- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- Сумын тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх дэглэм
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн
11/04 дүгээр тогтоолын хавсралт
Сумын тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх дэглэм
Нэг. Хамгаалалтын дэглэм
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс дотор байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохих зөвшөөрлийн дагуу дараах үйл ажиллагаа явуулж болно.
Зохих зөвшөөрөлтэй дараах үйл ажиллагааг явуулж болно.
1.Байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт зүйлийн тогтолцоог алдагдуулахгүйгээр уламжлалт аж ахуй эрхлэх, бэлчээрийг сэлгэж ашиглах
2.Байгалийн аялал, жуулчлалыг тогтоосон зам, чиглэлээр зохих журмын дагуу зохион байгуулах;
3.Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;
4.Нутгийн оршин суугчид ахуйн хэрэгцээндээ зориулан байгалийн дагалт баялаг, эмийн болон хүнсний ургамлыг зохих журмын дагуу түүж ашиглах.
5.Ургамлын үр, суулгац бэлдэх, ан амьтан нутагшуулах арга хэмжээ авах
6.Мод тарих, ойжуулах
7.Цөлжилттэй тэмцэх, хортон устгах үйл ажиллагаа явуулах
8.Хөрс, ургамлын бүрхэвчийг нөхөн сэргээх;
9.Байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулж болох бөгөөд үүнээс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглох
10.Ургамал, амьтны аймгийн өсч үржих нөхцөлийг хангах, гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон биотехникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлэх
Хоёр. Орон нутгийн хамгаалалттай газарт хориглох үйл ажиллагаа:
1.Газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх;
2.байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх;
3.ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр, ичээ, нүх, ноохойг хөндөх, эвдэж сүйтгэх;
4.хортон шавьж, мэрэгчид, түймэртэй тэмцэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээнд байгаль орчинд сөрөг нөлөөлөх арга, техник, бодис хэрэглэх;
5.хөрс, ус, агаар бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулах;
6.нуур, мөрөн, гол горхи, булаг, шанд зэрэг ил задгай усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах;
7.хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах
Гурав. Бусад
Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт явуулах үйл ажиллагаа нь сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих үйл ажиллагааг эрх бүхий албан тушаалтны хяналтын дор явагдана.
Тусгай хамгаалалтад авсан газраас холбогдох зориулалтын дагуу газрыг хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг холбогдох журмаар зохицуулна.
Текст томруулах
A
A
A