A

A

A

Бүлэг: 1979

ЗХХА-ын улсын нэгдсэн санд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан.

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/313                                               Улаанбаатар хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 70 дугаар зүйлийн 70.1, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 349 дүгээр тогтоолд заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны А/199 дүгээр тушаалаар баталсан "Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журам"-д дор дурдсан агуулгатай заалтыг нэмсүгэй:

1/ 2.13 дахь заалт:

"2.13. Зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, талбайд зорчих зориулалт бүхий "Чингэлэг тээвэрлэх автомат удирдлагатай тээврийн хэрэгсэл" MNS JT/T 1377:2022 стандартын шаардлага хангасан автомат удирдлагатай өөрөө явагч тээврийн хэрэгслийг үйлдвэрлэгчийн техникийн баримт бичгийг үндэслэн техникийн хяналтын үзлэгийн мэдээллийн санд бүртгэнэ.".

2. Мөн журмын 2.7 дахь заалтын "...даатгуулаагүй..." гэсний дараа ", олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр төлөөгүй" гэж нэмсүгэй.

3. Мөн журмын 4.4.3 дахь дэд заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 4.4.3 дахь дэд заалт:

"Цагдаагийн байгууллагаас бэлэн бус хэлбэрээр хуулиар оногдуулсан торгууль, олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх."

4. Журмыг хэрэгжүүлж ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Ё.Жаргалсайхан/-т даалгасугай.

САЙД С.БЯМБАЦОГТ