- Нүүр
- Сайдын тушаал
- УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/362 дугаар тушаалын хавсралт
УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах ажиллагааг Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчийн сул орон тоог нөхөх, хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулна.
1.3.Улсын өмгөөлөгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь /цаашид "сонгон шалгаруулалт" гэх/ бүртгүүлэх шатанд материал хүлээн авч хянах, сонгон шалгаруулалт явуулах, дүгнэх ажиллагаанаас бүрдэнэ.
Хоёр.Сонгон шалгаруулалт явуулах тухай зарлах
2.2.Сонгон шалгаруулалтад оролцогч хуульч /цаашид "оролцогч" гэх/-ийг бүртгэх ажиллагаа сонгон шалгаруулалтын товыг зарласан өдрөөс эхэлж, сонгон шалгаруулалт эхлэхээс 10 хоногийн өмнө дууссан байна.
2.3.Сонгон шалгаруулалт явуулах тухай зарлалд дараах мэдээллийг тусгана:
2.3.1.бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтын бүрдүүлбэрийн жагсаалт;
2.3.2.сонгон шалгаруулалт явуулах газар, хугацаа;
2.3.3.сонгон шалгаруулалт зарласан сул орон тооны байршлын мэдээлэл;
2.3.4.цахим хэлбэрээр бүртгүүлэх заавар, зөвлөмж;
2.3.5.бүртгэл эхлэх, дуусах хугацаа;
2.3.6.сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл өгөх ажилтны утасны дугаар, цахим шуудангийн хаяг.
2.4.Хууль зүйн туслалцааны төв нь сонгон шалгаруулалттай холбоотой журам, сонгон шалгаруулалтын удирдамж, бусад баримт бичгийг цахим хуудсандаа байршуулж, нийтэд мэдээлнэ.
Гурав.Сонгон шалгаруулалтад оролцогчийг бүртгэх
3.1.Сонгон шалгаруулалтад оролцогч нь Өмгөөллийн тухай хуулийн 7.1-д заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад тэнцэж, өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан байна.
3.2.Сонгон шалгаруулалтад оролцогчийг цахим хэлбэрээр бүртгэх ба бүртгүүлэхэд дараах материал /PDF хэлбэрээр хавсаргах/-ыг бүрдүүлнэ:
3.2.1.төрийн албан хаагчийн анкет;
3.2.2.эрх зүйн их, дээд боловсролын диплом /гадаадад төгссөн бол баталгаат орчуулга/;
3.2.3.хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл;
3.2.4.ажилласан туршлагыг гэрчлэх баримт бичиг;
3.2.5.өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ;
3.2.6.Монголын Хуульчдын холбооны гишүүний татвар, хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан, кредит цагийн тооцоогүй тухай тодорхойлолт;
3.2.7.цээж зураг /сүүлийн нэг сарын дотор авхуулсан, 3х4 хэмжээтэй/;
3.2.8.тухайн салбарын сул орон тоонд ажиллах тухай өргөдөл /маягтын дагуу/;
3.2.9.шалгалтын хураамж төлсөн баримт.
3.3.Бүртгэл явуулах хугацаа дууссан болон энэ журмын 3.1, 3.2-д заасан шаардлага хангаагүй, болон материал дутуу бүрдүүлсэн оролцогчийг бүртгэхгүй.
3.4.Бүрдүүлсэн материал нь шаардлага хангасан оролцогчийг бүртгэлд хамруулж, бүртгэлийн хуудас олгосноор сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Дөрөв.Ажлын хэсэг байгуулах
4.1.Хууль зүйн туслалцааны төвийн захирлын тушаалаар сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсэг /цаашид "Ажлын хэсэг" гэх/ байгуулна:
4.2.Ажлын хэсэг нь ажлын хэсгийн ахлагч, ажлын хэсгийн гишүүд, нарийн бичгийн дарга, нийт нарийн бичгийн даргаас гадна 5 хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.3.Ажлын хэсгийн ахлагч нь ажлын хэсгийн хурлыг удирдаж, ажлын хэсгийн гишүүн, нарийн бичгийн даргын ажил үүргийн хуваарь, сонгон шалгаруулалттай холбогдох асуудлыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
4.4.Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга уг ажлын хэсгийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд саналын эрхгүй оролцоно.
4.5.Ажлын хэсгийн хурлын шийдвэр тэмдэглэл хэлбэртэй байна. Тэмдэглэлийг зохих журмын дагуу хөтөлж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулна.
Тав.Ажлын хэсгийн чиг үүрэг
5.1.Ажлын хэсэг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
5.1.1.сонгон шалгаруулалтын зарыг нийтэд зарлан мэдээлэх;
5.1.2.сонгон шалгаруулалтад оролцогчийг бүртгэх;
5.1.3.шаардлагатай тохиолдолд оролцогчийн бүрдүүлсэн баримт бичгийн үнэн зөв эсэхийг шалгах зорилгоор холбогдох байгууллага, албан тушаалтанд явуулах албан бичгийн төслийг боловсруулж, Хууль зүйн туслалцааны төвийн захиралд танилцуулах;
5.1.4.сонгон шалгаруулалтад орох шаардлага хангасан оролцогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж баталгаажуулах, бүртгэлийн хуудас олгох;
5.1.5.сонгон шалгаруулалт зохион байгуулах танхимыг бэлтгэх, хэвийн явагдах нөхцөлийн бүрдүүлэх, оролцогчдод зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
5.1.6.сонгон шалгаруулалтын хувийн хэргийг хөтлөх;
5.1.7.сонгон шалгаруулалт зохион байгуулах байранд нэвтрэх үед оролцогчийн бүртгэлийн хуудас, биеийн байцаалтыг шалгах;
5.1.8.сонгон шалгаруулалт эхлэхээс өмнө оролцогчдод удирдамж танилцуулах;
5.1.9.сонгон шалгаруулалтын явцад оролцогчдод хяналт тавих, сонгон шалгаруулалтын явцыг баримтжуулах;
5.1.10.сонгон шалгаруулалтад оролцогчдын дүнг оноогоор тавих, тэнцсэн оролцогчдын нэрсийн жагсаалт гаргах;
5.1.11.сонгон шалгаруулалтын дүнг Хууль зүйн туслалцааны төвийн захиралд танилцуулах;
5.1.12.сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлэх.
Зургаа.Сонгон шалгаруулалт зохион байгуулах хэлбэр, хугацаа
6.1.Сонгон шалгаруулалт ярилцлага /цаашид "ярилцлага" гэх/ хэлбэртэй байна.
6.2.Энэ журмын 5.1.8-т заасан сонгон шалгаруулалт явуулах удирдамжид сонгон шалгаруулалтын явцад мөрдөх дэг, сонгон шалгаруулалттай холбоотой энэ журамд тусгаагүй бусад асуудлыг тусгана.
6.3.Ярилцлагыг дараах байдлаар зохион байгуулна:
6.3.1.ярилцлагыг тусгайлан бэлтгэсэн танхимд, энэ журмын 4.1-д заасан Ажлын хэсгийн гишүүд авна;
6.3.2.ярилцлага нь 5 асуултаар дүгнэгдэх ба оролцогч ярилцлагын асуулт тус бүрд хэрхэн /үнэн зөв, дутуу, буруу гэх мэт/ хариулж байгаагаас хамаарч энэ журмын 4.1-д заасан Ажлын хэсгийн гишүүд тус бүр 0-20 оноог өгөх ба нийт оноо 100 байна;
6.3.3.ярилцлага нь төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, нийгмийн халамж, ахмад настан, хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, гэрч хохирогчийг хамгаалах, албан хэрэг хөтлөлт, хувь хүний төлөвшил, өмгөөллийн үйл ажиллагааны онцлог, ур чадвар, хууль зүйн зөвлөгөө өгөх болон өөрийгөө илэрхийлэх чадвар, харилцаа, хандлага сэдвээр байна;
6.3.4.ярилцлагын асуултад бэлтгэх нийт хугацаа 25 минут байна;
6.3.5.оролцогч ярилцлагын нийт авах 100 онооны 80 оноог авсан тохиолдолд тэнцсэнд тооцно.
6.4.Ажлын хэсэг ярилцлагын дүнг сонгон шалгаруулалт явуулсан өдрөөс хойш Ажлын хоёр өдрийн дотор эцэслэн гаргана.
6.5.Сонгон шалгаруулалтын дүнг Хууль зүйн туслалцааны төвийн цахим хуудсаар нийтэд нээлттэй мэдээлнэ.
6.9.Сонгон шалгаруулалт зохион байгуулах ажилд Хууль зүйн туслалцааны төвийн холбогдох нэгж бүх талын шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлнэ.
Долоо.Сонгон шалгаруулалтад оролцогчийн эрх, үүрэг
7.1.Сонгон шалгаруулалтад оролцогч дараах эрх эдэлнэ:
7.1.1.сонгон шалгаруулалттай холбогдох асуудлын талаар Ажлын хэсгийн дарга, гишүүдээс лавлагаа, мэдээлэл авах;
7.1.2.сонгон шалгаруулалтын бүртгэл, зохион байгуулалт, ярилцлагын агуулга, үнэлгээ болон бусад асуудлын талаар Ажлын хэсэгт гомдол гаргах;
7.1.3.сонгон шалгаруулалтын зохион байгуулалтад орсон өөрчлөлтийн талаарх холбогдох мэдээллийг шуурхай авах;
7.1.5.Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Хууль зүйн туслалцааны төвийн захирал болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах.
7.2.Сонгон шалгаруулалтад оролцогч дараах үүрэг хүлээнэ:
7.2.1.сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд шаардсан материалыг бүрэн бүрдүүлж өгөх, баримт бичгийн үнэн зөв болохыг хариуцах;
7.2.2.Ажлын хэсгээс мэдэгдсэний дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулах газарт заасан хугацаанаас хоцрохгүй ирэх;
7.2.3.сонгон шалгаруулалтад оролцохоор ирэхдээ бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх, байхгүй тохиолдолд түүнтэй адилтган үзэхээр Ажлын хэсгээс зөвшөөрсөн бусад баримт бичгийг авч ирэх;
7.2.4.Ажлын хэсгийн гишүүдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх, бусад оролцогчийн хууль бус үйлдлийг шалгалтын Ажлын хэсэгт мэдэгдэх.
Найм.Сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчийг
ажлын байранд томилох, нөөцөд бүртгэх
8.1.Ажлын хэсэг сонгон шалгаруулалт дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор дүнг, сонгон шалгаруулалтын тайлангийн хамт Хууль зүйн туслалцааны төвийн захиралд танилцуулна.
8.2.Хууль зүйн туслалцааны төвийн захирал сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогчдоос хамгийн өндөр оноо авсан оролцогчийг сул орон тоонд томилох тухай тушаал гаргах ба шалгалтын босго оноо буюу 80 ба түүнээс дээш оноо авсан оролцогчийг онооны дарааллаар Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчийн нөөцөд /байршлаар/ бүртгэхээр шийдвэрлэнэ.
8.3.Сонгон шалгаруулалтад тэнцсэн оролцогч нэг жилийн хугацаанд нөөцөд бүртгэлтэй байх ба нэг жилийн хугацаа дууссан бол нөөцөөс хасагдана. Энэ тохиолдолд тухайн оролцогч дахин сонгон шалгаруулалтад оролцоно.
8.4.Сонгон шалгаруулалтад орж тэнцсэн оролцогчийн бүрдүүлсэн баримт бичиг хуурамч болох нь илэрсэн тохиолдолд шалгалтын дүнг хүчингүйд тооцох ба үүнээс үүсэх хариуцлагыг тухайн оролцогч өөрөө хариуцна.
8.5.Энэ журмын 8.4-д заасан тохиолдолд сонгон шалгаруулалтын онооны дарааллаар дараагийн оролцогчийг шалгарсанд тооцно.
Ес.Ярилцлагын сэдвийг
боловсруулах, нууцлалыг хадгалах
9.1.Ярилцлагын даалгаврын агуулгыг энэ журмын 4.1-д заасан Ажлын хэсэг боловсруулна.
9.2.Энэ журмын 4.1-д заасан Ажлын хэсэг ярилцлагын даалгаврын агуулгын нууцлалыг хариуцна.
9.3.Ярилцлагын даалгаврын сан, сонгон шалгаруулалтын бүртгэлийн мэдээлэл, сонгон шалгаруулалт зохион байгуулах Ажлын хэсэг, тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээлэл шалгалтын нууцад хамаарна.
9.4.Сонгон шалгаруулалтад нууцлалын баталгааг хангах зорилгоор энэ журмын 9.2-т заасан этгээдээс нууцын баталгаа гаргуулж авна.
Арван.Гомдол гаргах
10.1.Оролцогч бүртгэлтэй холбоотой гомдлоо бүртгэл дууссан өдрөөс хойш, ярилцлагын даалгавар, үнэлгээтэй холбоотой гомдлоо энэ журмын 6.4-д заасан дүн гарсан өдрөөс хойш тус тус ажлын хоёр өдрийн дотор Ажлын хэсгийн даргад бичгээр гаргана.
10.2.Оролцогч гомдолдоо гомдол гаргах болсон үндэслэлийг тодорхой дурдаж, холбогдох баримтыг хавсаргана.
10.3.Ажлын хэсэг гомдлыг шийдвэрлэхэд шаардлагатай тайлбар, бусад материал, баримт бичгийг холбогдох албан тушаалтан болон гомдол гаргагчаас гаргуулан авч танилцана.
10.4.Ажлын хэсэг оролцогчийн өргөдлийн дагуу шалгасан тухай хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.
10.5.Ажлын хэсэг гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэж, хариуг гомдол гаргагчид хүргүүлнэ.
10.6.Гомдолд нэр заан буруутгаж буй Ажлын хэсгийн гишүүнийг саналын эрхгүй оролцуулна. Шаардлагатай гэж үзвэл гомдол гаргагч болон холбогдох бусад хүнийг хуралд оролцуулж болно.
10.7.Гомдолд дурдсан шаардлага үндэслэлтэй байна гэж үзвэл гомдол гаргагчийн маргаж буй даалгаврын гүйцэтгэлийг дахин хянаж үзнэ.
10.8.Ажлын хэсгийн гишүүн өөрийн үнэлгээний үнэн зөв, бодитой байх болон үнэлгээтэй холбогдон гарсан аливаа үр дагаврыг бүрэн хариуцна.
10.9.Энэ журмын 10.5-д заасан хариуг оролцогч хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн хариуг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөрт багтаан Хууль зүйн туслалцааны төвийн захиралд гомдол гаргаж болно.
10.10.Гомдол гаргагч Төвийн захирлын шийдвэрийг эс зөвшөөрвөл Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргаж болох ба Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэр эцсийн байна.
Арван нэг.Сонгон шалгаруулалтын зардлын төсөв
11.1.Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай Хууль зүйн туслалцааны төвийн тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, шаардагдах зардлыг байгууллагын төсөвт тусган батлуулсан байна.
11.2.Сонгон шалгаруулалтын зардлын төсөвт ярилцлагын даалгаврын асуулт боловсруулах зардал, ажлын хэсгийн гишүүнд олгох урамшуулал болон холбогдох бусад зардал багтана.
-оОо-
Текст томруулах
A
A
A