A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолд)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 489

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.17-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 1 дэх заалтын "үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам" гэсний өмнө болон тус тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын гарчгийн "үйлчилгээний албан хаагчид" гэсний өмнө "захиргааны болон" гэж, мөн тогтоолын 5 дахь заалтын "2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс" гэсний дараа ", захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тус тус" гэж тус тус нэмсүгэй.

2.Мөн тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журамд дараахь агуулга бүхий 4, 5 дахь заалт нэмсүгэй:

"4.Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингийн 20 хувиар бодож орон нутгийн болон улсын төсвөөс сар бүр олгоно.

5.Орон нутагт ажилласны нэмэгдлийг захиргааны албан тушаал эрхэлдэг орон нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан хаагчид 80 хүртэл хувиар нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно."

3.Мөн тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын 1 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулж, заалтын дугаарлалтын "4" гэснийг "6" гэж өөрчилсүгэй.

"1.Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг орон нутагт жигд чанартай хүргэх зорилгоор төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна."

4.Мөн тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан журмын 2, 3 дахь заалтын "тогтвор суурьшилтай" гэснийг тус тус хассугай.

5.Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.АЮУРСАЙХАН