- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар А/251
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам" (цаашид "Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам" гэх)"-д доор дурдсан заалт нэмсүгэй:
1/ 2 дугаар зүйлийн 2.11 дэх заалт:
"2.11.Захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цахим системд аливаа үйлдэл хийх эрхийг энэ журмын 2.1-д заасан ажилтан цахим системд бүртгэгдсэний дараа үүсгэнэ."
2/ 2 дугаар зүйлийн 2.12 дахь заалт:
"2.12.Тендерийг энэ журмын 2.8-д заасан хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээс өөр этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулан цахим системд ирүүлснийг тендерт оролцсон гэж тооцно."
3/ 3 дугаар зүйлийн 3.7.3 дахь заалт:
"3.7.3.хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл (энгийн болон тусгай)-ийн мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг, өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээллийг захиалагч тендер нээсэн тухайн ажлын өдөр татаж авах."
4/ 3 дугаар зүйлийн 3.17 дахь заалт:
"3.17.Захиалагч энэ журмын 3.9-д заасан тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтээс бусад үндэслэлээр тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах бол энэ тухай цахим систем дэх тендерийн баримт бичгийн "тодруулга" хэсэгт нийтэлж, тендерийн баримт бичигт холбогдох өөрчлөлтийг тусгана. Ийнхүү нийтэлсэн даруйд тус өөрчлөлтийг бүх тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэнд тооцно."
5/ 7 дугаар зүйлийн 7.6 дахь заалт:
"7.6.Тендерт оролцогч нь байгуулсан гэрээний гүйцэтгэлийн талаарх мэдээллийг нотлох баримтын хамт бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн хуваарийн дагуу цахим системд бүртгэнэ."
6/ 8 дугаар зүйлийн 8.4 дэх заалт:
"Захиалагч мэдээллийн систем үүсгэх, хөгжүүлэлттэй холбоотой бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 29.1-д заасан зөвлөмж, дүгнэлт авсны үндсэн дээр зохион байгуулна."
7/ 8 дугаар зүйлийн 8.5 дахь заалт:
"8.5.Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний хувийг захиалагч гэрээ байгуулсан даруйд цахим системд байршуулна."
8/ 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалт:
"8.6.Энэ журмын 8.5-д зааснаар байршуулсан гэрээг шүүх эсхүл худалдан авах ажиллагааны улсын байцаагч хүчин төгөлдөр бус гэж тогтоосон, эсхүл гэрээ цуцлагдсан бол захиалагч холбогдох мэдээллийг тухай бүр цахим системд шинэчилнэ."
9/ 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалт:
"8.7.Захиалагч энэ журмын 7.6-д заасан мэдээлэлд тухай бүр хяналт тавьж, цахим системээр үнэлнэ."
2.Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 2.5 дахь заалтын "бичгээр эсхүл" гэсний дараа "цахим баримт бичгээр" гэж, 2.8 дахь заалтын "захиргааны" гэсний дараа "төв" гэж, мөн заалтын "зөвшөөрөл авсан" гэсний дараа ", цахим системд холбогдсон" гэж, 3.2.2 дахь заалтын "урилга," гэсний дараа "зөвлөх үйлчилгээний зарлал," гэж, 3.2.7 дахь заалтын "хуулбар" гэсний дараа "," гэж, 3.3.1 дэх заалтын "түншлэлээр" гэсний дараа "эсхүл туслан гүйцэтгэгчтэй" гэж, 4.7 дахь заалтын "бичгээр" гэсний дараа "болон цахим системээр" гэж, 7.4 дэх заалтын "оролцогч нь" гэсний дараа "холбогдох цахим системд буй өөрийн тендерт холбоотой мэдээлэл," гэж тус тус нэмсүгэй.
3.Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын дараах заалтуудыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/2 дугаар зүйлийн 2.1 дэх заалт:
"2.1.Захиалагч цахим системд нэвтрэх эрх авах өргөдлийг захиалагчийг төлөөлөн цахим системийг хариуцан ажиллах ажилтны нэр, албан тушаал, цахим шуудан, утасны дугаар, тендерийн баримт бичгийн үнэ шилжүүлэх Төрийн сангийн дансны мэдээлэл бүхий хүсэлтийн хамт албан бичгээр эсхүл цахим баримт бичгээр мэргэжлийн байгууллагад хүргүүлнэ."
2/3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалт:
"3.2.1.Захиалагч үнэлгээний хороог худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан иргэний мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй этгээдээс сонгож байгуулах. Үнэлгээний хороо байгуулсан шийдвэр, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай холбогдох мэдэгдлийг цахим системд бүртгэсэн байна;"
3/3 дугаар зүйлийн 3.7.1 дэх заалт:
"3.7.1.татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг мэдээллийг захиалагч тендер нээсний дараа нэг цагийн дотор татаж авах;"
4/3 дугаар зүйлийн 3.7.2 дахь заалт:
"3.7.2.Шүүхийн тусгай архивын тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өртэй эсэх тодорхойлолтыг тендерт оролцогч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө цахим системээр дамжуулан авч цахим системийн холбогдох хэсэгт зааварчилгааны дагуу холбосон байх;"
5/6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалт:
"6.1.8.Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх, лавлагаа тодорхойлолт зэрэг нийтийн мэдээлэл солилцохоор гэрээ байгуулсан байгууллагуудыг цахим системд нэвтэрч, холбогдох мэдээллийг нийтлэх боломжоор хангах;"
4.Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 2.4.1, 2.8, 6.1.3 дахь заалтын "үндэсний" гэснийг, 4.7 дахь заалтын "зөвхөн" гэснийг тус тус хассугай.
5.Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 6.1.1 дэх заалтын "дэлгүүрийн барааны" гэснийг "каталогийн бараа, үйлчилгээний" гэж, 9.2 дахь заалтын "тухай бүр" гэснийг "Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам"-д зааснаар" гэж, Сангийн сайдын 2019 оны 132 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам"-ын 1.3 дахь заалтын "Хувь хүний нууцын" гэснийг "Хүний хувийн мэдээлэл хамгаалах" гэж тус тус өөрчилсүгэй.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A
