- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН ЖУРАМ
Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны
А/339 дугаартай тушаалын хавсралт
ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Гаалийн хяналтын бүс, түүний хил, дэглэм тогтоох, гаалийн хяналтын түр бүсэд гаалийн хяналтыг хэрэгжүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
1.2.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтад авах, бүрдүүлэлт хийх зориулалт бүхий гаалийн хяналтын бүсийг гаалийн газар, хороо (цаашид "Гаалийн байгууллага" гэх)-ны хариуцах нутаг дэвсгэрт гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар гурав хүртэл жилийн хугацаатайгаар тогтооно.
1.3.Гаалийн хяналтын бүс нь байнгын, эсхүл түр байж болно.
1.4.Гаалийн хяналтын бүсийг гаалийн нутаг дэвсгэрийн гүнд болон хилийн боомтод байгуулж болно.
1.5.Гаалийн хяналтын бүсийг тогтоох болон үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж шийдвэрлэнэ.
1.6.Гаалийн хяналтын бүсийг барааны төрлөөр нь ангилж болох бөгөөд энэ тохиолдолд гаалийн хяналтын бүс тогтоох тухай гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалд заана.
1.7.Гаалийн шалгалтыг гаалийн хяналтын бүсэд хийнэ. Шаардлагатай тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын бүсээс өөр газарт мэдүүлэгчийн зардлаар хийж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн албаны болон ахуйн байрыг гаалийн хяналтын түр бүс гэж тооцно.
1.8.Гаалийн бичиг баримтын шалгалт, гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн шалгалт зэрэг нь өөр өөр газарт хийгддэг бол тэдгээрийг гаалийн нэг хяналтын бүс гэж ойлгоно.
1.9.Гаалийн хяналтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хэрэгжүүлэх тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь гаалийн хяналтын түр бүс болно.
1.10.Хяналт тавьж байгаа гаалийн байгууллага нь "Өөрийн үнэлгээний хуудас"-аар тухайн хяналтын бүсийн үйл ажиллагааг хагас, бүтэн жилээр тус тус хангалттай, эсхүл хангалтгүй үнэлгээгээр үнэлж, баталгаажуулан дараа сарын 05-ны өдрийн дотор гаалийн удирдах төв байгууллагын гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжид ирүүлнэ.
1.11.Энэ журмын 1.10 дахь хэсэгт заасан үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн тохиолдолд хяналт тавьж байгаа гаалийн байгууллагаас гүйцэтгэл сайжруулж, шаардлага хангуулах зорилгоор тодорхой хугацаатай үүрэг өгч, биелэлтэд хяналт тавьж ажиллана.
Хоёр.Гаалийн хяналтын бүс
тогтооход тавигдах шаардлага
2.1.Гаалийн хяналтын бүс тогтоолгох хуулийн этгээд нь цахимаар хүсэлт гаргаж, энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан бичиг баримтыг бүрдүүлэн, дараах шаардлагыг хангасан гаалийн хяналтын бүсийн төсөл хийж, гаалийн байгууллагад цахимаар ирүүлнэ:
2.1.1.төслийн зорилго, хүлээгдэж байгаа үр дүн;
2.1.2.гаалийн хяналтын бүс байгуулах эдийн засгийн үндэслэл, шаардлагын талаарх танилцуулга;
2.1.3.гаалийн хяналтын бүсийн байршил, хяналтын бүсэд байрших барилга байгууламж, тоног төхөөрөмжийн бүдүүвч зураг;
2.1.4.гаалийн бүрдүүлэлт хийгдсэн барааны тээвэрлэлтийг хэрхэн хийх тухай танилцуулга;
2.1.5.гаалийн хяналтын бүсэд ачиж, буулгах бараа, тээврийн хэрэгслийн урьдчилсан танилцуулга;
2.1.6.гаалийн хяналтын бүсэд ашиглагдах техник, тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоо хэмжээ, үзүүлэлтүүд;
2.1.7.барилга байгууламжийн дотоод зохион байгуулалт, өрөөний зай талбайн хэмжээ, ажлын байрны танилцуулга;
2.1.8.талбайн хүчин чадал, харуул хамгаалалтын байршил, зохион байгуулалт;
2.1.9.хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны танилцуулга;
2.1.10.тухайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл учруулах тохиолдолд үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах, зогсоох болон байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх танилцуулга.
2.2.Гаалийн удирдах төв байгууллага нь гаалийн хяналтын бүс байгуулах төсөл, бүрдүүлсэн бичиг баримтыг хянаж, дараах шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн хяналтын бүсийн зориулалтаар хөрөнгө оруулалт хийх зөвшөөрлийг цахимаар өгнө:
2.2.1.төсөлд дурдсан зориулалтаар тухайн нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүс байгуулах хэрэгцээ, шаардлага үүссэн байх;
2.2.2.хяналт тавьж ажиллах гаалийн байгууллагын хүний нөөц хүрэлцэх эсэх;
2.2.3.гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлсэн байдал;
2.2.4.тухайн үйл ажиллагаанаас эрсдэл үүссэн тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг төлж, барагдуулах санхүүгийн чадавхтай болохыг сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлангаар нотолсон байх. Энэ шаардлага нь Сангийн сайдын баталсан Аж ахуй нэгж, байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлалын дагуу үнэлэгдсэн байна;
2.2.5.татварын өргүй байх;
2.2.6.нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх;
2.2.7.барилга байгууламж өмчлөх, газар эзэмших, өмчлөх гэрчилгээ, эсхүл газар, барилга байгууламж өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан түрээсийн гэрээ, газар өмчлөгчийн зөвшөөрөл хүчин төгөлдөр байх, түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байх;
2.2.8.тухайн үйл ажиллагаанаас үүссэн эрсдэлийг бууруулах зорилгоор хариуцлагын даатгалд хамрагдсан байх;
2.2.9.сүүлийн 1 жилийн байдлаар гаалийн байгууллагын зөрчлийн санд бүртгэгдээгүй байх.
2.3.Гаалийн байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр төслийн дагуу хөрөнгө оруулалт хийж, гаалийн хяналтын бүс тогтоолгох тохиолдолд дор дурдсан шаардлага хангасан байна:
2.3.1.орох, гарах хаалганаас бусад газраар бараа, тээврийн хэрэгсэл, хувь хүн нэвтрэх боломжийг хаасан хашаа татсан байх;
2.3.2.Монгол Улсын ачааны терминалын MNS 5832:2007 стандартад нийцсэн байх;
2.3.3.гаалийн хяналт, шалгалт хийх шаардлага хангасан байх;
2.3.4.гаалийн хяналт, шалгалтад шаардагдах техник, тоног төхөөрөмж суурилуулсан байх;
2.3.5.тэгш өнцөгт хэлбэртэй 1.0х0.60 метрийн харьцаатай, цагаан дэвсгэртэй самбар дээр хар хөх өнгөөр "Гаалийн хяналтын бүс" гэсэн бичээстэй, зүүн дээд өнцөгт Монгол Улсын гаалийн байгууллагын бэлгэ тэмдэг бүхий олон нийтэд мэдэгдэхүйц таних тэмдэг байрлуулсан байх;
2.3.6.гаалийн хяналтын бүсэд болон гадна талд нь тарифын бус хязгаарлалттай бараатай холбогдол бүхий хууль тогтоомж, зөрчлийн тухай хуулийн холбогдох заалт, хяналтын бүсийн дэглэмийг олон нийтэд анхааруулсан самбар, дэлгэц байрлуулсан байх;
2.3.7.гаалийн байгууллагын албан хаагчийн хэвийн, аюулгүй байдалд ажиллах ажлын байр, шаардлагатай тохиолдолд амьдрах байрны нөхцөл, шаардлагыг хангасан байх;
2.3.8.харуул хамгаалалттай байх;
2.3.9.галын дохиоллын систем, гал унтраагч төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
2.3.10.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлсэн байх;
2.3.11.мэдээллийн технологийн чиглэлээр гаалийн хяналтын бүсэд тавигдах шаардлагуудыг хангасан байх;
2.3.12.хяналтын камерыг бараа, ажил, үйлчилгээ бүхэлдээ харагдах
газарт шаардлагатай тоо хэмжээгээр байрлуулж, бичлэгийг гаалийн хяналтын зорилгоор ашиглах шаардлага хангахуйц түвшинд хийж, хяналтын нийтлэг журамд заасан хугацаанд хадгалж, гаалийн байгууллагаас шаардсан хугацаанд гаргаж өгөх боломжийг бүрдүүлсэн байх;
2.3.13.хяналт тавьж ажиллах гаалийн байгууллагаас ирүүлсэн "Өөрийн үнэлгээний хуудас" нь 90 буюу түүнээс дээш оноогоор хангалттай үнэлэгдэж, гаалийн хяналт, шалгалтын асуудал хариуцсан нэгжийн дарга баталгаажуулсан байх;
2.3.14.хадгалалтын онцгой нөхцөл, техник, тоног төхөөрөмж тусгайлан шаардах, эсхүл бусад бараанд нөлөөлж болох тодорхой нэр төрлийн барааг зориулалтын дагуу хадгалах тоног төхөөрөмжөөр тоноглож, аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан байх.
2.4.Төслийн дагуу хөрөнгө оруулалт бүрэн хийгдсэн эсэхийг гаалийн байгууллагаас тухайн талбай, барилга байгууламжид очиж нягтлан шалгах бөгөөд энэ журмын 2.3-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд, гаалийн хяналтын бүс тогтоох тухай асуудлыг гаалийн удирдах төв байгууллагын Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд танилцуулан, шийдвэрлүүлнэ.
Гурав.Гаалийн хяналтын бүсийн хил
3.1.Гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн удирдах төв байгууллага тогтооно.
3.2.Хяналтын бүс эзэмшигч болон хяналт тавьж буй гаалийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт, санал, үндэслэл, шаардлагыг судлан үзсэний үндсэн дээр гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар гаалийн хяналтын бүсийн хил, барааны төрөл, хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоож болно.
3.3.Гаалийн хяналтын бүсэд дараах барилга байгууламж, талбайг багтаан хамааруулж болно:
3.3.1.шалган нэвтрүүлэх боомт болон хилийн хяналтын бусад албадын ажлын байр;
3.3.2.тээвэр зуучлагч болон холбогдох бусад хуулийн этгээдийн бараа, тээврийн хэрэгсэл хадгалах, ачих, буулгах, бараа ялгах ангилах талбай, агуулах.
Дөрөв.Гаалийн хяналтын бүсийн дэглэм
4.1.Гаалийн хяналтын бүсэд нэвтрэхэд гаалийн байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ. Уг зөвшөөрөл нь байнгын болон түр хугацаатай байна.
4.2.Байнгын зөвшөөрөл нь тухайн хяналтын бүсэд тогтмол ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтанд олгогдоно. Гаалийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр дээрх зөвшөөрлийг эрх бүхий байгууллагын үнэмлэх орлож болно.
4.3.Шаардлагатай бол түр хугацааны зөвшөөрлийг дараах ажилтан, албан тушаалтанд олгоно:
4.3.1.засвар үйлчилгээ-техникийн ажилтан;
4.3.2.нийгмийн хэв журам сахиулах ажилтан;
4.3.3.хүн эмнэлгийн ажилтан;
4.3.4.онцгой байдлын албаны ажилтан;
4.3.5.эрх бүхий бусад ажилтан.
4.4.Зорчигч, бараа, тээврийн хэрэгслийн эзэмшигчийг гаалийн бүрдүүлэлт хийлгэх зорилгоор гаалийн хяналтын бүсэд иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бусад бичиг баримт, зорчигчийн тийз, холбогдох барааны бичиг баримтыг үндэслэн нэвтрүүлнэ.
4.5.Бараа эзэмшигч, тээвэрлэгч, тээвэр зуучлагч гаалийн хяналтын бүсэд бараа, тээврийн хэрэгслийг ажлын цагаар оруулсан бол оруулснаас хойш, ажлын бус цагаар оруулсан бол ажлын цаг эхэлснээс хойш тус тус 30 минутын дотор гаалийн байгууллагад бүртгүүлнэ.
4.6.Барааг гаалийн хяналтын бүсэд оруулснаас хойш гурав хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бол гаалийн хяналтын бүсийн эзэмшигч барааг гаалийн хяналтан дор гаалийн түр агуулахад шилжүүлнэ.
4.7.Хяналтын бүсэд хадгалах хугацаа хэтэрсэн барааг шилжүүлэх түр агуулах байхгүй тохиолдолд гаалийн нээлттэй түр агуулахад шилжсэнээр тооцож, гаалийн хяналтын бүсэд хадгална.
4.8.Гаалийн хяналтын бүсэд байршиж байгаа бараа, тээврийн хэрэгсэлд өөрчлөлт орсон тохиолдолд гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэгч энэ тухай гаалийн байгууллагад мэдэгдэнэ.
4.9.Энэ журмын 1.6 дахь хэсэгт зааснаас өөр бараа оруулах тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагаас зөвшөөрөл авна.
4.10.Гаалийн байгууллага зөвшөөрснөөс бусад газраар, эсхүл гаалийн
байгууллагын зөвшөөрөлгүй бараа, тээврийн хэрэгсэл, хувь хүн нэвтрүүлэхгүй.
4.11.Гаалийн хяналтын бүсэд барааны сурталчилгаа, худалдаа хийхийг зөвшөөрөхгүй.
4.12.Гаалийн хяналтын бүсэд байгаа бараа, түүний сав, баглаа боодол, тэмдэглэгээнд гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулахгүй.
4.13.Гаалийн хяналтын бүсэд барааг төрөлжүүлэн хадгална.
4.14.Гаалийн хяналтын бүсэд аж ахуйн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг тухайн гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хяналт тавьж байгаа гаалийн байгууллагын дарга олгоно. Гаалийн хяналтын бүсэд явуулж байгаа үйл ажиллагаа нь гаалийн хяналтын үйл ажиллагаанд саад учруулахааргүй байна.
Тав. Гаалийн хяналтын бүс эзэмшигчийн үүрэг
5.1.Гаалийн хяналтын бүс эзэмшигч дараах үүрэг хүлээнэ:
5.1.1.энэ журмын 2 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангах;
5.1.2.гаалийн хяналтын бүсэд орох, гарах барааны бүртгэл хөтөлж, барааны хөдөлгөөний тухай мэдээ, тайланг дараа сарын 03-ны өдрийн дотор гаалийн байгууллагад гаргаж өгөх;
5.1.3.гаалийн байгууллагад гаргаж өгсөн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд гаалийн хяналтын бүс эзэмшигч тухай бүр гаалийн байгууллагад мэдэгдэх;
5.1.4.хадгалж байгаа барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, мэдүүлэгчид олгох ажиллагааг гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэх;
5.1.5.өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан гэм хорыг арилгах, хохирлыг нөхөн төлөх;
5.1.6.гаалийн хяналтад байгаа барааг алдсан, алдагдсан, үрэгдүүлсэн, гаалийн байгууллагын зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн тохиолдолд гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх;
5.1.7.Гаалийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан хугацаа дуусахаас ажлын тав, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хугацаа дуусахаас ажлын хоёр өдрийн өмнө энэ тухай мэдүүлэгчид мэдэгдэх.
Зургаа.Гаалийн хяналтын түр бүс
6.1.Гаалийн тухай хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт заасны дагуу хилийн чанадад гаргах, гаалийн нутаг дэвсгэрт оруулах доор дурдсан бараанд, хийх гаалийн хяналт, шалгалтыг гаалийн хяналтын түр бүсэд мэдүүлэгчийн хүсэлт, зардлаар хийж болно. Үүнд:
6.1.1.түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, буулгалт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах;
6.1.2.улсын нууцын зэрэглэлд орох;
6.1.3.түүх соёлын дурсгалт зүйлс;
6.1.4.валют, валютын үнэт зүйл;
6.1.5.химийн болон тэсэрч дэлбэрэх бодис;
6.1.6.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын бараа, тэнд ажиллагсдын хувийн ачаа тээш;
6.1.7.аюултай ачаа;
6.1.8.зайлшгүй шаардлагатай бусад бараа.
6.2.Энэ журмын 6.1-д заасны дагуу гаалийн хяналт, шалгалт хийх тохиолдолд гаалийн хяналт, шалгалт хийх ажлын байр, гаалийн улсын байцаагчийн аюулгүй байдал, ажиллах нөхцөлийг мэдүүлэгч бүрдүүлсэн байна.
6.3.Энэ журмын 6.2-т заасан нөхцөлийг бүрдүүлээгүй, эсхүл мэдүүлэгч гаалийн түр бүсэд гаалийн хууль тогтоомжийг 3 буюу түүнээс дээш удаа зөрчсөн тохиолдолд гаалийн хяналтын түр бүсэд гаалийн хяналт, бүрдүүлэлт хийхээс татгалзаж болно.
6.4.Мэдүүлэгч гаалийн хяналт, шалгалтад шаардлагатай бичиг баримтыг бүрэн бүрдүүлсний дараа бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийлгэхээс 1-3 хоногийн өмнө хүсэлтийг хяналт тавьж байгаа гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан нэгжийн даргад энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу өгнө.
6.5.Гаалийн хяналтын түр бүсэд гаалийн хяналт, шалгалт хийхэд үйлчилгээний төлбөрийг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар батлагдсан хэмжээгээр тооцож авна.
6.6.Энэ журмын 6.4-т заасан хүсэлтийг гаалийн байгууллагын гаалийн хяналт, шалгалт хариуцсан нэгжийн дарга хүлээн авч, гаалийн хууль, тогтоомжид заасан шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгасны эцэст шийдвэр гаргана.
6.7.Хүсэлтийг хүлээн авсан тохиолдолд гаалийн мэдээллийн автоматжуулсан системээс хяналт, шалгалт хийхээр томилогдсон гаалийн улсын байцаагчид энэ журмын 6.4 дэх хэсэгт заасан албан тушаалтан заавар, чиглэл өгнө.
6.8.Мэдүүлэгч гаалийн хяналт, шалгалтыг хийх ажлын байр, гаалийн улсын байцаагчийн аюулгүй байдал, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ гаалийн улсын байцаагчийг унаагаар хангах бөгөөд ажлын өдрийн үргэлжлэх хугацаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан цагаас илүүгүй байна. Зайлшгүй тохиолдолд энэ журмын 6.4 дэх хэсэгт заасан албан тушаалтны шийдвэрээр гаалийн хяналтын түр бүсэд илүү цагаар ажиллана.
6.9.Мэдүүлэгч гаалийн улсын байцаагчийн тавьж байгаа хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Үүргээ хангалтгүй биелүүлсэн, гаалийн хууль тогтоомжийг 3 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол гаалийн байгууллага гаалийн хяналтын түр бүсэд гаалийн хяналт, шалгалт хийхээс татгалзаж болно.
6.10.Гаалийн улсын байцаагчийн албан үүрэгтэйгээ холбогдолгүй тавьсан хүсэлт, шаардлагын тухай мэдүүлэгч гаалийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
6.11.Гаалийн хяналтын түр бүсэд гаалийн шалгалт хийсэн гаалийн улсын байцаагчийн ажилласан хугацааг тооцохдоо эхэлсэн цагийг гаалийн байгууллагаас гарсан цагаар, дууссан цагийг гаалийн шалгалт хийгдсэн тухай баримт үйлдэж төлбөр хийгдсэн, эсхүл нэхэмжлэл бичсэн цагаар тогтооно.
6.12.Гаалийн хяналтын түр бүсэд гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийг 60 минут бүрээр тооцож, ажил дуусахад дараагийн цаг эхэлсэн бол 30 минут хүртэл хагас цагаар, 30-аас дээш минутыг нэг цаг гэж тооцно.
6.13.Гаалийн тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг мэдүүлэгч хариуцна.
6.14.Гаалийн улсын байцаагчийн тавьсан тэмдэглэгээнд өөрчлөлт орсон тохиолдолд дахин шалгалт хийх бөгөөд анх гаалийн шалгалт хийсэн гаалийн улсын байцаагчийг заавал байлцуулна. Гаалийн улсын байцаагчийг байлцуулах боломжгүй тохиолдолд хяналт тавьж байгаа гаалийн байгууллагын дарга ажлын хэсэг томилно.
6.15.Мэдүүлэгч зөрчил гаргасан тохиолдолд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
6.16.Гаалийн улсын байцаагч гаалийн хяналтын түр бүсэд гаалийн шалгалт хийсэн тухай гаалийн хяналт, шалгалт хариуцсан нэгжийн даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ.
Долоо.Гаалийн хяналтын бүсийн хугацааг сунгах,
үйл ажиллагааг түдгэлзүүлэх, хүчингүй болгох
7.1.Хяналтын бүсийн хугацааг сунгуулахдаа энэ журмын 1.2 дахь хэсэгт заасан хугацааг дуусгавар болохоос 30 хоногийн өмнө цахимаар хүсэлт гаргах бөгөөд энэ журмын 2.3 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангаж, хангалттай үнэлэгдсэн тухай "Өөрийн үнэлгээний хуудас"-ны хамт гаалийн удирдах төв байгууллагад ирүүлнэ.
7.2.Энэ журмын 6.1 дэх хэсэгт заасан бичиг баримт болон гаалийн хяналтын бүс эзэмшигчийн хууль сахилтын түвшинг харгалзан энэ журмын 1.2 дахь хэсэгт заасан хугацааг гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар гурав хүртэл жилээр сунгаж болно.
7.3.Хилийн боомт, шалган нэвтрүүлэх цогцолбор дахь гаалийн хяналтын бүс нь энэ журмын 7.2 дахь хэсэгт хамаарахгүй.
7.4.Дараах тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагаас гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно:
7.4.1.энэ журмын 2.2.7, 2.3.1-2.3.4, 2.3.7-2.3.12, 5.1.4-5.1.6 дахь хэсгийг зөрчсөн;
7.4.2.энэ журмын 1.11 дэх хэсэгт заасан үүргийг хугацаанд нь биелүүлээгүй;
7.4.3.гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр аж ахуйн болон бусад зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн, аж ахуйн үйл ажиллагаа явуулсан.
7.4.4.энэ журмын 5.1.7-д заасан үүргийг 2 буюу түүнээс дээш удаа биелүүлээгүй.
7.5.Үйл ажиллагааг сэргээхдээ гаалийн удирдах төв байгууллагын дарга тушаал гаргаж, шийдвэрлэнэ.
7.6.Гаалийн удирдах төв байгууллага гаалийн хяналтын бүс тогтоосон шийдвэрийг дараах тохиолдолд хүчингүй болгож үйл ажиллагааг зогсооно:
7.6.1.гаалийн байгууллагын байршил өөрчлөгдсөн;
7.6.2.хилийн боомт хаагдсан;
7.6.3.гаалийн хяналтад байгаа барааг хадгалах газар өөрчлөгдсөн;
7.6.4.барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих газар өөрчлөгдсөн;
7.6.5.гаалийн хяналтад байгаа барааг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн зогсоол өөрчлөгдсөн;
7.6.6.гаалийн байгууллагын зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулсан;
7.6.7.гаалийн хяналтын бүсэд 1 жил, түүнээс дээш хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй;
7.6.8.гаалийн хяналтын бүсийн эзэмшигч хүсэлт гаргасан;
7.6.9.хуулийн этгээд дампуурсан, татан буугдсан, эсхүл гаалийн хяналтын бүсийг бусдад худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан, түрээслүүлсэн болон бусад хэлбэрээр шилжүүлсэн;
7.6.10.гаалийн хяналтын бүс ажиллуулах хугацаа дуусгавар болсон боловч сунгуулах хүсэлтийг цахимаар гаргаагүй;
7.6.11.гаалийн хяналтын бүсийн дэглэмийг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
7.6.12.гаалийн байгууллагад ирүүлсэн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь тогтоогдсон;
7.6.13.энэ журмын 7.4 дэх хэсэгт заасан хугацаанд зөрчлийг арилгаагүй;
7.6.14.хяналтын бүс эзэмшигч нь нийтийн эрх ашиг, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчин, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлсэн, их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон.
7.7.Гаалийн удирдах төв байгууллагын дарга гаалийн хяналтын бүсийг хүчингүй болгосон тухай тушаал гаргаж, шийдвэрийг нийтэд мэдээлнэ.
7.8.Гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагааг энэ журмын 7.4, 7.6 дахь хэсэгт заасны дагуу түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон тохиолдолд тухайн гаалийн хяналтын бүсэд байршиж буй барааг Гаалийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаалийн бүрдүүлэлтийн холбогдох горимд байршуулах эсхүл өөр гаалийн хяналтын бүсэд гаалийн хяналтан дор шилжүүлнэ.
7.9.Энэ журмын 7.8 дахь хэсэгт заасны дагуу барааг гаалийн бүрдүүлэлтийн холбогдох горимд байршуулаагүй, өөр гаалийн хяналтын бүсэд шилжүүлээгүй тохиолдолд Гаалийн тухай хуулийн 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ.
Найм.Бусад
8.1.Гаалийн хяналтын бүсийн дэглэм зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
8.2.Гаалийн хяналтын бүсэд гаалийн түр агуулах байгуулж болно.
8.3.Энэ журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг гаалийн тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A