A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2022 оны 466 дугаар

 тогтоолын хавсралт                            

 

 

 

ЭКСПОРТОД ГАРГАХ НҮҮРСНИЙ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ

АРИЛЖААНЫ ЖУРАМ

 

 

Нэг.Ерөнхий зүйл

 

1.1.Энэ журмаар "Эрдэнэс Тавантолгой" ХК болон хүсэлт гаргасан БНХАУ-ын хилийн боомтоор нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортод гаргах нүүрсийг цахимаар нээлттэй арилжих үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна. (Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 83 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

1.2.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

1.2.1."цахим арилжаа" гэж экспортод гаргах нүүрсийг худалдагчаас санал болгосон доод үнээс эхлэн цахимаар үнэ хаялцуулан нээлттэй арилжих үйл ажиллагааг;

 

1.2.2."худалдагч" гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК болон хүсэлт гаргасан БНХАУ-ын хилийн боомтоор нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийг; (Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 83 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

1.2.3."худалдан авах санал гаргагч" гэж нүүрс худалдан авахаар цахим арилжаанд оролцогч этгээдийг;

 

1.2.4."худалдан авагч" гэж цахим арилжаагаар нүүрс худалдан авахаар шалгарч, худалдагчтай экспортын гэрээ байгуулсан этгээдийг;

 

1.2.5."арилжаа зохион байгуулагч" гэж цахим системээр дамжуулан арилжаа зохион байгуулах хуулийн этгээд буюу "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийг;

 

1.2.6."дэнчин" гэж худалдан авах санал гаргагчаас цахим арилжааны үүргийн гүйцэтгэлийн нотолгоо болгож худалдагчид төлбөл зохих төлбөрт оролцуулан арилжаа зохион байгуулагчийн Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкны нэрийн дансанд урьдчилан байршуулах мөнгөн хөрөнгийг;

 

1.2.7."нүүрс нийлүүлэх цэг" гэж Монгол Улсын Гашуунсухайт боомт дахь "Чингэлэгт тээврийн терминал", эсхүл БНХАУ-ын хилийн боомт дахь “Нүүрс ачиж буулгах талбай”-г(Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 83 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

1.2.8."итгэмжлэгдсэн лаборатори" гэж Гаалийн төв лаборатори, эсхүл Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораторийг;

 

      1.2.9."экспортын гэрээ" гэж цахим арилжааны системд амжилттай хийгдсэн хэлцлийн дагуу "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-аас баталсан загвараар байгуулах нүүрс экспортлох худалдааны гэрээг.

Хоёр.Цахимаар оролцох экспортын нүүрсэнд

тавигдах шаардлага, хэмжээ

 

2.1.Арилжаа зохион байгуулагч нь "Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS 6457:2022" стандартад заасан төрөл, ангилал, чанарын үзүүлэлттэй нүүрсийг цахимаар арилжина.

 

2.2.Цахимаар арилжих нүүрсний нэг багц нь 6,400 тонн бөгөөд нэг удаагийн захиалгын дээд хэмжээ нь 25 хүртэл багц байна.

 

2.3.Худалдагч нь цахимаар арилжих нүүрсний захиалгыг дараахь баримт бичгийн бүрдүүлбэрийг ханган арилжаа зохион байгуулагчид тухай бүр өгнө:

 

      2.3.1.цахимаар арилжаалах нүүрсний багцын тоо, тухайн багцад хамаарах нүүрсний төрөл, ангилал, чанарын үзүүлэлт;

 

      2.3.2.итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт (цахим);

 

      2.3.3.дуудах доод үнэ, валютын төрөл.

 

2.4.Арилжаа зохион байгуулагч нь худалдагчаас ирүүлсэн тоо хэмжээг хэтрүүлэхгүйгээр захиалгад заасан хэмжээгээр цахим арилжааг зохион байгуулна.

 

2.5.Захиалгын бүрдүүлбэр хангаагүй захиалгыг бүртгэхгүй.

 

Гурав.Цахим арилжааг зохион байгуулах

 

3.1.Арилжаа зохион байгуулагч нь цахим арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжаалагдаж буй нүүрсний үнэ, гэрээний мэдээллийг арилжаанд оролцогчид болон олон нийтэд үнэн зөв, түргэн шуурхай хүргэх, арилжааны хэлцлийн үр дүнд үүссэн төлбөрийн үүргийг тодорхойлон бүртгэх, экспортын гэрээ байгуулах, төлбөрийг найдвартай гүйцэтгэх нөхцөлийг хангаж ажиллана.

 

3.2.Худалдагч нь худалдах нүүрсний захиалгыг арилжаа зохион байгуулагчид арилжаа зохион байгуулагдахаас ажлын 7-оос доошгүй өдрийн өмнө өгнө.

 

3.3.Арилжаа зохион байгуулагч нь энэ журмын 3.2-т заасан захиалгын бүрдүүлбэрийг ажлын 2 өдрийн дотор шалгаж, шаардлага хангасан гэж үзвэл захиалгын дагуу цахим арилжааны зарыг арилжаа зохион байгуулагдахаас ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө өөрийн албан ёсны цахим хуудаст байршуулна.

 

3.4.Цахим арилжааны зард дараахь мэдээллийг тусгана:

 

      3.4.1.цахим арилжаа зохион байгуулах хугацаа;

 

      3.4.2.нүүрсний багцын тоо, чанар, стандарт;

 

      3.4.3.нүүрс нийлүүлэх цэг (Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминал, эсхүл БНХАУ-ын хилийн боомт дахь “Нүүрс ачиж буулгах талбай); (Засгийн газрын 2023 оны 83 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

 

      3.4.4.нүүрс хүргэж өгөх хугацаа;

 

      3.4.5.нүүрс татан авах хугацаа;

 

      3.4.6.дуудах доод үнэ, валютын төрөл;

 

      3.4.7.дуудах үед үнэ өсгөх хамгийн бага дүн;

 

      3.4.8.дэнчингийн хэмжээ, төлөх нөхцөл, дэнчин байршуулах дансны дугаар, валютын төрөл;

 

      3.4.9.цахим арилжаанд оролцох заавар;

 

      3.4.10.мэдээллийн ажилтантай холбоо барих утасны дугаар.

 

3.5.Худалдан авах санал гаргагч нь арилжаа эхлэхээс 30-аас доошгүй минутын өмнө Арилжаа зохион байгуулагчийн Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкан дахь дансанд дэнчинг байршуулснаар цахим арилжаанд оролцох эрх үүснэ.

 

3.6.Цахим арилжааны системд хэлцэл амжилттай хийгдсэнээс хойш ажлын 7 өдрийн дотор худалдагч болон худалдан авагч нар арилжаа зохион байгуулагчаас баталсан загварын дагуу экспортын гэрээг баталгаажуулан арилжаа зохион байгуулагчид ирүүлэх бөгөөд худалдан авагч нь хэлцлийн төлбөрийг 100% (дэнчинг хассан дүнгээр) худалдагчийн Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкан дахь нэрийн дансанд байршуулна. Арилжаа зохион байгуулагч нь экспортын гэрээнд үндэслэн дэнчинг худалдагчийн нэрийн данс руу ажлын 5 өдрийн дотор шилжүүлнэ.

 

3.7.Цахим арилжаанд оролцох дэнчингийн хэмжээ нь доод үнээр илэрхийлсэн тухайн захиалгын нийт үнийн дүнгийн 5-аас доошгүй хувьтай тэнцүү хэмжээтэй байна. (Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 83 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)

 

3.8.Цахим арилжааны арга, ашиглах нөхцөлийг дараахь байдлаар тогтооно:

 

      3.8.1.нүүрсний багцын дуудах доод үнийг худалдагч тал захиалгад тусгасан байна;

 

      3.8.2.цахим арилжааны үед хэлцэл хийгдэх хүртэл үлдэж байгаа хугацааг секундээр тооцон арилжаанд оролцогчид харуулна;

 

      3.8.3.цахим арилжаа нь захиалга бүртгэх, дуудах, хэлцэл хийгдэх гэсэн 3 үе шаттайгаар явагдана;

 

      3.8.4.худалдан авах анхны захиалга бүртгэх үе шат нь 60 минут хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ үед захиалгыг өөрчлөх, эсхүл цуцалж болно;

 

      3.8.5.дуудах үе шат нь 1 минутын хугацаанд үргэлжилнэ. Дуудах үед шинээр захиалга оруулах, тоо ширхгийг өөрчлөх болон үнийг бууруулан захиалгад өөрчлөлт оруулахыг хориглох бөгөөд зөвхөн арилжааны системд бүртгэгдсэн захиалга дуудах үед оролцон үнэ хаялцах эрхтэй;

 

      3.8.6.дуудах үе шатанд үнэ шинэчлэгдсэн тохиолдол бүрд энэ зүйлийн 3.8.5-д заасан 1 минутын дуудах үе шатны хугацаа эхлэн тооцогдоно;

 

      3.8.7.сүүлийн үнийн өөрчлөлт орсноос хойш 1 минутын хугацаанд дахин өөрчлөлт ороогүй тохиолдолд хэлцэл хийгдсэнд тооцно.

 

3.9.арилжаа зохион байгуулагч нь нүүрсний цахим арилжааны мэдээ, тайланг өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд тогтмол мэдээлнэ.

 

3.10.биржийн арилжааны шимтгэл нь арилжааны үнийн дүнгийн 0.1 %-тай тэнцүү байна.

 

3.11.арилжаа зохион байгуулагч нь цахим арилжааны системтэй холбоотой сургалтыг шаардлагатай тохиолдолд өөрийн санаачилгаар болон сонирхогч этгээдийн хүсэлтээр зохион байгуулж болно.

 

Дөрөв.Төлбөр тооцоо

 

4.1.Худалдан авагч нь энэ журмын 3.6-д заасны дагуу байгуулсан экспортын гэрээнд үндэслэн хэлцлийн төлбөрийг ажлын 7 өдрийн дотор худалдагчийн Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банкан дахь нэрийн дансанд байршуулна.

 

4.2.Арилжаа зохион байгуулагч нь дэнчинг энэ журмыг зөрчиж аливаа этгээдэд шилжүүлэх, барьцаалахыг хориглоно.

 

4.3.Арилжаа явагдаагүй тохиолдолд тухайн арилжааг товлосон өдрөөс хойш, арилжаанд оролцоогүй, эсхүл оролцсон боловч шалгараагүй тохиолдолд арилжаа явагдсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор арилжаа зохион байгуулагч нь худалдан авах санал гаргагчид дэнчинг буцаан олгох бөгөөд банкны гүйлгээний шимтгэлийг арилжаа зохион байгуулагч хариуцахгүй.

 

4.4.Энэ журмын дагуу арилжаа зохион байгуулагчийн цахим арилжаагаар Монгол Улсын Гашуунсухайт боомт дахь "Чингэлэгт тээврийн терминал" нөхцөлөөр худалдан борлуулсан нүүрсэнд татвар, төлбөр, хураамжийг экспортод гаргасан нүүрсний зохицуулалтын дагуу ногдуулна.

 

4.5.Цахим арилжаагаар нүүрс худалдан авахаар шалгарсан этгээд нь хэлцэл амжилттай хийгдсэн боловч хэлцлийн төлбөрийг хугацаандаа, эсхүл бүрэн шилжүүлээгүй, журмын 3.6-д заасны дагуу экспортын гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байгуулахаас татгалзсан, энэ журмыг зөрчиж арилжаанд оролцсон тохиолдолд худалдагчийн хүсэлтээр арилжаа зохион байгуулагч нь тухайн хэлцлийг цуцалж, дэнчинг худалдагчийн орлого болгоно.

 

4.6.Энэ журмын 4.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд худалдагч нь тухайн цуцлагдсан хэлцлийн захиалгаа арилжаа зохион байгуулагчид шинэчлэн хүргүүлнэ.

4.7.Цахим арилжаагаар нүүрс худалдан авахаар шалгарсан этгээдийн хэлцлийн төлбөрийн үнийн дүнд дэнчинг оруулан тооцно.

 

Тав.Худалдагч

 

5.1.Худалдагч нь энэ журмын 3.4-т заасан цахим арилжааны захиалгыг арилжаа зохион байгуулагчид урьдчилан хүргүүлнэ.

 

5.2.Шаардлагатай тохиолдолд арилжаа зохион байгуулагч эсхүл арилжаанд оролцогчийн шаардлагаар арилжаалах нүүрсний талаар нэмэлт мэдээлэл өгч болно.

 

5.3.Худалдагч нь төлбөр тооцоонд цахим төлбөрийн баримт үйлдэж, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хэлцлийг бүртгэнэ.

 

Зургаа.Худалдан авах санал гаргагч

 

6.1.Гадаад болон дотоодын хуулийн этгээд нь цахим системд бүртгүүлж худалдан авах санал гаргагчаар арилжаанд оролцоно.

 

6.2.Худалдан авах санал гаргагч нь энэ журмын 6.1-д заасан цахим системд бүртгүүлэхэд дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байна:

 

      6.2.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

 

      6.2.2.оршин суугаа улсын татвар төлөгчийн гэрчилгээ, татвар төлөгчийн дугаар;

 

      6.2.3.харилцагч банкны дансны тодорхойлолт;

 

      6.2.4.гадаад хэл дээрх баримт бичгийг англи хэл дээрх албан ёсны орчуулгын хамт.

 

6.3.Худалдан авах санал гаргагч нь бусад этгээдтэй үгсэн хуйвалдах, харилцан тохиролцох замаар цахим системээр арилжигдах нүүрсний үнийг зохиомлоор тогтоох, зах зээлийг урвуулан ашиглах зорилгоор аливаа үйлдэл хийхийг хориглоно.

 

6.4.Худалдан авах санал гаргагч нь энэ журмын 6.3-т заасан үйлдэл хийсэн тохиолдолд арилжаа зохион байгуулагч цахим системд 6-12 сарын хугацаанд дахин бүртгэхгүй байх арга хэмжээ авна. 

 

Долоо.Итгэмжлэгдсэн лаборатори

 

7.1.Цахимаар арилжаалах нүүрсний чанарын шинжилгээг итгэмжлэгдсэн лабораторид хийнэ.

 

7.2.Итгэмжлэгдсэн лаборатори нь хараат бусаар холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу ажиллана.

 

7.3.Арилжаа зохион байгуулагч нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээг хүлээн  авснаар цахим арилжааг зохион байгуулна.

7.4.Худалдагч, худалдан авагч талууд экспортын гэрээнд заасны дагуу шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж болно.

 

Найм.Тээвэрлэлт

 

8.1.Гаалийн бүрдүүлэлтийн баримт бичгийг худалдагч тал хариуцна.

 

8.2.Худалдагч нь нүүрс нийлүүлэх цэг хүртэлх тээвэрлэлт, тээвэрлэлттэй холбоотой эрсдэлийг хариуцна.

 

8.3.Нүүрс нийлүүлэх цэгээс цааш гарах тээвэрлэлтийг худалдан авагч хариуцна.

 

Ес.Бусад

 

9.1.Энэ журмын хэрэгжилтэд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина.

 

9.2.Худалдагчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас бусад түүний буруутай үйл ажиллагааны улмаас экспортын гэрээнд заасан хугацаанд зохих нүүрсийг нийлүүлэх цэгт бүрэн хүргээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд нийлүүлэх цэгт хүргээгүй нүүрсний үнийн дүнгийн 0.1 %-тай тэнцэх алдангийг худалдан авагчид төлнө.

 

9.3.Худалдан авагч нь экспортын гэрээнд заасан хугацаанд худалдан авсан нүүрсээ нүүрс нийлүүлэх цэгээс бүрэн татан аваагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд татан аваагүй нүүрсний үнийн дүнгийн 0.1 %-тай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө.

 

9.4.Цахим арилжаа зохион байгуулахтай холбоотой нарийвчилсан харилцааг энэ журмын 1.2.5-д заасан этгээдийн баталсан журам, заавраар зохицуулна.

 

9.5.Худалдагч, худалдан авагч нарын хооронд үүсэх маргааныг талууд өөрөөр тохиролцоогүй бол Монгол Улсын Олон улсын арбитраар шийдвэрлүүлж болно.

 

 

 

 

---o0o---