A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 498

Улаанбаатар хот

ХООЛНЫ ЗАРДЛЫН НОРМАТИВ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Боловсролын тухай хуулийн 40.2, 40.4.1-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардлыг 4300 (дөрвөн мянга гурван зуун) төгрөгөөр тогтоосугай.

2.Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдрах ахлах ангийн нэг суралцагчийн хоногийн хоолны зардлыг 4300 (дөрвөн мянга гурван зуун) төгрөгөөр, бага, дунд ангийн нэг суралцагчийн хоногийн хоолны зардлыг 4000 (дөрвөн мянган) төгрөгөөр тус тус тогтоосугай.

3.Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь хэмжээг эцэг эх, асран хамгаалагчаас төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавихад баримтлах аргачлалыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд боловсруулан баталж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

4.Энэ тогтоолын 1, 2-т заасан хоолны зардалтай холбогдон шаардагдах санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг 2023 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэж, өр авлага үүсгэхгүй байхаар зохион байгуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, хоолны зардлыг хүүхэд-өдрөөр хянаж зөрүүг тооцож байхыг Сангийн сайд Б.Жавхлан нарт тус тус даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хоолны зардлын норматив тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоолын 2 дахь заалт, "Хоолны зардлын норматив тогтоох тухай" Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 83 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 254

Улаанбаатар хот

ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТҮҮХИЙ ЭДИЙН ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Боловсролын ерөнхий хуулийн 24.1.7, 38.6, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн хүүхдийн нэг өдрийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 2500 (хоёр мянга таван зуу) төгрөгөөр, 1-12 дугаар ангийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэг өдрийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 3400 (гурван мянга дөрвөн зуу) төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдрах дунд болон ахлах ангийн хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлыг 6300 (зургаан мянга гурван зуу) төгрөгөөр, бага ангийн хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлыг 6000 (зургаан мянга) төгрөгөөр тус тус тогтоосугай.

3.Ерөнхий боловсрол эзэмшиж байгаа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн нэг өдрийн хоолны түүхий эдийн зардлыг 6300 (зургаан мянга гурван зуу) төгрөгөөр тогтоосугай.

4.Хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын гүйцэтгэлийг хүүхэд-өдрөөр тооцон, гүйцэтгэлээр санхүүжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгасугай.

5.Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд зохих стандартыг мөрдүүлж, хоолны цэсэд сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлтийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт тус тус даалгасугай.

6.Төрийн албаны албан тушаалын цалингийн зэрэглэл, хэмжээтэй уялдуулан сургууль, цэцэрлэгийн хоол зүйч, мэргэжлийн тогооч, туслах тогооч, бэлтгэгч, угаагч нарын ажлын онцлог, хөдөлмөрийн нөхцөл, ачааллыг харгалзан цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг судалж танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Боловсролын сайд П.Наранбаяр нарт, гал тогооны байр ашиглалттай холбоотой зардлыг эрх бүхий байгууллагын тогтоосон тарифын дагуу тооцож, холбогдох санхүүжилтийг боловсролын сургалтын байгууллагад олгож байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хоолны зардлын норматив тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 450 дугаар тогтоол, "Хоолны зардлын норматив тогтоох тухай" Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 498 дугаар тогтоол, "Үдийн хоолны норматив тогтоох тухай" Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 237 дугаар тогтоолын 1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

8.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР