A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 490

Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57.2.2, 57.2.4, 57.8, 57.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам"-ын "Хоёр. Нэмэгдэл хөлс олгох аргачлал" хэсэг, "Гурав. Нэмэгдэл хөлс олгох" хэсгийн 5 дахь заалтыг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай:

"Хоёр.Нэмэгдэл хөлс тооцох аргачлал

1.Илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин (нэг аравны таваас дээш байхыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээнд тусган зохицуулж болно.) нэмэгдүүлэн тооцно.

2.Нийтээр амрах баярын өдөр ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр (хоёроос дээш байхыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээнд тусган зохицуулж болно.) дахин нэмэгдүүлэн тооцно.

3.Шөнийн цагаар ажилласан төрийн албан хаагчийг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны хоёр (нэг аравны хоёроос дээш байхыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээнд тусган зохицуулж болно.) дахин нэмэгдүүлэн тооцно.

4.Албан хаагчийг илүү цагаар, долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр шөнийн цагт ажиллуулсан бол энэ хэсгийн 1, 2-т заасан нэмэгдэл хөлс дээр шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно.

5.Албан хаагчийг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллуулбал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг олгоно. Ээлжээр ажилладаг албан хаагчийн ээлж долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдрөөр ажилласны нэмэгдэл хөлс олгохгүй.

6.Нэмэгдэл хөлс тооцох, олгохтой холбоотой зохицуулалтыг байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусган зохицуулж болно."

"5.Ээлжийн хуваарийн дагуу ажилладаг ажилтан болон байгаль хамгаалагчид нэмэгдэл хөлс олгохдоо энэ хэсгийн 3 дахь заалтыг баримтлахгүй байж болно. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 84.4-т заасныг баримтална."

2.Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.АЮУРСАЙХАН