A

A

A

Бүлэг: 1979

    

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 12 сарын 09-ний өдрийн А/351дугаар тушаалын хавсралт

 

 

                 ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэхүү журмаар Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хууль зүйн туслалцааг хүнд үнэ төлбөргүй үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулна.

 

1.2.Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 2 дугаар зүйлд заасан хууль тогтоомж болон Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм, энэхүү журмыг удирдлага болгоно.

 

Хоёр. Хууль зүйн зөвлөгөө өгөх

 

2.1.Хууль зүйн зөвлөгөөг Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хэлбэрээр өгнө.  

          

2.2.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан хууль зүйн зөвлөгөөг төлбөрийн чадвартай эсэхээс үл хамааран бүх хүнд үнэ төлбөргүй үзүүлэх ба мөн зүйлийн 5.2.2-д заасан хууль зүйн зөвлөгөөг зөвхөн төлбөрийн чадваргүй хүнд үнэ төлбөргүй үзүүлнэ.

 

2.3.Хууль зүйн зөвлөгөөг өгч байгаа хэлбэрээс нь үл хамааран Хууль зүйн туслалцааны төвийн  /цаашид "Төв" гэх/ болон салбарын ажилтан, улсын өмгөөлөгч нь хүнтэй /цаашид "үйлчлүүлэгч" гэх/ хүндэтгэлтэй харилцаж, тавьсан асуултад тодорхой хариулт өгч,  үйлчлүүлэгчид ойлгомжтойгоор тайлбарлаж, шаардлагатай тохиолдолд бичиж өгнө.

 

2.4.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан хууль зүйн зөвлөгөөг улсын өмгөөлөгч дараах тохиолдолд биечлэн өгнө:

 

               2.4.1.үйлчлүүлэгч Төв болон салбарт өөрийн биеэр ирсэн;

               2.4.2.үйлчлүүлэгч өөрийн биеэр ирэх боломжгүй хүндэтгэх шалтгааны улмаас үйлчлүүлэгчийн байгаа газарт очиж үзүүлэх.

2.5.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасан хууль зүйн зөвлөгөөг улсын өмгөөлөгч info@lac.gov.mn цахим шууданд ирүүлсэн болон суурин утсаар асуусан хууль зүйн зөвлөгөө авах тухай хүсэлтийн дагуу өгнө.

2.6.Цахим шууданд ирүүлсэн хууль зүйн зөвлөгөө авах тухай хүсэлтийн дагуу улсын өмгөөлөгч зохих зөвлөгөөг цахимаар ирүүлсэн хаягаар буцаан хүргүүлнэ.  

2.7.Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичиг /өргөдөл, гомдол, хүсэлт, нэхэмжлэл, тайлбар/-ийн эх боловсруулахдаа холбогдох Монгол Улсын хууль, олон улсын гэрээ болон холбогдох бусад эрх зүйн актыг удирдлага болгон тавигдах шаардлага, бүрдүүлбэрийг бүрэн хангасан байна.

 

Гурав.Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

3.1.Өмгөөллийн үйлчилгээг Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан үйлчлүүлэгчид үнэ төлбөргүй үзүүлнэ

3.2.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6.1.6-д заасан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд өмгөөллийн үйлчилгээ авах бол Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон бусад холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэнэ.

3.3.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 6.6-д заасан үйлчлүүлэгчид өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхдээ нийгмийн хамгааллын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбогдох хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр, дүрэм, журмыг баримтална.

Дөрөв.Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх

4.1.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан эрх зүйн мэдээлэл, сурталчилгаа хийхдээ хууль тогтоомжид харшлахгүй дараах хэлбэрээр зохион байгуулна:

4.1.1.зар сурталчилгаа, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр /Телевиз, радио, сонин, сэтгүүл/;

 4.1.2.олон нийтийн цахим сүлжээ /Фейсбүүк, Твиттер, Ютүб гэх мэт сайтууд, блог, подкаст, мессенжер чатбот/

 4.1.3.хялбаршуулсан гарын авлага, эвхмэл хуудас түгээх;

4.1.4.Төвийн болон хамтран ажилладаг байгууллагуудын албан ёсны цахим хуудсаар;

4.1.5.бусад.

4.2.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан сургалтыг улсын өмгөөлөгчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэшүүлэх, зорилгоор хуульд харшлахгүй дараах хэлбэрээр зохион байгуулна:

4.2.1.хуульчийн үргэлжилсэн болон мэргэшүүлэх сургалт;

4.2.2.олон улсын болон төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран улсын өмгөөлөгчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх бусад сургалт;

4.3.Эрх зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа нь судалгаа, шинжилгээнд суурилсан байх бөгөөд  хүртээмжтэй, ойлгомжтой, энгийн арга хэлбэрээр зохион байгуулна.

4.4.Хууль зүйн туслалцаа үзүүлэх байгууллагын үйл ажиллагаанд хийсэн судалгааны дүн мэдээ болон холбогдох бусад мэдээ, мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудсаар олон нийтэд ил ил тод нээлттэй мэдээлнэ.

4.5.Төв нь аливаа сурталчилгаа хийхдээ Зар сурталчилгааны тухай хуулийн Зар сурталчилгааны тухай хуулийн 6, 7, 8 дугаар зүйлид заасан шаардлагад нийцүүлнэ.

 

Тав.Хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах

 

 5.1.Дараах тохиолдолд хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзана:

 

 5.1.1.Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад харьяаллын бус маргаан;

 

  5.1.2.насанд хүрээгүй хүүхдээс бусад үйлчлүүлэгч төлбөрийн чадвартай болох нь тогтоогдсон;

 

 5.1.3.үйлчлүүлэгч төлбөр төлж, хувийн өмгөөлөгчтэй гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авч байгаа нь тогтоогдсон.

 

5.2.Үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа үзүүлж буй улсын өмгөөлөгчөөс татгалзах, дахин улсын өмгөөлөгч томилуулах хүсэлтийг тухайн салбарын улсын ахлах өмгөөлөгчид гаргана.

 

5.3.Салбарын улсын ахлах өмгөөлөгч энэ журмын 5.2-т заасан хүсэлтийн шалтгаан, үндэслэлийг нягталж, ажлын 1 өдөрт багтаан өөр улсын өмгөөлөгчид хуваарилах эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 

5.4.Үйлчлүүлэгч төлбөрийн чадвартай нь тогтоогдсон тохиолдолд баталсан загварын дагуу  улсын өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэрийг 2 хувь үйлдэж, үйлчлүүлэгчид 1 хувийг өгч, тухайн эрүү, иргэний хэргийн хувийн хэрэгт 1 хувийг хадгална.

5.5. Хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах шийдвэр гаргахдаа салбарын албан бичгийн хэвлэмэл хуудас, хувийн тэмдгийг хэрэглэнэ.

5.6.Энэ журмын 5.5-д заасан шийдвэрийг хүсэлт гаргасан холбогдох байгууллага, үйлчлүүлэгчид даруй мэдэгдэнэ.

Зургаа.Бусад зүйл

6.1.Энэ журмыг зөрчсөн бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.

6.2.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм"-д хамаарах асуудлыг байгууллагын Ёс зүйн зөвлөл, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилд хамаарах асуудлыг Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо, улсын өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн зөрчилд хамаарах асуудлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд зохих журмын дагуу тус тус шилжүүлж, шийдвэрлүүлнэ.

 

----оОо---