- Нүүр
- Монгол Улсын хууль
- МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 11 сарын 04 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж
2.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар олгох болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа /цаашид "мөнгөн зээлийн үйл ажиллагаа" гэх/-тай холбогдсон харилцааг зохицуулна.
3.2.Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
3.3.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэнээс олгох нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн харилцаанд энэ хууль үйлчлэхгүй.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА
4 дүгээр зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд
4.1.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө хэлбэрээр байгуулагдсан хуулийн этгээд эрхэлнэ.
4.2.Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно.
5 дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавих шаардлага
5.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах шаардлагыг хангасан байна:
5.1.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 10 000 000 төгрөг, түүнээс багагүй байх;
5.1.2.энэ хуулийн 8.1-д заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдсан байх;
5.1.3.мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данстай байх;
5.1.4.татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх;
5.1.5.татварын нэгдсэн системд холбогдсон кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх;
5.1.6.барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх;
5.1.7.барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийг агуулсан, энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтан тухайн мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон шаардлагатай мэдээлэл авах боломжийг хангасан цахим бүртгэлтэй байх;
5.1.8.энэ хуулийн 16.2-т заасан цахим мэдээллийн санд холбогдсон байх;
5.1.9.барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол гүйцэтгэх удирдлага, менежер нь энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх;
5.1.10.байнга, ашиг олох зорилгоор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн бол Эрүүгийн хуулийн Арван долдугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, Арван наймдугаар бүлэгт заасан Эдийн засгийн гэмт хэрэг, 29.10 дугаар зүйлд заасан Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт хариуцлага хүлээж байгаагүй.
5.2.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах нэмэлт шаардлага, үйл ажиллагаа явуулах нөхцөл, шаардлагыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоож болно.
5.3.Энэ хуулийн 5.1.6-д заасан ажлын байранд тавигдах шаардлага, стандартыг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
6 дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр
6.1.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр нь түүний оноосон нэр болон "барьцаалан зээлдүүлэх газар", байнга, ашиг олох зорилгоор зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн бол "зээлийн үйлчилгээ" гэсэн тэмдэглэгээнээс бүрдэнэ.
6.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй этгээд нэрэндээ "барьцаалан зээлдүүлэх газар", "зээлийн үйлчилгээ" гэсэн тэмдэглэгээ, эсхүл түүнтэй төсөөтэй тэмдэглэгээ хэрэглэхийг хориглоно.
6.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд өөрийн нэрээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг бусдад зөвшөөрөхийг хориглоно.
7 дугаар зүйл.Гүйцэтгэх удирдлага, менежерт тавих шаардлага
7.1.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн гүйцэтгэх удирдлага, менежер нь дараах шаардлагыг хангасан байна:
7.1.1.насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд;
7.1.2.энэ хуулийн 5.1.10-т заасан гэмт хэрэгт хариуцлага хүлээж байгаагүй;
7.1.3.энэ хуулийн 8.1-д заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдсан байх.
7.2.Тухайн этгээд гүйцэтгэх удирдлага, эсхүл менежерээр томилогдсоны дараа энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан шаардлагыг хангахгүй болох нь тогтоогдсон бол тухайн этгээд албан тушаалаасаа татгалзах, эсхүл түүнийг томилсон этгээд албан тушаалаас нь чөлөөлнө.
7.3.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд хоёр ба түүнээс дээш зээлийн үйлчилгээний салбар ажиллуулах бол салбар бүрд менежер ажиллуулна.
8 дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалт
8.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд болон түүний холбогдох ажилтан мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдах үүрэгтэй.
8.2.Энэ хуулийн 8.1-д заасан сургалтын үргэлжлэх хугацаа гурван өдрөөс илүүгүй байх бөгөөд сургалт явуулах байгууллагад тавигдах шаардлага, сургалтын хөтөлбөр, арга хэлбэр, сургалтын төлбөрийн хэмжээ, сургалт явуулахтай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛ
9 дүгээр зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлэх өргөдөл гаргах
9.1.Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан этгээд аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлнэ.
9.2.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, аймагт 100 000 000 төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300 000 000 төгрөг, түүнээс дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргаж бүртгүүлнэ.
9.3.Энэ хуулийн 9.1, 9.2-т заасан өргөдөлд дараах мэдээллийг тусгана:
9.3.1.өргөдөл гаргасан он, сар, өдөр;
9.3.2.өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
9.3.3.өргөдөл гаргагч нь иргэн бол иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол регистрийн дугаар;
9.3.4.өргөдөл гаргагч нь хуулийн этгээд бол гүйцэтгэх удирдлагын болон менежерийн нэр, хаяг;
9.3.5.мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах арга хэлбэр, дансны мэдээлэл;
9.3.6.мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах байршил;
9.3.7.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх мөнгөн хөрөнгийн хэмжээ;
9.3.8.энэ хуулийн 20.2.5-д заасан зар сурталчилгаанд ашиглах харилцах утасны дугаар болон олон нийтэд мэдээлэл хүргэх цахим хуудас.
10 дугаар зүйл.Бүрдүүлэх баримт бичиг
10.1.Энэ хуулийн 9.1, 9.2-т заасны дагуу өргөдөл гаргах мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн этгээд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
10.1.1.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан талаарх болон мөнгөн хөрөнгийг нотлох баримт;
10.1.2.мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг нотлох баримт;
10.1.3.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл.
11 дүгээр зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл
11.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 9.1-д заасан, Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн 9.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор хянаж, шаардлагыг хангасан өргөдөл гаргагчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэл /цаашид "бүртгэл" гэх/-д бүртгэж, гэрчилгээ олгоно.
11.2.Бүртгэлд бүртгүүлсэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох бөгөөд холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
11.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга, эсхүл Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "бүртгэх байгууллага" гэх/ шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 11.1-д заасан хугацааг ажлын таван өдрөөр нэг удаа сунгаж болох бөгөөд энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
11.4.Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу бол бүртгэх байгууллага энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргагч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг ажлын таван өдрийн дотор хангаж ирүүлнэ. Энэ хугацаанд дутуу баримт бичгийг ирүүлээгүй бол бүртгэх байгууллага тухайн өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзсанд тооцно.
11.5.Өргөдөл гаргагч энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлээгүй бол бүртгэх байгууллага өргөдөл гаргагчийг бүртгэхээс татгалзаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
11.6.Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.5-д заасан мэдэгдэлд татгалзсан үндэслэлийг тодорхой заана.
11.7.Өргөдөл гаргагч энэ хуулийн 11.6-д заасан бүртгэхээс татгалзсан үндэслэлийг арилгасны дараа бүртгүүлэх өргөдлөө дахин гаргаж болно.
11.8.Өргөдөл гаргагчийн ирүүлсэн баримт бичиг хуурамч болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол бүртгэх байгууллага бүртгэхээс татгалзана.
11.9.Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.1, 11.3-т заасан хугацаанд өргөдөл гаргагчид бүртгэсэн эсэх талаар мэдэгдээгүй бол тухайн өргөдөл гаргагчийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгэсэнд тооцно.
11.10.Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.1-д заасан бүртгэлийг Санхүүгийн зохицуулах хорооны бүртгэлийн цахим санд оруулах бөгөөд холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
11.11.Бүртгэх байгууллага энэ хуулийн 11.1-д заасан бүртгэлтэй холбоотой, хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой мэдээллээс бусад мэдээллийг холбогдох шийдвэр гарсны дараах өдөр олон нийтэд мэдээлэл хүргэх цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулна.
11.12.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаанд хэрэглэх маягт, заавар, бүртгэл хөтлөх журам, гэрчилгээний загварыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
12 дугаар зүйл.Бүртгэлд бүртгүүлээгүй этгээдэд тавигдах хязгаарлалт
12.1.Бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн үйл ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглоно.
13 дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулах
13.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 11.1-д заасан бүртгэлийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг тухайн мэдээлэлд өөрчлөлт оруулснаас хойш ажлын гурван өдрийн дотор харьяалах бүртгэх байгууллагад гаргана.
13.2.Бүртгэх байгууллага мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд мэдэгдэнэ.
13.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэсэн бол энэ тухайгаа харьяалах бүртгэх байгууллагад даруй мэдэгдэж, гэрчилгээг хураалгана.
13.4.Энэ хуулийн 13.3-т заасны дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд үйл ажиллагаагаа зогсоох талаар гаргасан шийдвэрээ зээлийн гэрээ байгуулсан үйлчлүүлэгч бүрд мэдэгдэж, төлбөр тооцоог дуусгах үүрэгтэй.
14 дүгээр зүйл.Гэрчилгээг дахин авах өргөдөл гаргах
14.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэрчилгээг гээсэн, эсхүл үрэгдүүлсэн бол энэ тухай харьяалах бүртгэх байгууллагад даруй мэдэгдэж, гэрчилгээг дахин авах өргөдөл гаргана.
14.2.Энэ хуулийн 14.1-д заасан тохиолдолд харьяалах бүртгэх байгууллага ажлын гурван өдрийн дотор мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд гэрчилгээг дахин олгоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЗЭЭЛИЙН, БАРЬЦААНЫ БОЛОН БАТЛАН ДААЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ
15 дугаар зүйл.Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулах
15.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 17.4.1-д заасан зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг үйл ажиллагаандаа хэрэглэнэ.
15.2.Зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд түүнд дараах нөхцөлийг тусгасан байна:
15.2.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр, салбар, хаяг болон зээлдэгчийн нэр, хаяг;
15.2.2.гэрээ байгуулсан он, сар, өдөр;
15.2.3.зээлийн хэмжээ;
15.2.4.зээлийн хүүгийн хэмжээ, түүнийг бодох, тооцох аргачлал;
15.2.5.зээлийн эргэн төлөлтийн хуваарь;
15.2.6.дансны дугаар;
15.2.7.барьцаа, батлан даалт байх эсэх;
15.2.8.хугацаанаас өмнө эргэн төлөлт хийх нөхцөл;
15.2.9.нэмэгдүүлсэн хүү байх эсэх;
15.2.10.шаардлагатай бусад нөхцөл.
15.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээ байгуулахдаа энэ хуулийн 15.2-т заасан нөхцөл бүрийг зээлдэгчид тайлбарлаж өгнө.
15.4.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээтэй холбоотойгоор барьцааны, батлан даалтын гэрээ байгуулах тохиолдолд барьцаалуулагч, батлан даагчтай бичгээр гэрээ байгуулж зээлийн гэрээнд хавсаргана. Барьцааны болон батлан даалтын гэрээнд дараах нөхцөлийг тусгасан байна:
15.4.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр, салбар, хаяг болон зээлдэгчийн, барьцаалуулагчийн, батлан даагчийн нэр, хаяг;
15.4.2.гэрээ байгуулсан он, сар, өдөр;
15.4.3.барьцааны, батлан даалтын гэрээний хугацаа;
15.4.4.зээлийн хэмжээ;
15.4.5.барьцаалуулагчийн, батлан даагчийн хүлээсэн үүрэг;
15.4.6.барьцаа хөрөнгө, түүний үнэлгээ;
15.4.7.шаардлагатай бусад нөхцөл.
15.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцааны, батлан даалтын гэрээ байгуулахдаа энэ хуулийн 15.4-т заасан нөхцөл бүрийг барьцаалуулагч, батлан даагчид тайлбарлаж өгнө.
15.6.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээ болон бусад шаардлагатай баримт бичгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсанаас хойш 3 жилийн хугацаанд хадгална.
15.7.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд бүртгэлийн дэвтэр болон энэ хуулийн 5.1.7-д заасан цахим бүртгэлд зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээг барьцаа хөрөнгийн гэрэл зургийн хамт бүртгэнэ.
15.8.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээг гэрээ байгуулсан, өөрчлөлт оруулсан тухай бүрд бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ.
15.9.Энэ хуулийн 15.7, 15.8-д заасан бүртгэлийн дэвтрийн загвар, бүртгэлийн дэвтэр хөтлөх журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
15.10.Зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахад аливаа шимтгэл, хураамж, эсхүл нэмэлт төлбөр авахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглоно.
16 дугаар зүйл.Барьцаа хөрөнгө
16.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцаа хөрөнгийг зээлдэгчтэй харилцан тохиролцож, бодитой үнэлнэ.
16.2.Цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлийн улмаас алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сантай байх бөгөөд мэдээллийн санг ажиллуулахтай холбогдсон журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.3.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 16.2-т заасан цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд зүйлсийг барьцаанд авахыг хориглоно.
16.4.Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 16.3-т заасан сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэх үүрэгтэй.
16.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх бөгөөд барьцааны шаардлагыг хангах эцсийн боломжит хугацаа нь барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг барьцаалуулагчид хүргүүлснээс, эсхүл гэрээнд заасны дагуу мэдэгдсэнээс хойш 14 хоног байна.
16.6.Иргэний хуулийн 159.2-т заасны дагуу барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна.
16.7.Зээлдэгч энэ хуулийн 16.5-д заасан хугацаанд барьцааны шаардлагыг хангаагүй бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцааны зүйлийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА, ХЯЗГААРЛАЛТ
17 дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл
17.1.Энэ хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийг байгуулна.
17.2.Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг Санхүүгийн зохицуулах хороо батална.
17.3.Зөвлөлийн бүрэлдэхүүнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, санхүү, төсвийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, цагдаагийн төв байгууллага, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөллийг оролцуулна.
17.4.Зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
17.4.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн үйл ажиллагаанд хэрэглэх зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг батлах;
17.4.2.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох;
17.4.3.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах;
17.4.4.хуульд заасан бусад.
17.5.Зөвлөлийн гаргасан шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооны олон нийтэд мэдээлэл хүргэх цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулна.
18 дугаар зүйл.Зээлийн хүү
18.1.Энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээг барьцаат болон барьцаагүй зээлд ялгамжтай байдлаар тогтоож болно.
18.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс гэрээний үндсэн дээр зээлдэгчид олгосон мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг хүү гэж тооцох бөгөөд зээлийн хүүг ашигласан хугацаагаар нь тооцно.
18.3.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 17.4.2-т заасныг зөрчиж зээлийн гэрээ байгуулсан бол зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн дүнгээр хүү авах эрхээ алдана.
18.4.Зээлдэгч энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтрүүлэн хүү төлсөн бол илүү төлсөн дүнг үндсэн зээлийн төлбөрт тооцон суутгана. Ийнхүү үндсэн зээлийн төлбөрийг бүрэн суутгасны дараах үлдсэн хэсгийг зээлдэгчид эргүүлэн олгоно.
18.5.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна.
18.6.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана.
18.7.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд зээлийн хүүг урьдчилан авахыг хориглоно.
19 дүгээр зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хориглох зүйл
19.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:
19.1.1.барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд бол мөнгөн зээлийн үйл ажиллагаанаас өөр үйл ажиллагаа эрхлэх;
19.1.2.барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд бол энэ хуулийн 5.1.6-д заасан ажлын байрны байршлыг бүртгэх байгууллагад бүртгүүлэлгүйгээр өөрчлөх;
19.1.3.барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд бол шөнийн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах;
19.1.4.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн тайлан тэнцэлд тусгаагүй мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг өөрийн үйл ажиллагаанд ашиглах;
19.1.5.иргэн, хуулийн этгээдэд хадгаламжийн болон түүнтэй адилтгах аливаа данс нээх;
19.1.6.энэ хуулийн 17.4.2-т заасан зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүү тогтоох;
19.1.7.нэмэгдүүлсэн хүүг энэ хуулийн 18.5-д заасан хэмжээнээс хэтрүүлэн тогтоох;
19.1.8.анз хэрэглэх;
19.1.9.энэ хуулийн 5.1.3-т заасан банкны харилцах данснаас өөр дансанд мөнгөн зээл, түүний хүүг байршуулах;
19.1.10.энэ хуулийн 20.2-т заасан мэдээллийг дутуу, эсхүл буруу ташаа тусгасан зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;
19.1.11.гэрчилгээгээ бусдад шилжүүлэх.
19.1.12.18 насанд хүрээгүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэх.
20 дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг сурталчлах
20.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 20.2-т заасан мэдээллийг агуулсан зар сурталчилгааг байршуулж болно.
20.2.Зар сурталчилгаанд дараах мэдээллийг тусгана:
20.2.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн нэр;
20.2.2.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн хувийн дугаар;
20.2.3.мөнгөн зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ;
20.2.4.хугацаанаас өмнө эргэн төлөлт хийх талаарх нөхцөл;
20.2.5.харилцах утасны дугаар, байршил.
21 дүгээр зүйл.Хэрэглэгчийг хамгаалах дотоод журам
21.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд хэрэглэгчийг хамгаалах зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дотоод журам тогтоож, үйл ажиллагаандаа мөрдүүлнэ.
21.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд энэ хуулийн 5.1.6-д заасан ажлын байрандаа хуулийн этгээдийн нэр бүхий хаяг, зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлал болон гэрчилгээг ил харагдахуйц байдлаар байршуулна.
22 дугаар зүйл.Зээлдэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх хариуцлага
22.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд санаатай, эсхүл болгоомжгүй үйлдлээр зээлдэгчид хохирол учруулсан бол хохирлыг бүрэн барагдуулна.
22.2.Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд барьцаалуулагчтай харилцан тохиролцож барьцаа хөрөнгийг эд хөрөнгийн даатгалд даатгуулж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
23 дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаанд тавих хяналт
23.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.
23.2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтыг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24.2-т заасан хянан шалгагч хийнэ.
23.3.Аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлт, эсхүл иргэн, хуулийн этгээдийн гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргын томилсон хянан шалгагч хяналт шалгалт хийж болно.
23.4.Аймагт хянан шалгагчийн үүрэг хавсран гүйцэтгэх этгээдийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Засаг даргатай зөвшилцөн томилох бөгөөд хянан шалгагчийн үүрэг хавсран гүйцэтгэх этгээд улсын байцаагчийн эрхтэй байна.
23.5.Хянан шалгагч хяналт шалгалт хийж дууссаны дараа харьяалах бүртгэх байгууллагад хяналт шалгалтын тайланг хүргүүлнэ.
23.6.Харьяалах бүртгэх байгууллага хяналт шалгалтын дүнгээс хамаарч гарсан алдаа, зөрчлийг арилгах талаар хугацаатай үүрэг даалгаврыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд өгч, биелэлтийг хангуулна.
23.7.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд холбогдох хуульд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.
23.8.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд дараах мэдээллийг тусгасан, хагас, бүтэн жилийн тайланг гаргаж, дараа сарын 20-ны өдрийн дотор харьяалах бүртгэх байгууллагад хүргүүлнэ:
23.8.1.олгосон зээлийн, эргэн төлөлтийн болон үлдэгдлийн хэмжээ;
23.8.2.зээл авсан зээлдэгчийн тоо;
23.8.3.барьцаалсан эд хөрөнгийн төрөл, тоо, нийт үнэлгээ;
23.8.4.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон шаардлагатай бусад мэдээлэл.
23.9.Энэ хуулийн 23.8-д заасан тайланг Санхүүгийн зохицуулах хорооны баталсан маягт, зааврын дагуу гаргана.
24 дүгээр зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх
24.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд энэ хуулийн 23.6-д заасан хугацаанд алдаа, зөрчлийг арилгаагүй бол харьяалах бүртгэх байгууллага тухайн этгээдийн үйл ажиллагааг 1 хүртэлх жилийн хугацаагаар түдгэлзүүлнэ.
25 дугаар зүйл.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийг хүчингүй болгох
25.1.Харьяалах бүртгэх байгууллага дараах тохиолдолд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийг хүчингүй болгоно:
25.1.1.хуурамч баримт бичиг ашиглан бүртгүүлсэн нь тогтоогдсон;
25.1.2.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон;
25.1.3.үйл ажиллагаагаа зургаан сараас дээш хугацаагаар тасралтгүй явуулаагүй;
25.1.4.энэ хуулийн 19.1-д заасан хориглосон үйл ажиллагааг хоёр ба түүнээс дээш удаа явуулсан;
25.1.5.энэ хуулийн 24.1-д заасны дагуу үйл ажиллагааг түдгэлзүүлэх шийдвэрийг зөрчсөн, эсхүл алдаа, зөрчлийг арилгаагүй бол;
25.1.6.тухайн этгээдийн оршин байгаа газрыг тодорхойлох боломжгүй болсон бөгөөд харьяалах бүртгэх байгууллага хаягийг тодруулахаар нийтэд зарласнаас хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн.
25.1.7.энэ хуулийн 13.3-т заасны дагуу гэрчилгээгээ хураалгасан бол.
25.2.Харьяалах бүртгэх байгууллага энэ хуулийн 25.1-д заасан шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагааг явуулна.
25.3.Дараах тохиолдолд сонсох ажиллагааг явуулахгүй байж болно:
25.3.1.мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй гэдгээ илэрхийлсэн;
25.3.2.Захиргааны ерөнхий хуулийн 28.1-д заасан үндэслэл байгаа бол.
25.4.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийг энэ хуулийн 25.1-д заасны дагуу хүчингүй болгосноос хойш 5 жилийн дотор тухайн этгээдийг бүртгэлд бүртгэхгүй.
25.5.Харьяалах бүртгэх байгууллага энэ хуулийн 24.1, 25.1-д заасан шийдвэрийн хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой мэдээллээс бусад мэдээллийг тухайн шийдвэр гарсны дараах өдөр олон нийтэд мэдээлэл хүргэх цахим хуудас, мэдээллийн самбарт байршуулна.
26 дугаар зүйл.Маргаан шийдвэрлэх
26.1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн болон үйлчлүүлэгчийн хооронд маргаан гарсан тохиолдолд талууд шүүхэд хандаж болно.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД
27 дугаар зүйл.Иргэдийг мэдээллээр хангах
27.1.Санхүүгийн зохицуулах хороо мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбогдсон мэдээллээр иргэдийг хангах, холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулна.
28 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
28.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
28.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
29 дүгээр зүйл.Дагаж мөрдөх журмын зохицуулалт
29.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй.
29.2.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор харьяалах бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.
30 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
30.1.Энэ хуулийг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
