 жил тутамд тодотгол хийнэ.

 

Хоёр.Судалгааны үндсэн чиглэлийг

тодорхойлох, батлах

 

2.1.Судалгааны үндсэн чиглэлийг Монгол Улсын урт, дунд хугацааны  хөгжлийн бодлого, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх  тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт, улс орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлага, хүрээлэн буй орчны асуудал, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын чиг хандлагатай уялдуулан тодорхойлно.

 

2.2.Хүрээлэн, төвүүдийн судалгааны үндсэн чиглэл нь тухайн байгууллагын үйл ажиллагааны стратегийн зорилт, судалгааны ажлын туршлага, дэд бүтэц, хүний нөөцийн чадавхад тулгуурласан байна.

 

2.3.Хүрээлэн, төв нь өөрийн хэрэгжүүлэх судалгааны үндсэн чиглэлийн талаарх саналыг Эрдмийн зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлж, тухайн жилийн      12 дугаар сарын 1-ний өдрийн дотор харьяалах дээд шатны байгууллагадаа  хүргүүлнэ.

2.4.Харьяалах дээд шатны байгууллага нь ажлын 5 хоногт багтаан энэ журмын 2.3-т заасан саналыг судалж, дүгнэлт гарган шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

 

2.5.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.4-т заасан санал, дүгнэлтэд хянан магадалгаа хийж, судалгааны үндсэн чиглэлийн жагсаалтыг гарган шинжлэх ухаан технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр батална.

 

 2.6.Хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлд дараахь тохиолдолд өөрчлөлт оруулна:

 

       2.6.1.Засгийн газрын шийдвэрээр хүрээлэн, төвийг өөрчлөн байгуулсан;

 

       2.6.2.хүрээлэн, төвийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн судалгааны үндсэн чиглэлдээ өөрчлөлт оруулах тухай саналыг харьяалах дээд шатны байгууллага нь үндэслэлтэй гэж үзсэн.

 

2.7.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.6.2-т заасан санал, дүгнэлтэд хянан магадалгаа хийж  өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэнэ.

 

2.8.Энэ журмын 2.7заасны дагуу өөрчлөлт оруулсан судалгааны үндсэн чиглэлтэй уялдуулан тухайн хүрээлэн, төв нь дотоод бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөн тогтоож болно.

 

Гурав.Гэрээ байгуулах, санхүүжүүлэх

 

3.1.Судалгааны үндсэн чиглэл батлагдсанаас хойш 30 хоногийн дотор шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох хүрээлэн, төвийн төсвийн шууд захирагчтай судалгааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай байгуулна.

 

3.2.Хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилтэд шаардагдах хөрөнгийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн улсын төсөвт тусган санхүүжүүлнэ.

 

3.3.Энэ журмын 3.2-т заасан санхүүжилтийг дараахь зориулалтаар зарцуулна:

 

       3.3.1.судалгаа, туршилт хийх, дээж шинжлүүлэх, урвалж бодис худалдан авах;

 

       3.3.2.мэргэжлийн хянан магадалгаа бүхий олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх, бодлогын зөвлөмж боловсруулах;

 

       3.3.3.оюуны өмч, зохиогчийн эрх болон аж үйлдвэрийн өмч бүртгүүлэх,  мэдүүлэх, тусгай зөвшөөрөл авах;

 

      3.3.4.суурин судалгааны төв, мониторингийн цэг, байнгын станц ажиллуулах;

      3.3.5.эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн зохион байгуулах,  мэргэжлийн сэтгүүлийг хөгжүүлэх;

 

      3.3.6. эх бэлтгэл, ном хэвлүүлэх, судалгааны  сан хөмрөг бүрдүүлэх;

 

      3.3.7.дотоод, гадаад томилолтоор ажиллуулах, социологийн болон хээрийн судалгаа (экспедиц) явуулах;

 

      3.3.8.лабораторийн туршилт, шинжилгээ, баталгаажуулалт, магадлан итгэмжлэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах;

 

      3.3.9. архив, номын сангийн үйлчилгээний төлбөр;

 

      3.3.10.судалгаа, туршилт, малтлагын зориулалттай бага оврын техник, багаж, тоног төхөөрөмж болон компьютер, программ хангамж, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл худалдан авах, суурилуулах, засвар үйлчилгээ хийх.

 

3.4.Хүрээлэн, төв нь судалгааны үндсэн чиглэлд олгохоор баталсан санхүүжилтийн хуваарилалтыг Эрдмийн зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлэн батлуулна.

 

3.5.Санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, хуваарилах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах үүргийг тухайн хүрээлэн, төвийн төсвийн шууд захирагч хүлээнэ.

 

3.6.Хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлд олгох санхүүжилтийн хэмжээг тооцох, хуваарилах аргачлалыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан мөрдүүлнэ.

 

Дөрөв.Үр дүнг баталгаажуулах, хяналт тавих

 

4.1.Судалгааны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, үр дүн, санхүүжилтэд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шинжлэх ухаан, технологийн сан, төсвийн шууд захирагч нар хамтран хяналт тавина.

 

4.2.Судалгааны үндсэн чиглэлийн санхүүжилтээр хийгдсэн судалгаа хөгжүүлэлтийн ажлын үр дүнг дараахь баримт бичгүүдээр баталгаажуулна:

 

      4.2.1.эрдэм шинжилгээний болон хээрийн судалгаа (экспедиц)-ны тайлан, нэгэн сэдэвт бүтээл, ном, мэргэжлийн хянан магадалгаа бүхий гадаад, дотоодын сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээл, өгүүлэл, илтгэл;

 

      4.2.2.стандарт, норм, нормативын баримт бичиг;

 

      4.2.3.онолын үндэслэл, бодлогын үзэл баримтлал, баримт бичиг, зөвлөмж;

 

      4.2.4.оюуны өмч, зохиогчийн эрх, техник, эдийн засгийн урьдчилсан судалгаа;

 

      4.2.5.заавар, зөвлөмж, гарын авлага, аргачлал, эмчилгээ, оношилгоо, сэргийлэлтийн шинэ дэвшилтэт арга, омог, сорт, үүлдэр, математик загвар, тооцоо, бодлогын алгоритм, программ хангамж, мэдээллийн болон өгөгдлийн сан, зураг, зураглал, каталоги, үзэсгэлэн, танин мэдэхүйн контент.

 

4.3.Хүрээлэн, төв нь энэ журмын 3.1-д заасан судалгааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын тайлангаа жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор албан бичгээр болон цахимаар шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

4.4.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр судалгааны үндсэн чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэн, үргэлжлүүлэн санхүүжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

 

4.5.Судалгааны үндсэн чиглэлээр хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээний жилийн ажлын үр дүн хангалтгүй гэж үзвэл, гэрээний нөхцөлийг хангуулах арга хэмжээ авч, шаардлагатай гэж үзвэл санхүүжилтийг зогсоох хүртэл арга хэмжээ авч болно.

 

Тав.Үр дүнг тайлагнах, хүлээлгэн өгөх,

хариуцлага тооцох

 

5.1.Хүрээлэн, төв нь энэ журмын 3.1-д заасан хугацаа дууссан судалгааны ажлын тайланг Эрдмийн зөвлөлийн хурлаараа хэлэлцүүлж өөрийн харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлэн тухайн оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор багтаан дүгнэлт гаргуулна.

 

5.2.Харьяалах дээд шатны байгууллага нь тайланг дүгнэлтийн хамт шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.

 

5.3.Хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээний гүйцэтгэл, үр дүнд хянан магадалгаа хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус шинжээчийн багийг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилон ажиллуулна.

 

5.4.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан нэгж шинжээчийн багтай хамтран ажиллаж дүнг нэгтгэн, тайлангийн үнэлгээг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.

 

5.5.Гэрээнд заасан ажлын үр дүнг хангалтгүй гэж үнэлсэн тохиолдолд төсвийн шууд захирагчид гэрээний гүйцэтгэлийг хангуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, үүрэг даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх арга хэмжээ авна.

 

5.6.Хүрээлэн, төв нь нэгдсэн тайлангаа шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хамт дараа оны 3 дугаар сард багтаан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-д заасан "Итгэмжлэн хадгалагч"-д хүлээлгэн өгнө.

 

5.7.Судалгааны үндсэн чиглэл тогтоох, санхүүжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч шийдвэрлэнэ.

 

5.8.Гомдол гаргагч энэ журмын 5.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл холбогдох хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

 

 

 

---о0о---