A

A

A

Бүлэг: 1979

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2022 оны 10 дугаар сарын.17-ны өдрийн.А/424, А/1353 дугаар хамтарсан тушаал, захирамжийн 2 дугаар хавсралт

 

 

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮСЭД
МӨРДӨХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Агаарын тухай хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын "Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" 2018 оны 62 дугаар, 2022 оны 223 дугаар тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор шинэчлэн тогтоосон нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс /цаашид "бүс" гэх/-д мөрдөх дэглэм, (стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх талаар хүлээсэн үүрэг, хариуцлагыг тодорхойлох), түүхий нүүрс хэрэглэхийг хориглох, түүхий нүүрс тээвэрлэх, ашиглах зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, журмын хэрэгжилтэд хяналт тавих төрийн холбогдох байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.Агаарын чанарыг сайжруулах бүсэд дараах стандартын шаардлага хангасан түлш, зуух, эрчим хүчний эх үүсвэр хэрэглэнэ.Үүнд:

1.2.1."Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага" MNS5216:2016 стандартыг хангасан халаалтын зуух;

1.2.2."4.2МВт хүчин чадалтай ус халаах зуухны техникийн шаардлага" MNS5043:2016 стандартыг хангасан халаалтын зуух;

1.2.3."Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага" MNS5679:2019 стандартыг хангасан сайжруулсан түлш;

1.2.4."Шингэрүүлсэн нефтийн хий, ахуйн хэрэглээний түлшний техникийн шаардлага" MNS 5083:2001 стандартыг хангасан түлш;

1.2.5.Нар, салхи, газрын гүний дулааныг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний үүсвэр;

1.2.6.Стандартын шаардлага хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж;

1.2.7."Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал" МNS 6457:2014 стандартын 4.6-д заасан баяжуулсан нүүрс.

1.2.8.Техникийн шаардлага MNS 5924:2015 стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүх;

 

Хоёр. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

2.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд орших иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 1.2-д зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.1.1.Сайжруулсан шахмал түлш худалдан авахдаа түлш үйлдвэрлэгч байгууллагаас олгосон хяналтын картыг ашиглах;

2.1.2.Мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

2.1.3.Сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүссэн үнсийг ахуйн хог хаягдлаас тусгайлан ангилж, битүүмжлэлтэй саванд хадгалж, зөөвөрлүүлэх;

2.1.4.Агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон зориулалтын бус түлш хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийн талаар харьяалах дүүрэг, хорооны Засаг дарга, эрх бүхий улсын байцаагчид мэдээлэх;

2.1.5.Гадаад, дотоод орчны агаарын бохирдлоос үүсэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор зуух, яндангийн цэвэрлэгээ, засвар үйлчилгээг тогтмол хийж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа аян, сургалт, сурталчилгаанд оролцох;

2.1.6.Агаар хамгаалах талаар төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагаас мэргэжил арга зүйн туслалцаа, зөвлөгөө авах;

2.1.7.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй II, III, IV дүгээр цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станц өөрийн хэрэгцээнд бэлтгэсэн түүхий нүүрсийг бусдад дамжуулах, худалдахгүй байх үүрэгтэй;

2.1.8.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрсийг агаарын чанарыг сайжруулах бүсээр дамжин өнгөрүүлэхгүй, тээвэрлэхгүй байх үүрэгтэй;

2.1.9."Энэхүү журмын 1.2.7-д заасан баяжуулсан нүүрсийг зөвхөн байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн технологийн зориулалтаар дулаан, уур үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий зуухнаас бусад зууханд хэрэглэхгүй, уур үйлдвэрлэхээс бусад зориулалтаар ашиглахгүй, дамжуулахгүй, худалдахгүй байх;

2.1.10.Энэхүү журмын 1.2.3-д заасан сайжруулсан шахмал түлшийг аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвхөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэглэх ба бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахгүй байх үүрэгтэй;

2.1.11.Гэр, сууц, ажлын байрны дулаан алдагдлыг багасгах зориулалттай, стандартад нийцсэн нэмэлт дулаалга хийх;

2.1.12.Ашиглаж, эзэмшиж буй газрынхаа эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг арчилж, хамгаалах, шинээр бий болгох;

2.1.13.Хуульд заасан бусад эрх, үүрэг.

 

2.2.Төрийн байгууллага холбогдох хууль тогтоомжид зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

2.2.1.Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийг тээвэрлэх, агаарын чанарыг сайжруулах бүсээр түүхий нүүрс тээвэрлэн дамжин өнгөрүүлэх асуудлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо шийдвэрлэх;

2.2.2.Сайжруулсан хатуу түлшийг дундын агуулах, борлуулалтын цэгүүд рүү түгээх, тээвэрлэх, борлуулалтын урамшуулал олгох, түүнд шаардагдах хөрөнгийг нийслэлийн жил бүрийн төсөвт тусган ажиллахыг Нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулах;

2.2.3.Хяналтын картыг үйлдвэрлэх, түгээх, нөхөн олгох, хүчингүй болгох, картаар борлуулалт хийх хэмжээ, борлуулалтын давтамжийн хугацаа зэргийг түлш үйлдвэрлэгч хариуцан зохион байгуулах;

2.2.4."Таван толгой түлш" ХХК-ийн "Хяналтын нэгдсэн төв" нь угаарын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын тайлан, мэдээг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт халаалтын улирлын 7 хоног тутам ирүүлэх;

2.2.5.Хууль бусаар тээвэрлэсэн, хэрэглэсэн түүхий нүүрсийг хурааж Амгалан дулааны станцад буулгах, сайжруулсан шахмал түлшийг заасан цэгт төвлөрүүлж, улсын орлого болгох ажлыг Цагдаагийн байгууллага зохион байгуулж, Мэргэжлийн хяналтын байгууллага зөрчилд тооцон арга хэмжээг ногдуулах;

2.2.6.Гэр хорооллын айл, өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшийг түгээх, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хяналт тавих;

2.2.7.Шахмал түлшнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сар тутам Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавих;

2.2.8.Энэхүү журмын 2.1.5-д заасан аян сургалт, сурталчилгааг хамтран зохион байгуулах;

 

Гурав. Нүүрс болон мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс) тээвэрлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох

3.1.Дараах эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгох, хүчингүй болгох асуудлыг зохион байгуулна:

3.1.1.Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй II, III, IV дүгээр цахилгаан станц, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцын эрчим хүчний хэрэглээг тооцож нүүрс тээвэрлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох асуудлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо зохион хариуцах;

3.1.2.Байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн технологийн зориулалтаар дулаан, уур үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж байгууллагын эрчим хүчний хэрэглээг тооцож мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс) тээвэрлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох асуудлыг ОББҮХ-ны шийдвэрийг үндэслэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зохион байгуулах;

3.1.3.Энэхүү журмын 3.1.1 болон 3.1.2-т заасан зөвшөөрөл олгох асуудлыг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх;

3.1.4.Эрх бүхий байгууллагын хяналт, шалгалтаар зөрчил илэрсэн тохиолдолд түүхий нүүрс болон мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс) тээвэрлэх, ашиглах зөвшөөрлийг хүчингүй болгох.

3.2.Мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс) тээвэрлэх зөвшөөрөл хүсэхэд дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

3.2.1.Байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн технологийн зориулалтаар дулаан, уур үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс) худалдан авах гэрээ;

3.2.2.Тээвэрлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ;

3.3.Мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс) тээвэрлэх зөвшөөрлийн бичигт дараах мэдээллийг тусгана.

  3.3.1.Эрхийн бичгийн хүчинтэй хугацаа;

3.3.2.Тээвэрлэх хэмжээ, тонн;

3.3.3.Тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, зориулалт, даац;

3.3.4.Тээвэрлэлтийн маршрут;

3.3.5.Уурхайн нэр;

3.3.6.Олборлогч аж ахуйн нэгжийн нэр, талбайн байршил;

3.3.7.Буулгах байршлын мэдээлэл;

3.3.8.Эрхийн бичиг олгосон байгууллагын мэдээлэл, огноо;

3.3.9.Замын хяналтын постын баталгаажуулалтын хэсэг;

Дөрөв. Хяналт тавих

4.1.Бүх шатны Засаг дарга, эрх бүхий улсын байцаагч, Мэргэжлийн хяналт, Цагдаагийн байгууллагын албан хаагчид  дараах хяналтыг  тавина. Үүнд:

4.1.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд стандартад нийцсэн ахуйн хэрэглээний зуух, бага чадлын дулаан үүсгүүр, сайжруулсан шахмал түлш хэрэглэгдэж байгаа эсэх;

4.1.2.Зөвшөөрөлгүй түүхий нүүрс хэрэглэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа эсэх;

4.1.3.Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын үнэ, хүргэлт, түгээлт, сайжруулсан түлш болон түүхий эдийн нөөц бүрдүүлэлт, түлш борлуулах үйл ажиллагааны зохих хуваарь, төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэх;

4.1.4.Улс, нийслэлийн төсөв болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зүгээс зохих хөнгөлөлттэй үнээр эсвэл үнэ төлбөргүй олгосон цахилгаан халаагуур, гэрийн дулаалга, хийн халаагуур, сайжруулсан зуух хэрэглэж буй айл өрхийг тухайн авсан бараа бүтээгдэхүүнээ хэрэглэж байгаа эсэх;

4.1.5.Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болон бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн түүхий нүүрс нэвтрүүлэх, шатаах, бусдад дамжуулах тээвэрлэх худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа эсэх;

4.1.6.Сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг түлш үйлдвэрлэгч хуулийн этгээдээс олгосон хяналтын картыг үндэслэн хийж байгаа эсэх;

Тав.тайлагнах

5.1.Энэ журмаар зохицуулагдах хуулийн этгээдүүд дор дурдсан хугацаанд холбогдох тайлан мэдээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлнэ.

 

5.1.1.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах эрх бүхий байгууллага хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайланг сар тутам;

5.1.2.Энэхүү журмын 3.1.2-т заасан зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийн тээвэрлэсэн, нөөцөлсөн, хэрэглэсэн нүүрсний мэдээллийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нэгтгэж сар тутам;

5.1.3.Сайжруулсан түлшний түүхий эдийн нийлүүлэлт, нөөцлөлт, үйлдвэрлэл болон түгээлт, борлуулалттай холбоотой мэдээллийг түлш үйлдвэрлэх эрх бүхий хуулийн этгээд 14 хоног тутам;

5.1.4.Сайжруулсан түлшний үйлдвэрлэхтэй холбоотой мэдээллийг үйлдвэрлэгч, сайжруулсан түлшний тээвэрлэлт, хэрэглээний талаарх мэдээллийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар тухай бүр;

 

Зургаа. Хүлээх хариуцлага

6.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай болон Эрүүгийн тухай хууль (Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг), төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага ногдуулна.

 

 

 

-о0о-