- Нүүр
- Сайдын тушаал
- ГЕНИЙН САН БАЙГУУЛАХ, САН ХӨМРӨГИЙГ БАЯЖУУЛЖ БҮРТГЭХ, ХАДГАЛЖ ХАМГААЛАХ, ТҮГЭЭХ, СОЛИЛЦОХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2022 оны 12 сарын 16-ны өдрийн А/574, А/537 дугаар тушаалын хавсралт
ГЕНИЙН САН БАЙГУУЛАХ, САН ХӨМРӨГИЙГ БАЯЖУУЛЖ БҮРТГЭХ, ХАДГАЛЖ ХАМГААЛАХ, ТҮГЭЭХ, СОЛИЛЦОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар ургамал, амьтан, бичил биетний генийн сан байгуулах, сан хөмрөгийг баяжуулж бүртгэх, хадгалж хамгаалах, түгээх, солилцохтой холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.Генийн сан нь биологийн олон янз байдлыг хамгаалах, баяжуулан бүртгэсэн генетик материал, холбогдох мэдээллээр хангах үндсэн зорилго бүхий биологийн нөөцийн төв байна.
1.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон генийн сан эрхлэх байгууллага нь судалгаа шинжилгээнд ашигладаг генетик материалын биет сан хөмрөгтэй, тоон өгөгдлийн сантай, тухайн чиглэлээр мэргэшсэн, хүний нөөц, лабораторийн дэд бүтэц, материаллаг баазтай байна.
1.4.Генийн сан нь амьтан, ургамал, бичил биетний генетик нөөцийг олон улсын жишиг стандартын дагуу бүртгэх, баяжуулах, хадгалах, хамгаалах, түгээх, солилцох, биоаюулгүй байдал, хүний нөөцийн чадавх, мэдээллийн сангийн нэгдсэн зохион байгуулалт, удирдлагатай байна.
1.5.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран ажиллаж генийн санг удирдлага, зохион байгуулалтаар хангана.
Хоёр. Генийн сангийн бүтэц
2.1.Генийн сан нь дараах төрөлжсөн дэд сангуудаас бүрдэнэ:
2.1.1.Амьтны генетик нөөцийн дэд сан;
2.1.2.Ургамлын генетик нөөцийн дэд сан;
2.1.3.Бичил биетний генетик нөөцийн дэд сан;
2.1.4.Өвчин үүсгэгч организмын генетик нөөцийн дэд сан;
2.1.5.Мөөгний генетик нөөцийн дэд сан.
2.2. Амьтны нөөцийн дэд сан нь дараах сорьц, дээжийг агуулна:
2.2.1.хатаасан буюу хөлдөөсөн, тодорхой горимд тогтвортой хадгалагдаж буй үс, цус, яс, төрөл бүрийн эд, бусад биодээж;
2.2.2.хөлдөөсөн сперм, ооцит, үр хөврөл;
2.2.3.эд, эсийн өсгөвөр;
2.2.4.Амьтны ДНХ (дезоксирибонуклейн хүчил).
2.3.Ургамлын генетик нөөцийн сан нь дараах сорьц, дээжийг агуулна:
2.3.1.Ургамлын биет цуглуулгын (гербари) сан;
2.3.2.Ургамлын амьд цуглуулгын (ботаникийн) сан;
2.3.3.Ургамлын үрийн цуглуулгын сан;
2.3.4.Ургамлын тоосны цуглуулгын сан;
2.3.5.Ургамлын эд, эсийн өсгөврийн сан;
2.3.6.Ургамлын (замгийн) байнгын бэлдмэлийн сан;
2.3.7.Ургамлын гүн хөлдөөсөн үр хөврөлийн сан;
2.3.8.Ургамлын ДНХ (дезоксирибонуклейн хүчил).
2.4.Бичил биетний генетик нөөцийн дэд сан нь дараах сорьц, дээжийг агуулна:
2.4.1.бичил биетний өсгөвөр;
2.4.2.патентлагдсан өсгөвөр.
2.5.Өвчин үүсгэгч организмын генетик нөөцийн дэд сан нь дараах сорьц, дээжийг агуулна:
2.5.1.байгалийн ургамал болон таримал ургамалд өвчин үүсгэгч организм;
2.5.2.мал, амьтанд өвчин үүсгэгч организм;
2.5.3.Өвчин үүсгэгч мөөг.
2.6.Мөөгний генетик нөөцийн дэд сан нь дараах сорьц, дээжийг агуулна:
2.6.1.Мөөг, хагны биет цуглуулга (гербари);
2.6.2.Мөөг, хагны эх омог (амьд цуглуулга);
2.6.3.Мөөг, хагны цэвэр омог (гүн хөлдөөсөн);
2.6.4.Мөөг, хагны ДНХ (дезоксирибонуклейн хүчил).
Гурав. Генийн сангийн үйл ажиллагаа
3.1.Генийн сан нь биоматериалын болон генетик материалын сорьц, дээжийг (цаашид "дээж" гэх) хүлээн авах, бүртгэх, хадгалах, хамгаалахтай холбоотой дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
3.1.1.дээжийг стандартын дагуу цуглуулж, боловсруулалт хийн хадгалахад бэлтгэх шат дараатай арга хэмжээг авч тусгай нөхцөлийн дагуу хадгалах, хувилах;
3.1.2.сангийн хадгалалтын нэгдсэн стандартыг боловсруулж, стандартчилалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар батлуулах;
3.1.3.дээжийг баримтжуулан бичиглэл хийх, шошгожуулах, генийн сангийн дугаар олгох, дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан цахим бүртгэл хөтлөх;
3.1.4.сан хөмрөгт хадгалагдаж буй дээж тус бүрийн нарийвчилсан мэдээллийг Генетик нөөцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийн мэдээллийн сан, генийн сангийн тоон өгөгдлийн санд оруулж бүртгүүлэх;
3.1.5.дээжийн ижил хувилбараас сургалт, судалгаа шинжилгээний болон бусад зориулалтаар ашиглуулах;
3.1.6.тухайн дээжийн хадгалалтын горимд заасан хугацааг дуусахаас өмнө боломжит шинэ дээжээр нөхөн сэлбэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах;
3.1.7.генийн сангийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах.
3.1.8.генийн сангаас дээжийг устгах асуудлыг генийн сан эрхлэгч байгууллага, холбогдох төрийн захиргааны байгууллагатай хамтран шийдвэрлэнэ.
3.2.Дээжийг хадгалуулагч болон ашиглагчтай үүсэх харилцааг Материал дамжуулах гэрээгээр зохицуулна.
3.3.Төрөлжсөн дэд санд дээжийг хүлээн авахдаа дараах шаардлагатай мэдээллийг хавсаргасан байна. Үүнд:
3.3.1.ангилалзүйн нэршил;
3.3.2.газрын нэр, газарзүйн солбицол;
3.3.3.сорьц, дээжийн төлөв байдал;
3.3.4.хадгалах нөхцөл, хугацаа;
3.3.5.цуглуулагчын нэр, цуглуулсан болон сан хөмрөгт орсон огноо;
3.3.6.бүртгэлийн дугаар;
3.3.7.хэмжээ болон хэмжих нэгж;
3.3.8.нууцлалын зэрэглэл.
3.4.Бичил биетний өсгөврийг хүлээн авахдаа ургуулж цэвэр, амьд эсэхийг шалган, генийн дарааллыг тогтоосныг баримтлан хүлээж авна.
Дөрөв. Генийн сангийн чиг үүрэг
4.1.Монгол орны амьтан, ургамал болон бичил биетний дээж материалыг баяжуулж бүртгэх, хадгалж хамгаалах, түгээх, солилцох асуудал нь генийн сангийн үндсэн чиг үүрэг болно.
4.2.Генийн сан нь генетик нөөцийн сан хөмрөгийг өөрсдийн судалгааны чиглэлээс хамааран баяжуулж бүртгэх, хадгалж хамгаалах, өргөжүүлэн хөгжүүлэх, мөн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх генетик нөөцийн сорьц, дээжийг хүлээн авч хадгалах үүрэг хүлээнэ.
4.3.Сорьц, дээжийн хадгалалтын хамгийн дэвшилтэт, үр дүнтэй аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, сангийн үйл ажиллагааг сайжруулан хөгжүүлнэ.
4.4.Генетик нөөцийн тухай хуулийн холбогдох заалтад заасан хадгалалтын ерөнхий шаардлагын стандарт, сорьц цуглуулах, хүлээн авах, боловсруулах стандартыг боловсруулан батлуулж үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
4.5.Генетик нөөцийн сан хөмрөг эрхлэгч нь биоаюулгүй үйл ажиллагааны шаардлагыг тогтмол хангаж ажиллана.
4.6.Генийн сангийн ажилтны тоог тухайн сангийн цуглуулгын хэмжээ, онцлогт тохируулан батлах ба үндсэн болон гэрээт ажилтантай байж болно.
4.7.Үндсэн ажилтан нь тухайн санд хадгалагдах биологийн материалын ангилал зүйн чиглэлээр мэргэшсэн, дээж бэлдэх, шалгах, тодорхойлох, гадаад дотоодын мэргэжлийн байгууллагуудтай харилцах зэрэг мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн эрдэм шинжилгээний ажилтан байна.
Тав. Хадгалуулагчийн эрх үүрэг
5.1.Хадгалуулагч нь хадгалуулах хүсэлт гаргахдаа дээжийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг хавсаргасан байх үүрэгтэй.
5.2.Хадгалуулагч нь ашиглагчид генетик материалыг дамжуулах тохиолдолд Материал дамжуулах гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож, байгуулна.
5.3. Дээжийн оюуны өмчийн эрх нь хадгалуулагчид үлдэнэ.
Зургаа. Ашиглагчийн эрх үүрэг
6.1.Дээж ашиглагч нь сангийн цахим бүртгэлд байгаа дээжээс захиалгын хуудсаар хүсэлт гарган, материал дамжуулах ба ашиглах гэрээ байгуулснаар ашиглах эрхтэй болно.
6.2.Ашиглагч нь тухайн дээжийн ашиглах зорилгыг үнэн зөв мэдээлэх ба Материал дамжуулах гэрээг мөрдөнө.
6.3.Ашиглагч нь дээжийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
Долоо. Хүлээлгэх хариуцлага
7.1.Энэхүү журмыг зөрчсөн хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A