A

A

A

Бүлэг: 1979

Гаалийн  ерөнхий газрын даргын 2022 оны А/338 дугаартай тушаалын хавсралт

 

ТЭЭВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГАД ГААЛИЙН ИТГЭМЖЛЭЛ ОЛГОХ ШАЛГУУР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Гаалийн хяналтад байгаа улс хооронд болон дотоодод дамжуулан өнгөрүүлэх барааг гаалийн удирдах төв байгууллагаас итгэмжлэл авсан тээвэрлэгч /цаашид "гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч" гэх/ тээвэрлэнэ.

1.2.Гаалийн байгууллагын тогтоосон шалгуурыг хангаж, гаалийн хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд гаалийн байгууллагатай хамтран ажиллах тээвэрлэгч хуулийн этгээдэд гаалийн итгэмжлэл олгоно.

 

Хоёр. Тээвэрлэгчид итгэмжлэл олгох шалгуур

 

2.1.Тээвэрлэлтийн 1-ээс доошгүй жилийн туршлагатай, дараах шалгуурыг хангасан хуулийн этгээдэд итгэмжлэл олгоно:

  2.1.1.автозамаар тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд автотээврийн хэрэгсэл нь тээвэрлэгч хуулийн этгээдийн нэр дээр автотээврийн улсын бүртгэлийн санд бүртгэгдэж улсын дугаар авсан, техникийн стандартын шаардлага хангасан байх;

2.1.2.ачаа тээвэрлэлтийн холбогдох стандартыг мөрддөг тухай эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргуулсан байх;

  2.1.3.тээврийн хэрэгсэл нь гаалийн байгууллагын битүүмжлэл, тэмдэглэгээ тавих боломжтой байх;

  2.1.4.тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардагдах барааг тээвэрлэх тохиолдолд тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлтэй байх;

  2.1.5.гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэх явцад эрсдэл үүссэн тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг төлж, барагдуулах санхүүгийн чадавхтай болохоо сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангаар нотолсон байх. Энэ шалгуур нь Сангийн сайдын баталсан Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлалаар тодорхойлогдсон байна;

  2.1.6.тээвэрлэгч хуулийн этгээд нь сүүлийн 1 жилийн байдлаар гаалийн байгууллагын зөрчлийн санд бүртгэгдээгүй байх;

  2.1.7.гаалийн байгууллагаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах боломжийг бүрдүүлэх зорилгоор тээвэрлэгч хуулийн этгээд нь тээврийн хэрэгсэл бүрт тээврийн хэрэгслийн байршлыг тогтоох систем /GPS/ , цахим ломбо зэргийг байрлуулах;

  2.1.8.барааг тээвэрлэх явцад бараанд үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор ачаа тээвэрлэлтийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх;

           2.1.9.нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх;

2.1.10.татварын өргүй байх;

2.1.11.цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.

2.2.Гаалийн итгэмжлэл авахыг хүссэн хуулийн этгээд энэ шалгуурын 1 дүгээр хавсралтаар батлагдсан бичиг баримтыг бүрдүүлж гаалийн удирдах төв байгууллагын гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид хүсэлтээ цахимаар ирүүлнэ:

  2.2.1.тээвэрлэлт гүйцэтгэх чиглэл, тээвэрлэх барааны нэр төрлийг тусгасан итгэмжлэл хүссэн өргөдөл;

  2.2.2.тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгасан тээвэрлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ;

  2.2.3.ачаа тээвэрлэлтийн гэрээ;     

2.2.4.тээврийн хэрэгслийг 4 талаас (эгц урд, ард болон хажуу 2 талаас) нь авсан өнгөт зураг;

2.2.5.энэ тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан хүснэгтийн дагуу гаргасан автотээврийн хэрэгслийн жагсаалт;

2.2.6.энэ шалгуурын 2.1.1, 2.1.3, 2.1.4-т заасан шалгуурыг хангаж байгаа эсэх талаар хяналт тавьж ажиллах гаалийн байгууллагын тодорхойлолт;

2.2.7.тээвэрлэгч хуулийн этгээдийн танилцуулга.

2.3.Тээвэрлэгч хуулийн этгээдэд итгэмжлэл олгох, энэ шалгуурын 3.5-д зааснаас бусад тохиолдолд хүчингүй болгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлнэ.

  2.4.Гаалийн итгэмжлэлийн хугацаа 3 жил хүртэл байна.

2.5.Автозамаар тээвэр хийх гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн тээврийн хэрэгсэл бүрт дараах шаардлага хангасан "Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч"-ийн товчлол "ГИТ" таних тэмдэг байрлуулна:

  2.5.1.энэ шалгуурын 3 дугаар хавсралтаар батлагдсан таних тэмдэг нь тэгш өнцөгт хэлбэртэй, 14 х 7 см харьцаатай, цэнхэр өнгийн дэвсгэр дээр хөх өнгөөр "ГИТ" гэж бичсэн байх бөгөөд зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг байх;

  2.5.2.таних тэмдгийн ар талд: Тээвэрлэгч байгууллагын нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын бүртгэлийн дугаар, олгосон болон дуусах огноо бичигдсэн байх.

2.6.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн гаалийн хяналтад тээвэрлэсэн бараа, илгээсэн болон хүргэсэн гаалийн хяналтын бүсийн код, ачааны манифестын дугаар, тээврийн хэрэгслийн дугаар зэрэг мэдээлэл агуулсан бүртгэлийг цахимаар эсхүл цаасаар хөтөлж, хяналт тавьж буй гаалийн газарт улирал бүр хүргүүлнэ.

2.7.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч тээвэрлэлтийн чиглэл, тээвэрлэх барааны нэр төрөл нэмүүлэх, өөрчлүүлэх тохиолдолд энэ шалгуурын 2.1.4, 2.1.5, 3.4.4-т заасан шалгуурыг хангаж, 2.2.1, 2.2.4-т заасан бичиг баримтыг бүрдүүлэн гаалийн удирдах төв байгууллагын гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид хүсэлт гаргана.

2.8.Энэ шалгуурын 2.7-д заасан хүсэлт, бичиг баримтыг гаалийн удирдах төв байгууллагын гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгж хянаж, шаардлага хангасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.

2.9.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч тээврийн хэрэгсэл нэмүүлэх тохиолдолд 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.7-д заасан шалгуурыг хангаж, 2.2.1, 2.2.4, 2.2.5-д заасан бичиг баримтыг бүрдүүлэн, гаалийн удирдах төв байгууллагын гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид хүсэлт гаргана.

   2.10.Энэ шалгуурын 2.9-д заасан хүсэлт, бичиг баримтыг гаалийн удирдах төв байгууллагын гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгж хянаж, шаардлага хангасан тохиолдолд нэгжийн даргын зөвшөөрлийг үндэслэн асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч CAIS системд бүртгэнэ.

2.11.Энэ шалгуурын 2.1.1, 2.1.2, 2.1.7, 2.1.8-д заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр гаалийн удирдах төв байгууллагын гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид мэдэгдэнэ.

2.12.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч итгэмжлэлийг худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг зөвшөөрөхгүй.

2.13.Хяналт тавьж буй гаалийн байгууллагын удирдлага гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчтэй 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Гэрээний хугацаа дууссан тохиолдолд сунгаж болно.

 

Гурав.Гаалийн итгэмжлэлийн хугацаа сунгах,

 хүчингүй болгох

 

3.1.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч нь итгэмжлэлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө цахимаар гаалийн удирдах төв байгууллагын гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид  гаргана.

3.2.Энэ шалгуурын 3.1-д заасан хүсэлт гаргаж, 2.2.1, 2.2.3-т заасан бичиг баримтыг бүрдүүлж өгөхөд системээс байнгын шалгуураар бусад мэдээллийг шалгана.

3.3.Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн үйл ажиллагаа, хууль сахилтын түвшинг гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгж хянаж, энэ шалгуурын 3.4.3, 3.4.4, 3.4.5, 3.4.6-д заасан нөхцөл илрээгүй тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар хугацааг сунгана.

3.4.Итгэмжлэлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:

  3.4.1.гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч хүсэлт гаргасан;

3.4.2.энэ шалгуурын 3.1-д заасан хугацаанд сунгуулах хүсэлт гаргаагүй;

  3.4.3.гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч дампуурсан, татан буугдсан;

  3.4.4.гаалийн хууль тогтоомжийг сүүлийн 1 жилийн хугацаанд 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

  3.4.5.энэ журмын 2.1-т заасан шалгуурыг хангахгүй болсон;

             3.4.6.гаалийн итгэмжлэл авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон.

3.5.Энэ шалгуурын 3.4.1, 3.4.2-т заасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж, итгэмжлэлийг хүчингүй болгоно.

3.6.Гаалийн итгэмжлэл нь хүчингүй болсон хуулийн этгээд шийдвэр гарсан өдрөөс хойш 1 жилийн дараа итгэмжлэл авах хүсэлт гаргаж болно.