- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 9–ний
өдрийн 10 дугаар хуралдааны 04 дүгээр
тогтоолын нэгдүгээр хавсралт
ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ,
ТЭЭВЭРЛЭХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, СЭРГЭЭН АШИГЛАХ,
УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Энэхүү журмын зорилго нь Говьсүмбэр аймгийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагаас үүсэх энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, цэвэрлэх, ангилан ялгах, ангиллын дагуу цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэхүү журмыг аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч байгаа оршин суугч иргэд, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, малчин өрх, түр оршин суугч иргэд, дамжин өнгөрч буй болон харьяалалгүй этгээд нийтээр дагаж мөрдөнө.
1.3.Журмын хэрэгжилтийг сумдын Засаг дарга нар хариуцан зохион байгуулж ажиллана.
1.4.Энэхүү журмаар аюултай хог хаягдалтай холбогдох харилцааг зохицуулахгүй.
1.5.Журмаар зохицуулагдаагүй харилцааг "Хог хаягдлын тухай" хууль тогтоомжийг удирдлага болгон зохицуулна. Хуульд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд журамд зохих нэмэлт өөрчлөлтийг оруулна.
ХОЁР. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТЭД
ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЧИГ ҮҮРЭГ
2.1.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг:
2.1.1.Нутаг дэвсгэрийн хэмжээнд журмын хэрэгжилтэд хяналт тавих.
2.2.Аймгийн Засаг даргын чиг үүрэг:
2.2.1.Журмын хэрэгжилтийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө хариуцаж тайлагнах.
2.2.2.Журмын хэрэгжилтийг хангуулахад удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө санхүү, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх /аймгийн хэмжээнд хог хаягдлын боловсрол олгох, зөв дадал хэвшүүлэх зорилгоор сургалт, нөлөөллийн ажил явуулах/
2.2.3.Энгийн хог хаягдлыг устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх байгууллагад зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах.
2.2.4.Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, сайжруулах саналыг боловсруулж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах, шийдвэрлүүлэх
2.3.Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүрэг:
2.3.1.Нутаг дэвсгэртээ журмын хэрэгжилтийг хангуулах.
2.3.2.Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах, булшлахад шаардагдах төсвийн дэмжлэг үзүүлэх.
2.4.Сумын Засаг даргын чиг үүрэг:
2.4.1.Журмыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах.
2.4.2.Сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хог хаягдлын талаар боловсрол олгох, зөв дадал хэвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг 2.2.3-д заасан аргачлалын дагуу улирал бүр тогтмол зохион байгуулах.
2.4.3.Энгийн хог хаягдлыг ангилан цэвэрлэх, ангиллын дагуу цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан, үйл ажиллагаанд нь тогтмол хяналт тавьж ажиллах.
2.4.4.Нутаг дэвсгэртээ хамаарах олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто замын байгууламж болон авто зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах.
2.4.5.Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлүүлэх, аж ахуйн нэгж байгууллагад хуваарь гаргаж хариуцуулах.
2.4.6.Нийтийн эдэлбэр газарт хог хаягдлын ангилалтай сав хүртээмжтэй тоогоор байршуулах.
2.4.7.Дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой хаягдал буюу дахивар нөөцийг худалдан авах, түр хадгалах цэгийн зөвшөөрөл олгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, дэмжлэг үзүүлэх
2.4.8.Хог хаягдлын тухай хууль тогтоомж, журмын хэрэгжилтэд хяналт тавих хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулах. Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн урамшууллыг жил бүрийн төсөвт тусгаж батлуулах, ажлын үр дүнгээр захиран зарцуулах.
2.5.Багийн Засаг даргын чиг үүрэг:
2.5.1.Энэхүү журмыг нутаг дэвсгэртээ оршин суугаа иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад таниулах, сурталчлах, хэрэгжүүлэх.
2.5.2.Багийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг сумаас зохион байгуулах хог хаягдлын талаар боловсрол олгох, зөв дадал хэвшүүлэх сургалт, нөлөөллийн ажилд бүрэн хамруулах.
2.5.3.Хог хаягдлыг эх үүсвэрт нь бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах санал санаачилга гаргах, зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бус иргэдийн бүлэг байгуулж ажиллуулах.
2.5.4.Хог хаягдлын олон нийтийн байцаагчийн ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах.
2.5.5.Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд хог хаягдлаа эх үүсвэрт нь ангилах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, бүртгэл хөтлөх.
2.5.6.Хог хаягдлыг ангиллын дагуу ачиж цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавих.
2.5.7.Нийтийг хамарсан цэвэрлэгээнд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг бүрэн оролцуулах.
2.6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын чиг үүрэг:
2.6.1.Хог хаягдлын талаар боловсрол олгох, зөв дадал хэвшүүлэх сургалтад хамрагдах.
2.6.2.Энэхүү журмын 5.2-д заасны дагуу энгийн хог хаягдлаа эх үүсвэр дээр нь ангилан ялгаж, ангиллын дагуу хуваарьт өдрөө тээвэрлүүлэх.
2.6.3.Нийтийг хамарсан их цэвэрлэгээнд идэвх санаачилгатай оролцох;
2.6.4.Өөрийн үйл ажиллагаа, амьдралын хэв маягт хүрээлэн буй орчинд ээлтэй, хаягдал багатай технологи, хэвшлийг бий болгох, дадал хэвшүүлэх;
2.6.5.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг заасан хугацаанд ньтөлөх.
2.6.6.Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглээнээс үүсэх эм, тарианы үлдэгдэл, хуруу зай зэрэг ахуйн аюултай хог хаягдлыг энгийн хог хаягдалтай хамт ангилж, хаяж болохгүй.
2.6.7.Хуванцар сав суулга, түүний түүхий эд, нийлэг уут, түүний түүхий эд, шилэн лонх сав, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн дугуй зэрэг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, импортлогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах үйл ажиллагааг хариуцна.
2.6.8.Дахин боловсруулсан, сэргээн ашигласан бүтээгдэхүүн худалдан авах замаар ногоон худалдан авалтыг дэмжинэ.
2.7.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах эрх бүхий иргэн аж ахуйн нэгж, байгууллагын чиг үүрэг:
2.7.1.Үйл ажиллагаандаа холбогдох хууль, тогтоомж, стандартыг мөрдөж, иргэдийн санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх.
2.7.2.Үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх.
2.7.3.Үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, ангилан ялгасан, цуглуулсан, тээвэрлэсэн, дахин боловсруулсан бүтээгдэхүүний тоо бүртгэл хөтлөх, мэдээ тайланг хуулийн хугацаанд нь сумын ЗДТГ-т хүргүүлэх.
2.7.4.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй, хүрээлэн буй орчныг бохирдуулахгүй, бусдын хууль ёсны эрх ашиг, өмч хөрөнгө, өмчлөх эрхэд зөвшөөрөлгүйгээр халдахгүй, хохирол учруулахгүйгээр үйл ажиллагаа явуулах.
ГУРАВ. ХОГ ХАЯГДЛЫГ ЭХ ҮҮСВЭР ДЭЭР НЬ БУУРУУЛАХ
3.1.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдал бага үүсгэдэг, үр ашигтай, удаан хугацаанд ашиглах боломжтой бүтээгдэхүүн импортлох, сонгон хэрэглэх.
3.2.Үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь хог хаягдалгүй эсхүл хамгийн бага хэмжээгээр үүсгэдэг технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэж хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулна.
ДӨРӨВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ
4.1.Нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээг сумын Засаг даргатай гэрээ байгуулсан эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэнэ.
4.2.Нийтийн эдэлбэр газарт дараах газрыг /олон улс, улс, орон нутгийн чанартай авто зам замын байгууламж, гүүр, явган хүний зам, ногоон байгууламж, хайс, хашлага, гудамж, цэцэрлэгт хүрээлэн, зорчих хэсгийн тусгаарлах зурвас, талбай, хөшөө баримал, түүхийн дурсгалт газар г.м/ хамруулна.
4.3.Нийтийг хамарсан цэвэрлэгээ зохион байгуулах:
4.3.1.Сум, багийн Засаг даргын захирамжаар нийтийг хамарсан цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулна.
4.3.2.Аж ахуйн нэгж, байгууллага бүр орчныхоо 50 метр талбайн хог хаягдал, цас мөсийг тогтмол цэвэрлэнэ. Өөрийн эзэмшил газар, байргүй аж ахуйн нэгж байгууллагад сумаас талбай хуваарилан хариуцуулна.
4.3.3.Айл өрх бүр хашаа, байрны дотор, гадна орчныхоо талбайг цэвэрлэж, хогоо ачуулж, гудамж талбайн өнгө үзэмжийг сайжруулан засварлана.
4.3.4.Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усан сан бүхий газар, түүхийн дурсгалт газар, хөшөө дурсгалын газрын цэвэрлэгээг хариуцан цэвэрлэх үүрэгтэй.
4.4.Нийтийг хамарсан цэвэрлэгээнд тавигдах шаардлага:
4.4.1.Нийтийг хамарсан цэвэрлэгээ зохион байгуулахдаа хог хаягдлыг ангилж цэвэрлэнэ. Цэвэрлэгээний явцад гарсан дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой хаягдал буюу дахивар нөөцийг дахивар нөөц хүлээн авах төвд шилжүүлнэ. Бусад хаягдлыг тусгайлсан уутанд тусад нь хийж хог хаягдлын төвлөрсөн цэгт хүргэнэ.
4.4.2.Цэвэрлэгээний явцад хуримтлагдсан хог хаягдлыг ил задгай овоолж орхих, шатааж болохгүй.
4.4.3.Нийтийг хамарсан цэвэрлэгээнд оролцогч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагаа өөрсдөө хангасан байна.
4.4.4.Хог хаягдал тээвэрлэхдээ зориулалтын машин техник ашиглах эсвэл салхинд хийсэх, унахаас хамгаалсан хамгаалалттай байна.
ТАВ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ
5.1."Хог хаягдлыг ангилах" гэж хог хаягдлыг дахин ашиглах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, шатаах, устгах, булшлах зорилгоор төрөлжүүлэн ялгахыг ойлгоно.
5.2.Энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь дараах байдлаар ангилна.
5.2.1.Орон сууцны айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлыг хамгийн багадаа дараах төрлөөр ангилна.
а. Дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой хаягдал буюу дахивар нөөц.
б. Дахин ашиглах, дахин боловсруулах боломжгүй бусад хаягдал
в. Органик гаралтай хүнсний хаягдал
5.2.2.Малчин болон нэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага энгийн хог хаягдлыг хамгийн багадаа дараах төрлөөр ангилна.
a. Дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой хаягдал буюу дахивар нөөц.
б. Дахин ашиглах, дахин боловсруулах боломжгүй бусад хаягдал
в. Органик гаралтай хүнсний хаягдал, малын өтөг бууц
г. Үнс
д. малын сэг зэм
5.3.Дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой хаягдал буюу дахивар нөөцөд дараах нэр төрлийн хаягдлыг хамруулна. Үүнд:
а. Ус, ундааны хуванцар сав /РЕТ/
б. HDPE, LDPE төрлийн зөөлөн хуванцар
в. Бүх төрлийн зөөлөн гялгар уутны хаягдал
г. Цаас, бор картон хайрцаг
д. Шил
е. Хөнгөн цагаан лааз
ё. Хар болон өнгөт металл
5.4.Хог хаягдлын төрлийг дараах нийтлэг өнгөөр илэрхийлнэ. Үүнд :
а. Хуванцар, гялгар уут – Ногоон
б. Цаас, бор картон хайрцаг – Цэнхэр
в. Шил – Цагаан
г. Хөнгөн цагаан лааз, металл хаягдал – Улбар шар
д. Органик гаралтай хүнсний хаягдал – Бор
е. Бусад хог хаягдал – Хар
ё. Ахуйн аюултай хаягдал - Шар
5.5.Журмын 5.2, 5.3-д заасан энгийн хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах нэр төрлийг дахин боловсруулах үйлдвэрүүдийн боловсруулах боломжтой дахивар нөөцийн хэрэгцээ, нэр төрлийн өөрчлөлтөөс хамаарч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд өөрсдийн санаачилгаар нэмэгдүүлж болно.
5.6.Дахивар нөөц худалдан авах, түр хадгалах цэг нь орчны эрүүл, аюулгүй байдлыг хангасан, дахивар нөөцийг эмх цэгцтэй хурааж, хадгалах талбай, саравчтай, овор хэмжээг нь нягтруулж, багасгах тоног төхөөрөмжтэй байна.
5.7.Нийтийн эдэлбэр газарт байршуулах хог хаягдлыг ангилж хийх сав нь хийсэн хог хаягдлыг авахад хялбар шийдэлтэй байна.
5.8.Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлыг ангилан, түр хадгалах хогийн сав дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
5.8.1.Ангилан ялгах хог хаягдлын төрлөөр хогийн савыг өнгөөр ялгасан, эсвэл ангилан ялгах зориулалтын тэмдэг, тэмдэглэгээтэй байна.
5.8.2.Гэр хорооллын айл өрх хашаандаа, аж ахуйн нэгж, байгууллага гадна талбайдаа хэрэглээний шаардлага хангасан хогийн сав заавал байрлуулна.
5.8.3.Хогийн сав нь өнгө үзэмжтэй, цоорч гэмтээгүй, салхиар тархахгүй, шингэн нэвчихгүй, угааж цэвэрлэхэд хялбар, тагтай, хуванцар эсвэл металл материалаар хийгдсэн байна.
5.8.4.Хог хаягдал ангилан түр хадгалах сав байршуулах талбайн хөрсийг тэгшлэн нягтаршуулсан, цементэлсэн, эсвэл хөрсний бохирдлоос сэргийлэн зориулалтын хавтан, дэвссэн байна.
5.8.5.Хогийн сав эзэмшигч, өмчлөгч, ашиглагч нь дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд хоёр сард нэг удаа ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ.
5.8.6.Хог хаягдлыг ангилан түр хадгалах савыг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, авто машины хөдөлгөөнд саад учруулахгүй газар, салхины доод талд, гэр байшин, хүнс үйлдвэрлэх, хадгалах газар, хүүхдийн тоглоомын талбайгаас аюулгүй зайд байршуулах ба тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх зай талбайтай байна.
ЗУРГАА. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ
6.1.Сумын нутаг дэвсгэрт айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулахдаа тендерийн баримт бичигт энэ журмын 6.5-д заасан шаардлага ба хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх байгууллагын сар бүрийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тусгана.
6.2."Сумын нутаг дэвсгэрт хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний гэрээ"-г сумын Засаг дарга, Хог хаягдлын үйлчилгээний байгууллага хамтран байгуулна.
6.3.Гэрээгээр хүлээсэн үүргээ аль нэг тал зөрчсөн бол гэрээг нэг талын санаачилгаар хэдийд ч цуцалж болно.
6.4.Гэрээний хэрэгжилтэд тавих хөндлөнгийн хяналтыг байгаль орчныг хамгаалах болон хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, нийгмийн идэвх, хариуцлага сайтай иргэнээр гүйцэтгүүлж болох ба гэрээнд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт тавьж, улирал бүр ажлын гүйцэтгэлд нь үнэлгээ өгнө.
6.5.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
6.5.1.Орон сууцны хороолол, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх тохиолдолд хог хаягдал ачиж тээвэрлэх өөрийн эзэмшлийн тусгай зориулалтын авто машинтай байх.
6.5.2.Гэр хорооллын хог хаягдал, үнс тээвэрлэх үйлчилгээ эрхлэх тохиолдолд хог ачиж тээвэрлэх зориулалттай задгай тэвштэй, өөрөө буулгагч төхөөрөмжтэй өөрийн эзэмшлийн авто машинтай байх.
6.5.3.Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд ажиллах автомашин агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор автомашины түлш, яндангийн системд тусгай зориулалтын шүүлтүүр, тоног төхөөрөмж суурилуулсан байх.
6.5.4.Хог тээврийн зориулалттай ангилсан хог хаягдлыг тээвэрлэх машин болон үнс тээвэрлэх бол задгай тэвштэй хог тээврийн тоноглож бэлтгэсэн автомашинтай байх;
6.6.Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
6.6.1.Энгийн хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийн хуваарь, статистик тоо, мэдээ, хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого, түүний зарцуулалт, маршрут, хүний нөөц, машин техник, тоног төхөөрөмжийн мэдээлэл, хог хаягдлын талаарх хууль, эрх зүйн мэдээлэл, иргэдэд чиглэсэн хог хаягдлын боловсрол олгох сурталчилгааны мэдээлэл бүхий байгууллагын цахим хуудсыг ажиллуулна.
6.6.2.Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хог ачиж тээвэрлэх хуваарийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
6.6.3.Хог ачих өдөр, хогоо гаргах цагийн хуваарийг мөрдүүлэх, хэвшүүлэх үйл ажиллагааг тухайн багийн Засаг даргатай хамтран зохион байгуулна.
6.6.4.Энгийн хог хаягдлыг ангиллын дагуу, холихгүйгээр тусад нь цуглуулж, тээвэрлэнэ.
6.6.5.Цуглуулж, тээвэрлэсэн энгийн хог хаягдлын төрөл, эх үүсвэр, тоо хэмжээний талаарх тайлан мэдээг баталсан тайлангийн маягтын дагуу гаргаж, дараа сар бүрийн 20-ны өдрийн дотор сумын Засаг даргад хүргүүлнэ.
6.6.6.Монгол Улсын болон олон улсын хог хаягдал цуглуулж, тээвэрлэх норм, стандарт, шаардлагыг мөрдөж ажиллана.
6.6.7.Хог хаягдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг баримтлан ажиллахаас гадна олон улсын болон үндэсний стандартыг дагаж мөрдөнө.
6.6.8.Энгийн хог хаягдлыг авто машины даац, тэвшний өндөрт тохируулан ачиж, битүүмжлэн тээвэрлэх ба тээвэрлэлтийн явцад хог хаягдал хийсэх, тархах, асгарахаас сэргийлэх арга хэмжээ авна.
6.6.9.Хог ачиж цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд мэдээллийн технологи, шинэ инновацыг нэвтрүүлж ажиллахыг эрмэлзэнэ.
6.7.Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт хог хаягдал ачиж, цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаанд дараах шаардлагыг баримтална. Үүнд:
6.7.1.Айл өрх, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг хугацаа бага зарцуулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, жолооч, ачигчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах байдлаар ачиж, цуглуулах арга, хэлбэр, технологийг сонгох бөгөөд хог хаягдал ачих, цуглуулах, ангилах төрлөөс шалтгаалан зориулалтын уут, савыг ашиглана.
6.7.2.Энгийн хог хаягдлыг ачиж, цуглуулах үед ууталсан хог хаягдлыг уутнаас задлахгүйгээр, хог хаягдлыг ил задгай тархааж хийсгэхгүйгээр ачиж тээвэрлэх ба хүрээлэн буй орчин, хөрсийг бохирдуулахгүй байх арга хэмжээ авна..
6.7.3.Хог хаягдал цуглуулж, тээвэрлэх үйлчилгээг жолоочийн хариуцлагын даатгал, авто тээврийн хэрэгслийн даатгал, үзлэг оношилгоонд бүрэн хамруулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автомашинаар гүйцэтгэнэ.
6.7.4.Энгийн хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйлчилгээг тухайн сумын нэр, байгууллагын лого, бүртгэлийн дугаар бүхий харагдахуйц таних тэмдэгтэй авто машинаар гүйцэтгэнэ.
6.7.5.Хог хаягдал цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага тээвэрлэж байгаа хог хаягдлын төрөл ангиллаас хамааран хог дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагатай хог хаягдал нийлүүлэх гэрээ байгуулж ажиллана.
ДОЛОО. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ,
СЭРГЭЭН АШИГЛАХ
7.1.Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагааг Хог хаягдлын тухайн хуулийн 9.3.2 дахь хэсэгт заасан зөвшөөрөл авсан, 8.1.9.б-д заасны дагуу бүртгүүлсэн хуулийн этгээд гүйцэтгэнэ.
7.2.Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч Хог хаягдлын тухай хуулийн 8.1.3-д заасны дагуу дахин боловсруулсан болон сэргээн ашигласан хог хаягдлын мэдээ тайланг тогтсон хугацаанд тухайн сумын байгаль орчны улсын байцаагч нарт мэдээлнэ.
7.3.Энгийн хог хаягдлыг дахин боловсруулах
7.3.1.Дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэгч нь түүхий эд болох дахивар нөөцийг өөрөө болон эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагаар дамжуулан цуглуулж болно.
7.3.2.Энгийн хог хаягдал дахин боловсруулах, сэргээн ашиглах үйл ажиллагаа эрхлэгч нь дахивар нөөцийг төрөлжүүлэн цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг сумын Засаг даргатай гэрээ байгуулж, зөвшөөрөл авч гүйцэтгэнэ..
7.4.Энгийн хог хаягдлыг сэргээн ашиглах.
7.4.1.Хог хаягдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн,байгаль орчинд халгүй арга технологиор, зориулалтын байгууламж, тоног төхөөрөмж ашиглан, зөвшөөрөгдсөн газарт шатааж эрчим хүч /цахилгаан, дулаан, халуун ус/ үйлдвэрлэнэ.
7.4.2.Хог хаягдлыг сэргээн ашиглах технологи нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, ашигласан бүтээгдэхүүн нь хүн, мал, амьтан, ургамалд хор хөнөөлгүй байна.
7.5.Дахивар нөөц худалдан авах, түр хадгалах цэг ажиллуулах.
7.5.1.Дахивар нөөц худалдан авах, түр хадгалах цэг болон явуулын цэг ажиллуулах зөвшөөрлийг сумын Засаг дарга олгоно.
7.5.2.Дахивар нөөц худалдан авах, түр хадгалах цэгийг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, авто машины хөдөлгөөнд саад учруулахуйц газар байгуулж болохгүй.
7.5.3.Гэр хороололд дахивар хог хаягдлыг худалдаж авах цэгийг гудамжны эхэнд болон төгсгөлд гал түймэр, үер усны аюулгүй газарт байгуулна. Харин орон сууцны хороололд дахивар нөөцийг цуглуулах явуулын цэгийн үйлчилгээг нийтэд хүртээмжтэй байхаар зохион байгуулна
7.5.4.Дахивар нөөц худалдан авах, түр хадгалах цэгийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн болон байгаль орчны хяналтын байцаагч, тухайн сумын Засаг даргын Тамгын газар, багийн Засаг дарга хяналт тавина.
7.5.5.Дахивар нөөцийн цэг эрхлэгч нь цуглуулсан дахивар нөөцийн нэр төрөл, тоо хэмжээг сумын Засаг даргын тамгын газарт хагас бүтэн жилээр тайлагнана.
НАЙМ. ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ УСТГАХ, БУЛШЛАХ
8.1.Энгийн хог хаягдал устгах булшлах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах боломжгүй хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга технологиор устгаж булшилна.
8.2.Энгийн хог хаягдлыг устгахад дараах арга, технологийг ашиглана. Үүнд:
8.2.1.Химийн аргаар зарим төрлийн хог хаягдлыг урвалд оруулж, боловсруулж устгах.
8.2.2.Биологийн аргаар байгальд ээлтэй нөхцөлөөр боловсруулж устгах.
8.2.3.Зориулалтын байгууламжид хог хаягдлыг шатаах.
8.2.4.Хог хаягдлыг халдваргүйжүүлж, байгаль экологи, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй болгож устгах.
8.3.Энгийн хог хаягдлыг булшлах
8.3.1.Хог хаягдлын төвлөрсөн цэгт эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлыг зориулалтын тоног төхөөрөмжөөр ландфилль аргаар газарт булшлах.
8.3.2.Сумдын хог хаягдлын төвлөрсөн цэг, цэгийн үйл ажиллагаа нь "Хог хаягдлын тухай" хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
ЕС. ХЯНАЛТ ТАВИХ
9.1.Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмын хэрэгжилтэд бүх шатны Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, хяналтын улсын байцаагч, цагдаа, хог хаягдлын олон нийтийн байцаагч болон хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан хяналт тавина.
АРАВ. ХАРИУЦЛАГА
10.2.Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
АРВАН НЭГ. УРАМШУУЛАЛ
11.1.Хог хаягдлыг анхан шатанд ангилан, ялгаж хэвшсэн, хог хаягдлыг дахин ашиглах шинэ санал санаачилгыг гаргасан, мөн хоёрдогч түүхий эдийг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулахад бусдад үлгэр дуурайл болсон айл өрх, иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, олон нийтэд сурталчлан, бүх талаар дэмжиж ажиллана.
11.2.Дээрх дэмжлэг, урамшууллын арга хэмжээг тухайн иргэн аж ахуйн нэгжийн хүсэлт, багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна.
11.3.Урамшууллын механизмыг хэрэгжүүлэхдээ Монгол улсын Засгийн газрын 2015 оны 263 дугаар тогтоол /Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журам/-ыг мөрдлөг болгоно.
Текст томруулах
A
A
A