- Нүүр
- Сайдын тушаал
- УЛААНГОМ СУМЫН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Увс аймгийн Засаг даргын 2022 оны
10 дугаар сарын 17-ны өдрийн А/426/А/605 тоот
хамтарсан тушаал, захирамжийн 2 дугаар хавсралт
УЛААНГОМ СУМЫН АГААРЫН ЧАНАРЫГ
САЙЖРУУЛАХ БҮСЭД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэ журмын зорилго нь Увс аймгийн төв Улаангом сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм, хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэ журмыг Улаангом сумын агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Хоёр. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх үүрэг
2.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр /усан халаалтын болон уурын зуух/ ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Ус, цаг уур, орчны шинжилгээний төв болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гаргуулан Улаангом сумын Засаг даргаас зөвшөөрөл авах;
2.2.Агаарын чанарыг сайжруулах бүсэд халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд технологийн шинэчлэл хийж сайжруулах, шаталтыг бүрэн явуулах, бохирдлыг бууруулах зорилгоор /тортог баригч шүүлтүүр, утаа сарниулагч суурилуулах, зуухны янданг боломжит хамгийн өндөр хэмжээнд хүртэл өндөрлөх г.м/ тоноглох;
2.3.Уурын болон усан халаалтын зуух хэрэглэдэг аж ахуйн нэгж , байгууллагууд үнс, нурам ачиж тээвэрлэхдээ тоосжилт дарах /чийгшүүлэх/ арга хэмжээ авах;
2.4.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага халаалтын зууханд хаягдал дугуй, ашигласан масло, хуванцар хог, нийлэг уут гэх мэт зориулалтын бус түлш шатаахгүй байх;
2.5."Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах иргэн 5-аас доошгүй, аж ахуйн нэгж, байгууллагууд 10-аас доошгүй мод бутыг өөрийн эзэмшил, өмчлөлийн талбайд тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
2.6.Агаарын чанарыг сайжруулах бүсэд аймаг, сумаас зохион байгуулж буй сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох;
2.7.Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс эрүүл мэндээ хамгаалах зорилгоор дотоод орчны агаарын чанараа сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
2.8.Агаарын чанарыг сайжруулах бүсэд орших айл өрхүүд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвших;
2.9.Гэр хорооллын айл өрхүүд ариун цэврийн байгууламжаа нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага MNS 5924:2015 стандартад нийцүүлэх;
2.10.Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд өдөр шөнийн 2 тарифт тоолуур суурилуулах, шөнийн цагаар түүхий нүүрс түлэхээс татгалзаж, цахилгаан халаагуур болон бусад дэвшилтэд технологи бүхий бүтээгдэхүүн (Гэр, байшин барилгын дулаан алдагдлыг багасгах, сайжруулсан зуух, түлш, сэргээгдэх эрчим хүч, хийн түлш гэх мэт)-ийг хэрэглээндээ үе шаттайгаар нэвтрүүлэх;
2.11.Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, байгаль орчны мэргэжилтнийг шаардлагатай тохиолдолд өөрийн эзэмшилд нэвтрүүлж, түүний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
2.12.Агаарын чанарын талаарх мэдээлэл болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах.
Гурав. Төрийн байгууллагын чиг үүрэг
3.1.Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга энэхүү журмын хэрэгжилтийг хариуцан зохион байгуулна;
3.2.Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана;
3.3.Багийн Засаг дарга нар агаарын чанарыг сайжруулах бүсэд орших айл өрх болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийг гаргаж, дүн мэдээг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвд хүргүүлнэ;
3.4.УЦУОШТөв нь агаарын чанарыг сайжруулах бүсэд орших агаар бохирдуулах эх үүсвэрийн мэдээлэл болон агаарын чанарын төлөв байдлын талаарх тайлан мэдээг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газарт тус тус хагас, бүтэн жилээр хүргүүлнэ;
3.5.Байгаль орчин, аялал жуулчлалын газар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
3.5.1.Мэргэжлийн хяналтын газартай хамтран журмын хэрэгжилтийн талаар холбогдох мэдээ тайланг бүтэн жилээр гарган аймгийн Засаг даргын Тамгын газарт тайлагнана;
3.5.2."Агаарын тухай хууль тогтоомж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж буй төрийн бодлого, шийдвэр"-ийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана;
3.5.3.Өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэх сурталчилгааг, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулна;
3.6.Аймгийн Засаг дарга агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээг жил бүр ОББҮХ болон БОАЖЯ-нд ирүүлнэ.
Дөрөв. Хяналт, хариуцлага
4.1.Энэхүү журмын хэрэгжилтэд Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар /Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, сум, багийн Засаг дарга нар/ хяналт тавина.
4.2.Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно.
-оОо-
Текст томруулах
A
A
A