- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2023 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 65 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2023 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахал, геополитикийн асуудлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулж, тогтвортой байдлыг хамгаалахад мөнгө, санхүүгийн болон макро зохистой бодлогын арга хэмжээг чиглүүлнэ.
1.Мөнгөний болон макро зохистой бодлогын хүрээнд:
1.1.Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2023 онд нэг оронтой тоонд, дунд хугацаанд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ.
1.2.Санхүүгийн системд хуримтлагдаж болзошгүй эрсдэлийн шинжилгээ, мониторингийг сайжруулан, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогын арга хэмжээг тухай бүрд авч хэрэгжүүлнэ.
1.3.Төв банк олон нийттэй харилцах харилцаандаа ил тод байдлын зарчим баримталж, олон улсын сайн туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн хөгжүүлж, ашиглана.
2.Банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд:
2.1.Банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгсэл, үнэлгээний аргачлалыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх бодлого, арга хэмжээг үргэлжлүүлнэ.
2.2.Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэх хүрээнд банкны салбарын макро стресс тестийн аргачлалыг боловсронгуй болгож, системийн болон тухайлсан банкны эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлнэ.
2.3.Банкны салбарын зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийн үр дүнтэй байдлыг сайжруулах, харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлнэ.
3.Санхүүгийн захын дэд бүтэц, түүний институцийг бэхжүүлэх хүрээнд:
3.1.Дотоод, гадаад төлбөр тооцоо хэвийн үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний төлбөрийн системийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, төлбөрийн хэрэгслийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, олон улсын зарчмын дагуу төлбөрийн системийн хяналтыг хэрэгжүүлнэ.
3.2.Иргэд болон бичил, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүү, эдийн засгийн суурь мэдлэг олгох ажлыг үргэлжлүүлнэ.
3.3.Монголбанкны бодлого, үйл ажиллагаанд их өгөгдлийг ашиглах бэлтгэл ажлын хүрээнд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн үе шаттай хөгжүүлнэ.
3.4.Монгол Улсын гүйлгээнд хүчин төгөлдөр ашиглаж байгаа мөнгөн тэмдэгтийн эдийн засгийн үр ашиг бүхий зохистой бүтцийг судалж, танилцуулна.
---оОо---
Текст томруулах
A
A
A