A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 466

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 5, 11 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус үндэслэн "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 3.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2023 оны 83 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Энэ тогтоолын 1-д заасан цахим арилжаанд хяналт тавих журмыг хамтран баталж, мөрдүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарт үүрэг болгож, Санхүүгийн зохицуулах хороо (Д.Баярсайхан)-д зөвлөсүгэй.

3. Энэ тогтоолын 1-д заасан журмын хэрэгжилтийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг "Эрдэнэс Монгол" ХХК (С.Наранцогт), "Эрдэнэс Тавантолгой" ХК (Ж.Ганбат), "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК (Х.Алтай)-д тус тус үүрэг болгосугай.

4. Цахим арилжаагаар экспортод гаргах нүүрсний ачаа тээвэрлэлтийг Гашуунсухайт боомт дахь чингэлэгт тээврийн терминалаар тусгай горимоор зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Монгол Улсын сайд, Боомт сэргэлтийн Үндэсний хорооны даргын үүрэг хариуцагч Х.Нямбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Гаалийн ерөнхий газар (Р.Отгонжаргал), Хил хамгаалах ерөнхий газар (Х.Лхагвасүрэн) нарт тус тус даалгасугай.

5. Энэ тогтоолыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.ГАНБААТАР