A

A

A

Бүлэг: 1979

 

2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар 85 зарлигийн хавсралт

 

 

ТӨРИЙН ТАХИЛГАТАЙ УУЛ ОВООНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТАХИЛГЫН ЁСЛОЛЫН ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү журмын зорилго нь Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын (цаашид "тахилгын ёслол" гэх) үйл ажиллагаа, түүнтэй холбогдсон харилцааг журамлан тогтооход оршино.

1.2 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг бүхий Богдхан хайрхан уул, Бурхан Халдун уул, Отгонтэнгэр уул, Дарьгангийн Дарь овоо, Алтан Хөхий уул, Хан Хөхий уул, Сутай хайрхан уул, Суварга хайрхан, Говь гурван сайхан уулын Их Тахилгат хайрхан,  Алтай ханы Таванбогд уулыг төрийн тахилгатай уул, овоо гэнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар өөрчлөлт оруулсан/

1.3 Тахилгын ёслол нь шашны ба төрийн ёслол бүхий хоёр хэсэгтэй байна. Шашны ёслол нь шашны уламжлалт ёс жаягаар явагдана. Төрийн ёслол нь энэхүү журмаар зохицуулагдана.

1.4 Тахилгын ёслолын товыг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч шийдвэрлэнэ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ тухай саналаа гурваас доошгүй сарын өмнө Ерөнхийлөгчийн Тамгын Газарт ирүүлнэ.

1.5 Тахилгын ёслолыг улсын хэмжээнд жилд хоёроос илүүгүй удаа үйлдэх бөгөөд уул тус бүрийн төрийн тахилгын ёслолыг 5 жилд нэг удаа үйлдэж байна. Энэ нь орон нутгийн иргэд тухайн уул, овооны тэнгэрийг тайх уламжлалт ёсыг жил бүр үйлдэхэд саад болохгүй.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар өөрчлөлт оруулсан/

Хоёр. Тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгч, бүрэлдэхүүн, үүрэг

2.1 Тахилгын ёслолд Монгол Улсын төрийг төлөөлөх элч төлөөлөгч (цаашид "төрийн элч төлөөлөгч" гэх) оролцоно. Төрийн элч төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тэргүүнээс гадна, төрийн түшээд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, төрийн төв болон орон нутгийн байгууллагын  төлөөлөл байна. Төлөөлөгчдийн тоо 15 хүнээс илүүгүй байна.

2.2 Монгол Улсын Ерөнхийлөгч тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг тэргүүлнэ. Ерөнхийлөгч хүндэтгэх шалтгааны улмаас тахилгын ёслолд оролцохгүй тохиолдолд төрийн элч төлөөлөгчдийн тэргүүн, бүрэлдэхүүнийг тохоон томилно.

2.3 Төрийн элч төлөөлөгчдийн тэргүүн нь Ерөнхийлөгчөөс томилогдсон төрийн өндөр албан тушаалтан, эсхүл төрийн өндөр дээд албанд ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтэн байж болно.

2.4 Төрийн элч төлөөлөгч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлтгал бичиг, торго хүж, сум болон төрөөс илгээх бусад эд зүйлсийг ёслолын ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс өргөн барих үүрэг гүйцэтгэнэ.

2.5 Төрийн элч төлөөлөгчид нь тахилгын ёслолд дараах ёслол үйлдлийг хүндэтгэлтэйгээр хийж гүйцэтгэнэ.

      Тахилгын ёслолд оролцогсод, нутгийн зон олонд хандаж үг хэлэх, төрийн Тэргүүний илгээлтийг сонордуулах,

      Ерөнхийлөгчийн айлтгал бичгийг тэнгэрийн шүтээний өмнөх ширээнд өргөн залах,

      Уул овооны тэнгэрийг угтах болон шүтээнд хүндэтгэл үзүүлэн ёслох,

      Ерөнхийлөгчийн айлтгал бичгийг нийт олонд дуудан сонсгох,

      Зоог шүүсийг хөндөж, буянт дарс, бусад идээ ундааг тэнгэрт өргөх,

      Айлтгал бичиг, хүж торго тэргүүтний дээжийг тахилын галд өргөн тэнгэрт илгээх,

      Уул, овоо тус бүрийн тахилгын онцлох зан үйлтэй холбогдох бусад үйлдлийг хийж гүйцэтгэх.

2.6 Тахилгын ёслолд төрийн элч төлөөлөгчдийн тэргүүний хийх үйлдлийн дэс дараалал, тоо хэмжээ, хэлбэрийг тахилгын ёслолын хөтөлбөрт нэгбүрчлэн зааж, ёсчлон гүйцэтгүүлэхийг төрийн ёслолын албаны ажилтан хариуцна.

2.7 Тахилгын ёслолын ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга нээж, удирдан явуулна.

2.8 Төрийн элч төлөөлөгчдийг орон байр, хоол хүнсээр хангах, зам, унаа болон аюулгүй байдлыг хангах үүргийг орон нутгийн засаг захиргаа, холбогдох байгууллагууд хариуцна.

Гурав. Тахилгын ёслолын дэг журам

3.1 Тахилгын ёслолын дэг дараалал, дэг журмыг тухайн аймгийн Засаг даргын боловсруулсан тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ. Ёслолын ажиллагааг Төрийн ёслолын алба зохион байгуулах комисстой хамтран гүйцэтгэнэ.

3.2 Тахилгын ёслолын үеэр лам хуврагуудын унших шашны ном, үйлдэх үйлдлүүдийг уул, овоо тус бүрийн тайлгын онцлогийг харгалзан үзэж Ёслолын ажиллагааг зохион байгуулах комисс зохицуулна.

3.3 Тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийг төрөө дээдлэхийн бэлгэдлээр эрхэмлэн хүндэтгэнэ. Тахилгын ёслолын бүхий л үйл ажиллагаа "төр нь шашнаа хүндэлнэ, шашин нь төрөө дээдэлнэ" гэсэн Үндсэн хуулийн зарчмыг удирдлага болгоно.

3.4 Тахилгын ёслолын ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

3.5 Тахилгын ёслолын үйл ажиллагааг гэрэл зураг, баримтат кино, цахим хэлбэрээр баримтжуулан Монгол Улсын Үндэсний архивын сан хөмрөгт хадгалуулахыг Төрийн ёслолын алба болон Ёслолын ажиллагааг зохион байгуулах комисс хариуцан гүйцэтгэнэ.

Дөрөв. Тахилгын ёслолын хугацаанд нийтээр баримтлах зан үйл

4.1 Тахилгын ёслолын үеэр байгаль орчин бохирдуулах, амьтны амийг таслах, цус гаргах, архи уух, маргалдаж сөргөлдөх, цээртэй үг хэлэх, ёс бус авир гаргах болон ёслолын дэг дарааллыг зөрчихийг цээрлэнэ.

4.2 Тахилгын ёслолын ажиллагааг үндэсний зан заншил, уламжлал, ёс цээрийг дагаж хямд төсөр, түвшин даруу, сүсэг итгэл, эрхэмлэл хүндэтгэлтэйгээр зохион байгуулахыг тухайн орон нутгийн төр, иргэний байгууллагууд хамтран хариуцна.

4.3 Тахилгын ёслолыг нийтийг хамарсан бусад арга хэмжээтэй хамтатгахыг хориглоно.

4.4 Тахилгын ёслолын өмнө болон хойно тухайн газар орны байгаль орчныг хамгаалах, унаган төрхөөр нь үлдээх үүднээс цэвэрлэгээ, нөхөн сэргээх ажлыг орон нутгийн захиргаа зохион байгуулна.

4.5 Тахилгын ёслолтой холбогдуулан ард иргэд, хүүхэд залуучуудад үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутаг усны тахилгат хайрхан, уул овооны талаар тусгайлан мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан дэлгэрүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг орон нутагтаа өргөнөөр зохион байгуулбал зохино.