A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 80

Төрийн ордон, Улаанбаатар хот

Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 4, 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйл, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулсугай.

2.Төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах, мэдлэг мэдээлэл олгох, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Зөвлөлдөх санал асуулгыг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулсугай. Энэ хүрээнд зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотод Төрийн ордны "Их танхим"-д явуулахаар тогтсугай.

3.Зөвлөлдөх санал асуулгын үйл ажиллагаанд шаардлагатай төсөв, хөрөнгийг шийдвэрлэж, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

4.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх хугацааг 2022 оны 12 дугаар сарын 23-наас 12 дугаар сарын 30-ны өдрөөр товлон тогтоосугай.

5.Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийг байгуулах, Зөвлөлдөх зөвлөлийн үйл ажиллагаанд зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /Ж.Мөнхбат/, Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т үүрэг болгосугай.

6.Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах ажлын хүрээнд:

1/"Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: "Гарц шийдэл"" эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шинжлэх ухааны академи /Д.Рэгдэл/, Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т;

2/"Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-Нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг зохион байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо /Ж.Мөнхбат/-нд тус тус даалгасугай.

7.Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг гүйцэтгэхийг Үндэсний статистикийн хороо /Б.Батдаваа/-нд үүрэг болгосугай.

8.Энэ тогтоолын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодод даалгасугай.

9.Энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР