- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 448
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 10.1.7, 10.1.11, "Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 72 дугаар тогтоол, "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төрийн албан хаагчийн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангаж хэт төвлөрлийг бууруулах, батлагдсан төсвийг үр дүнтэй, үр ашигтай зарцуулах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:
1.1.төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журмын төслийг шинэчлэн боловсруулж, батлуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд;
1.2.төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчийн цалингийн зэрэглэлийг оновчтой болгох талаар судалж, албан тушаалын цалингийн сүлжээний шатлалгүй болгох чиглэлээр холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж, танилцуулахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд;
1.3.өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад сангийн өгөгдөл, мэдээлэлд үндэслэн өрхийн амьжиргааны түвшинг тооцох аргачлалыг шинэчлэн баталж, мөрдүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд;
1.4.хүүхдийн асрамжийн төвийн үйл ажиллагааны зардлын нормативыг бодит өртгөөр нь тооцож шинэчлэн баталж мөрдүүлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээ, арга хэмжээний төсвийг салбар хоорондын уялдаа холбоог хангасан байхаар тооцож зарцуулах талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж, хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд;
1.5.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг батлагдсан төсвийн хүрээнд оновчтой, үр дүнтэй санхүүжүүлэх замаар эрүүл мэндийн даатгалын сангийн тогтвортой байдлыг хангах, өр төлбөр үүсгэхгүй байхаар зохион байгуулж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод;
1.6.2017-2021 онуудад хэрэгжүүлсэн "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн үр дүн, үр нөлөөний үнэлгээг хийсний үндсэн дээр хөтөлбөрийг 2023 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод;
1.7.төсвийн санхүүжилтийн хувьд хагас бие даасан тогтолцоонд шилжин ажиллах төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах болон эм, эмнэлгийн хэрэгслийн төвлөрсөн худалдан авалтын тогтолцоо бүрдүүлэх талаар Засгийн газрын 2021 оны 388 дугаар тогтоолоор өгөгдсөн үүргийн биелэлтийг хангаж, зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг танилцуулахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод;
1.8.Улаанбаатар хотоос аймагт шилжсэн, аймгаас Улаанбаатар хотод шилжин суурьшсан иргэдийн тоогоор орон нутгийн төсвийн санхүүжилтийн хэмжээг бууруулах болон нэмэгдүүлэх хөшүүрэг бий болгох асуудлыг судалж, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулахыг Сангийн сайд Б.Жавхланд;
1.9.орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаатай холбогдох журам, орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журмыг тус тус шинэчлэн баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд;
1.10.нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэний оршин суух хаяг, эд хөрөнгө, нийгмийн суурь үйлчилгээ авах эрх, татвар, нийгмийн даатгалын шимтгэл нь тухайн орон нутагт бүртгэгдсэн эсэхийг харгалзан мөнгөн урамшуулал олгох журмын төслийг боловсруулж батлуулахыг Сангийн сайд Б.Жавхланд;
1.11.орон нутагт байнгын оршин суух иргэнд орон нутгийн нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт үзүүлэх асуудлаар аймгийн Засаг даргатай зөвшилцөж, хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод;
1.12.гүйцэтгэсэн ажлын бүтээмжийг нь харгалзан аймаг, сумын засаг захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын үндсэн цалинг хоёр дахин хүртэл нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож, орон нутгийн нэмэгдлийг батлагдсан төсөвтөө багтаан олгох арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.13.орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтын арга хэмжээг төлөвлөх, батлах, санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, бүртгэх, тайлагнах, хяналт тавихад холбогдох хууль тогтоомжийг баримталж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.14.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний хүрээнд нутгийн захиргааны байгууллагад өгсөн хандив, тусламжийг аймаг болон сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, орон нутгийн хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрт хууль тогтоомжид нийцүүлэн зарцуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.15.нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэнд жилийн 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох, орон нутагт үйл ажиллагаагаа шилжүүлсэн аж ахуйн нэгжийн арилжааны банкнаас авсан зээлийн хүүг 1 хувь хүртэл бууруулж олгох ажилд орон нутгийн зүгээс шаардлагатай дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.16.нийслэлээс орон нутагт үйл ажиллагаагаа шилжүүлсэн аж ахуйн нэгжид бизнесээ эрхлэхэд нь зориулж газар болон холбогдох тусгай зөвшөөрөл олгох арга хэмжээг хүнд сурталгүйгээр шуурхай шийдвэрлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.17.гадаад зээлийн хөрөнгөөр орон нутагт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэй дамжуулан зээлдүүлэх гэрээгээр олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг Монгол Улсын 2023 оны төсөвт тусгасан дүнгээр бүрэн төлж барагдуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.18.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан шаталсан татварын ногдуулалтын талаар мэдээллийг татвар төлөгчдөд хүргэх ажлыг зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг хангах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг Татварын ерөнхий газар (Б.Заяабал)-т;
1.19.орон нутагт шинээр үйл ажиллагаа эхлүүлсэн, салбараа нээсэн, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх талаар холбогдох журам, маягтад өөрчлөлт оруулж, мөрдүүлэхийг Татварын ерөнхий газар (Б.Заяабал)-т;
1.20.төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан цэвэр ашгийн 50 хувь болон төрийн эзэмшлийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 1 хувиар тооцсон дүнгийн аль өндөр хэмжээгээр ногдол ашиг тооцох хуваарилж төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авч үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т;
1.21.төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, өр төлбөр, хүний нөөцийн мэдээллийг тухайн хуулийн этгээдийн цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулах арга хэмжээг холбогдох төрийн байгууллагатай хамтран зохион байгуулж, улирал бүр дүгнэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т;
1.22.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны багцыг хэсэгчлэн болон бүхэлд нь Монголын хөрөнгийн биржээр арилжаалж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгож өөрчлөх, хувийн хэвшлийн зонхилох байр суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц судалгаа хийж, бодлогын чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т.
2.Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай:
2.1.Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төсвийн хөрөнгө оруулалтын сахилга бат, хариуцлага, үр ашгийг сайжруулах зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зураг төсвийг санхүүжилтийн эх үүсвэр батлагдсан тохиолдолд боловсруулах;
2.2.төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны үр дүнд бий болсон хэмнэлтийг зарцуулахгүй байх;
2.3.төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж, батлагдсан санхүүжилтийг төсвийн жилд багтаан бүрэн олгох арга хэмжээг авах;
2.4.Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд барилгын материалын үнийн өсөлтийн нэмэгдэл нь батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнийн өсөлтийг санхүүжүүлэхэд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний бэлтгэл ажил, зохион байгуулалтыг шуурхай зохион байгуулах;
2.5.Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, гүйцэтгэл, санхүүжилт, хяналт болон тайлагналтын үйл ажиллагааг Сангийн яамны улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем (PIMIS-www.publicinvestment.gov.mn)-ээр дамжуулан хэрэгжүүлж ил тод, нээлттэй байдлыг хангах.
3.Мэргэжлийн хяналтын чиг үүргийг холбогдох яам, агентлагт шилжүүлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчийг зохих албан тушаалд хуваарилан томилох, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх албан хаагчид хуульд заасан тэтгэмж олгохыг төсвийн ерөнхийлөн захирагч нар, эд хөрөнгийг шийдвэрлэх талаар санал боловсруулж, танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл) нарт даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
