A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

1

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт
Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх
маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 11.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонго, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Ж.Эрдэнэбулган /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн Э.Түмэнбаяр, Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нар оролцов.

Энэхүү хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Э.Түмэнбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж:

"Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт "Хуульчийг дараах тохиолдолд өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзана:" гээд 8.6.3 дахь заалтад "энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа;" гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хашиж байгаа болон улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхэлж буй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээтэй иргэн өмгөөлөгчийн шалгалтад оролцохын тулд эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдөх шаардлага үүсэхээр байна. Улмаар чөлөөлөгдөөд шалгалтад оролцоод тэнцвэл өмгөөлөгчийн эрх олж авна, шалгалтад тэнцээгүй тохиолдолд ажилгүй үлдэх нөхцөл байдал үүсэж байна.

Мөн хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлаж улмаар ажлаа чөлөөтэй сонгох эрхийг нь хязгаарласан гэж үзэж байна. Энэ нь эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж байна гэж үзэхээр байна.

Харин шалгалтад тэнцсэн хуульч өмгөөлөгчийн эрх авч өмгөөлөгч болох уу, эрхэлж буй ажлаа үргэлжлүүлэн хийх үү гэдгээ өөрөө сонгох эрхтэй байх ёстой. Хэрэв өмгөөллийн эрхээ авах бол өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн байх талаар Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт "Өмгөөлөгчдийн Холбоо энэ хуулийн 7.2-т заасан хүсэлтийг ажлын 10 өдрийн дотор хянаж, энэ хуулийн 8.6-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох саналыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч /цаашид "Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч" гэх/-д хүргүүлнэ.", мөн зүйлийн 7.4 дэх хэсэгт "Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч энэ хуулийн 7.3-т заасан саналыг үндэслэн хуульчийг өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно." гэж тус тус хуульчилжээ.

Иймд Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтад "энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа;" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна.", Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтад "ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд маргаан үүсгэж, хянан шийдвэрлэж өгнө үү." гэсэн агуулга бүхий мэдээлэл ирүүлсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан тайлбартаа:

"1.Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй." гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Хуульд заасан бөгөөд үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, эрүүл мэнд, ёс суртахуун буюу бусдын эрх, эрх чөлөө болон энэхүү Пактаар хүлээн зөвшөөрсөн бусад эрхийг хамгаалахад шаардлагатай хязгаарлалтаас бусдаар дээр дурдсан эрхийг хязгаарлаж болохгүй." гэж, мөн Олон Улсын Хөдөлмөрийн Товчооны Захиргааны зөвлөлөөс 1958 оны 6 дугаар сарын 25-ны өдөр баталж, 1960 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүчин төгөлдөр болсон /Монгол Улс 1969 оны 5 дугаар сарын 10-ны өдөр соёрхон баталсан/ Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 111 дүгээр конвенцын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (а) заалтад "алагчилах" гэсэн нэр томьёог "арьс үндэс, арьсны өнгө, хүйс, шашин шүтлэг, улс төрийн үзэл бодол, үндэс угсаа буюу нийгмийн гаралд үндэслэн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдэл;" хэлнэ гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Тодорхой ажлын онцлогтой холбоотой тавигдах шаардлагад үндэслэсэн ялгаварлах, хавчин гадуурхах, эсхүл давуу байдал олгох үйлдлийг "алагчилах" хэмээх ойлголтод хамааруулахгүй." гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад зааснаар ардчилсан нийгэмд хүний эрхийг хамгаалах үндсэн зарчмын хүрээнд зайлшгүй нөхцөл байдал үүссэн, бусад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгын үүднээс гагцхүү хуулиар хүний эрхийг хязгаарлахыг төрд зөвшөөрсөн байдаг тул Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 болон 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

2.Өмгөөллийн тухай хуулиар өмгөөллийн үйл ажиллагаанд хавсран эрхэлж болохгүй албан тушаалыг тусгайлан заасан нь өмгөөллийн үйл ажиллагааг хараат бусаар эрхлэх боломжийг бий болгох зорилтын хүрээнд хууль тогтоогч энэхүү хязгаарлалтыг тусгаж өгсөн. Тухайлбал, өмгөөлөгч нь төрийн албан тушаалыг хавсран эрхэлсэн тохиолдолд шүүн таслах үйл ажиллагаанд нийгмийн бүхий л салбарт ажиллаж, амьдарч байгаа этгээдийн хууль ёсны төлөөлөгч болохын хувьд албан тушаалтны нөлөөнд автах эсхүл ажил, албан тушаалаар дамжуулан нөлөөлөх, давуу байдал үүсгэх зэрэг эрсдэлийг үүсгэнэ гэж үздэг.

Түүнчлэн, өмгөөлөгч нь бусад ажил, албан тушаал хавсран эрхлэх нь үйлчлүүлэгчид үзүүлэх цаг зав болон боломж нь багасах эрсдэлтэй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нь хүний амь нас, эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, эд хөрөнгө зэрэг хувь хүний үнэтэй бүхнийг хамгаалдаг ажил мэргэжлийн хувьд үйлчлүүлэгчийнхээ төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллах ёстой байтал бусад ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх нь үйлчлүүлэгчийн ашиг сонирхол хөндөгдөх эрсдэлтэй гэж тооцсон.

Гэсэн хэдий ч иргэн Э.Түмэнбаяр мэдээлэлдээ "өмгөөлөгч болох хүсэлтэй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан бүх хуульч өмгөөлөгчийн шалгалтад оролцох эрх нээлттэй бөгөөд гагцхүү өмгөөлөгчийн эрх авах үедээ хуулиар зөвшөөрөөгүй бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхгүй байх агуулгаар хуулийг батлах ёстой байсан. Шалгалтад тэнцсэн хуульч өмгөөлөгчийн эрх авч өмгөөллөөр ажиллах эсхүл эрхэлж буй ажлаа үргэлжлүүлэн ажиллах эсэхээ өөрөө сонгох эрхтэй байх ёстой. Хэрэв өмгөөллийн эрхээ авах бол өмнөх ажлаасаа чөлөөлөгдсөн байх талаар Өмгөөллийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсгүүдэд тус тус хуульчилжээ." гэж дурдсан нь үндэслэлтэй байна.

Иймд Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт нь Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай тул хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг засаж залруулах боломжтой гэж үзэж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлд өмгөөлөгчийн шалгалтын талаарх зохицуулалтыг хуульчилж, мөн зүйлийн 8.6 дахь хэсэгт хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахаас татгалзах үндэслэлийг тусгасан байна. Уг хэсгийн 8.6.3 дахь заалтад "энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа;" буюу хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхэлж байгаа, эсхүл улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил, албан тушаал хавсран эрхэлж байгаа хуульчийг өмгөөлөгчийн шалгалтад оруулахгүй байхаар хуульчилжээ.

Өмгөөллийн тухай хуулийн дээрх заалт нь тухайн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбогдуулан тавьсан нийтлэг хязгаарлалт байх бөгөөд эрх зүйн байдлын хувьд адил тэгш этгээдүүдэд зүй бус ялгаварлал, алагчилсан байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч маргааныг шалгах явцад ирүүлсэн тайлбар болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт нь Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан байх магадлалтай гэж хүлээн зөвшөөрсөн болно.

Мөн Өмгөөллийн тухай хуулийн зохицуулалт хоорондын уялдааг зохистой хангах, хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх хууль зүйн баталгааг сайжруулах зорилгоор тус хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:

1.Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтад "энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа;" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

2.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ                  Д.ОДБАЯР
ГИШҮҮД                 Ш.СОЛОНГО
                                Б.БУЯНДЭЛГЭР
                                Ц.НАНЗАДДОРЖ
                                 Ж.ЭРДЭНЭБУЛГАН