A

A

A

Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Орхон аймгийн Засаг даргын хамтарсан

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн

А/441/А/724 тоот тушаал, захирамжийн

2 дугаар хавсралт

 

 

ЭРДЭНЭТ ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫГ

САЙЖРУУЛАХ БҮСЭД МӨРДӨХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Орхон аймаг, Эрдэнэт хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм, хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээг тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэүү журмыг Эрдэнэт хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч байгаа иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Хоёр. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүрэг

Эрдэнэт хотын агаарын чанарыг сайжруулах бүсэд ажиллаж, амьдарч буй иргэн, аж ахуйн нэгж байгууллага Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг  хэрэгжүүлнэ.  Үүнд:

2.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь агаар бохирдуулагч аливаа эх үүсвэр ашиглаж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхдээ Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөр дүгнэлт гаргуулан Баян-Өндөр сумын Засаг даргаас зөвшөөрөл авах;

2.2.Агаарын чанарыг сайжруулах бүсэд халаалтын зуух ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагууд технологийн шинэчлэл хийж сайжруулах, шаталтыг бүрэн явуулах, бохирдлыг бууруулах зорилгоор /тортог баригч шүүлтүүр, утаа сарниулагч суурилуулах, зуухны янданг боломжит хамгийн өндөр хэмжээнд хүртэл өндөрлөх г.м/ тоноглох;

2.3.Уурын болон усан халаалтын зуух хэрэглэдэг аж ахуйн нэгж, байгууллагууд үнс, нурам ачиж тээвэрлэхдээ тоосжилт дарах /чийгшүүлэх/ арга хэмжээ авах;

2.4.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага халаалтын зууханд хаягдал дугуй, ашигласан масло, хуванцар хог, нийлэг уут гэх мэт зориулалтын бус түлш шатаахгүй байх;

2.5."Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах айл, өрх 5-аас доошгүй, аж ахуйн нэгж байгууллагууд 10-аас доошгүй мод бутыг өөрийн эзэмшил, өмчлөлийн талбайд тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

2.6.Агаарын чанарыг сайжруулах бүсэд аймаг, сумаас зохион байгуулж буй сургалт, сурталчилгааны ажилд идэвхтэй оролцох;

2.7.Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс эрүүл мэндээ хамгаалах зорилгоор дотоод орчны агаарын чанараа сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

2.8.Агаарын чанарыг сайжруулах бүсэд орших айл өрхүүд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвших;

2.9.Гэр хорооллын айл өрхүүд ариун цэврийн байгууламжаа нүхэн жорлон, угаадасны нүх, техникийн шаардлага MNS 5924:2015 стандартад нийцүүлэх;

2.10.Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд өдөр шөнийн 2 тарифт тоолуур суурилуулах, шөнийн цагаар түүхий нүүрс түлэхээс татгалзаж, цахилгаан халаагуур болон бусад дэвшилтэд технологи бүхий бүтээгдэхүүн (Гэр, байшин барилгын дулаан алдагдлыг багасгах, сайжруулсан зуух, түлш, сэргээгдэх эрчим хүч, хийн түлш гэх мэт)-ийг хэрэглээндээ үе шаттайгаар нэвтрүүлэх;

2.11.Мэргэжлийн байгууллага, сум, багаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд идэвхитэй оролцож, хөнгөлттэй олгосон зуух, халаалтын бусад эх үүсвэр, хөнгөлөлтийг зориулалтын дагуу гэрээ байгуулж ашиглах;

2.12.Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, байгаль орчны мэргэжилтнийг шаардлагатай тохиолдолд өөрийн эзэмшилд нэвтрүүлж, түүний тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

2.13.Агаарын чанарын талаарх мэдээлэл болон агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор мэргэжлийн байгууллагаас арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах.

Гурав. Төрийн байгууллагын чиг үүрэг

3.1.Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга энэхүү журмын хэрэгжилтийг хариуцан зохион байгуулна.

3.2.Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавина. 

3.3.Ус, цаг уур, орчны шинжилгээний төв агаарын чанарын хяналт шинжилгээг тасралтгүй явуулж, олон нийтийг агаарын чанарын мэдээллээр хангана. 

3.4.Хотын тохижилт, үйлчилгээний газар гэр хорооллын айл өрхийн ангилан ялгасан үнс, ахуйн хог хаягдлыг хуваарийн дагуу ангилж тээвэрлэнэ.

3.5.Түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй байгалийн хий болон цахилгаан халаалтыг өргөнөөр нэвтрүүлэхийг сурталчлан таниулах, сургалт сурталчилгаа хийх;

3.6.Багийн Засаг дарга нар агаарын чанарыг сайжруулах бүсэд орших айл өрх болон үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийг гаргаж, дүн мэдээг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны дотор аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвд хүргүүлнэ.

3.7.Байгаль орчин, аялал жуулчлалын газар "Агаарын тухай хууль тогтоомж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр баримталж буй төрийн бодлого, шийдвэр"-ийн хүрээнд иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

3.8.Өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настнуудад дотоод орчны агаарыг бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх, зөв дадал, хэрэглээг хэвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулна.

3.9. Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран холбогдох байгууллагуудаас мэдээ тайланг нэгтгэн 5 дугаар сарын 20-ны дотор Аймгийн Засаг даргын Тамгын газарт тайлагнана.

 

Дөрөв. Хяналт, хариуцлага

 4.1.Энэхүү журмын хэрэгжилтэд Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, сум, багийн Засаг дарга нар хяналт тавина.

 4.2. Энэхүү журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

-оОо-