- Нүүр
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 71 дүгээр зарлиг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай

1
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
1997 оны 7 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 06
Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 71 дүгээр зарлиг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү дүгнэлтийг 1997 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 13.00 цагт төрийн ордны 251 тоот өрөөнд үйлдэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Ж.Бямбажав даргалж, гишүүн Л.Баасан /илтгэгч/, С.Жанцан, Ж.Бямбаа, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв.
Цэцийн хуралдаанд гомдол гаргагч, иргэн Ё.Найгал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл нар оролцов.
Нэг. Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Эрдэнэзуу музейн захирал Ёндонгийн Найгал Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 71 дүгээр зарлиг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэтрүүлэг гарчээ.
Төрийн өмчийн тухай Монгол Улсын хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн зориулалттай өмчид Хархорин суманд буй Эрдэнэзуу музей багтдаг ба энэхүү өмчийг ашиглах, захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал эдэлдэг байна. Гэтэл Эрдэнэзуу музейг шашны байгууллагын өмчид шилжүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган шийдвэрлэжээ.
Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар бүлгийн 9 дүгээр зүйлийн 3-т төрийн өмчид байгаа түүх соёлын дурсгалт зүйлийг язгуур зориулалтаар ашиглахыг хоригложээ. Энэхүү заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг зөрчсөн байна. Эдгээр байдлуудыг хянан үзэхийг хүсье. Монгол улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд бид бүхэн Үндсэн хуулиа хүндэтгэх ёстой." гэжээ.
Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Моломын Алтангэрэл бичгээр ирүүлсэн тайлбартаа: "Монгол улсын Ерөнхийлөгч 1997 оны 71 дүгээр зарлиг гарган Хархорин дахь Эрдэнэзуу музейг шашны нийтийн өмчлөлд шилжүүлэх асуудлыг чиглэл болго шийдвэрлэсэн нь:
1.Эрдэнэзуу хийдийн тэргүүн хамба Намхайжамц нарын хүмүүс гарын үсэг зурсан хүсэлт, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Батмөнх, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Батчулуун, Гандантэгчилэн хийдийн хамба лам Чойжамц, Монгол сүсэгтний холбоо, Монгол улсын шашинтны ардчилан нам зэрэг төрийн ба төрийн бус байгууллага, албан тушаалтны хүсэлт, санал хүсэлт;
2.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4-т буй "Ерөнхийлөгчийн тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно." гэсэн заалт, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн "ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулна." гэсэн заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т "Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэнд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно." гэсэн заалт, Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т буй "... Эртний хэрэм, цайз, ... сүм дуган, хийд ... байшин барилга зэрэг уран барилгын дурсгалыг ... түүх соёлын дурсгалт зүйлд хамааруулах" тухай заалт;
Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 4-т буй сүм хийд, шашин номын ажиллагаа эрхлэн явуулахад нь шаардлагатай музей, номын сан дахь түүх соёлын дурсгалт зүйлийг Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд заасны дагуу хэрэглэх асуудлыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын санал болгосноор Засгийн газар шийдвэрлэнэ" гэсэн заалт;
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т буй "... түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал төрийн нийтийн зориулалттай өмчид хамаарна" гэсэн заалт; Мөн зүйлийн 4-т буй "төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн, бусад өмчийн хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулж болно.", мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1-д буй "төрийн өмчийн эд хөрөнгийг ... хуулиар зөвшөөрсөн бол үнэ төлбөргүйгээр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно.", мөн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т буй "төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээдийн эрх хэмжээнд хамаарснаас бусад хөдлөх хөрөнгийг Засгийн газрын шийдвэрээр ... шилжүүлж болно." гэсэн заалтуудыг тус тус үндэслэсэн болно.
Хууль тогтоомжийн эдгээр заалтуудыг үндэслэл болгон Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигаар Эрдэнэзуу музейг "орон барилга" бусад холбогдох сан хөмрөгийнх нь хамт шашны нийтийн өмчид шилжүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгосон учир Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Харин Засгийн газар энэ чиглэлийг хүлээн аваад хууль зүйн дагуу хэрхэн шийдвэрлэх нь түүний бүрэн эрхийн асуудал билээ." гэжээ.
Гурав. Гомдол гаргагч иргэн Ё.Найгал Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцож тайлбарлахдаа "Эрдэнэзуу музей бол цогцолбороороо түүх соёлын дурсгалт зүйлд багтах төрийн нийтийн зориулалттай өмч болно. Энэхүү өмчийг захиран зарцуулах эрхийг Улсын Их Хурал эдэлдэг. Гэтэл энэ эрхийг Монгол Улсын Ерөнхийлөгч эдэлсэн тул түүнийг Үндсэн хуулийг зөрчиж эрхээ хэрэгжүүлсэн гэж гомдол гаргасан. Үүнээ дэмжих болно." гэв.
Дөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэлээс: "Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол улсын хуульд зааж олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу Засгийн газарт чиглэл өгч зарлиг гаргасан. Энэхүү зарлиг гаргах үед Засгийн газар хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн учир Ерөнхий сайд чиглэл өгсөн зарлигт гарын үсэг зурсан байна." гэв.
ХЯНАВАЛ:
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1997 оны 4 дүгээр сарын 30-нд зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах тухай 71 дүгээр зарлиг гарган Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Эрдэнэзуу музейг шашны байгууллагын нийтийн өмчлөлд шилжүүлсэн нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд шууд хамаарагдаагүй, өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын эрх мэдлийн төрийн нийтийн өмчийн асуудлыг шийдвэрлэсэн;
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг Үндсэн хуулийн Гучин гжравдугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх агуулгаас хальж зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах, төрийн нийтийн өмчийг захиран зарцуулах утгаар гарсан;
3.Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг Монгол Улсын Засгийн газар албан ёсоор хүлээн авч шийдвэрлээгүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 71 дүгээр зарлиг гарснаас үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 5 дугаар зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 3 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.
Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т буй "ард түмний эв нэгдэл, үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцүүлэн төр, сүм хийдийн болон шашин хоорондын харилцааг Монгол Улсын Ерөнхийлөгч зохицуулна." гэсэн заалтыг төрийн өмчийн эд зүйлсийг захиран зарцуулах үйл ажиллагаатай холбон үзэх үндэслэлгүй байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуулийн 32, 33 дугаар зүйлийг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Зарим сүм хийдийг сэргээн ажиллуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 71 дүгээр зарлиг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийг зөрчсөн;
2.Энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг Үндсэн хуулийн цэцэд Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай Монгол Улсын хуульд заасан хугацаанд ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГА Ж.БЯМБАЖАВ
ГИШҮҮН
Л.БААСАН
Ж.БЯМБАА
С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ
Текст томруулах
A
A
A
