- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 424
Улаанбаатар хот
МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Малын эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах зорилгоор хилийн боомтуудыг түшиглэн баруун бүсийн Ховд, Увс, Баян-Өлгий аймаг, хангайн бүсийн Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган, Булган аймгийн Тэшиг сумдын нутаг дэвсгэрийн тодорхой байршилд, мөн зүүн бүсийн Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дэвсгэрийн 50.0 мянган хүртэл га талбайд, Дорнод аймгийн Халхгол сумын Хөдөө аж ахуйн Халхгол үндэсний бүтээн байгуулалтын бүсийн тусгай хэрэгцээний 120.0 мянган хүртэл га талбайд "Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс" байгуулах асуудлыг геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Мал эмнэлгийн ерөнхий газар (Д.Батчулуун)-т тус тус даалгасугай.
2. "Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс"-ийг олон улсын шаардлагад нийцүүлэх зорилгоор мал эмнэлгийн хяналтын цэг, лаборатори байгуулах, эм урвалж, тоног төхөөрөмж, бэлчээрийн уст цэг, хамгаалалтын байгууламж барихад шаардагдах зардлыг төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэх боломжийг судалж, зохих арга хэмжээг авахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.
3. "Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс" байгуулах ажлыг мэргэжлийн байгууллагаас гарсан зөвлөмж, зааврын дагуу олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн үр дүнтэй, шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд, хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 284 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.БОЛОРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A