- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 11 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, Засгийн газраас харьяа байгууллага, албан тушаалтанд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйл.Засгийн газар дахь хяналтын хууль тогтоомж
2.1.Засгийн газар дахь хяналтын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан /цаашид "байгууллага, албан тушаалтан" гэх/, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:
3.2.1.Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог, Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагаас бүрэн эрхийнхээ хүрээнд тавих хяналтын үйл ажиллагаа;
3.2.2.төрийн захиргааны төв байгууллагаас харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт;
3.2.3.гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах, шийдвэрлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, зэвсэгт хүчин, тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаанд тавих хяналт.
3.3.Батлан хамгаалах болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цагдаа, тагнуул, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын энэ хуулийн 3.2.3-т зааснаас бусад үйл ажиллагаанд энэ хууль үйлчилнэ.
3.4.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдээс хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, захирамж, хуралдааны тэмдэглэл /цаашид "хууль тогтоомж, бодлого, шийдвэр" гэх/-ийг хэрэгжүүлэхэд хяналт тавих ажиллагаанд энэ хууль үйлчилнэ.
4 дүгээр зүйл.Хяналтын зарчим
4.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавихдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
4.1.1.хуульд үндэслэх;
4.1.2.үр нөлөөтэй байх;
4.1.3.хараат бус байх;
4.1.4.бодитой байх;
4.1.5.мэдээллээр бүрэн хангагдах;
4.1.6.шуурхай байх;
4.1.7.байнгын, тасралтгүй байх;
4.1.8.ил тод, нээлттэй байх.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ
5 дугаар зүйл.Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд тавих хяналт
5.1.Энэ хуулийн 3.1-д заасан байгууллага, албан тушаалтны дараах үйл ажиллагаанд хяналт тавина:
5.1.1.хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
5.1.2.албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт;
5.1.3.хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа;
5.1.4.дотоод хяналтын үйл ажиллагаа;
5.1.5.ил тод, нээлттэй байдлыг хангах үйл ажиллагаа;
5.1.6.мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаа;
5.1.7.байгууллагаас хууль болон гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
5.1.8.ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа;
5.1.9.ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
6 дугаар зүйл.Хяналт тавих
6.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар энэ хуулийн 5.1-д заасан үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тандалт судалгаа хийх, тайлан, мэдээлэл авах, хяналт шалгалт хийх зэрэг хэлбэрээр хяналт тавина.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хяналт тавих нийтлэг журмыг Засгийн газар батална.
7 дугаар зүйл.Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
7.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгууллага, албан тушаалтны хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, захиргааны байгууллагын үйл ажиллагааг үнэлж дүгнэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж, биелэлтэд нь хяналт тавьж, мэдээлнэ.
7.2.Хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журмыг Засгийн газар батална.
7.3.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хүн, хуулийн этгээдээс байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
7.4.Байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа чанартай, хүртээмжтэй, шуурхай эсэхэд хэрэглэгчийн үнэлгээ авах ажлыг зохион байгуулж дүн шинжилгээ хийнэ.
8 дугаар зүйл.Тандалт судалгаа хийх
8.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэл, шүүхийн шийдвэр, энэ хуулийн 3.2.1-д заасан байгууллагын шийдвэр, хэрэглэгчийн үнэлгээний судалгаа зэргийг үндэслэн тандалт судалгаа хийнэ.
9 дүгээр зүйл.Тайлан, мэдээлэл авах
9.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар энэ хуулийн 5.1-д заасан асуудлаар хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ байгууллага, албан тушаалтнаас тайлан, мэдээллийг гаргуулан авна.
10 дугаар зүйл.Хяналт шалгалт хийх
10.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дараах үндэслэлээр хяналт шалгалт хийнэ:
10.1.1.Засгийн газрын шийдвэрээр;
10.1.2.Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргаас өгсөн үүргийн дагуу;
/Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.3.өөрийн санаачилгаар;
10.1.4.өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу.
10.2.Засгийн газар дахь хяналт шалгалтын ажлын ерөнхий дүнг жил бүр Улсын Их Хуралд танилцуулна.
11 дүгээр зүйл.Засгийн газар, Ерөнхий сайд, Монгол Улсын сайд-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын өгсөн үүрэг, шийдвэрийн дагуу хяналт шалгалт хийх
11.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар Засгийн газар, Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын өгсөн үүрэг, шийдвэрийн дагуу энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.2.Ерөнхий хянан шалгагч энэ хуулийн 11.1-д заасны дагуу хийсэн хяналт шалгалтын дүнг Засгийн газар, Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргад тухай бүр танилцуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.3.Засгийн газар, Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын өгсөн үүрэг, шийдвэрийн дагуу улсын төсвийн санхүүжилттэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээнд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж болно.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12 дугаар зүйл.Өөрийн санаачилгаар хяналт шалгалт хийх
12.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дараах үндэслэлээр өөрийн санаачилгаар хяналт шалгалт хийнэ:
12.1.1.хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үнэлгээ, энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан тандалт судалгааг харгалзан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд;
12.1.2.энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн үйл ажиллагаанд шаардлагатай бусад үндэслэлээр.
13 дугаар зүйл.Өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх
13.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын чиг үүрэгт хамаарах асуудлаар хүн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийж болно.
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хяналт шалгалтыг тухайн өргөдөл, гомдолд заасан асуудлын хүрээнд хийнэ.
13.3.Өргөдөл, гомдлын дагуу хийсэн хяналт шалгалтын дүнг өргөдөл, гомдол гаргасан хүн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.
13.4.Өргөдөл, гомдлын дагуу хяналт шалгалт хийх шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд энэ тухай, эсхүл, өргөдөл, гомдлыг энэ хуулийн 13.1-д зааснаас бусад хэлбэрээр шийдвэрлэсэн талаар өргөдөл, гомдол гаргасан хүн, хуулийн этгээдэд хариу мэдэгдэнэ.
13.5.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар шаардлагатай гэж үзвэл өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлын тухай мэдээлэлд үндэслэн хяналт шалгалт хийж болно.
13.6.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар эрхлэх асуудлын хүрээнд ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийн агуулгад дүн шинжилгээ хийж, олон удаа давтагдсан асуудал, гомдлын хүрээнд энэ хуулийн 12.1.1-д заасан хяналт шалгалт хийж болно.
14 дүгээр зүйл.Хяналт шалгалтын талаарх нийтлэг зохицуулалт
14.1.Энэ хуулийн 3.2.1-д заасан байгууллага шийдвэр гаргасан асуудлаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хяналт шалгалт хийхгүй.
14.2.Эрх бүхий байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудлаар хяналт шалгалт хийхгүй.
14.3.Хяналт шалгалт хийх явцад олж мэдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл, үйл ажиллагаа, мэдээллийг хянан шалгагч зохих журмын дагуу хуулийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй.
14.4.Хяналт шалгалтыг явуулахад тусгай мэдлэг, мэргэшил шаардлагатай бол хөндлөнгийн шинжээч томилох, мэргэжилтэн, төрийн болон бусад байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж болно.
14.5.Энэ хуулийн 14.4-т заасан ажлын хэсэгт захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулахдаа Захиргааны ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийг баримталж болно.
15 дугаар зүйл.Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээ
15.1.Хяналт шалгалтын дүнг үндэслэн ахлах хянан шалгагч, ерөнхий хянан шалгагчийн мэдэгдэл, албан шаардлагыг энэ хуулийн 3.1-д заасан этгээдэд хүргүүлнэ.
15.2.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд урьдчилан мэдэгдэх болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар энэ хуулийн 3.1-д заасан этгээдэд мэдэгдэл хүргүүлнэ.
15.3.Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, зөрчил дутагдал үүсэхэд хүргэсэн нөхцөл, үр дагаврыг арилгуулах зорилгоор зөрчил дутагдал гаргасан этгээд болон түүнийг томилсон эрх бүхий этгээдэд, эсхүл дээд шатны байгууллагад албан шаардлага хүргүүлнэ.
15.4.Албан шаардлага авсан энэ хуулийн 3.1-д заасан этгээд тухайн зөрчил дутагдлыг тогтоосон хугацаанд арилгаж, энэ талаар хянан шалгагчид мэдэгдэнэ.
15.5.Хянан шалгагч энэ хуулийн 15.3-т заасан зөрчил дутагдлыг арилгасан эсэхэд гүйцэтгэлийн шалгалт хийнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ ТАВИХ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАН, ТҮҮНИЙ ЧИГ ҮҮРЭГ
16 дугаар зүйл.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар
16.1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын эрхлэх асуудлын хүрээнд энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналт хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллага ажиллана.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт Ерөнхий хянан шалгагч, ахлах хянан шалгагч, хянан шалгагч, бусад албан хаагч ажиллана.
16.3.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга нь Ерөнхий хянан шалгагч байна.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.4.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Төрийн албаны тухай хуулийн 23.2.1-д заасан шаардлагыг хангасан иргэнийг Засгийн газар томилж, чөлөөлнө.
16.5.Ахлах хянан шалгагч, хянан шалгагчийг Ерөнхий хянан шалгагч томилж, чөлөөлнө.
16.6.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан тушаал нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарна.
/Энэ хэсгийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
16.7.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан тушаалыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан тушаалын ангилал, зэрэглэлтэй адилтгана.
/Энэ хэсгийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./
16.8.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална.
/Энэ заалтын дугаарт 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17 дугаар зүйл.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын чиг үүрэг
17.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.1.1.хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хянан шалгах;
17.1.2.албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг хянан шалгах;
17.1.3.эрхэлсэн асуудлын хүрээнд өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх, шаардлагатай бол өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулах;
17.1.4.хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, Засгийн газарт танилцуулах;
17.1.5.байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо, хүний нөөцийн чадавхыг сайжруулах асуудлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг, үйл ажиллагаанд нь хяналт тавих, зохицуулах;
/Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.6.байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулах асуудлаар санал гаргах;
17.1.7.энэ хуулийн 3.1-д заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх дүнг Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргад танилцуулах;
/Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.1.8.албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйн болон бусад зөрчил дутагдал, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулах, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтанд энэ талаар санал, албан шаардлага хүргүүлж, биелэлтийг шаардах;
17.1.9.хяналт шалгалтын дүнг үндэслэн холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх;
17.1.10.хяналт шалгалтын дүн, тайлан, судалгаа болон өөрийн үйл ажиллагаанд хамаарах хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээллийг олон нийт танилцах боломжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлж байх;
17.1.11.байгууллага, албан тушаалтны дотоод хяналтын нэгж, ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
17.1.12.байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих;
17.1.13.хуульд заасан бусад чиг үүрэг.
18 дугаар зүйл.Өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх
18.1.Хүн, хуулийн этгээдийн энэ хуулийн 5.1-д заасан асуудлаар бичгээр болон бусад хэлбэр, цахим шуудангаар, эсхүл Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвөөр дамжуулан гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.
18.2.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дэргэд өргөдөл, гомдол, мэдээллийг шуурхай дуудлагын утсаар, бичгээр, цахимаар, биечлэн болон бусад боломжит хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэлтэд хяналт тавих Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв ажиллана.
18.3.Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв ирсэн өргөдөл, гомдол, мэдээллийг тухай бүр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, шийдвэрлэлтэд хяналт тавьж, өргөдөл гаргагчид холбогдох мэдээллийг энэ хуулийн 18.2-т заасан хэлбэрээр өгч ажиллана.
18.4.Энэ хуулийн 18.3-т заасан өргөдөл, гомдолд эрх бүхий байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, хариу өгөөгүй бол өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариуг зохих журмын дагуу өгөх талаар ахлах хянан шалгагчийн албан шаардлагыг холбогдох байгууллагад хүргүүлнэ.
18.5.Энэ хуулийн 18.1-д заасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад харилцааг хуулиар зохицуулна.
18.6.Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан, мэдээлэл гаргах, хүргүүлэх журмыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга батална.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19 дүгээр зүйл.Засгийн газарт танилцуулга, мэдээлэл хүргүүлэх
19.1.Ерөнхий хянан шалгагч хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан талаарх мэдээллийг энэ хуулийн 6.2-т заасан журмаар тогтоосон хугацаанд Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргад танилцуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.2.Байгууллага, албан тушаалтны өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдлыг хуульд заасан хугацаанд нэгтгэн Засгийн газрын хуралдаанд мэдээлнэ.
19.3.Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан тандалт судалгааны тайланг тухай бүр Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргад танилцуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
19.4.Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг энэ хуулийн 7.2-т заасан журмаар тогтоосон хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.
20 дугаар зүйл.Хянан шалгагчийн эрх, үүрэг
20.1.Хянан шалгагч дараах эрхтэй:
20.1.1.шаардлагатай баримт бичиг, мэдээллийг гаргуулан авах, хуульд заасан журмын дагуу танилцах;
20.1.2.хяналт шалгалтад хамааралтай объектод саадгүй нэвтрэх;
20.1.3.хяналт шалгалтад шаардлагатай цахим болон бусад мэдээллийн санд нэвтрэх, танилцах, мэдээлэл авах.
20.2.Хянан шалгагч дараах үүрэгтэй:
20.2.1.хяналт шалгалтыг удирдамжийн дагуу бүрэн гүйцэд хийх;
20.2.2.албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцад олж авсан мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх;
20.2.3.хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх;
20.2.4.хяналт шалгалтын дүнг эцэслэн гарахаас өмнө бусдад задруулахгүй байх;
20.2.5.хяналт шалгалтын дүнгийн талаар тайлан гаргаж, дээд шатны хянан шалгагчид танилцуулах;
20.2.6.байгууллага, албан тушаалтны өдөр тутмын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх;
20.2.7.хуульд заасан бусад.
20.3.Ахлах хянан шалгагч энэ хуулийн 20.1, 20.2-т зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:
20.3.1.хяналт шалгалтын удирдамж батлах;
20.3.2.хяналт шалгалтын дүнг үндэслэн байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх;
20.3.3.хянан шалгагчийг мэргэжил, арга зүй, удирдлага, зохион байгуулалтаар хангах.
20.4.Ерөнхий хянан шалгагч энэ хуулийн 20.3-т зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй:
20.4.1.хяналт шалгалтыг төлөвлөх;
20.4.2.энэ хуулийн 14.4-т заасан шинжээч томилох, ажлын хэсгийг байгуулах;
20.4.3.мэдэгдэл, албан шаардлага, удирдамж, хяналт шалгалтын дүнгийн танилцуулга, тайлангийн загварыг батлах;
20.4.4.бусад.
21 дүгээр зүйл.Ажиллах нөхцөл, баталгаа
21.1.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдана.
21.2.Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлэх эдийн засгийн баталгааг төр хангана.
ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
22 дугаар зүйл.Байгууллага, албан тушаалтны үүрэг
22.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд дараах үүрэгтэй:
22.1.1.хяналт шалгалтад шаардлагатай баримт бичиг, мэдээллийг тогтоосон хугацаанд, үнэн зөв, бүрэн гаргаж өгөх;
22.1.2.хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагаандаа ашиглаж байгаа систем, цахим мэдээллийн санд нэвтрэх, мэдээлэл авах боломжоор хангах, системд нэвтрэх эрхийг хяналт шалгалтын хугацаанд үүсгэж өгөх;
22.1.3.хяналт шалгалттай холбоотой асуудлаар тайлбар гаргах, хариулт өгөх;
22.1.4.хяналт шалгалтын хугацаанд хянан шалгагчийг ажиллах нөхцөл боломжоор хангах.
23 дугаар зүйл.Хариуцлага
23.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
23.2.Энэ хуулийн 23.1-д заасан хариуцлагыг хүлээлгэсэн нь холбогдох хуулиар хүлээлгэх хариуцлага, нөхөн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.
24 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
24.1.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A