A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

                                                                                                                    Захиргааны хэрэг шүүхэд хянан
                                                                                                                         шийдвэрлэх тухай хуулийн
                                                                                                                84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг,
                                                                                                                          заалтыг тайлбарлах тухай

Хэвлэх

      Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах" гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4. шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх" гэж тус тус заасны дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь зүйтэй гэж үзэв.

      Хоёр. Тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т "шүүхийн шийдвэр, практикт үндэслэн" хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргахаар заасан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим заалтыг нэг мөр, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай нь дараах байдлаар, шүүхийн шийдвэр, практикаар тогтоогдов.

      2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэг мөр тайлбарлан хэрэглэж байгаа байдлыг судлах зорилгоор, Захиргааны хэргийн танхимын тэргүүний 2022 оны 04/3578, 04/3601 дугаар албан бичгүүдээр захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарт хандан, уг хуулийн зохицуулалтыг зөрүүтэй хэрэглэж буй шүүхийн шийдвэр практикийн талаар, тодорхой тохиолдол, шалтгааны хамт тодорхойлж, саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу захиргааны хэргийн анхан шатны 22 шүүхээс 83 санал, давж заалдах шатны шүүхээс 15 саналыг тус тус ирүүлснээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлүүдийг шүүхүүд өөр өөрөөр тайлбарлан хэрэглэдэг бөгөөд тодорхойгүй агуулга, зохицуулалт олон байгаа талаар шүүхийн шийдвэр практикийн талаар, тодорхой тохиолдол, шалтгааны хамт 16 шүүхээс санал ирүүлсэн байна.

      Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзоригоос 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн танхимд хандаж, "татгалзал"-тай холбоотой хуулийн зохицуулалтыг нэг мөр, зөв тайлбарлан хэрэглэх талаар санал, шүүхийн шийдвэр, практикийг судлуулах хүсэлт ирүүлсний дагуу Захиргааны хэргийн танхимаас "захиргааны хэргийн шүүхийн шүүгч болон бүх шүүгчээс татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэж байгаа асуудлыг судлах" захиалгыг Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэнд өгсөн, тус хүрээлэнгээс уг асуудлаар судалгаа хийж, судалгааны тайланг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ирүүлжээ.[1]

      2.2. Захиргааны хэргийн танхимын 2022 оны 10 дугаар сарын 11, 18-ны өдрийн нийт шүүгчийн хуралдаанаар шүүхүүдээс ирүүлсэн саналыг тус тус хэлэлцээд, шүүхийн шийдвэр, практикийг судлах шаардлагатай гэж үзэж, судалгаа хийлгэхээр Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд захиалга өгсний дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс шүүхийн шийдвэр, практикт судалгаа хийж, тайланг ирүүлсэн, үүний дотор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зохицуулалтуудыг захиргааны хэргийн шүүхээс хэрэглэж байгаа практикийн судалгааны тайланг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн танхимд ирүүлсэн байна.[2]

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т "шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд оруулах" гэж заасны дагуу дээрх шүүхүүдээс ирүүлсэн санал, судалгааны тайлангуудыг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах талаарх саналыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд оруулахаар шийдвэрлэжээ.

      2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлээр шүүгч (иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс хуульд заасан үндэслэлээр шүүгчийг болон дээр дурдсан этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх журам болон хүсэлтийг шийдвэрлэсний үр дагаврыг тус тус зохицуулсан, шүүхүүдээс ирүүлсэн санал, судалгааны тайлан зэргээс үзэхэд, зарим нэр томьёоны ойлгомжгүй байдал, зүйл, заалт хоорондын уялдаа холбоо оновчтой биш, зохицуулалтын хийдэл, дутагдал байна, үүний улмаас шүүхүүд "шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах /гарах/"-тай холбоотой энэ хуулийн зохицуулалтуудыг хэрэглэхдээ зөрүүтэй практик тогтоосон байдал тогтоогдлоо.

      Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан "уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх", "ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал" зэрэг үндэслэл болох нөхцөлүүдийг хэрхэн ойлгох талаар уг хуулиар тодорхойлоогүй, 85 дугаар зүйлд заасан "... /хуульд зааснаас/ бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно" гэснийг хүсэлт шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэх талаар уг хуулиар журамлаагүй, түүнчлэн, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахаар гаргасан хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх тохиолдолд тухайн шүүгч өөрөө оролцох эсэх нь тодорхойгүйгээс шүүхүүд хуулийн зохицуулалтыг өөр өөрөөр хэрэгжүүлж байна.

      Гурав. Тайлбарын цар хүрээ

      3.1. Тайлбарын цар хүрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлүүдийн дараах зүйл, заалтуудаар хязгаарлагдана.

      3.1.1. 84.1.3-т заасан "хувийн харилцаатай", "хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх";

      3.1.2. 84.1.4-т заасан "оролцсон шүүгч", "уг хэргийг";

      3.1.3. 84.1.5-д заасан "ашиг сонирхлын зөрчил", "үүсэж болзошгүй";

      3.1.4. 84.2-т заасан "бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно";

      3.1.5. 84.4-т заасан "шүүх хуралдааны явцад илэрхий болсон";

      3.1.6. 84.5.1-д заасан "албан тушаалын болон бусад байдлаар ... шинжээчид нөлөөлөхөөр бол";

      3.1.7. 85.1-д заасан "татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргах";

      3.1.8. 85.3-т заасан "түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэх";

      3.1.9. 85.4-т заасан "хэд хэдэн шүүгч", "шүүх бүрэлдэхүүн";

    3.1.10. 85.6-д заасан "Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан", "тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан", "шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ";

      3.1.11. 85.7-д заасан "шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан";

      3.1.12. 86.1-д заасан "өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүн";

     3.1.13. 86.2-т заасан "тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан", "бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр дахин оролцох боломжгүй болсон", "хэргийг анхан шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шилжүүлнэ";

      Дөрөв. Тайлбарын арга зүй

      Тайлбарын холбогдох хэсэг тус бүрд тохирох хууль тайлбарлах аргаар, тухайлбал нэр томьёог үгийн шууд утга болон хэл зүйн дүрмээр; хуульд нэр томьёоны тодорхойлолт хийсэн бол тэр утгаар нь тайлбарлах (authentic); хууль зүйн ойлголт, ухагдахууныг эрх зүйн онол, нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах; хэд хэдэн ойлголтын нийцлийг хангах, зөрчлийг шийдвэрлэх үүднээс логик болон системчлэлийн (хэм хэмжээний бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангах-structural), ойлголтуудыг цэгцлэн тайлбарлах (hermeneutic) болон хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах (teleological) аргаар тус тус тайлбарлана.

      Тайлбарын үндэслэлд нэг бүрчлэн дэлгэрэнгүй томьёолов.

      Тав. Тайлбарын дэлгэрэнгүй үндэслэл

      5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэхэд баримтлах нийтлэг зарчим, ерөнхий үндэслэлүүд:

      5.1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д "... шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох" гэж зааснаас үзвэл "татгалзан гарах", "татгалзан гаргах" ойлголт нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамааралтай бөгөөд хууль тайлбарлах системчлэлийн аргаар авч үзвэл, хуулийн бусад зүйл, заалтуудад байгаа "шүүгчийг татгалзах"-тай холбоотой агуулгад тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдоогүй шүүгч хамааралгүй, хамааралгүй шүүгчийг "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах" тухай хууль зүйн ойлголт үүсэхээргүй байна.

      Иймд, "шүүгчийг татгалзан гаргах", "шүүгч өөрөө татгалзан гарах" ойлголтыг зөвхөн тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамааруулан авч үзэхээр хуулийн зохицуулалтыг тайлбарлав.

      Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу, хуулиар байгуулагдсан шүүхээс татгалзах ойлголт, боломжийг хуулиар тогтоогоогүй, хуульд заасан үндэслэлээр, хэргийг хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгч, шүүх бүрэлдэхүүний шүүгчийг нэрлэн зааж гаргаагүй буюу "шүүхээс татгалзах" агуулгатай хүсэлтийг хуульд нийцээгүй гэж үзэхээр тодруулав.

      5.1.2. Хуульд заасан "шүүгчийг татгалзан гаргах", "шүүгч өөрөө татгалзан гарах" ойлголтыг зөвхөн тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамааруулан авч үзэх зарчмын хүрээнд хуульд заасан "тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан" гэх зохицуулалтыг тодруулах шаардлага үүсэв.

      Тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдоогүй шүүгчийг "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах" ойлголт үүсэхгүй тул хуулийн "тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан" гэдгийг тухайн нөхцөлд уг шүүхийн бүх шүүгч нь бүрэлдэхүүний шүүгч болж байгаа тохиолдлыг ойлгохоор тайлбарлалаа.

      Жишээ нь: орон нутгийн 3 шүүгчтэй шүүхийн бүх шүүгч буюу байгаа 3 шүүгч нь нэг хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон бөгөөд хуульд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд "тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзсан" гэж үзнэ.

      5.1.3. Шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, өөрөө татгалзан гарах нь тухайн шүүгчийн хувьд шүүн таслах чиг үүргээ тухайн хэргийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй болох үр дагавартай тул шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, өөрөө татгалзан гарах хуульд заасан үндэслэл нь объектив шалгууртай байхаар байна.

      Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан аль ч нөхцөлийг шүүх шалгахдаа түүний объектив байдлыг харгалзан үзэх, тухайн нөхцөлд, хүсэлтэд дурдсан үндэслэл нь бодитой байх шаардлагыг хангах ёстой гэж үзэв.

      5.1.4. Хуульд заагаагүй үндэслэлээр, эсхүл хуулиар хориглосон тохиолдолд шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргах явдал түгээмэл гарч, энэ тохиолдолд хүсэлтийн үндэслэлт байдал, хууль ёсны байдлыг хянах механизм хуульд тодорхойгүйгээс хүсэлтийг шийдвэрлэх эсэх нь болон хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй болж, шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, хэргийн бусад оролцогчийг чирэгдүүлэх зэргээр шүүх таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

      Иймд, хуулиар хориглосон тохиолдолд эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд ийм хүсэлтийг хэлэлцэх үндэслэлгүй, хүсэлт гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах шүүн таслах ажиллагааны зарчимд нийцнэ гэж үзэв.

      5.1.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т "... шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэх" гэж зааснаар хуульд заасан үндэслэлээр өөрийг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэхгүй байх зарчмыг нэгэнт хуульчилсан байх тул хуулийг тайлбарлах системчлэлийн болон логикийн арга зүйн үүднээс авч үзвэл, "шүүгчийг татгалзан гаргах тухай" асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байгаа бүх тохиолдолд уг шаардлага нь ижил тавигдах ёстой.

      Иймд, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан бүх тохиолдолд уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажиллагаанд тухайн шүүгч өөрөө оролцохгүй байх нийтлэг зарчмыг баримтлахаар тайлбарлалаа.

      5.2. Хуулийг тайлбарлахад, дээр дурдсан ерөнхий үндэслэл, зарчмуудыг нийтлэг байдлаар баримтлахын зэрэгцээ зарим зохицуулалтын онцлог, тусгай байдалд нийцүүлэн дараах үндэслэл, зарчмуудыг баримтлан тайлбарлана.

      5.2.1. Хуулийн 84.1.3-т заасан "хэргийн оролцогчтой хувийн харилцаатай", "хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх", 84.1.5-д заасан "ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал" гэх хууль зүйн ойлголтуудын хууль зүйн агуулгыг тодорхойлохдоо Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3-т заасантай агуулга, зорилгыг нь уялдуулан авч үзэв.

      Шүүхийн шийдвэр, практикаас үзвэл, дээрх заалтуудын "хувийн харилцаа", "үндэслэл бүхий эргэлзээ", "ашиг сонирхлын зөрчил", "зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал" гэх зэрэг ойлголтууд нь тодорхойгүйн улмаас шүүгч бүр өөр өөрөөр ойлгож, шүүгчийг татгалзах хүсэлтийг шийдвэрлэхэд харилцан адилгүй тайлбарлан хэрэглэдэг байна.

      Тухайлбал, "нэхэмжлэгчийн нөхөр тус шүүхэд олон жил жолоочоор ажиллаж байгаа тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд итгэх итгэлийг нь хүндэтгэн үзэж татгалзах"-аар, "нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэл үнэмшлийг хүндэтгэн бүх шүүгчдийг татгалзсан татгалзлыг хангах"-аар, "гурван удаа захиргааны хэрэг үүсгэсэн нь хариуцагчийн хувьд тухайн шүүгчийг хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэдэг эргэлзээ төрүүлж байгааг үгүйсгэх үндэслэлгүй тул татгалзлыг хангах"-аар шийдвэрлэсэн тохиолдлууд гарсан байна.

      Иймд, эдгээр ойлголтуудын хууль зүйн агуулгыг тус тусад нь томьёолж, уг агуулгад багтах болон багтахгүй нөхцөл байдлуудыг тодорхойллоо.

      5.2.2. Хуулийн 84.1.4-т заасан "анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч", "уг хэргийг", "өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон" гэх хууль зүйн ойлголтуудыг тайлбарлахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг болон тусгай ойлголт, зарчмуудад үндэслэж, үгийн шууд утгаар нь тайлбарлав.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.4-т заасан "анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон" гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн, эсхүл шүүгчийн захирамжийг хянасан, шинээр илэрсэн нөхцөлөөр хэргийг дахин хянуулахаар гаргасан хүсэлтэд, хэргийн оролцогч нар нь ижил, эсхүл маргаан нь үргэлжилсэн бөгөөд өөр хэргийн хувьд зарим тохиолдолд хамааруулан, зарим тохиолдолд хамааруулахгүй гэж ойлгож, тайлбарласан шүүхийн шийдвэрүүд гарсан байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "захиргааны хэрэг" гэх ойлголт нь агуулгын хувьд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тодорхойлогдох, тодорхой этгээдүүдийн хооронд үүссэн нэг маргаан бөгөөд, хэлбэрийн хувьд нэхэмжлэлийг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэснээр хэргийн индекс авч дугаарлагдсан нэг хэргийг илэрхийлнэ.

      Иймд, нэг индекс бүхий хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатаар хянан хэлэлцэх тохиолдолд нэг шүүгч шат шатанд оролцож болохгүй буюу "өөрөө өөрийнхөө шийдвэрийг хянахгүй" зарчим үйлчилнэ; үүнд, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргасан, түүнчлэн, уг захирамж, тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгчийг "тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч" гэж үзэхгүй гэж тайлбарлав.

      Жишээ нь: нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гаргасан гомдлоор захирамж хянасан давж заалдах шатны шүүхийн шүүгчийг "давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч" гэж үзэхгүй, "нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан" шүүгчийн захирамж-шийдвэр нь тухайн "хэргийг хянан шийдвэрлэсэн" агуулгад хамаарахгүй гэж үзнэ.

      5.2.3. Хуулийн 84.2-т заасан "бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно" гэх зохицуулалтын агуулга нь хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах аль аль тохиолдолд ижил хэрэглэгдэнэ гэж үзэв.

      Шүүхийн шийдвэр, практикаас үзвэл, хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргах тохиолдол цөөнгүй байгаа бөгөөд шүүхүүд өөр өөр практик тогтоон хүсэлтийг хангаж, эсхүл хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

      Жишээ нь: "татгалзал нь хуульд заасан үндэслэлгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан" боловч дараа нь "дахин дахин татгалзаад байгаа тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна" гэж хүсэлтийг хангасан, " ... хардлага арилахааргүй байх тул ..." гэх үндэслэлээр, " өмгөөлөгчийн охин нь энэ шүүхийн шүүгчээр одоо ажиллаж байгаа тул ... " гэх үндэслэлээр татгалзлыг хүлээн авсан зэрэг олон тохиолдол гарчээ.

      Иймд, уг заалтын "үл болно" гэсэн нь монгол хэлний үг зүйн утгаараа "болохгүй"[3] буюу тухайн асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоосон гэж үзэх үндэслэлтэй тул "татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно" гэж ойлгоно.

      Түүнчлэн, "шүүгч шийдвэр гаргах" агуулгын хүрээнд, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, хэлэлцүүлэгт үг хэлэх, илтгэл тавих зэрэг, мөн шүүх хуралдааны явцад асуусан асуулт, харилцаа, хандлагын байдал зэрэг нь дангаараа тухайн шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж тайлбарлав.

      5.2.4. Хуулийн 84.4-т заасан "татгалзан гарах үндэслэл" гэдгийг хуульд заасан үндэслэл гэж тодруулах, "шүүх хуралдааны явцад илэрхий болсон" гэдгийг хуульд заасан үндэслэл илэрсэн гэх агуулгаар тодруулах шаардлагатай гэж үзэв.

      Шүүхийн шийдвэр, практикаас харахад шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзсан тохиолдлууд нь шүүгчийн "хүсэлт шийдвэрлэсэн" шийдэл нь тухайн этгээдийн хүсэлд нийцээгүй, эсхүл өөр бусад байдлаар уг шүүгчээр хэргийг шийдвэрлүүлэхээс зайлсхийх зорилгоор шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргадаг байдал ажиглагдав.

      Иймд,"татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад илэрхий болсон" гэснийг хуулийн бусад заалтуудтай системчлэх аргаар буюу шүүгчийг татгалзан гаргах "хуульд заасан үндэслэл"-д хамааруулан тодруулж, шүүх хуралдаан эхлэх үед мэдэгдээгүй, хуралдааны явцад мэдэгдэх объектив нөхцөл байдал үүсэх агуулгаар тайлбарлав.

      5.2.5. Хуулийн 84.5.1-д заасан "албан тушаалын болон бусад байдлаар нөлөөлөх" ойлголтын агуулга тодорхойгүйгээс шүүхээс томилогдсон шинжээч дүгнэлт гаргахаас татгалзах, шинжээчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзсан тохиолдолд шүүх уг үндэслэлийг хэрхэн үнэлэх нь тодорхойгүй, хүсэлтийг шууд хүлээж авдгаас шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагаанд хүндрэл үүсэж, дүгнэлт гаргах шинжээч олддоггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон сараар түдгэлзүүлдэг, хэргийн оролцогчдыг чирэгдүүлдэг явдал гарч байна.

      Хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-84.3, 84.5 дахь заалтуудад заасан үндэслэлүүд нь шинжээчид нэгэн адил хамааралтай байхаар хуульчилсан байх тул гэр бүл, садан төрлийн харилцаа, хувийн харилцаа, ашиг сонирхлын зөрчилд хамаарах үндэслэлүүд нь энэ зүйлийн ойлголтод хамаарахгүй байна.

      Иймд, албан тушаалын болон бусад байдлаар нөлөөлөх гэдгийг хууль тайлбарлах логикийн болон хэл зүйн аргаар, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нь тухайн шинжээчтэй албан тушаалын хувьд захирах, захирагдах харилцаанд ажилладаг, эсхүл шинжээчийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд албаны чиг үүргийн хүрээнд нөлөөлөх боломжтой байхыг ойлгохоор тайлбарлав.

      5.2.6. Хуулийн 85 дугаар зүйлээр татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх журмыг хуульчилсан бөгөөд уг зүйлийн зарим заалт дахь журмыг тайлбарлахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нийтлэг болон тусгай ойлголт, зарчмуудад үндэслэж, системчлэх, логикийн болон хэл зүйн утгаар тайлбарлах аргуудыг ашиглалаа.

      Татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх нийтлэг журам нь шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд адил баримтална гэж үзэв.

      Хуулийн 85.3-т заасан "түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэх" гэдгийг хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх үед, бүрэлдэхүүний цөөнхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан, эсхүл бүрэлдэхүүний шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд уг хүсэлтийг бусад шүүгчид буюу бүрэлдэхүүний олонх шийдвэрлэхдээ тухайн шүүгчийг өөрийг нь оролцуулахгүй гэж ойлгохоор байна.

      Тухайлбал, хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед нэг шүүгч, 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед хоёр шүүгч нь бүрэлдэхүүний цөөнх болох бөгөөд бүрэлдэхүүний цөөнхийг татгалзан гаргах /гарах/ хүсэлтийг бүрэлдэхүүний үлдсэн олонх шүүгч хэлэлцэн шийдвэрлэх агуулгатай.

      Шүүхийн шийдвэр практикаас үзэхэд, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд тухайн шүүхийн Ерөнхий шүүгч томилогдон орсон үед түүнийг дангаар нь татгалзан гаргахаар гаргасан хүсэлтийг үлдсэн бүрэлдэхүүний олонх, эсхүл хуулийн 85.6-д заасны дагуу Шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэх эсэх талаар шүүхүүд өөр өөр практик тогтоон хэрэглэж иржээ.

      Хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх бүрэлдэхүүнд томилогдсон Ерөнхий шүүгч нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд онцгой эрхийг эдлэхгүй, "бүрэлдэхүүний нэг шүүгч"-ийн хувиар оролцох тул бүрэлдэхүүнээс түүнийг дангаар нь, эсхүл 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэргийг хэлэлцэх үед өөр нэг шүүгчийн хамт /бүрэлдэхүүний цөөнх/ татгалзвал хүсэлтийг бүрэлдэхүүний үлдсэн /олонх/ шүүгч хэлэлцэн шийдвэрлэхээр, ингэхдээ тухайн шүүгч /шүүгчид/-ийг өөрийг нь оролцуулахгүй гэж нэг мөр тайлбарлаж, ойлгох нь зүйтэй байна.

      Энэ тохиолдолд, хуулийн 85.2-т зааснаар шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргах бөгөөд, шүүгчийг татгалзан гаргах /гарах/ хүсэлтийг шийдвэрлэж буй шүүгчид олонхын саналаар шийдвэр гаргах, санал тэнцүү хуваагдвал хүсэлтийг хангасанд тооцох юм.

      5.2.7. Хуулийн 85.4-т заасан "хэд хэдэн шүүгч", "шүүх бүрэлдэхүүн" гэх ойлголтуудыг нэг мөр тайлбарлах замаар тодруулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгдмэл хэрэглээ тогтоох шаардлагатай гэж үзлээ.

      Тодруулбал, 3 шүүгчийн бүрэлдэхүүний "хэд хэдэн шүүгч" нь шууд тухайн бүрэлдэхүүний олонх болно, харин 5 шүүгчийн бүрэлдэхүүний хувьд бүрэлдэхүүний цөөнх байх боломжтой юм.

      Түүнчлэн, "хэд хэдэн шүүгч" нь ямар тохиолдолд "шүүх бүрэлдэхүүн" гэх ойлголтод хамаарах, ямар тохиолдолд хамаарахгүй гэдгийг тодруулах нь хүсэлт шийдвэрлэх ажиллагаанд ойлгомжтой тодорхой байдлыг бий болгох ач холбогдолтой байна.

      Шүүхийн шийдвэр практикаас үзэхэд, дээрх ойлголтуудыг татгалзан гаргах хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх зохицуулалтад өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, шүүн таслах ажиллагаанд өөр өөр практик тогтоосон байна.[4]

      Иймд, хуулийн 84.5-д заасан "хэд хэдэн шүүгч" гэж хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг бүхэлд нь бус, харин уг бүрэлдэхүүний олонх шүүгчийг; тодруулбал, бүрэлдэхүүний 3 шүүгчийн 2-ыг, 5 шүүгчийн 3-4 шүүгчийг ойлгох бөгөөд, энэ тохиолдолд хуулийн 84.5-д зааснаар хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ.

      Харин, Ерөнхий шүүгч өөрөө бүрэлдэхүүнд томилогдсон бөгөөд татгалзагдсан хэд хэдэн шүүгчийн дотор өөрөө багтаж байх тохиолдол гардаг бөгөөд, хүсэлтийг хэн, хэрхэн шийдвэрлэх талаар шүүхүүд өөр өөр практик тогтоосон, маргаантай байх тул хуульд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийг татгалзан гаргах /гарах/ хүсэлтийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэхгүй байх ерөнхий зарчимд нийцүүлэн, Ерөнхий шүүгч оролцсон бүрэлдэхүүний олонхыг татгалзан гаргах хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэн шийдвэрлэх нь хуульд нийцэхээр байна.

      5.2.8. Хуулийн 85.6-д "Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэх"-ээр заасан, энэ зохицуулалтын "тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан" гэдэгт нэг хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүгчийг, шүүх бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэлээр удаа дараа татгалзсан бөгөөд хүсэлтийг тухай бүрд хангаж шийдвэрлэснээс тухайн шүүхийн бүх шүүгч татгалзагдсан тохиолдол нь агуулгаараа багтаж байгаа нь тайлбар шаардахгүй тодорхой байна.

      Харин шүүхийн шийдвэр, практикаас үзэхэд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс тухайн хэргийг шийдвэрлэхэд оролцоогүй, шүүх бүрэлдэхүүнд томилогдоогүй шүүгчийг хамааруулан, нэг хүсэлтээр тухайн шүүхийн бүх шүүгчээс татгалзах, зарим тохиолдолд тухайн шүүхээс татгалзах хүсэлт гаргадаг, шүүх үүнийг "тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзсан" гэх ойлгон хүлээн авч шийдвэрлэдэг байдал түгээмэл гарчээ.

      Тухайн хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдоогүй шүүгчийг "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах" ойлголт үүсэхгүй тул хуулийн "тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан" гэдгийг тухайн нөхцөлд уг шүүхийн бүх шүүгч нь бүрэлдэхүүний шүүгч болж байгаа тохиолдлыг ойлгохоор тайлбарлах нь тухайн асуудлаарх холбогдох хуулийн зохицуулалтад нийцэхээр байна.

      5.2.9. Шүүхийн шийдвэр, практикаас харахад, тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзсан, Ерөнхий шүүгчийг татгалзсан тохиолдлуудад тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хүсэлтийг хэлэлцэхэд татгалзагдсан Ерөнхий шүүгч, эсхүл шүүгч нар оролцох эсэх нь маргаантай, зарим тохиолдолд байлцуулахгүй хэлэлцдэг бол зарим тохиолдолд оролцуулахгүй бол Шүүгчдийн зөвлөгөөний ирц хүрэхгүй болох үр дагавраас үүдэн өөрсдөө оролцож өөрсдийг нь татгалзсан асуудлыг шийдвэрлэх, энэ нь хүсэлт гаргагчаас "өөрийг нь татгалзаад байхад өөрөө орж шийдвэрлэсэн" гэж хүсэлтийг хангаагүй шийдвэрийг эсэргүүцэх, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулах сөрөг үр дагавар учруулдаг нь судалгаанаас харагдаж байна.

      Энэ нь татгалзалтай холбоотой хүсэлт шийдвэрлэхэд уг хүсэлт нь хууль ёсны эсэх, объектив эсэх, үндэслэлтэй эсэхийг тогтоох, үүний үндсэн дээр Шүүгчдийн зөвлөгөөн үндэслэл бүхий шийдвэр гаргахад бодитой сөрөг нөлөө үзүүлж байгаа нь өөрсдийг нь татгалзсан хүсэлтийг өөрсдөө орж хэлэлцсэн тохиолдол бүрд хүсэлтийг хангасан шийдвэрийг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн гаргаж байгаагаас илэрхий харагдана.[5]

      Иймд, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан бүх тохиолдолд уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажиллагаанд шүүгч өөрөө оролцохгүй байх нийтлэг зарчмыг нэг мөр хэрэгжүүлэх үүднээс хуулийн 85.6-д заасан "шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ" гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэхэд тавигдах ерөнхий зарчим, үндэслэл, агуулгад үндэслэж, хууль тайлбарлах системчлэлийн, логикийн болон hermeneutic, teleological аргуудыг ашиглаж, дараах байдлаар тайлбарлав.

      а. Хэргийг Ерөнхий шүүгч дангаар хянан шийдвэрлэх явцад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан, эсхүл Ерөнхий шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан аль аль тохиолдолд, тухайн Ерөнхий шүүгчийг байлцуулахгүйгээр Шүүгчдийн зөвлөгөөн уг хүсэлтийг хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ.

      б. Ерөнхий шүүгч өөрөө бүрэлдэхүүнд томилогдсон бөгөөд татгалзагдсан хэд хэдэн шүүгчийн дотор буюу бүрэлдэхүүний олонход өөрөө багтсан тохиолдолд, хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх нь хуульд заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийг татгалзан гаргах /гарах/ хүсэлтийг тухайн шүүгч өөрөө шийдвэрлэхгүй байх ерөнхий зарчимд нийцэхгүй тул Шүүгчдийн зөвлөгөөн уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

      в. Хуулийн 85.6-д "тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ" гэж заасны "шүүгчдийн зөвлөгөөн" гэснийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн гэж тайлбарлав.

      Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д "тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргах"-аар, хуулийн 19.2-т заасан Шүүгчдийн зөвлөгөөний эрх хэмжээ, чиг үүрэгт "хэрэг маргаан хянан шийдвэрлэх" асуудал хамаарахгүй байна.

     Түүнчлэн, татгалзан гаргах /гарах/ хүсэлтийг Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүн, эсхүл Шүүгчдийн зөвлөгөөн шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргагчийг аливаа байдлаар оролцуулдаггүй, мэтгэлцэх зарчмаар шийдвэрлэгдэхгүй буюу уг процесс нь хэрэг маргаан шүүхэд хянан шийдвэрлэх агуулгаас өөр, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах процессын зохицуулалт нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн "хэрэг маргаан хянан шийдвэрлэх" үндсэн агуулгад хамаарахгүй.

      Тодруулбал, тухайн тохиолдолд шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс гаргасан хүсэлт нь хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх асуудал нь үндсэн хэрэг маргааныг шийдвэрлэх агуулгад хамаарахгүй тул татгалзалтай холбоотой хүсэлтийг хэлэлцэх, шийдвэрлэхэд хуульд заасан "хэргийн харьяалал", "шүүхийн харьяалал"-ын зарчим, нөхцөл шаардлага хамаарахгүй гэж үзэхээр байна.

     Хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэл, журмаар татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд, энэ нь тухайн нөхцөлд уг шүүхийн бүх шүүгч болж байгаагаас тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан тохиолдолд хүсэлтийг хэлэлцэхэд татгалзагдсан шүүгчид оролцохгүй тул уг хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой, энэ нь хуулийн уг зохицуулалтын агуулгыг зөрчихгүй гэж үзлээ.

      Иймд, хуулийн 85.6-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд татгалзан гаргах хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т "Шүүгчдийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгч удирдана. Шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Шүүгчдийн зөвлөгөөн тухайн шүүхийн шүүгчдийн олонх оролцсон тохиолдолд хүчинтэй байна. Шүүгч бүр тэгш эрхтэй оролцоно" гэж заасан журмаар уг Шүүгчдийн зөвлөгөөн хүсэлтийг шийдвэрлэхээр хуулийн заалтын агуулгыг тодорхойлов.

      5.2.10. Хуулийн 85.7-д заасан "шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан" гэдэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүгчид оногдуулсан эрх үүргийн хүрээнд гаргасан аливаа шийдвэрийг "шийдвэрлэсэн асуудал"-д хамааруулах, хуулиар тогтоосон эрх, үүргийн дагуу шүүн таслах ажиллагааны хүрээнд асуудал шийдвэрлэсэн нь шүүгчийг тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үндэслэл болохгүй байх хуулийн агуулгатай байна.

      Иймд, шүүгч шүүх хуралдааны явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн гаргасан аливаа хүсэлтийг шийдвэрлэсэн болон аливаа шийдвэр гаргасан нь дангаараа шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үндэслэл болохгүй, тодруулбал, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг шүүгч, шүүх бүрэлдэхүүн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянаж, хүсэлтийг хангасан, эсхүл хангаагүй шийдвэр гаргасан нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үндэслэл болохгүй гэж тодрууллаа.

      Хуулийн 85.7-д "... шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно" гэж заасан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хуулиар хориглосон, энэ үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхгүй буюу энэ тохиолдолд гаргасан хүсэлтийг шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүй, татгалзал гаргаагүйд тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж тодруулав.

      5.2.11. Хуулийн 86.2-т заасан "тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан", "бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр дахин оролцох боломжгүй болсон" зэрэг ойлголтуудын хууль зүйн агуулгыг хуулийн холбогдох бусад зүйл заалтуудтай уялдуулан тодорхойлох шаардлага үүссэн тул системчлэх болон логикийн аргуудыг хэрэглэж тайлбарлав.

      Шүүхийн шийдвэр, практикаас үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс ямар нэг шалтгаанаар, хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон болон томилогдоогүй шүүгчийг хамруулан тухайн шүүхийн бүх шүүгчээс нийтэд нь татгалзан гаргах хүсэлт гаргадаг, уг хүсэлтийг тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өөрсдөө хэлэлцээд, ихэнх тохиолдолд "хүсэлтийг хангаж" шийдвэрлэдэг[6] бөгөөд ингэснээр хэргийг өөр шүүх рүү шилжүүлэх шаардлага үүсдэг байна.

      Дээр дурдсан, бусад хуулийн зохицуулалтыг тайлбарласан агуулгуудтай уялдуулан, нэг хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэлээр удаа дараа татгалзсан бөгөөд хүсэлтийг тухай бүрд хангаж шийдвэрлэснээс, эсхүл татгалзан гаргах хүсэлтийг Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд олонхын саналаар хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр тухайн шүүхийн бүх шүүгч уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болсныг ойлгохоор томьёолов.

      Уг заалтын "бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр дахин оролцох боломжгүй болсон" гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх журмын тухай хуулиар тогтоосон, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин оролцож болохгүй нөхцөл байдал нь тухайн шүүхийн бүх шүүгчид нэгэн зэрэг үүссэн байхыг ойлгохоор, энэ тохиолдолд, уг нөхцөл байдлыг тогтоох, эсхүл баталгаажуулах шийдвэр гарсан байхыг шаардахгүй байхаар тодрууллаа.

      Хуульд заасан үндэслэл, журмаар гаргасан татгалзан гаргах /гарах/ хүсэлтийг хангаж шийдвэрлэснээс тухайн шүүхийн аль ч шүүгч хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болсон тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2-т зааснаар "хэргийг анхан шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шилжүүлнэ", ингэхдээ тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг аль болох бага зардал, цаг хугацаанд хангах боломжтой байх захиргааны хэргийн анхан шатны өөр, аль нэг шүүх рүү хэргийг шилжүүлнэ гэж ойлгохоор тайлбарлав.

      Хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэл, журмаар татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд, энэ нь тухайн нөхцөлд уг шүүхийн бүх шүүгч болж байгаагаас тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн нийт шүүгчийн олонхыг татгалзсанаас тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд татгалзан гаргах /гарах/ хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлэхэд энэ заалтыг адилтгаж хэрэглэхээр тодруулах нь зүйтэй байна.

      Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх заалтыг удирдлага болгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим заалтыг

ТАЙЛБАРЛАХ нь:

      1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3 дахь заалтын:

      "хувийн харилцаатай" гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно.

      Тухайлбал, аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн зэрэг ашгийн төлөө үйл ажиллагаа хамт эрхэлдэг, хөрөнгийн биржээр дамжуулж нийтэд зарагдсан болон төрөөс иргэн бүрд эзэмшүүлснээс бусад тохиолдолд аж ахуйн нэгжийн хувьцааг хамтран эзэмшдэг, аливаа байдлаар ашиг орлого, зардал хуваахад эрх үүрэг харилцан хүлээдэг; найз нөхдийн дотно, эсхүл хувийн таарамжгүй харилцаатай бол "хувийн харилцаа"-тай гэж үзнэ.

      Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд "дагагч", "найз" зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь "хувийн харилцаа"-нд хамаарахгүй.

      "хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх" гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүгч дараах үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч мэдсэн бөгөөд энэ талаар баримт байхыг, эсхүл эдгээрийг шүүгч өөрөө тодорхойлсныг ойлгоно.

      - уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй хувийн харилцаа үүсгэсэн, эсхүл хувийн харилцаатай байж болзошгүй;

      - уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчөөс шууд ба шууд бусаар тусламж авсан, нийтэд зарласнаас хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлсэн, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авсан;

      - уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй албан бусаар харилцсан;

      - шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа уг хэргийн талаар шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг аливаа этгээдэд мэдээлсэн, илэрхийлсэн;

      - уг хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзсан, өөр бусад байдлаар ганцаарчлан харилцсан;

      - уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгчид хувийн харилцаагаар, эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон талаар баримт байгаа бөгөөд, шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй;

      Түүнчлэн, шүүгч тухайн хэргийг шийдвэрлэхэд хэргийн оролцогчийн талаарх хувийн эмзэг мэдээллийг[7] мэдэж байгаа байдал нь нөлөөлөхөөр бол "хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ" үүссэн гэж үзнэ.

      Шүүгч, шийдвэрлэх гэж байгаа хэрэг, маргаантай ижил төстэй, эсхүл тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шийдвэрлэсэн болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байдал болон шийдвэрлэхэд оролцож байсан нь тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.4 дэх заалтын:

      "оролцсон шүүгч" гэж тухайн хэргийг анхан шатны журмаар дангаар болон шүүх бүрэлдэхүүнд багтаж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд оролцсон, уг хэрэгт давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчийг ойлгоно.

      Хэргийг эцэслэн шийдвэрлэснээс бусад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргасан, түүнчлэн, уг захирамж, тогтоолд гаргасан гомдлыг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгчийг "тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч" гэж үзэхгүй.

      "уг хэргийг" гэж өмнө нь тухайн шүүгчийн шийдвэрлэсэн болон шийдвэрлэхэд оролцсон нэг индекстэй хэргийг ойлгоно.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5 дахь заалтын:

      "ашиг сонирхлын зөрчил" гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон[8] нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно.

      Үүнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2, 84.1.3-т тусгайлан заасан үндэслэлүүдээс өөр бусад байдлаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгчийн болон түүний хамаарал бүхий этгээдийн /эдийн болон эдийн бус/ хувийн ашиг сонирхол аливаа байдлаар хөндөгдөх, эерэг болон сөрөг үр дагавар үүсэх, эсхүл ийм байдал үүсэж болзошгүй байгаагийн улмаас тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд оролцож болохгүй нөхцөлүүдийг хамааруулна.

      "үүсэж болзошгүй" гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй[9] нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно.

      Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй.

      Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж хэргийн оролцогчдод ойлгогдохоор нөхцөл байдал байгаа бол энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.[10]

      4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсгийн:

      "шүүгчийг татгалзаж үл болно" гэснийг хуульд зааснаас бусад үндэслэлээр, шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргах, хуульд заагаагүй үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шүүгчийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно.

      Тухайлбал, шүүх хуралдааны явцад асуусан асуулт, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал, харилцаа, хандлагын байдал зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тухайн шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй, эдгээр үндэслэлээр гаргасан "татгалзах" хүсэлтийг хуульд нийцээгүй гэж үзнэ.

      "үл болно" гэснийг хуульд заагаагүй үндэслэлээр, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс хүсэлт гаргах, эсхүл шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргахыг хориглоно, хориглосон асуудлаар зөвшөөрсөн шийдвэр гаргах хууль зүйн ойлголт байхгүй тул хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлтийг хэлэлцэх үндэслэлгүй, энэ тохиолдолд хүсэлт гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ.

      5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсгийн:

      "шүүх хуралдааны явцад илэрхий болсон" гэдгийг шүүх хуралдаан эхлэх үед шүүгч, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарт "шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах /гаргах/" хуульд заасан үндэслэл байгааг мэдээгүй, хуралдааны явцад мэдэх агуулгаар илэрхийлэгдэнэ. Тухайлбал, шүүх хуралдаан эхлэх үед хэн аль нь мэдээгүй боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь хэргийн оролцогчтой садан төрлийн холбоотой болохоо мэдсэн бол энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан татгалзан гарахыг ойлгоно.

      Шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах /гарах/ үндэслэлийн талаар баримт илэрснийг "илэрхий болсон" гэж үзэх бөгөөд ийнхүү илэрснээр татгалзах хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх бөгөөд татгалзлын асуудлыг эхэлж шийдсэний дараа үндсэн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5.1 дэх заалтын:

      "албан тушаалын болон бусад байдлаар ... шинжээчид нөлөөлөхөөр бол" гэдэгт хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нь тухайн шинжээчтэй албан тушаалын хувьд захирах, захирагдах харилцаанд ажилладаг, эсхүл шинжээчийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд албаны чиг үүргийн хүрээнд нөлөөлөх боломжтой байхыг ойлгоно.

      6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсгийн:

      "татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч гаргах" гэдгийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах үндэслэлээ тодорхойлж, бичгээр гаргасан хүсэлтийг, уг үндэслэлийн талаарх баримтын хамт гаргаж өгөхийг ойлгоно.

      Хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгд хамаарахгүй асуудлаар, эсхүл үндэслэл дурдаагүй, үндэслэлдээ хамаарах баримт гаргаагүй, түүнчлэн бичгээр гаргаагүй хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр гаргасан хүсэлт гэж үзэхгүй, уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхгүй бөгөөд, татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ.

      7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсгийн:

      "түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэх" гэдгийг хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх үед, бүрэлдэхүүний цөөнхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан, эсхүл бүрэлдэхүүний шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэгдэх бөгөөд уг хүсэлтийг бусад шүүгчид буюу бүрэлдэхүүний олонх шийдвэрлэхдээ тухайн шүүгчийг өөрийг нь оролцуулахгүй гэж ойлгоно.

      Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд тухайн шүүхийн Ерөнхий шүүгч томилогдон орсон үед түүнийг дангаар нь, эсхүл хэд хэдэн шүүгчийн хамт татгалзан гаргах хүсэлт гарсан бөгөөд татгалзагдсан шүүгчийн тоо тухайн шүүх бүрэлдэхүүний олонх болоогүй тохиолдолд хүсэлтийг энэ журмаар шийдвэрлэнэ.

      Шүүгчийг татгалзан гаргах /гарах/ хүсэлтийг шийдвэрлэж буй шүүгчид олонхын саналаар шийдвэр гаргах бөгөөд санал тэнцүү хуваагдвал хүсэлтийг хангасанд тооцно.

      Татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх журмыг шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд адил хэрэглэнэ.

      8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсгийн:

      "хэд хэдэн шүүгч" гэж хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг бүхэлд нь бус, харин уг бүрэлдэхүүний олонх шүүгчийг ойлгоно.

      "шүүх бүрэлдэхүүн" гэж хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон бүх шүүгчдийг ойлгоно.

      9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсгийн:

      "Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан" гэдэгт Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх үед болон Ерөнхий шүүгч өөрөө бүрэлдэхүүнд томилогдсон бөгөөд татгалзагдсан хэд хэдэн шүүгчийн дотор буюу бүрэлдэхүүний олонход багтсан тохиолдлыг багтааж ойлгоно.

      "тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан" гэдгийг уг хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд, энэ нь тухайн нөхцөлд уг шүүхийн бүх шүүгч болж байгаа тохиолдлыг ойлгоно.

      Хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах ойлголт үүсэхгүй бөгөөд тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзах хүсэлтийг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчөөс гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхгүй бөгөөд, татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ.

      Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу, хуулиар байгуулагдсан шүүхээс татгалзах ойлголт, боломжийг хуульд зөвшөөрөөгүй бөгөөд шүүхээс татгалзах хүсэлтийг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчөөс гаргасан бол уг хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхгүй бөгөөд татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ.

      "шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ" гэдгийг:

      а. Хэргийг Ерөнхий шүүгч дангаар хянан шийдвэрлэх явцад түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан, эсхүл Ерөнхий шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасан аль аль тохиолдолд, Шүүгчдийн зөвлөгөөн хүсэлтийг хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд, уг хүсэлтийг хэлэлцэхэд Ерөнхий шүүгч оролцохгүй гэж ойлгоно.

      б. Ерөнхий шүүгч өөрөө бүрэлдэхүүнд томилогдсон бөгөөд татгалзагдсан хэд хэдэн шүүгчийн дотор буюу бүрэлдэхүүний олонход өөрөө багтсан тохиолдолд Шүүгчдийн зөвлөгөөн хүсэлтийг хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ тохиолдолд, уг хүсэлтийг хэлэлцэхэд татгалзагдсан шүүгч, Ерөнхий шүүгч оролцохгүй гэж ойлгоно.

      в. Хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэл, журмаар татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд, энэ нь тухайн нөхцөлд уг шүүхийн бүх шүүгч болж байгаагаас тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн нийт шүүгчийн олонхыг татгалзсанаас тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэхэд татгалзагдсан шүүгчид оролцохгүй гэж ойлгоно.

      Шүүгчдийн зөвлөгөөн татгалзан гаргах /гарах/ хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтэд дурдсан үндэслэл, тайлбар, түүнд холбогдох баримтыг үндэслэнэ.

      10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7 дахь хэсгийн:

      "шийдвэрлэсэн асуудал" гэдгийг тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчид хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд аливаа шийдвэр гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлсэн шүүгчийн үйл ажиллагааг ойлгоно.

      Тухайлбал, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг шүүгч, шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно.

      Уг заалтын "шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглох" агуулгад эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, хэлэлцүүлэгт үг хэлэх, илтгэл тавих зэрэг хуулиар хүлээн зөвшөөрсөн үйл ажиллагаатай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглох агуулгыг хамааруулж үзнэ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бол уг хүсэлтийг шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүй, татгалзал гаргаагүйд тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ.

      11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсгийн:

      "өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүн" гэдгийг хуульд заасан журмын дагуу томилогдсон бөгөөд хүсэлтийг хангасан шийдвэрийн дагуу тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан, татгалзагдсанаас бусад тухайн шүүхийн шүүгч, шүүх бүрэлдэхүүн, эсхүл адил шатны шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг ойлгоно.

      12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсгийн:

      "тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан" гэдгийг нэг хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэлээр удаа дараа татгалзсан бөгөөд хүсэлтийг тухай бүрд хангаж шийдвэрлэснээс, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд олонхын саналаар хүсэлтийг хангаж шийдвэрлэснээр тухайн шүүхийн бүх шүүгч уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болсныг ойлгоно.

      "бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр дахин оролцох боломжгүй болсон" гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх журмын тухай хуулиар тогтоосон, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин оролцож болохгүй нөхцөл байдал нь тухайн шүүхийн бүх шүүгчид нэгэн зэрэг үүссэн байхыг ойлгоно.

      Шүүгч хэргийг дахин шийдвэрлэж болохгүй нөхцөл байдлыг хуулиар шууд тогтоосон тул энэ тохиолдолд уг нөхцөл байдлыг тогтоох, эсхүл баталгаажуулах шийдвэр гарсан байхыг шаардахгүй.

      "хэргийг анхан шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шилжүүлнэ" гэдгийг энэ хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн шүүхийн Ерөнхий шүүгч нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг аль болох бага зардал, цаг хугацаанд хангах боломжтой байх захиргааны хэргийн анхан шатны өөр, аль нэг шүүх рүү хэргийг шилжүүлнэ гэж ойлгоно.

      Шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд хүсэлтийг шилжүүлэхэд энэ заалтыг адилтгаж хэрэглэнэ.

      13. Энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.                                         

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА



[1] Судалгааны тайланг хуралдаанд танилцуулсан.

[2] Судалгааны тайланг хуралдаанд танилцуулсан.

[3] Монгол хэлний тайлбар толь ашиглав.

[4] Судалгааг хуралдаанд танилцуулав.

[5] Судалгааг хуралдаанд танилцуулав.

[6] Ихэнх тохиолдолд, цөөн тооны шүүгчтэй орон нутгийн шүүхүүдэд түгээмэл гардаг. Судалгааны тайлангаас танилцуулав.

[7] Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12

[8] Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.

[9] https://mongoltoli.mn/dictionary/detail/14504

[10] Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1