A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 431

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолын 2 дахь заалтын "… хуваарьт нислэг гүйцэтгэж байгаа дотоодын агаарын тээвэрлэгчдийг дэмжих зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг," гэсний дараа "аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг," гэж нэмсүгэй.

Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний "Зорилго 2. Эдийн засгаа сэргээх" гэсэн хэсэгт дор дурдсан агуулга бүхий 2.52 дугаар заалт нэмсүгэй:

Зорилт

Хариуцан хэрэгжүүлэгч

Хамтран хэрэгжүүлэгч

Хугацаа

Хүрэх үр дүн, халдвар тархалтын шаталсан түвшинтэй нийцүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээ

2.52

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих

хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан санхүүжүүлэх

БОАЖЯ

Монголбанк (зөвшилцсөнөөр)

2022-

2024

Хүрэх үр дүн: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн санхүүгийн хүндрэл арилж, үйл ажиллагаа нь тогтворжиж, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавх сайжирч, үйлчилгээний чанар, нэр төрөл нэмэгдэх, Монгол Улсыг гадаад улсад сурталчлах сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, зорилтот зах зээлийг судлах, аялал жуулчлалын салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ:

Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкны эх үүсвэрээс 55.0 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай олгох бөгөөд Засгийн газраас зээлийн нийт хүүгийн 7.0 нэгж хувийг хариуцан төлнө.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ