- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗХХАЭ №37. 2022.12.28/

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2022 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар А/193
Улаанбаатар хот
ТАЙЛАНГИЙН МАЯГТ, ХАВСРАЛТ МЭДЭЭ, НӨХӨХ ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дахь заалт, 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалт, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэг, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн ТУШААХ НЬ:
1."Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тайлан"-гийн маягт /ТТ-04/-ийг 1 дүгээр, "Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тайлангийн хавсралт мэдээ"-г 2 дугаар, "Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар"-ыг 3 дугаар, "Агаарын бохидлын төлбөрийн тайлан"-гийн маягт ТТ-24(1),(2),(3),(4) хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан "Тайлангийн маягт батлах тухай" Татварын ерөнхий газрын даргын 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 336 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
3.Тушаалын хавсралтаар батлагдсан тайлангийн маягт, хавсралт мэдээний загварыг цахим тайлангийн системд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг Мэдээллийн технологийн төв (Б.Алтанхуяг)-д, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчид үйлчлэх газар (Б.Буяннэмэх)-т тус тус үүрэг болгосугай.
4.Батлагдсан маягтыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг Татварын Ерөнхий газрын харьяа нэгж, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт даалгасугай.
ДАРГА Б.ЗАЯАБАЛ
Текст томруулах
A
A
A
